| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2020/0057/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/54 |
| Огноо | 2020-06-10 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Д.Шинэбал Шүүгдэгч Анч овогт *******ийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н.*******т холбогдох 2023000000060 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1978 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Завхан аймгийн Баянхайрхан сумын нэгдсэн төвлөрсөн уурын зуухны механикч ажилтай, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алтан багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Анч овгийн *******ийн *******, регистрийн дугаар *******. Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.ШИнэбалаас шүүгдэгч Н.*******ийг “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч Н.*******ийг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн орчимд согтуурсан үедээ Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Хайрхан багийн Алтангийн хэсгийн гудманд өөрийнх нь хууль бус үйлдлийг таслан зогсоон, цагдаагийн хэсэг рүүгээ авч явж байсан тус сумын цагдаа Э.*******ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан дүрэмт хувцаснаас татаж газар унагаасан, хөлнөөс нь тэврэх зэргээр хүч хэрэглэн эсэргүүцэж “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: 1. Хохирогч Э.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Мэндбаяр гуайн хүргэн ******* архи уучихсан нилээн согтуу тэдний хашаан дотор нэг гартаа тоосго барьчихсан ах Батбаяр нь нэг гараас нь барьчихсан зогсож байсан. ...Миний хувцаснаас ******* зуурч намайг татаад газарт хамт унах үед миний зүүн хөлний өвдөг янгинаад сонин болоод явчихсан. Тэгээд би *******ийн миний хувцаснаас зуурсан гарыг тавиулах гээд ноцолдох үед Батбаяр ах хажууд байсан болохоор *******ийг надаас салгах гэсэн. *******, Батбаяр ах бид хоёрын хөлнөөс тэврээд авсан. Тэгсэн Батбаяр ах *******ийн гаран дээр гишгэж байгаад хөлөө авчихсан. Харин миний хөл унахдаа сонин хүндүүр болчихсон болохоор өвдөөд би хөлөө *******ийн тэвэрсэн гарнаас салгаж чадахгүй байсан. Харин Батбаяр ах *******ийг салгах гээд татаад хүчрэхгүй, миний хөл улам өвдөөд байхаар нь би “ёо хөл” гээд хэлсэн. ******* өөрөө миний хөлийг тавиад надаас холдсон. Тэгсэн Батбаяр ах надаас “хөл чинь яаж байна” гэж асуухаар нь би “өвдөж байна” гэж хэлээд болсон зүйлийн талаар хэсгийн төлөөлөгч Гантулгад утсаар хэлсэн. Тэгсэн ******* тэндээс яваад өгсөн. Тэгээд Дэмчигийг ирэхээр нь би хамт өөрийнхөө машинтай явж сумын эмнэлэгт очиж сумын эмч Лхамжавт хөлөө үзүүлсэн, эмч зургийг нь авахуулахгүй бол гаднаасаа гэмтэл нь мэдэгдэхгүй гээд нэг эмний бичиг хийж өгсөн. Тэгээд цагдаагийн газарт дуудлага өгсөн. Анх Н.******* миний утас барьсан баруун гар руу нэг удаа гараараа цохиж авсан. Харин дараа нь миний хувцаснаас зуурч намайг татаж газар унах үед миний зүүн хөлний өвдөг хэсгээрээ газарт цохигдож гэмтсэн. Хууль ёсны дагуу л харилцаа үүсгэж шаардлага тавьсан...Намайг анх дуудлагаар очих үед ******* гэртээ агсам согтуу тавьсан, мөн Мэндбаяр гуайн машины хаалганы шилийг хагалсан байдалтай байсан. Би *******т гэр орондоо агсам согтуу тавьсан, бусдын эд зүйл эвдэлсэн үйлдлээ зогсоох талаар “Та архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ингэж болохгүй” гэхэд надад “Чамд хамаагүй, чи яв” гэж намайг эсэргүүцсэн. Тухайн үед би *******ийг үргэлжлүүлэн гэртээ агсам тавьж, бусдын эд хөрөнгө, бие эрх чөлөөнд ахин халдахаас сэргийлж цагдаагийн хэсгийн байран дээр аваачиж хэсэг хугацаанд архийг нь гаргах зорилготой байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/, 2. Гэрч, иргэний нэхэмжлэгч В.Мэндбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “..Манай хүргэн ******* хашаан дотор манай охин Нийвандагва бид нарыг ална энэ тэр гээд орилоод хүчрэгдэхгүй болохоор нь би *******ийн ах Батбаярыг утсаар дуудсан. Тэгсэн Батбаяр ирээд *******ийг гэрээс нь аваад гарсан. Хашаан дотор байсан миний машины зүүн хойд хаалганы цонхны шилийг ******* гараараа цохиод хагалчихсан. Тэгсэн Батбаяр сумын цагдаа *******ийг дуудсан. Тэгсэн удалгүй цагдаа ******* манай хашаанд хүрч ирээд *******ийг аваад хашаанаас гарсан. ******* цагдаа ирээд хууль ёсны шаардлага *******т тавьсан. Харин ******* цагдаа *******т “чи энд хэрэгггүй” гээд байх шиг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/, 3. Гэрч Н.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...******* цагдаа руу хүрч ирж дайраад барьцалдаад авсан. *******ийн гар утас газар унасан. Тэгээд ******* *******тай барьцалдаж авахаар нь би хажуугаас нь салгах гэсэн. ******* газар *******тай унахдаа ******* бид хоёрын хөлнөөс тэврээд авсан. ******* цагдаагийн зүүн хөл доголчихсон байсан. Харин хувцаснууд нь шороо болж бохирлогдсон байсан. Цагдаа ******* зохих хууль ёсны шаардлага л тавьсан. Тэрнээс ямар нэг зохимжгүй үг хэллэг хэрэглээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/, 4. Шүүгдэгч Н.*******ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тэр талаар сайн мэдэхгүй байгаа юм. Дараа нь манай эхнэр Нийвэндавга ярихдаа намайг архи уучихаад гэртээ муухай ааш гаргаад Нийвэндавгыг хардаад байхаар нь манай ах Батбаярыг дуудсан талаар ярьж байсан. Гэхдээ би эхнэртээ гар хүрээгүй гэсэн. Зүгээр архи уучихаад агсам тавиад байсан гэсэн. Харин хадам аав Мэндбаярын машины хаалганы цонхны шилийг хагалчихсан байна лээ. Би гаргасан үйлдлүүддээ их харамсаж байна...Би тэр талаар бас л мэдэхгүй байгаа юм. Дараа нь ах Батбаяр, сумын цагдаа Э.******* нараас сонсоход цагдаа *******ийн хууль ёны шаардлагыг эсэргүүцэж хувцас формд нь халдаж, хөлийг нь гэмтээсэн байна лээ. Би тэр үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Архи уучихаад тийм үйлдэл гаргасан нь миний буруу...Би хохирогч Э.*******т учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Мөн хадам аав Мэндбаярын машины хаалганы цонхны шилийг бүрэн бүтэн болгож өгсөн. Одоо надад хохиролтой холбоо ямар нэг маргаан байхгүй...Би хохирогчтой сайн дураараа эвлэрч, хохирогчийн хохирлыг барагдуулж ямар нэг хохирлын маргаангүй болсон тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Архи уучихаад хуулийн мэдлэг багаас болж ийм үйлдэл гаргасандаа үнэхээр их харамсаж байна...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Би хохирогч *******т хохирлын мөнгө 780,000 төгрөгийн хохирлыг төлсөн. Мөн хадам аав Мэндбаярын машины шилийг Улаанбаатар хотоос авхуулж бүрэн бүтэн болгож өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, 5. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11 дүгээр хуудас/, 6. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14- 16 дугаар хуудас/, 7. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Базардаргиагийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 000000165 дугаартай “...Иргэн Э.*******ийн биед зүүн өвдөгний үений хэсгийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үззсэх боломжтой. Учирсэн гэмтэл нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч Н.*******ийн согтуурсан үедээ 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн орчим албан үүргийн дагуу дуудлагаар очсон Завхан аймгийн Эрдэнэхайрхан сум дахь хэсгийн цагдаа Э.*******ийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж хөлийг нь хөшиж газар унагааж биед нь зүүн өвдөгний үений хэсгийн зөөлөн эдийн гэмтэл үүсгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. Шүүгдэгч нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй байх тул шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч Н.******* нь хохирогч Э.*******т гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 780,000 /долоон зуун наян мянга/ төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч В.Мэндбаярын машины шилийг сольж өгсөн болох нь шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг, хохирогчтой эвлэрсэн талаарх баталгаа болон хохирогч Э.*******, иргэний нэхэмжлэгч В.Мэндбаяр нарын хүсэлт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 95, 102, 104 дүгээр хуудас/ Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.Төгбилэгийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдал болон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Төгбилэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Н.******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-ийн 86 дугаар хуудас/-аар тогтоогтдож байна. Прокуророос шүүгдэгч Н.Төгбилэгт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Төгбилэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв. Харин шүүгдэгч Н.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч Н.*******ийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 8 /найм/ хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна. Шүүгдэгч Н.Төгсбиэг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг болохыг тус тус дурдаж байна. Шүүгдэгч Н.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй тул түүний өмчлөлийн 3 /гурав/ тооны адууг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Анч овгийн *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан шүүгдэгч Н.*******т мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5- д зааснаар шүүгдэгч Н.*******т “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 4. Шүүгдэгч Н.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай. 5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Н.*******ийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 8 /найм/ сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 6. Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Н.*******ийн өмчлөлийн 3 тооны адууг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй. 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ