| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 167/2019/0040/э |
| Дугаар | 26 |
| Огноо | 2019-03-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 26
2019 03 27 2019/ДШМ/26
Б.Д-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: А.Дүүрэнбилэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/44 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Д-д холбогдох, эрүүгийн 1819001490181 дугаартай, 1 хавтас, 227 хуудас бүхий хэргийг прокурор А.Дүүрэнбилэгийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын .....ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, .....дугаар .....айлын ...... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Сортуул шагшаа овогт Б–ын Д/РД:ЕЮ........09/-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч Б.Д үргэлжилсэн үйлдлээр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт хохирогч Ё.Гоос 2015 оны 05 дугаар сарын 29, 2015 оны 06 дугаар сарын 15, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрүүдэд нийт 23 000 000 төгрөг зээлж авахдаа барьцаалсан Улсын бүртгэлийн Ү-0713004814 дугаартай Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Дампилын 16-24-1 тоот, 40 мкв хувийн орон сууцны гэрчилгээг үрэгдүүлсэн хэмээн дахин гэрчилгээ авч иргэн С.С-гийн өмчлөлд шилжүүлж, баримт бичиг ашиглан хуурч, хохирогчид үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Сортуул шагшаа овогт Б-ын Д-г залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д торгуулийн ялыг 1 сарын хугацаанд улсын орлогод оруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хулуийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-гаас 7 900 000 төгрөгийг 3 хоногийн хугацаанд гаргуулж хохирогч Ё.Г-д олгож,
энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор А.Дүүрэнбилэг давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3000 нэгжээр буюу 3 000 000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаанд улсын орлого оруулахаар шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй...” гэж заасан нь торгох ялыг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан гурван жил хүртэл хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хойшлуулж тогтоох нь шүүгдэгчийн санхүүгийн байдалд дарамт учруулахгүйгээр ялыг биелүүлэх боломж олгож буй шүүхэд хуулиар олгогдсон эрх хэмжээ юм. Гэтэл шүүхээс энэ зохицуулалтыг ялын зорилгод нь нийцэхгүй байдлаар буюу шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад шүүгдэгч Б.Д торгуулийн ялыг 1 сарын хугацаанд улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байх тул 3 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Тодруулбал хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,
хохирогч, иргэний нэхэмжлэгч Ё.Гийн “ ...2015 оны 05 сард манай дүү надруу яриад манай найзад мөнгөний хэрэг байна, бизнес эрхэлдэг юм, байр барьцаалаад хэдэн төгрөг зээлдүүлэх хүн хайгаад байна гэхээр нь надруу яриулчих гэсэн. Тэгээд Д гэдэг хүн надруу яриад охиныхоо нэр дээр улсын бүртгэлд бүртгэлтэй байрыг барьцаалаад сарын 4 хувийн хүүтэй зээлүүлээч гэхээр нь хэд хэрэгтэй юм гэхэд 15 сая гэхээр нь 2015.05.29-ний өдөр Дгийн Хаан банкны 5381033207 дугаартай дансанд 15 сая төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2015 оны 06 дугаар сарын дундуур мөн Д над руу яриад чи нэгэнт байр барьцаалж мөнгө зээлүүлж байгаа юм чинь эгчдээ 5 сая төгрөг нэмээд зээлүүлчих, эгч нь танай Нямсүрэнд охиныхоо байрны ордерыг авчраад өгчихсөн юм чинь санаа зоволтгүй гэхээр нь дахиж 5 сая төгрөг зээлүүлсэн. Түүнээс хойш 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мөн надруу утасдаад 3 сая төгрөг зээлж авсан. Тэгээд эхний хэд, хэдэн сарын хугацаанд сарын 800000 төгрөгийн хүү бодож 7 удаа шилжүүлсэн. Тэгээд сүүлдээ утсаа авахгүй, хүүний мөнгөө ч өгөхөө больсон. Хаяа утсаар ярихад баар орлого муутай байна, дэлгүүрийн бараа зарагдахгүй байна гэж хэлдэг болсон. Тэгэхээр нь би барьцаалсан гэх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ охиных нь нэр дээр байгаа эсэхийг үзээдэх гээд Нямсүрэн эгчид хэлэхэд барьцаанд тавьсан байраа өөр хүний нэр дээр шилжүүлчихсэн байсан” гэсэн мэдүүлэг, /хх 6-8/,
гэрч Б.Н-ийн “...2015 оны 5 сард Д хүүтэй мөнгө зээлэх хүн байна уу гэхээр нь түүнийг сайн таних хүний хувьд үеэл дүү Гоос асуухад зөвшөөрсөн. Тэгээд барьцаа хөрөнгө байвал зээлүүлье гэж байна гэхэд юу л байна, барьцаа байна гээд охин Б-гийнхаа нэр дээр бүртгэлтэй 000378873 дугаартай, улсын бүртгэлийн 0713004814 дугаараар бүртгэгдсэн байрны гэрчилгээг эх хувиар нь, уг байрыг барьцаанд байхгүй гэсэн лавлагааны хамт авчирч өгсөн. Тэгээд дүү рүүгээ яриад гэрчилгээгээ эх хувиар нь өгчихлөө, асуудалгүй, найдвартай хүмүүс, мөнгөө өгчихөө гэж хэлсэн. Анх 1 жилийн хугацаатай хэрэглээд буцааж өгнө гэж 15 сая төгрөг авсан, хэдэн хувийн хүүтэй авсныг нь би мэдэхгүй байна. 2015 оны 06 сарын 15-ны өдөр 15 сая төгрөгийг Дгийн Хаан банкны данснаар нь шилжүүлж өгсөн. Дараа нь дахиж 8 сая төгрөг нэмж авсан юм билээ. Тэгээд жилийн дараа дүү маань энэ хүн чинь мөнгөө өгөхгүй байна, барьцаанд тавьсан байрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлье гэсэн, тэгэхээр нь Дтай уулзахад барьцаанд тавьсан байр нь өөр хүний нэр дээр шилжсэнийг мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх 14-15/,
гэрч Г.Б-ийн “...Б- эгчийн байр анхнаасаа албан ёсны гэрчилгээ байгаагүй. Тэгээд Батцэцэг эгчтэй ээж яриад 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Батцэцэг эгч өөрийнхөө нэр дээр гэрчилгээг гаргуулж авсан. Ээж Г гэдэг хүнээс зээл авах гэж байсан болохоор түүнд барьцаалбар болгох үл хөдлөх хөрөнгө хэрэгтэй байсан. Тэгээд Батцэцэг эгчээс миний нэр дээр байраа шилжүүлчих гээд тэр өдрөө бэлэглэлийн гэрээ хийгээд холбогдох бичиг баримтыг Улсын бүртгэлийн Жаргалсайхан эгчид аваачиж өгсөн. Тэр өдрөө л миний нэр дээр гэрчилгээ гарсан. Хэд хоногийн дараа уг гэрчилгээг Нямсүрэн эгчид аваачаад өгчих гээд өгүүлсэн. Дараа нь мөнгөний хэрэг гараад Төрийн банкнаас зээл авах гэтэл барьцаа хөрөнгө шаардсан, ганц боломжтой гэрчилгээ нь Нямсүрэн эгчид өгсөн гэрчилгээ байсан. Тэгээд Н эгчээс ээж асуусан байх. Тэгээд гэрчилгээгээ хаясан болгоод дахин баримт бүрдүүлээд Улсын бүртгэлийн Ж эгчид өгсөн. Холбогдох баримтыг ээж бүрдүүлсэн, би гарын үсэг зурсан. Тэгээд гэрчилгээгээ гаргуулж аваад аав Г рүү шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-27/,
гэрч С.С-гийн “...Одоогоос 3 жилийн өмнө найз Д надад Төрийн банкнаас зээл авах гэсэн чинь болохгүй байна, чи зээлгүй юм чинь надад тус болооч гэж гуйхаар нь зөвшөөрч офицерт байрлалтай Д-ийн охины нэр дээр бүртгэлтэй орон сууцны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлээд би Төрийн банкнаас 38 саятөгрөгийг 5 жилийн хугацаатай 0,5 хувийн хүүтэй зээлж, Дд өгсөн. Тэр мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй, зээлийг Д төлж байгаа байх. Д бүх бичиг баримтыг хөөцөлдөж миний нэр дээр болгосон” гэсэн мэдүүлэг /хх-28-29/,
гэрч Ч.Г-ийн “...Би нарийн ширийнийг мэдэхгүй байна, ямар ч байсан манайд мөнгөний хэрэг гарсан байсан учир манай эхнэр Д “Шилжүүлэх шаардлагатай байна” гэхээр нь шилжүүлсэн байх. Манай эхнэр шилжүүллээ гэдэг юм, тэгээд би очиж гарын үсэг зурдаг юм” гэсэн мэдүүлэг /хх-33/,
гэрч А.Б-ийн “...2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр би байраа өөрийнхөө нэр дээр Д эгчийн тусламжтайгаар шилжүүлж аваад түүний охин Бгийн нэр дээр бэлэглэлийн гэрээ байгуулж шилжүүлсэн. Учир нь Д эгчээс байр маань гэрчилгээгүй, миний нэр дээр гэрчилгээг гаргаж өгөх хүн байна уу гэхэд Д, бичиг баримтаа бүрдүүлчих, Жаргалсайхан гэж хүн байгаа гэсэн. Тэгээд баримтаа бүрдүүлээд 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр аваачаад өгчих гэхээр нь аваачиж өгсөн. Тэр өдрөө орон сууцныхаа гэрчилгээг автал Д эгч надад “Эгчид нь хэдэн төгрөгний хэрэг гараад байна, чи байраа манай охины нэр дээр шилжүүлчих боломж байна уу, би барьцаанд тавиад зээл авах гэсэн юм” гээд гуйгаад байхаар нь зөвшөөрсөн. Тэгээд тэр өдрөө Б-тай бэлэглэлийн гэрээ байгуулсан. Тэрнээс хойш дахиж оролцоогүй” гэсэн мэдүүлэг /хх-34-35/,
2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Ё.Гоос Б.Дгийн 5381033207 дансанд 15 000 000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-38/, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ё.Г-оос Б.Н-ийн 5370015383 дансанд 8 000 000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-38/, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б.Н-ээс Б.Д-гийн 5381033207 дансанд 3 000 000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-39/, Бгийн өмч гэх 000378873 дугаартай, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-46, 50/, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцох тухай Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 1490 дугаар тушаал /хх-46 ар/, гэрчилгээг гээгдүүлсэн тухай сонины зар /хх-47/, Б.Д-гаас хохирогч Ё.Г руу мөнгө шилжүүлсэн тухай Б.Д-гийн 5381033207 дансны дэлгэрэнгүй хуулга /хх52-66/, бэлэглэлийн гэрээ /хх-73/, /хх-76/, прокурорын 5/14 дугаар яллах дүгнэлт /хх 182-184/, 2019.02.20-ны өдрийн 44 дугаартай анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх199-214/ зэрэг нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судлаж үзэхэд, шүүгдэгч Б.Д нь Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт хохирогч Ё.Гоос 2015 оны 05 дугаар сарын 29, 2015 оны 06 дугаар сарын 15, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрүүдэд нийт 23 000 000 төгрөг зээлж авахдаа барьцаалсан Улсын бүртгэлийн Ү-0713004814 дугаартай Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Дампилын 16-24-1 тоот 40 мкв хувийн орон сууцны гэрчилгээг үрэгдүүлсэн гэж холбогдох бүртгэлийн байгууллагаас гэрчилгээг дахин гаргуулж улмаар уг үл хөдлөх хөрөнгийг иргэн С.Сгийн өмчлөлд шилжүүлж, Төрийн банкнаас түүний нэр дээр орон сууцны ипотекийн зээл авахуулсан, хохирогчид бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 23 000 000 төгрөгийг залилсан үйл баримт тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээлэл байх бага анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгчөөс хэргийн оролцогчдын “хуулийн өмнө эрх тэгш” байх эрхийг бүрэн хангасан, хавтаст хэргийн материалыг тэдэнд танилцуулсан байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүхээс дурдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан гэж дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн төдийгүй шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 000 000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.
Гэхдээ анхан шатны шүүхээс торгох ялыг биелүүлэх хугацааг 1 сар гэж тогтоосон нь үндэслэлгүй байх ба шүүгдэгчийн “торгуулийн ялыг биелүүлэх боломжит, бодит нөхцөл байдал”-ыг харгалзаж үзээгүй байна.
Хэдийгээр Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т торгох ялыг биелүүлэх буюу торгууль төлүүлэх хугацааг 3 жил хүртэл гэж тодорхойлж, доод хугацааг зааж өгөөгүй байх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д хэсэгчлэн төлүүлэхээр шүүх шийдвэртээ заагаагүй бол торгох ялыг 90 хоногийн хугацаанд биелүүлэхээр заасан нь ялтны хувьд уг ялыг биелүүлэх хамгийн боломжит хугацаа, мөн сайн дураар ялыг биелүүлэх хугацааг 90 хоног гэж ойлгогдох тул энэ хугацаанаас бага хугацаа тогтоох нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна гэж үзэх үндэслэлтэй юм.
Тиймээс шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж болон хохирогчид 7 900 000 төгрөгийн төлбөртэй, сар бүр хэд хэдэн зээлийн төлөлт хийдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан мөн дээр дурдсан үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хүлээн авч ханган, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад торгуулын ялыг 1 сарын хугацаанд улсын орлогод оруулахаар заасныг “1 жил 6 сар” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.5, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/44 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...1 сарын...” гэснийг “1 жил 6 сар” гэж өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор А.Дүүрэнбилэгийн эсэргүүцлийг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД А.САЙНТӨГС
Н.БОЛОРМАА