Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2016/0566

 

Г.Саранхүүгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 386 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.Саранхүүгийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн газрын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 386 дугаар шийдвэрээр: Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Саранхүүгийн “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/83 дугаар тушаалын Г.Саранхүүд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ижил төрлийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цагдаагийн ахмад цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, холбогдох бичилтүүдийг хийлгэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандал давж заалдах гомдолдоо: ...Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

Г.Саранхүүгийн гаргасан зөрчлийг илрүүлсэн гэх 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Цагдаагийн хэлтсийг Цагдаагийн ерөнхий газраас шалгаж байсан гэх бөгөөд тэр үед Алтанбулаг суманд зөрчил илэрлээ гээд 2 албаны ахлах байцаагч явуулж шалгуулсан байдаг. Харин тухайн үед байгаагүй албаны дарга нь зарим нэг зүйлийг нөхөж бүрдүүлсэн байж болзошгүй. Цагдаагийн байгууллага нь босоо удирдлагатай, тухайн үед Цагдаагийн ерөнхий газраас Төв аймагт шалгалт явагдаж байсан, Улаанбаатар хотоос 60 гаруй км газар болох Төв аймгийн Алтанбулаг суманд болсон асуудал тэр даруйдаа эрх бүхий албан тушаалтнуудад мэдэгдсэн байсан бөгөөд үүний дагуу 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр албаны шалгалт хийх эрхгүй ахлах байцаагч нар шалгалт явуулсан үйл явдал болсон.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “...сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, ...илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж хуульчилсан. Ийм байхад “илрүүлсэн” гэдэг үгийг олж мэдсэн үеэс буюу Г.Саранхүүгийн зөрчил гаргасныг мэдсэн үеэс зөрчлийг илрүүлсэн гэж үзэх нь зүйтэй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Өөрөөр хэлбэл, Г.Саранхүүгийн зөрчлийг илрүүлсэн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр, хариуцлага тооцож болох хугацаа нь 2016 оны 02 дугаар сарын 11-ний дотор байна. Нэг үгээр хэлвэл, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/83 дугаар тушаалыг Төрийн албаны тухай хуулийн зохих зүйл заалтыг үндэслэхгүй 44 хоногийн дараа гаргаж, хариуцлага тооцсон нь хууль зөрчсөн.

            Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч Г.Саранхүү нь Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/83 дугаар тушаалын Г.Саранхүүд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ижил төрлийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цагдаагийн ахмад цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Г.Саранхүү нь Төрийн тусгай албан хаагч болохынхоо хувьд уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн зөрчил гэж холбогдох хууль тогтоомж болон энэ дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ”, 2.2 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн ёс зүй нь өргөсөн тангарагтаа үнэнч байх, хууль тогтоомжийг дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн тэгш байдлыг хангах, албан үүргээ амжилттай гүйцэтгэх үндсэн нөхцлийн нэг тул цагдаагийн бүх шатны байгууллага нь алба хаагч бүрээс ёс зүйн хэм хэмжээг заавал сахин биелүүлэхийг шаардана”, 2.3 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагч нь биеэ авч авах байдлаараа цагдаагийн байгууллагын нэр хүндийг цэвэр байлгахыг ямагт хичээж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин мөрдөх үүрэгтэй”, 4.1.6 дахь хэсэгт байгаа “Ажлын бус цагаар цагдаагийн байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байх” гэсэн заалтуудыг дагаж биелүүлэх үүрэгтэй.

Түүнчлэн Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтын агуулгаас үзэхэд “Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ нь ...дан ганц дүрмээр бус ...Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн байгууллагын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжоор” зохицуулагдахаар байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Төв аймгийн Цагдаагийн газрын дэд дарга бөгөөд Эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Батбаатарын тодруулан гаргуулсан иргэн Г.Цэрэндэжид, тус Цагдаагийн газрын Алтанбулаг сум дахь хэсгийн төлөөлөгч Г.Саранхүүгийн өөрөөс нь гаргуулан авсан тайлбар, мөн Г.Саранхүүг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Согтуурал шалгасан тэмдэглэл”, Төв аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа А.Батбаярын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Албан шалгалтын явуулсан” илтгэх хуудас, Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын 21652001 дугаартай албан шалгалтын баримт, Цагдаагийн Ерөнхий газар, дотоод хяналт, аюулгүй байдлын газраас Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисд хүргүүлсэн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Танилцуулга” зэргээр Г.Саранхүү нь Төв аймгийн Алтанбулаг сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа “иргэн Г.Цэрэндэжидээс ирүүлсэн гомдлыг бүртгэлд оруулаагүй, дарагдуулсан, ажлын цагаар албаны дүрэмт хувцастай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн” ёс зүйн зөрчил гаргасан болох нь нотлогдож байна.

Тиймээс дээрх үйл баримтыг үндэслэн гаргасан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/83 дугаар тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... зөрчлийг илрүүлснээс хойш 44 хоногийн дараа хариуцлага тооцсон хууль зөрчсөн байхад шүүх Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэхь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэж давж заалдах гомдолдоо дурдаж маргаж байгаа.

Гэтэл хэрэгт авагдсан баримтаар Цагдаагийн Ерөнхий газар, дотоод хяналт, аюулгүй байдлын газраас Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисд 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Танилцуулга”-аар нэхэмжлэгч Г.Саранхүүгийн гаргасан зөрчлийн талаарх баримтыг хүргүүлснээс үзэхэд эрх бүхий этгээд Г.Саранхүүгийн зөрчлийн талаар 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мэдсэн бөгөөд маргаан бүхий Б/83 дугаар тушаалыг 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна”, 26.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгч Г.Саранхүүд захиргааны зүгээс сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хариуцагч хэтрүүлээгүй гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийг зөрчөөгүй, Төв аймаг дахь Цагдаагийн газрын Алтанбулаг сум дахь хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Г.Саранхүүг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас нь халах сахилгын шийтгэлийг түүнд ногдуулсан захиргааны актын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Тиймээс анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 386 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

        ШҮҮГЧ                                                                Э.ЗОРИГТБААТАР

        ШҮҮГЧ                                                                Г.БИЛГҮҮН

        ШҮҮГЧ                                                                 Э.ХАЛИУНБАЯР