Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга  Н.Номинчимэг,

улсын яллагч Ж.Энхжаргал,

шүүгдэгчийн өмгөөлөгч  Х.Даваасүрэн ҮД:10-66,

           шүүгдэгч Д.Батбаяр  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1981 оны 03 сарын 10-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын туслах ажилтан хийдэг, ам бүл-6, эхнэр 4 хүүхдүүдийн хамт Сүхбаатар  дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн  9-р гудамжны 163 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл ухаан санаа бүрэн, Иөншөөбү овогт Даваасумъяагийн  Батбаярт /РД:ЖЯ81031036/

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201624000480 дугаартай 105/2016/0118/Э индекстэй хэргийг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Батбаяр  нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг, Дарь-Эхийн хуучин эцсийн буудлын замд 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 15 цаг 30 минутын үед “Хонда Пит” маркийн 97-83 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг  Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дахь заалт “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно а/ согтууруулах ундаа…хэрэглэсэн…үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчин согтуугаар жолоодож явахдаа мөн дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөнөөс явган зорчигч Б.Батмэнд, Э.Эрдэнэцэцэг нарыг мөргөж Б.Батмэндийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Батбаяр мэдүүлэхдээ:  Хавтаст хэрэгт авагдсан зүйл бүгд үнэн.  Ярих зүйлгүй гэв.

          Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 Мөрдөн байцаалтанд хохирогч  Б.Батмэндийн: …Би 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн үед Дарь-Эхийн хуучин зам дээр баруун талын явган хүний замаар хойноос урагшаа чигт ганцаараа явж байтал гэнэт ард талаас автомашин ирээд мөргөсөн, мөргүүлээд газарт би унасан, тэгээд босоод иртэл зүүн мөр маш их өвдөж байсан, толгойн баруун хэсгээс цус гарч байсан. Тэгээд байж байтал цагдаа, эмнэлэгийн машин зэрэг хүрч  ирээд эмнэлэгийн машин гэмтлийн эмнэлэг аваад явсан…Би хэргийн газрын схем зурагтай танилцлаа, надад санал хүсэлт байхгүй, миний мөргүүлсэн, унасан цэгийг зөв тэмдэглэсэн байна… гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/

Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч Э.Эрдэнэцэцэгийн: … Би өнөөдөр жолооч Батбаяраас бэлнээр 100.000 төгрөг, үе мөчний тос авч байгаа тул гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд суухгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал /

Мөрдөн байцаалтанд гэрч Э.Эрдэнэцэцэгийн:..2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 15 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн нутаг Дарь Эхийн хуучин эцсийн ойролцоо хүнсний дэлгүүрийн хажуу талд замын баруун гар талд ганцаараа урагшаа хараад, хүн хүлээгээд зогсож байтал гэнэт араас машин орж ирээд, миний ардхан талд байсан эрэгтэй хүнийг машин урд хэсгээрээ мөргөж байхыг хараад, бултаад чигээрээ урагшаа зугтаатал араас орж ирээд урд хэсгээрээ намайг шүргэсэн, гэхдээ би газарт унаагүй, осол гаргасан жолооч машиндаа ганцаараа байсан, жолоочтой очоод уулзахад түүнээс архи үнэртэж байсан… гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Ё.Төвшинтөрийн:..Би 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр цагийг нь мэдэхгүй байна, гэртээ унтаж байхад найз Батбаяр орж ирээд машины түлхүүрээ өгч байгаач, ойрхон гараад ирье гэхээр нь машины түлхүүрээ өгөөд, тэгээд буцаад унтсан, маргааш нь Батбаяр ирээд ослын талаар хэлээд, тэгээд мэдсэн, өгөхдөө архины төрлийн зүйл хэрэглэснийг нь мэдээгүй , мэдсэн бол өгөхгүй байсан. “Ноndo Fit” маркийн 97-83 УНМ дугаартай автомашин манай төрсөн ах Ё.Төрбатын нэр байдаг, манай ах 1 жилийн өмнө Солонгос руу сурахаар явсан, машинаа надад хариуцуулж үлдээгээд явсан, манай автомашинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй…Би машиндаа үнэлгээ хийлгэхгүй, манай найз Батбаяр миний машины эвдэрсэн эд ангиудыг янзлаад өгсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Батболдын:..Би 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн үед байхаа дэлгүүр дээрээ ажлаа хийж байхад гэнэт л түс тас гээд чимээ сонсогдсон, гараад хартал дэлгүүрийн зүүн талд байх цэцгийн мандлыг суудлын автомашин мөргөөд ороод ирсэн, машин дотор нэг залуу байсан, тэр залуугаас архи үнэртэж байсан, би дэлгүүрийнхээ утаснаас 102 луу залгаж ослын талаар мэдэгдсэн, эхлээд нэг эргүүлийн цагдаа ирсэн, түүний дараа, 103-ын машин ирээд мөргүүлсэн хүнийг эмнэлэг аваад явсан, бас замын цагдаагийн бүрэлдэхүүн ослын газарт хэмжилт хийсэн…Ослын дараахан осол гаргасан жолооч залуу манайд ирээд, манай цэцгийн мандлын тоосгонуудыг янзлаад өгсөн, зөвхөн цэцгийн мандлын хэдэн тоосго л нурсан, түүнийг янзлаад өгсөн, учирсан эвдрэлд үнэлгээ хийлгэх шаардлагагүй, гомдол, санал байхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 41-р тал/

-Шүүхийн Эмнэлэгийн  2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №396 тоот шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн актанд:

1. Б.Батмэндэд зүүн эгэм ясны дунд хэсгийн далд хугарал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.гэх дүгнэлт /хх-ийн 50-р тал/

 Улаанбаатар Хотын Цагдаагийн Газрын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ¹343 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1.”Ноndo Fit” маркийн 97-83 УНМ дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Д.Батбаяр нь МУ-ын ЗХД-ийн 2.7 “Жолооч дор дурдсан зүйлийг хориглоно.а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.Явган зорчигч Б.Батмэнд, Э.Эрдэнэцэцэг нар нь МУ-ын ЗХД-ийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

3. ”Ноndo Fit” маркийн 97-83 УНМ дугаартай автомашины техникийн байдал зам тээврийн осолд нөлөөлсөн гэх нь тогтоогдохгүй байна. /2016.06.22-ны өдрийн ¹68 тоот албан бичигт/

4.Зам тээврийн осол нь замын байгууламж, замын байгууламж замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдалаас нөлөөлөхгүй байна. гэх дүгнэлт /хх-ийн 61-р тал/

Мөрдөн байцаалтанд яллагдагч Д.Батбаярын:.. 2016 оны 5 дугаар сарын 13 ны өдрийн 13 цагийн үед байхаа гэрийнхээ ойролцоо явж байгаад олон жил уулзаагүй цэргийн он жав Лутаатай /жинхэнэ нэрийг мэдэхгүй/ тааралдаад бид 2 дэлгүүрээс нэг том савтай 2 литрийн пиво аваад Сэлбэ голын эрэг дээр очоод пиво хувааж уугаад 15 цаг өнгөрч байхад бид 2 салаад, би хүүхдээ цэцэрлэгээс нь машинаар авмаар санагдаад гэрийнхээ ойролцоо амьдардаг найз Төвшинтөрийн гэрт очиход Төвшинтөр унтаж байхаар нь түүнийг сэрээгээд "найздаа машинаа өгч бай ойрхон яваад ирье" гэж хэлэхэд Төвшинтөр нойрмог сэрээд орныхоо хажуу талаас надад “Х.Пит” маркийн автомашины түлхүүрийг өгсөн. Түүний машиныг унаад хүүхдийнхээ цэцэрлэг рүү явж байгаад төв буюу засмал замыг хөндлөн гарч байхад замын цаад талд олон хүн буудал дээр зогсож байсан. Тэгээд би тэр хүмүүсийг дайрчихвий гээд сандраад тоормосны гишгүүр дээр гишгих гэж байгаад

андуураад хаазны гишгүүр дээрээ гишгээд намхан тоосгон хашлага мөргөөд зогссон. Машинаасаа буугаад иртэл тэр хавьд байсан хүмүүс намайг "хүн дайрч аллаа" гээд энд тэндээс дайрсан ямар ч байсан нэг эрэгтэй хүн машины ард гараа бариад зогсож байсан, тэгээд байж байтал удаагүй цагдаа ирээд согтуурал шалгадаг багажаар шалгахад 2.89 хувь гарсан, би машин жолоодох эрхтэй, согтуу машин барьж болохгүйг мэднэ, осол гаргасандаа харамсаж байна, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан  гэх мэдүүлэг. /хх-ийн 74-р тал/

            Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Гэмт хэргийн объект нь  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам мөн.

  Объектив тал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөн үйлдэл байна.

Субъектив тал нь санаатай   ба болгоомжгүй  гэм буруу байна.

Субъект нь тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй 16 насанд хүрсэн этгээд байна.

Шүүгдэгч Д.Батбаяр нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг, Дарь-Эхийн хуучин эцсийн буудлын замд 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 15 цаг 30 минутын үед “Хонда Пит” маркийн 97-83 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг  Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дахь заалт “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно а/ согтууруулах ундаа…хэрэглэсэн…үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчин согтуугаар жолоодож явахдаа мөн дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөнөөс явган зорчигч Б.Батмэнд, Э.Эрдэнэцэцэг нарыг мөргөж Б.Батмэндийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Д.Батбаярыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Прокуророос Д.Батбаярын гэм бурууг зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, анги тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Д.Батбаяр нь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдов. / хх-ийн 83-р тал/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-тзааснаар … бусдын эрх, амь нас, эрүүл мэнд , нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/, эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Шүүгдэгч Д.Батбаяр нь  хохирогч Б.Батмэндэд 500.000 /таван зуун мянган/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Э.Эрдэнэцэцэгт 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийг төлсөн,   хохирогч  гомдол саналгүй  болсон  байна.  /хх-н 103-р тал/

            Шүүгдэгч Д.Батбаяр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.9 заасан үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгааг харгалзан үзэв.

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иөншөөбү овогт Даваасумъяагийн  Батбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж согтуугаар тээврийн хэрэгсэл  жолоодож яваад  бусдын бие махбодид  хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар Даваасумъяагийн Батбаярыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/ хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Батбаярт оногдуулсан 2 /хоёр / жилийн  хорих  ялыг жирийн дэглэмтэй эрэгтэй чүүдийн  хорих ангид  эдлүүлсүгэй.

          4. Д.Батбаяр нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, одоогоор  бусдад төлөх  болохыг тус тус  дурдсугай.

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-д зааснаар Д.Батбаярт  оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр / жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж  дууссан  үеэс эхлэн тоолсугай.

          6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар Д.Батбаярын  жолоочийн  “ВС”  ангилалын  728373 дугаартай  үнэмлэхийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болохоор Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэлийн албаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий  харьяа  Лицензийн  төвд хүргүүлсүгэй.

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Д.Батбаярт 2 /хоёр/  жилийн  хугацаагаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Д.Батбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Батбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ