| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/03380/и |
| Дугаар | 3054 |
| Огноо | 2017-11-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 3054
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагмыг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, … тоотод байрлах Ж.Б ХХК -д холбогдох,
Нийгмийн даатгалын шимтгэлд 17,105,850 /арван долоон сая нэг зуун таван мянга найман зуун тавин/ төгрөг гаргуулахыг шаардсан иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Э.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Тус хэлтэстэй харилцагч Ж.Б ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4.2.1, 16.1, 17.1.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж 2017 оны 10 дугаар сарын 03-ны байдлаар ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 11,403,900 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 5,701,950 төгрөг, нийт 17,105,850 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах, түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч, даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Шимтгэлийг төлүүлэхээр хариуцагч Ж.Б ХХК -д тус хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн дансны зарлагын гүйлгээг хаах мэдэгдлийг хүргүүлсэн боловч Нийгмийн даатгалын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.1.2, Монгол улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм-ийн 3.3.1-д заасныг тус тус үндэслэн 17,105,850 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг Ж.Б ХХК -иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.Б ХХК -ийн захирал Я.Г шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
Манай Ж.Б ХХК нь байнгын тогтвортой орлоготой ажиллаж чадахгүй байгаа ба ажилчдынхаа нийгмийн шаардлагыг хангах үүднээс өөрийн хөрөнгөөр Нийгмийн даатгалын шимтгэлийг төлж ирсэн боловч 2016 оны сүүлээс эхлэн төлөх чадамжгүй болсон. Одоогийн нэхэмжилж буй 11,403,900 төгрөгийг 2018 онд багтааж төлж барагдуулах ба алданги болох 5,701,950 төгрөгийг төлөх боломжгүй байна. Мөн нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг эвлэрлийн гэрээгээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Ж.Б ХХК -д холбогдуулан, нийгмийн даатгалын шимтгэлд төлөгдөөгүй 11,403,900 төгрөг, хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийн хугацаа хэтрүүлсэн алдангид 5,701,950 төгрөг, нийт 17,105,850 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч Ж.Б ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас нийгмийн даатгалын шимтгэлд төлөгдөөгүй дүн болох 11,403,900 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боловч, алданги 5,701,950 төгрөгийг төлөх боломжгүй гэж тайлбарласан байна.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Ж.Б ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу тус компанийн 9 ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын дансанд шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч, тийнхүү хуулиар хүлээсэн үүргээ үл биелүүлэн, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шимтгэлийн үлдэгдэл 11,403,900 төгрөгийг төлөөгүй болох нь тус компанийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2017 оны 6 дугаар сарын тайлан, Заавал даатгах даатгуулагчдын НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн мэдэгдэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх 6, 7, 9, 10/
Иймд нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт төлөгдөөгүй 11,403,900 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй.
Түүнчлэн, хариуцагч Ж.Б ХХК нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд ногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүйгээс 11,403,900 төгрөгийн өр үүсч, уг төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас хэтэрсэн хугацааны алданги 5,701,950 төгрөг гаргуулахаар шаардсан нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт ...дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан хуулийн зохицуулалтад нийцсэн байх тул хариуцагчаас алдангийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Шүүх хуралдааны товыг хариуцагч байгууллагын захирал Я.Г-т мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Б ХХК -иас тэмдэгтийн хураамжид 243,950 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Б ХХК -иас нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт 17,105,850 /арван долоон сая нэг зуун таван мянга найман зуун тавин/ төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулж, Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ж.Б ХХК -иас 243,950 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод /Баянгол дүүргийн татварын хэлтэс 2602002965 тоот данс/ оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА