Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 3135

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадоржийг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Голомт хотхон… тоотод оршин суух, эмэгтэй, 62 настай, Н.Д нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст … тоотод бүртгэлтэй, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол 5а байрны подвальд байрлах Т У ХХК -д холбогдох

340,000 /гурван зуун дөчин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Д, хариуцагч байгууллагын захирал Ч.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Т У ХХК -д ажлын байр түрээслэн үйл ажиллагаа явуулдаг оёдол хувцас засвар хийлгэх гэж ам хэлэлцээр хийн 28,000 төгрөг өгсөн эртний маш сайн торгоор хийсэн байсан дараахь эд зүйлээр намайг хохироосон. Үүнд: үйтэн хуар дээл 1 ширхэг 100,000 төгрөг, хоргой дан дээл 1 ширхэг 100,000 төгрөг, бор торгон дээл 1 ширхэг 100,000 төгрөг, гар утас эвдэлсэн 40,000 төгрөг. Оёдолчин Т У ХХК  намайг хохироосон, үйл ажиллагаа явуулж чадахгүй танхайрч байгаа учир миний бүх хохирол 340,000 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт шаардсан. Намайг гялгар ууттай дээлүүдээр цохиж унагачихаад тэргийг минь далан руу унагаж, дээр нь байсан цүнхэн дотор байсан гар утас эвдэрсэн, 3 ширхэг үнэтэй торгон дээл хайчилж, ашиглах аргагүй болгосон. Би энэ газраар хэд хэдэн хувцас засварлуулахад чанарын шаардлага хангахгүй байсан боловч залуу хүн юм даа гээд зааварлаж зөвлөөд өнгөрч байсан. Гэвч сүүлд өгсөн 3 дээлийг минь загварын дээлний эсгэлт хийсэн гэж ашиглах аргагүй болгочихоод өндөр үнэ шаардсан. Үүнээс нь болоод бид муудалцаж би дээлнүүдээ буцааж авсан. Гар утас эвдсэний 40,000 төгрөг гаргуулах шаардлагаа хасч багасгаад хариуцагчаас нийт 300,000 төгрөг гаргуулахыг хүсч байна гэв.

Хариуцагч Т У ХХК  шүүхэд гаргасан хариу тайлбар болон тус компанийн захирал Ч.Ж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийг хөл муутай, настай хүн блоохоор дандаа хүндэтгэж харьцдаг. Ажлын гадаа ирээд охион байна уу? эмээ нь ирлээ гэхэд нь дандаа гарч очиж үйлчилдэг. Эхний өгсөн 2 савхин дээл, гэрийн халат зэргийг нэхэмжлэгч утсаар дуудаад гэрт хүрээд ирээч гэхэд нь очиж өгөхөд ёстой гоё болсон байна, тийм байгаа биз Доогий? Чи хар даа гэж хамт байсан залуугаа дуудаж үзүүлж байсан. Дээр үеийн үйтэн хуар, хоргой хүрэн торго, 3 дээлийг богинохон, биед таарахаар болгоод өгөөч гэхэд нь авч үзэхэд гурвуулаа захгүй, хоргой дээл нь доторгүй байсныг би Н.Дгийн биед тааруулж эсгээд, өөрөөсөө эмжээр дотор гаргаад нэгэнд нь дотор эсгээд хийж өгөх гэж байсан боловч төлбөрт 10,000 төгрөг төлнө гэсэн. Хариуд нь тийм байж арай болохгүй, нэг ширхэгийг 25,000 төгрөгөөр хийж өгье гэтэл нэхэмжлэгч зөвшөөрөөгүй бөгөөд, миний зүгээс 10,000 төгрөгөөр оёж суух зав надад даанч байхгүй гэхэд чи завтайдаа подволь сахиж хэвтээ янхан банзал, гичий биз дээ гэж салаавч гаргаж, намайг доромжилсон. Тэгэхээр нь би түүний тортой юмыг тэргэнцэр дээр нь тавиад ажил руугаа орсон. Улмаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаж, уг газраас ирсэн байцаагчийн хажууд ч намайг элдвээр доромжилж байсан. Би энэ хүнд ингэж доромжлуулчихаад зүрх шимширч, ажлаа хүртэл хийж чадахгүй байгаа. Тухайн дээлнүүдийг засварлуулахаар өгөхдөө нэхэмжлэгч өөрөө залуу байхдаа хуримаа хийхдээ хийлгэж байсан гэж ярьсныг бодоход нилээн элэгдэж хуучирснаас гадна, нэхэмжлэгчийн одоогийн биед таарахааргүй жижиг байсан учир нэмж материал оруулах шаардлагатай. Яаж ч тооцсон нэг дээлийг 10,000 төгрөгөөр засварлана гэж байхгүй. Уг нь нэг дээлийг нь 25,000 төгрөгөөр тооцож 75,000 төгрөг өгвөл 3 дээлийг нь гүйцээж засварлаад эвлэрэх санал тавьсан ч хүлээж авсангүй. Нэгэнт манайхаар засварлуулахгүй гэж байгаа бол дээлнийх нь торгоны үнийг өөрийн туршлагаар үнэлээд, үйтэн хуар дээлийг 100,000 төгрөг гэснийг зөвшөөрч болж байна. Харин хоргой дан дээл болон, бор торгон дээлнүүдийг тус бүрийг 50,000 төгрөгөөр тооцоод нийт 200,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Энэ хүнийг үүнээс илүү харж үзэж чадахгүй. Хэрвээ шинжээч томилоод шалгуулвал үүнээс ч доогуур үнэ гарна. Өндөр настай болохоор насыг нь хүндэтгээд сайхан харьцаж байсан боловч маш харьцаа муутай хүн байсан. Хувцсаа засварлуулахаар өгөхдөө л хэдээр хийлгэх вэ гэж асуухаар эхлээд хийчих гэж байгаад, сүүлд нь та хэдээр хийлгэх гэж байгаа юм бэ гэж асуухад л 10,000 төгрөгөөр хийлгэнэ гэсэн. Үүнээс болж л маргаан эхэлсэн. Миний хувьд ажлын хөлс аваагүй байгаа гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч Т У ХХК -д холбогдуулан 340,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэлийн шаардлагаа 40,000 төгрөгөөр багасгажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсч, нэхэмжлэгч Н.Дгийн 3 ширхэг дээлийг хариуцагч Т У ХХК  засварлахаар харилцан тохиролцож гэрээг аман хэлбэрээр байгуулсан байна.

Хэлцлийн дагуу Н.Д нь Т У ХХК -д өөрийн үйтэн хуар, хоргой дан дээл, бор торгон дээл зэрэг 3 ширхэг дээлийг засварлуулан оюулахаар хүлээлгэн өгсөн боловч талууд гэрээний үнийн талаар урьдчилан тохиролцоогүй бөгөөд, хариуцагчийн хийх засвар дуусаагүй буюу эсгүүр хийсэн байх үед үйлчлүүлэгч дээлнүүдийг буцаан авч, гэрээнээс татгалзан, улмаар үйлчлүүлэгчийн дээл өмнөх байдалдаа орох боломжгүй болсон нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгч Н.Д өөрийн 3 дээл тус бүрийг 100,000 төгрөг үнэлж, нийт 300,000 төгрөгийг хариуцагч Т У ХХК -иас гаргуулахаар шаардсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байх боловч, хариуцагчийн зүгээс түүний үйтэн хуар дээлийг 100,000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрч, хоргой дан дээл болон бор торгон дээл тус бүрийг 50,000 төгрөгөөр үнэлж, нийт 200,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагч талын зөвшөөрсөн хэмжээгээр буюу 200,000 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч Н.Д нь шүүх хуралдааны журам зөрчиж, шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрөлгүйгээр үг хэлэх, маргалдагч тал болох хариуцагч байгууллагын захирал Ч.Жы тайлбарыг тасалдуулах, шүүх хуралдаан даргалагчийн сануулгыг биелүүлэлгүй дахин зөрчил гаргасны улмаас түүнийг шүүх хуралдааны танхимаас гаргаж, түүний эзгүйд шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн, энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн, нэхэмжлэгч Н.Д нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 9,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 10,000 төгрөг тус тус Баянгол дүүргийн татварын хэлтэст төлсөн байх бөгөөд, дээрх төлбөрөөс 10,000 төгрөгийг энэхүү хэргийн нэхэмжлэлд төлсөн гэж үзэх боломжгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг тус шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШЗ2017/11497 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ тэмдэгтийн хураамжид төлсөн 10,000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Н.Дд буцаан олгож шийдвэрлэжээ.

Улмаар нэхэмжлэгч Н.Д шүүхэд дахин нэхэмжлэл гаргахдаа дээрх шүүгчийн захирамжаар өөрт буцаан олгохоор шийдвэрлэсэн 10,000 төгрөгийн төлбөрийн баримтыг хавсарган гаргасныг энэхүү хэргийн нэхэмжлэлд тооцох боломжгүй ба нэхэмжлэлд төлвөл зохих 10,850 төгрөгөөс дутуу төлсөн 1,850 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Дгаас гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т У ХХК -иас 200,000 /хоёр зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 1,850 төгрөгийг нэхэмжлэгч Н.Дгаас гаргуулан улсын төсөвт /Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данс/ оруулж, хариуцагчаас 6,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА