Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 3207

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадоржийг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 10 дугаар гудамжны …тоотод оршин суух, эрэгтэй, 34 настай, С.С нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух, эмэгтэй, 33 настай, Л.Д-д холбогдох,

         Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие Л.Д тай анх 2004 онд танилцаад, 2 жил гаруй үерхэж 2006 онд гэрлэлтээ батлуулан, хамт амьдарсан. Бидний хуримыг миний ээж зохион байгуулж, одоо Л.Д  хүүхдүүдийн хамт амьдарч байгаа орон сууцыг бидэнд хуримын бэлэг болгож өгсөн. Улмаар бидний дундаас охин С.Ч 2006 онд мэндэлсэн. Гэвч 2007 оны 3 дугаар сараас эхлэн бид тусдаа амьдарч эхэлсэн. Бид залуу байсан, бие биеэ ойлгоод хэрүүл тэмцэл хийлгүй салсан. Орон сууцанд Л.Д  2 хүүхдийнхээ хамт үлдэж, байрны хэрэглээний зардлыг би төлдөг байсан боловч сүүлийн саруудад төлөөгүй. Төлөөгүй шалтгаан нь бидний хооронд үүссэн маргаанаас ерөнхийдөө болсон юм. Учир нь Л.Д  намайг байрны өмчлөлөөс нэрээ хасахыг хүссэн учир 10, 11 дүгээр сарын төлбөрийг төлөөгүй. Хүүхдүүдийнхээ тэтгэлгийг миний хувьд тасралтгүй өгч байсан. Бид хэн хэн нь одоо тусдаа гэр бүлтэй болж, хүүхэдтэй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байна. Охин С.Чыг эхийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрнө. Хүүхдүүдийн тэтгэлгийг ерөнхийдөө сард 15-20 хоногт хоёр хүүхдэд 150,000 төгрөг өгч, шаардлагатай үед эд хөрөнгийн туслалцаа үзүүлдэг байсан. Энэ хэвээр нь үргэлжлүүлэхийг хүсч байна. Хүүхдүүд маань Хятад хэлний сургалттай хувийн сургуульд сурдаг, сургалтын төлбөрүүдийг би төлдөг байгаа. Гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоот дахь орон сууцны тухайд одоогоор 4 өмчлөгчтэй хэвээр байлгаж байгаад, охин С.Чыг 18 нас хүрэх үед би нэрээ хасуулж, уг байрыг С.Чын нэр дээр үлдээхийг хүсч байна. Бидний хооронд гарсан маргааны тухайд би өмнө нь өөрийн гэсэн хөрөнгөгүй байсан учир Л.Д гийн зөвшөөрлөөр уг орон сууцыг зээлийн барьцаанд тавьж, бага зэрэг асуудал үүссэн ч одоо ямар ч асуудалгүй болсон. Одоо би өөрийн гэсэн хөрөнгөтэй болсон учир энэ байрыг дахин барьцаанд тавих асуудал үүсэхгүй. Байрны гэрчилгээ эх хувиараа надад байгаа бөгөөд, цаашид энэ хэвээрээ байхыг хүсч байна. Нэгэнт энэ орон сууц 4 хүний өмч учир хэн нэгнийх нь зөвшөөрөлгүйгээр ашиглах боломжгүй юм. Л.Д  хэрвээ хүсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгч болно гэв.

         Хариуцагч Л.Д  шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

2006 оны 11 дүгээр сарын 02-нд худалдан авсан Гэр бүлийн 4 гишүүний дундын өмчлөлийн Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, ... дугаар байрны ... тоот хаягт орших 40 м.кв талбайтай 3 өрөө байрнаас зохих хувийг нь хариуцагч Л.Д  болон хүү Д.Ч, охин С.Ч нарт оногдох хэсгийг гаргуулах, 2 хүүхдийн тэтгэлгийн асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул уг асуудлыг хуулийн хүрээнд шүүхийн журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүхбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Л.Д гийн хүү Д.Ч нь 2002 оны 9 дүгээр сард төрсөн бөгөөд түүшнийг 5 сартай байхад С.С Л.Д  нар танилцсан байдаг. С.С бусадтай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэн, 2007 оноос өрх тусгаарлан салсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэр бүлийн дундын хөрөнгө болох орон сууцны асуудлаар гэрлэгчид хооронд зөрчил үүссэн байсан. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс охин С.Чыг 18 нас хүрэх үед орон сууцны өмчлөлөөс нэрээ хасуулна гэсэн санал гаргасныг Л.Д  хүлээн зөвшөөрч ойлголцсон байгаа. Орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Л.Д  эх хувиар нь авахыг хүссэн боловч С.Сын зүгээс нотариатаар гэрчлүүлсэн хуулбар өгье гэж байгаа бол түүнийг нь мөн зөвшөөрч болно. Хүүхдүүдэд хуульд зааснаар тэтгэлэг гаргуулахаар хариу тайлбарт дурдсан хэдий ч өмнөх байдлаар үргэлжлүүлнэ гэдэгт татгалзах зүйл байхгүй гэв.

         Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Л.Д гаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, гэрлэгчид тэдний дундаас төрсөн охин С.Чын асрамжийн талаар болон гэр бүлийн гишүүдийн дундаа өмчлөх хөрөнгийн талаар харилцан тохиролцжээ.

Зохигчид 2006 оны 10 дугаар сарын ...-ны өдөр гэр бүл болсныг мөн өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгэж, 2006 оны 5 дугаар сарын 18-ны өдөр охин С.Чыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэрлэгчид 2007 оны 3 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон бөгөөд, гэрлэлтээ цуцлуулахаар харилцан тохиролцсон байх тул тэдний гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

Зохигчдын хүсэлт, харилцан тохиролцоо болон гэрлэгчдийг тусдаа амьдарснаас хойш хариуцагчтай хамт амьдарч байсан зэргийг харгалзан гэрлэгчдийн дундаас төрсөн охин С.Чыг эх Л.Д гийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

С.С болон Л.Д  нарын гэрлэлт цуцлагдсан ч эцэг эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хэвээр үргэлжлэх бөгөөд, гэрлэгчид харилцан тохиролцсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар С.С нь хүү Д.Ч, охин С.Ч нарыг өмнөх байдлаар буюу сар бүр 15-20 хоногт 150,000 төгрөг, шаардлагатай үед эд хөрөнгийн туслалцаа үзүүлэхээр үргэлжлүүлэн тэжээн тэтгэхээр зохигчид харилцан тохиролцсон болно.

Түүнчлэн, гэрлэгчдийн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох С.С, Л.Д , Д.Ч, С.Ч нарын 4 хүний өмч, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоот дахь, … улсын бүртгэлийн дугаартай, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг охин С.Ч 18 нас хүрэхэд нэхэмжлэгч С.С өмчлөлөөс хасагдаж, уг байрыг С.Чын нэр дээр үлдээхээр харилцан тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй.

Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй зохигчдод даалгаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт зааснаар С.С, Л.Д  нарын гэрлэлтийг цуцлаж, 2006 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин С.Чыг эх Л.Д гийн асрамжид үлдээсүгэй. 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.С нь хүү Д.Ч, охин С.Ч нарыг өмнөх байдлаар буюу сар бүр 15-20 хоногт 150,000 төгрөг, шаардлагатай үед эд хөрөнгийн туслалцаа үзүүлэхээр үргэлжлүүлэн тэжээн тэтгэх, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох С.С, Л.Д , Д.Ч, С.Ч нарын 4 хүний өмч, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоот дахь, … улсын бүртгэлийн дугаартай, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг охин С.Ч 18 нас хүрэхэд нэхэмжлэгч С.С өмчлөлөөс хасагдаж, уг байрыг С.Чын нэр дээр үлдээхээр тус тус тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, ... дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.САРАНТУЯА