Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 020/2014/0582/З |
Дугаар | 221/МА2015/0105 |
Огноо | 2015-02-26 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2015/0105
2015 оны 2 сарын 26 өдөр | Дугаар 105 | Улаанбаатар хот |
Л.Н-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Д.Н, Н.У нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 613 дугаар шийдвэртэй, Л.Н-н нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л овогтой Н нь хортой, халуун нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон юм. Гэтэл Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар нь миний тэтгэврийг тогтоох тухай эрхийн ат гаргаж, түүнийгээ тэтгэврийн дэвтэр надад олгохдоо хууль зөрчиж буруу тогтоосноос миний тэтгэвэр авах эрх ашиг зөрчигдөж байгаа тухай гомдлын өргөдлийг Нийгмийн даатгалын ерөнхий газар гаргасан боловч тэтгэврийг журмын дагуу олгосон байна гэсэн хариу өгөв. Иймд, танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэл буцаасан тухай танай захирамжид захиргааны эрхийн актыг хавсаргаагүй байна гэсэн хариу ирүүлжээ. Гэтэл захиргааны эрхийн акт нь тэтгэврийг 834233 тогтоож олгосон А-ОО99711 тоот өндөр насны тэтгэврийн дэвтэр юм байна. Миний бие анх нэхэмжлэлийн өргөдөл гаргахдаа тэтгэврийн дэвтрийн хуулбарыг нотариатаар батлуулан хавсаргасан болно.
Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар /хэлтэс/ нь надад тэтгэвэр тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 22 дугаар зүйд заасан журмын дагуу тэтгэвэр авагчийн сүүлийн 60 сарын цалингийн дунджаар тогтооно. Ажилласан жилийн хугацаагаар тэтгэвэр бодно гэсэн заалтыг зөрчиж, Засгийн газрын тогтоолоор тогтоосон журам баримталсан гэж тайлбарлан хууль зөрчин тэтгэвэр багаар тогтоон миний эрх ашгийг хохироолоо. Иймд хуульд заасан журмаар тэтгэвэр олгохыг даалгаж өгнө үү. 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс хойш дутуу авсан тэтгэврийн зөрүүг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Н нь 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор материалаа бүрдүүлэн өгч 2009-2013 оны цалингаа сонгож тэтгэврээ тогтоолгох хүсэлт гаргасны дагуу 2009-2013 оны цалинг сонгож тэтгэврийг тогтоосон нь хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг хязгаарлаж буруу тогтоосон гэж үзсэн байна.
Энэ нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь заалтад заасны дагуу Засгийн газар жил бүр даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг Үндэсний статистикийн хорооноос гаргасан дундаж цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан даатгалын хэлбэр тус бүрээр ялгавартайгаар тогтооно, мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалт, 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувиар тогтооно гэсний дагуу тогтоосон болно гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 613 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 22 дугаар зүйл, 30 дугаар зүйл, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Н-н Хуульд заасан журмаар тэтгэвэр олгохыг даалгах, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс хойш дутуу авсан тэтгэврийн зөрүүг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Л.Н давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 613 тоот шийдвэрийг доорх үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Тус шүүхийн шүүгч О.О нь Л.Н миний нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох тэтгэврийн индекс гэдэг нэрээр үндэслэлгүй хасаж тогтоосон тухай гомдлын өргөдлийг хэлэлцээд хууль зөрчсөн актыг үндэслэлтэй байна гэж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж, улмаар хүчингүй болгосон хуулийг хэрэглэж шүүгч хүнд байж боломгүй ноцтой алдаа гаргасан гэж би үзэж засуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:
Шүүгч миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлийг заахдаа
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн заалт хүчингүй болсон байхад түүнийг үндэслэлээ болгосон нь ямар учиртай болохыг би одоог болтол ойлгохгүй байна.
2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсгийг үндэслэсэн бололтой. Гэтэл 15 дугаар зүйлийн гарчиг нь Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, төлөх хугацаа гэсэн гарчигтай бөгөөд 15 дугаар зүйлийн 15.7 дахь заалт нь шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг тогтоосон заалт байна. Өөрөөр хэлбэл тэтгэвэр тогтоох тухай заалт биш болох нь хууль мэдэхгүй надад ч тодорхой байхад эрхэм шүүгч тэтгэвэр тогтоох заалт гэж андуурч хараад байгааг үнэхээр ойлгосонгүй.
3. Түүнчлэн эрхэм шүүгч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийг үндэслэхдээ амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийг ... Засгийн газар тогтооно гэсэн заалтын дагуу миний тэтгэврийг хасаж бодсон нь зөв гэж тайлбарлажээ. Үүний дагуу миний бие Засгийн газрын индекс тогтоосон нь 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 153 тоот тогтоолыг уншвал энэхүү тогтоолын 1 дүгээрт 2010 он хүртэл тэтгэвэр бодох хэмжээг тогтоосон бөгөөд зарим тэтгэвэр авагчийн тэтгэврийг 23%-иар нэмэх заалт тусгагджээ.
Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн наймдугаар бүлэг тэтгэвэр тэтгэмж тогтоох олох гэсэн бүлгийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д тэтгэвэр бодох аргачлалын нэг бүрчлэн заасны дагуу тэтгэвэр бодож олгохыг хүссэн болно.
Гэтэл Засгийн газрын тогтоолын индекс тогтоох 153 дугаар тогтоолын 2в заалт нь дээрх хуулийн 30 дугаар зүйлийн заалтаас хэтэрсэн хэм хэмжээ тогтоохдоо мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалтыг зөрчсөн байхад шүүх түүнийг анхаарч үзээгүй нь хууль бус бөгөөд Засгийн газрын тогтоол нь хуулийг зөрчсөн бол хуулийг баримтлах заалтыг зөрчсөн шударга бус үйлдэл, эсхүл энэхүү шүүгч огт хуулиа мэддэггүй гэсэн ойлголт надад төрлөө.
Иймд, 2014 оны 613 тоот шийдвэрийг хүчингүй болгож, миний тэтгэврийг хуульд заасны дагуу бодож олохыг Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газарт даалгаж, тэтгэврийн зөрүүг олгохыг хүсэж байна.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Л.С-ийг биечлэн оролцуулна уу. гэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Л.Н-н нэхэмжлэлтэй хариуцагч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох хэргийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч О.О 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцэж гаргасан 613 тоот шийдвэрийг хариуцагч тал Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Л.Н нь гомдол гаргасан байх ба уг гомдолтой танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
1. Иргэн Л.Н нь гомдолдоо Шүүгч миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Нийгмийн даатгалын тухай хуулийн хүчингүй болсон 32 дугаар зүйлийн заалтыг үндэслэлээ болгосон нь ямар учиртай болохыг ойлгохгүй байна... гэжээ.
Шүүгч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийг 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар бүхэлд нь өөрчлөн найруулсныг дурдсанаас бус өөрчлөн найруулсан буюу хүчингүй болсон заалтаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг үндэслэл болгоогүй байна.
2. Л.Н гомдолдоо: Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэг нь ... шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг тогтоосон заалт байна. Өөрөөр хэлбэл тэтгэвэр тогтоох тухай заалт биш болох нь хууль мэдэхгүй надад ч тодорхой байхад эрхэм шүүгч тэтгэвэр тогтоох заалт гэж андуурч хараад байгааг үнэхээр ойлгосонгүй. гэжээ.
Шүүх шийдвэрийнхээ ҮНДЭСЛЭХ хэсэгт Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д Засгийн газар жил бүр даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг Үндэсний статистикийн хорооноос гаргасан дундаж цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан даатгалын хэлбэр тус бүрээр ялгавартайгаар тогтооно. гэж заасныг баримтлан Л.Н-н тэтгэврийг тооцохдоо сонгосон 5 жилийн цалингийн 2009, 2010 он болон 2011 оны 1, 2, 3 дугаар сарын цалинг 1080000 төгрөгөөр, 2011 оны 4 дүгээр сараас 2013 оны 9 дүгээр сар хүртэлх цалинг 1404000 төгрөгөөр, 2013 оны 9 дүгээр сараас 2014 оны 7 дугаар сар хүртэлх цалинг 1920000 төгрөгөөр тус тус тооцон тэтгэвэр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.
З. Л.Н гомдолдоо: ...Засгийн газрын индекс тогтоосон 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 153 тоот тогтоолын 2.в заалт нь дээрх хуулийн 30 дугаар зүйлийн заалтаас хэтэрсэн хэм хэмжээ тогтоохдоо мөн хуулийн 22.1.1 дэх заалтыг зөрчсөн байхад шүүх түүнийг анхаарч үзээгүй нь хууль бус бөгөөд Засгийн газар нь хуулийг зөрчсөн бол хуулийг баримтлах заалтыг зөрчсөн шударга бус үйлдэл, эсхүл энэхүү шүүгч огт хуулиа мэддэггүй гэсэн ойлголт надад төрлөө гэжээ.
Дээрх гомдолдоо Л.Н нь юу илэрхийлж байгаа нь тодорхойгүй, хариу тайлбар болгож тусгах зүйлгүй байна.
Иймд хариуцагч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг үндэслэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 613 тоот шийдвэрийг хэвээр үлдээж иргэн Л.Н-н гомдлыг бүхэлд хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйлд “Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийг нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр батлах тухай” 109, мөн 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 153 дугаар тогтоолуудыг тус тус баталж, мөрдүүлжээ.
Энэхүү 109 дүгээр тогтоолын 2 дахь хэсгийн а/-д “Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг энэ тогтоолын хавсралтаар батлагдсан цалингийн итгэлцүүрээр шинэчлэн тогтоож, 2007 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон олгох” гэж заасан бөгөөд дээрх Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын 4 дэх хэсгээр “энэ тогтоол гарсантай холбогдуулан” гэсэн үндэслэлээр Засгийн газрын уг 2007 оны 109 дүгээр тогтоол ...ыг 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон байна. Мөн 2012 оны 153 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн а/-д “нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг энэ тогтоолын хавсралтаар баталсан цалингийн итгэлцүүрээр шинэчлэн тогтоож, 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн батлагдсан төсвийн хүрээнд тооцож олгох, ... в/-д “2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1,080.000 (нэг сая наян мянга) төгрөгөөр тооцох” гэж заажээ.
Тодруулбал дээрх тогтоолд тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, уг итгэлцүүрээр шинэчлэн тогтоосон тэтгэврийг олгох хугацаа, тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг заасан тул энэ хүрээнд багтааж нэхэмжлэгчийн тэтгэврийг тогтоосон хариуцагчийн үйлдлийг хууль бус гэж үзэх боломжгүй юм.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 4 дүгээр дүгнэлтийн агуулга, үндэслэл нь Засгийн газрын 2007 оны 109 тогтоолд хамааралгүй байх бөгөөд мөн Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн “в/” заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж тогтоосон болно.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүхэд хэлэлцээгүй нотлох баримт болох “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн” гэж маргаж байгаа Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 02 дугаар дүгнэлт нь уг маргааныг шийдвэрлэх нотлох баримт бус, харин Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасан ...хууль тогтоомжийн бусад актад хамаарах тул захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг эрх зүйн эх сурвалжийн хүрээнд авч үзэж хэрэглэсэн нь зөв байна.
Эдгээр үндэслэл болон хариуцагчийн... С.М-н тэтгэврийн хэмжээг шинээр тооцуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнд нийцүүлсэн гэх тайлбарыг үгүйсгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзвэл нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.М-н нэхэмжлэлийн хүрээнд 2007 оны 7 дугаар сарын 01, 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэврийг шинэчлэн тогтоох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг хязгаарлаж, тэтгэвэр тогтоосныг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, тэтгэврийг зөвтгөн тогтоож 2007 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойших тэтгэврийн зөрүүг бодож олгохыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.2-т заасанд нийцсэн байна.
Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.М, түүний өмгөөлөгч Т.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин тэтгэврийн хэмжээг шинэчлэн тогтоохдоо Засгийн газрын дээрх тогтоолуудаар тогтоосон хязгаарлалтын хэмжээнд нийцүүлээгүй гэж үзвэл зохих журмын дагуу хүсэлтээ гаргаж, эрх бүхий байгууллагаар хянуулахад шүүхийн энэ магадлал, тогтоол саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад баримталсан хуулийн заалтын бичвэрийг зөвтгөсөн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 613 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 5.1, 5.2 гэснийг 1, 2 гэж өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ