Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 3111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадоржийг суулган, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, …дүгээр байр 1…тоотод оршин суух, Э.Б. нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, БХН, … дугаар байр … тоотод оршин суух Д.О холбогдох

         Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Снар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Э.Б  нь 2005 онд Д.О-тэй танилцан гэр бүл болж, 2008 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Тэдний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүү О.Тр төрсөн. Улмаар тэд зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2013 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа. Одоо өөр өөрийн гэсэн амьдралтай болсон тул тэдний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Тэд хүүхдийн асрамжийн тал дээр маргахгүй. Хүү О.Тыг эхийн асрамжид үлдээж байгаа. Мөн эд хөрөнгийн маргаан байхгүй. Хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэв.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Э.Б , Д.О  нар нь 2005 онд танилцаж, 2008 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2008 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүү О.Т төрсөн нь үнэн. 2013 оноос хойш тусдаа амьдарсанаас хойш хамтран амьдрах хүсэлгүй болсон. Хүүхдийн хувьд ээж дээрээ байхад буруудах зүйлгүй. Хүүхдийн тэтгэлэгийн хувьд хоорондоо ярилцаж зохицдог юм байна лээ. Дундын эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Б  нь хариуцагч Д.О гээс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрчээ.

Зохигчид 2007 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болсныг 2008 оны 7 дугаар 02-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 1073 дугаарт бүртгэгдэж, 2008 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүү О.Т төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх 5, 7/

Нэхэмжлэгч Э.Б  нь гэрлэлт цуцлуулах шаардлагын үндэслэлээ нөхөр Д.О тэй зан харилцааны таарамжгүй байдлын салж, 2013 оноос хойш тусдаа амьдарсны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэж тайлбарласныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, мөн гэрлэгчид тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан тэдний гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ. /хх 9/

Зохигчдын дундаас төрсөн хүү О.Т / 9 настай/ нь эцэг эх нь тусдаа амьдрах хугацаанд эхийн асрамжинд байсан, мөн нэхэмжлэгч хүүхдээ асрамжиндаа авахыг хариуцагч зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан түүнийг эх Э.Б гийн асрамжинд үлдээх нь зөв гэж шүүх дүгнэсэн бөгөөд зохигчид эд хөрөнгийн талаар маргаагүй гэснийг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.

           

Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод даалгах нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийн 118.5, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Өргөөт овогт Э.Б  /РД:.../, Дэрэм овогт Д.О /РД:.../ нарын гэрлэлтийг цуцлаж, 2008 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү О.Тыг эх Э.Б гийн асрамжинд үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгч Э.Б  нь хариуцагч Д.О гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдсугай.  

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     А.САРАНТУЯА