| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2020/0052/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/55 |
| Огноо | 2020-06-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч Болдын Эрхэмбаяр Шүүгдэгч Бат-Эрдэнийн Дашдэмбэрэл Шүүгдэгчийн өмгөөлөгч Ванчингийн Содномцэрэн Хохирогч Баатарсүрэнгийн Оюунчимэг Хохирогч Маамаагийн Мандах Иргэний нэхэмжлэгч Дармаагийн Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорooс Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дашдэмбэрэлд холбогдох 2023000600032 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1991 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, 2 дүүгийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сум Эрдэнэхайрхан сум Мөсөн багт оршин суух хаягтай, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14- ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж уг хорих ялаас хугацаанаас өмнө буюу 10 сар 21 хоногийн өмнө суллагдсан Тарвагачин овогт Бат-Эрдэний Дашдэмбэрэл /Регистрийн дугаар: /ИФ91032815/ Шүүгдэгч Б.Дашдэмбэрэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт буюу 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг Шагж аваргын хэсэг 4 дүгээр гудамж 401 тоотод оршин суух иргэн М.Мандах, Б.Оюунчимэг нарын гэрт хууль бусаар нэвтрэн орж хурган дотортой үстэй дээл 6 ширхэг, үхрийн гуя 1 ширхэг, даралтны аппарат 1 ширхэг, шүрэн бөөртэй 21 эрхи, ягаан өнгийн даавуун материалтай чемоданан цүнх 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 7.440.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч Тарвагачин овогт Бат-Эрдэнийн Дашдэмбэрэл нь 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг Шагж аваргын хэсгийн 4 дүгээр гудамж 401 тоотод хашаанд байх иргэн М.Мандахын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж үхрийн гуя 1 ширхэг, даралтны аппарат 1 ширхэг, шүрэн бөөртэй 21 эрхи 1 ширхгийг, мөн Б.Оюунчимэгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж хурган дотортой үстэй дээл 6 ширхэг, ягаан өнгийн даавуун материалтай чемоданан цүнх 1 ширхгийг нууц далд аргаар авсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Тухайн өдөр эд зүйлсээ алдсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч М.Мандахын “...2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр манай хадам ээж Намнан гэдэг хүн над руу залгаад Улиастай сумын Богдын гол багийн Шагж аваргын хэсэг 401 тоот хашаанд байх гэрт чинь хулгай орсон байна гэж ярьсан. Тэгээд хөдөөнөөс гэртээ ирэхэд манай гэрээс дээр үеийн шүрэн бөөртэй 21 эрхи-1 ширхэг, даралтын аппарат-1 ширхэг, хязаалан настай монгол үхрийн гуя 1 ширхэг, мөн хөлдөөгчин дотор байсан чанах яс задгай байсан тэрнээс бас алга болсон байна лээ өөр ямар нэгэн эд зүйл алдагдаагүй юм шиг байна...” гэсэн мэдүүлгээр, хохирогч Б.Оюунчимэгийн “...2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр манай хадам ээж над руу залгаад Баяндоржийн танай хоёрын гэрт хулгай орсон байж магадгүй байна танай хоёр гэрийн хаалга онгорхой байна гэж утсаар ярьсан. Тэгээд гэртээ ирэхэд манай гэрийн үүдэнд байх жижиг таамбарын хаалганы даруулгыг хөшсөн байсан гэрийн хаалганы цоожны даруулгыг хажуу тийш нь мушгисан байдалтай байсан. Гэртээ ороход баруун талын орон дээр хүүхдийн хувцас хунарыг асгаж орхиод ягаан өнгийн чемодан байхгүй байсан. Мөн баруун талд байх хоёр авдарны хоёр ширхэг шар өнгийн жижиг цоож байхгүй, дотор нь байсан үстэй дээлнүүд байхгүй байсан. Зүүн талын авдарны цүүг нь эвдээд мөн хурган дотортой дээлнүүд байсан байхгүй болсон байна лээ...” гэсэн мэдүүлгээр, М.Мандах, Б.Оюунчимэг нарын гэрийн хаалгыг онгойлгосон байсныг харсан талаараа мэдүүлсэн гэрч С.Энх-Амгалангийн “...2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байж байсан чинь манай нэг дүү Билэгсайхан над руу утасдаад “Баяндорж, Ванчигдорж нарын гэрүүд нь онгорхой байна. Хөдөөнөөс ирсэн юм уу” гэж надаас асуухаар нь “ирээгүй” гэж би хэлсэн. Тэгээд би Богдын гол багийн Шагж аваргын хэсэг 4 гудамж 401 тоотод байдаг хашаанд яваад ирсэн чинь хоёр айлын гэрийн хаалга, хашааны хаалга нь онгорхой байхаар нь би хулгай орсон байж магадгүй юм байна гэж бодоод шууд цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлгээр, Б.Дашдэмбэрэл 6 ширхэг хурган дээлийг худалдаж өгөхийг хүсч өөрт нь өгсөн талаар мэдүүлсэн гэрч Ч.Бэндэръяагийн “...2020 оны 03 дугаар сарын дундуур санагдаж байна ... би Дашдэмбэрэлд “манай ээжийнх махгүй болж байгаа, хямдхан мах зарж байгаа хүн байна уу гэсэн, тэгтэл Дашдэмбэрэл миний байгаа газар манай хүргэн ахын гэрт мах байна уу би үзээдэхье гээд намайг дагуулаад ченжийн захаас дээш өгсөж яваад нэг айлын хашааны үүдэн дээр ирсэн. Тэгээд Дашдэмбэрэл намайг хашааны үүдэнд байж бай би орчихоод гараад ирье гээд нөгөө хашааны хаалгаар яваад орсон. Би гадаа нь хашаа налаад сууж байсан. Дашдэмбэрэл нилээн байж байгаад нэг жижиг үхрийн гуя тэврээд гараад ирсэн. Тэгээд нөгөө үхрийн гуя тэвэрч явж байгаад нэг хашааны булан тааралдсан. Дашдэмбэрэл нөгөө гуяа хашааны булангийн хашаан дээр тавиад бид хоёр цааш явж машин зам дээрээс гар өргөж такси авсан. Тэгээд нөгөө такситайгаа гуяа очиж аваад бааз буюу Жаргалант багийн Жаргалантын хэсэгт 3-9 тоотод байгаа манай ээжийн гэрт очиж манай ээж Баттөмөрт гуяа 35.000 төгрөгөөр зараад 5.000 төгрөгийг нь таксиндаа өгч явуулаад, ... Дашдэмбэрэл надад миний бие өвдөөд байгаа мөнгөний хэрэг гараад байна. Саяны очсон ахындаа буцаж очоод дотроос нь өөрийнхөө юмыг аваад таниар заруулмаар байна гэсэн. Тэгээд Дашдэмбэрэл намайг хашааны үүдэнд хүлээж бай гэсэн тэгээд би нөгөө хашааны үүдэн дээр үлдээд Дашдэмбэрэл ахиад хашаа руу яваад орсон. Тэгээд хэсэг байж байгаад нэг ягаан өнгийн чемодантай зүйл.. авч ирээд ...нөгөө чемодантай зүйлийг онгойлгосон хэсэг эрэгтэй, эмэгтэй хүний үстэй дээлнүүд байсан. Дашдэмбэрэл надаас дээлнүүдийг зараад өгөөч гэхээр нь би ангийн хүүхэд Дуламсүрэн гэдэг махны наймаа хийдэг хүнтэй уулзаад ...Дуламсүрэн 3 дээлийг 800.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд Дашдэмбэрэл надад 200.000 төгрөг тоолж өгөөд надад 600.000 төгрөг нь байхад болон гээд бид хоёр салсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч Ч.Бэндэръяагаас хурган дотортой дээл 3 ширхгийг худалдаж авсан талаараа шууд тусган мэдүүлсэн гэрч, иргэний нэхэмжлэгч Д.Дуламсүрэнгийн “...2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Бэндэръяа гаднаас ороод ирсэн. Тэгээд надтай уулзаад 3 ширхэг үстэй дээл зарчихмаар байна мөнгөний хэрэг гараад байна гэсэн тэгэхээр нь би юун үстэй дээл юм гэж асуусан ... Бэндэръяа манай дэлгүүрээс гарч яваад 30 гаран минутын дараа хоёр том хүний, нэг хүүхдийн бололтой гурван дээл авч ирээд нөгөө гурван дээлээ 1.400.000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгэхээр нь би нөгөө дээлнүүдийг үзсэн хоёр нь хуучин нэг нь шинэвтэр дээл байхаар нь нөгөө дээлийг 800.000 төгрөгөөр авъя нөгөө хоёр дээлийг авахгүй гэсэн. Тэгсэн тэр хоёр намайг бүгдийг нь ав гээд байхаар нь нөгөө гурван дээлийг би нийтэд нь 800.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед 200.000 төгрөгийг бэлнээр авч өгөөд 600.000 төгрөгийг картнаас авч өгсөн..” гэсэн мэдүүлгээр, Б.Дашдэмбэрэлээс үхрийн гуя 35000 төгрөгөөр худалдаж авсан талаараа шууд тусган мэдүүлсэн гэрч Х.Баттөмөрийн “...2020 оны 03 дугаар сарын дундуур санагдаж байна яг нарийн он сарыг нь санахгүй байна. ... Орой харанхуй болж байхад Бэндэръяа нэг танихгүй залуутай хамт манайд хүрээд ирсэн. Тэгээд нөгөө залуу нь нэг чөмгийг нь авчихсан үхрийн жижиг гуя аваад ороод ирсэн. Тэгээд тэр залуу нь би хөдөөнөөс орж ирсэн юм. Бэндэръяа ах надад их тус болсон болохоор энэ махыг өгч байгаа юм гэхдээ арай зүгээр өгчихмөөргүй байна надад бас бага зэрэг мөнгөний хэрэг байна гэсэн Бэндэръяа та мөнгө байвал өгөөд махыг нь авчих гэсэн. Тэгээд би байгаа 35.000 төгрөгөө гаргаад нөгөө залууд өгсөн. Тэгээд Бэндэръяа тэр хоёр хамт гарч яваад тэрнээс хойш нилээн байж байгаад намайг орондоо орсон хойно Бэндэръяа гэртээ орж ирээд унтсан...” гэсэн мэдүүлгээр, М.Мандах, Б.Оюунчимэг нарын хашааны зүүн хойд буланд байрлах гэрийн үүдний пингийн урд талын шороон хэсэгт арзгар ултай гутлын мөр илэрснийг бэхжүүлсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгээр илрүүлсэн гутлын мөр нь шүүгдэгч Б.Дашдэмбэрэлийн өмсөж байсан гутлын мөртэй тохирч байгааг нотолсон Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 000000019 дугаартай “...1.Хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн 1 ширхэг гутлын улны мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2.28х10 см, 28х10 см хэмжээтэй нэг хүний хос гутлын улны мөр байна. 3.Шинжилгээнд ирүүлсэн 1 мөр нь Бат-Эрдэнэ овогтой Дашдэмбэрэлээс хураан авсан гутлын улны дардастай ерөнхий болон хувийн шинж тэмдэгүүдээрээ тохирч байна. 4.Бат-Эрдэнэ овогтой Дашдэмбэрэлээс хураан авсан гутлын зүүн хөлний дардасуудтай хэлбэр хэмжээ, хээний дүрслэлүүд, зураглал зэрэг шинж тэмдэгүүдээрээ тохирч байна...” гэсэн дүгнэлтээр, П.Ядамын амбаарт нэгжлэг хийх явцад Б.Оюунчимэгийн алдсан 3 ширхэг хурган дотортой дээлийг хураан авсан тэмдэглэл, Шүүгдэгч Б.Дашдэмбэрэлийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн “...2020 оны 03 дугаар сарын эхээр ...би Бэндэръяаг хашааны үүдэнд байж бай би орчихоод гараад ирье гээд нөгөө Ванчигдорж ахын хашааны хаалгаар яваад орсон. Тэгээд Ванчигдорж ахын гэрт тамборын хаалганы бариулаас хүчтэй татсан тамборын хаалганы цоожны даруулга тахийгаад онгойсон, тэгэхээр нь яваад орсон бас гэрийн хаалга нь цоожтой байхаар нь бас бариулаас нь татсан хаалга цоожны даруулгаар мултараад онгойчихсон. Тэгэхээр нь би гэрт нь явж ороод гэрийн зүүн гар талын хоёр авдар онгорхой байхаар нь ухаж үзсэн үстэй дээлнүүд байхаар нь би хоёр авдарнаас гурав гурван ширхэг үстэй дээл гаргаж ирсэн. Баруун гар талын нэг авдар цоожтой байхаар нь би цоожийг нь гал тогооны шүүгээнд байсан хайч хутга хоёрыг авч хөшиж онгойлгосон тэр авдар дотор онц юм байхгүй болохоор нь зүүн гар талын орон дээр хувцастай байсан ягаан өнгийн чемодан доторх хувцасыг орон дээр нь асгаад нөгөө 6 ширхэг үстэй дээлийг чемодан дотор хийгээд гэрээс нь авч гараад гэрийн тамбор дотор чемодантай үстэй дээлнүүдээ үлдээчихээд гадагш гарсан. Тэгээд тэр хашаанд хамт байдаг айлын гэрийн тэнд яваад очсон тэр айл бас эзэнгүй байхаар нь хаалганы бариулнаас хүчтэй татсан цоож даруулга нь цүүтэйгээ мултраад гараад ирсэн. Тэгэхээр нь тэр айлын гэрт яваад орсон зүүн гар талд нэг цагаан өнгийн хөлдөөгч байхаар нь сөхөх үед дээр нь байсан халуун тогооны таг газарт унаад хагарсан тэр хөлдөөгчний дотор талд нь нэг жижиг үхрийн гуя байхаар нь би бусад зүйлд нь ойртолгүй нөгөө үхрийн жижиг гуяыг аваад шууд гэрээс гараад хашааны үүдэнд ирсэн. Бэндэръяа намайг хүлээгээд байж байсан. ...Би Ванчигдорж ахын гэрийн тамбор дотор бэлдээд тавьсан ягаан өнгийн чемодантай үстэй дээлнүүдээ тэвэрч авч гараад хашааны үүдэн дээр ирж Бэндэръяад тэврүүлээд бид хоёр таксиндаа буцаж суугаад бааз руу буцаад явсан. Тэгээд би Чигэстэй багийн Нарлаг энгэрт байдаг ахынхаа хашааны үүдэнд буулгасан буухдаа би нөгөө чемодан дотроос 3 үстэй дээлийг аваад буусан. Тэгээд Бэндэръяад чемодантай үлдсэн 3 үстэй дээлийг гэртээ аваачаад тавьчих, би өглөө яваад очъё гэж хэлсэн. Тэгээд би ахындаа орж унтчихаад маргааш өглөө нь Бэндэръяагийн гэрт явж очоод бид хоёр нөгөө чемодантай 3 үстэй дээлнүүдийг авсан. Тэгээд Бэндэръяа ах махны наймаа хийдэг нэг эмэгтэй хүнтэй уулзаад 3 үстэй дээл зармаар байна гэсэн аваад ир үзье гэхээр нь буцаж бааз орж нөгөө шуудайтай дээлнүүдээ бид хоёр авч ирж үзүүлсэн 3 дээлийг нөгөө эгч 800.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгсэн Бэндэръяа ах нь 200.000 төгрөгийг нь авлаа чи 600.000 төгрөгөөр нь бие хаагаа үзүүл гэсэн...”гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч М.Мандахад 5200000 төгрөгний хохирол учирсан болох нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “...1.Эрэгтэй хүний хурган дотортой бороо зангидсан шилбэ товчтой шинэ дээл 2 ширхэг -2.000.000, 2. Эмэгтэй хүний хурган дотортой бороо зангидсан шилбэ товчтой шинэ дээл 4 ширхэг - 3.200.000, Нийт 5.200.000 төгрөг...” гэх үнэлгээний дүгнэлтээр, хохирогч Б.Оюунчимэгт 2240000 төгрөгний хохирол учирсан болох нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “...1.Шүрэн бөөртэй 21-н эрхи 1 ширхэг -2.000.000, 2. Даралтны электрон аппарат 1 ширхэг - 40.000, Хязаалан насны үхрийн гуя 1 ширхэг -200.000, Нийт 2.240.000 төгрөг...” гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Дашдэмбэрэл тухайн үед М.Мандахын гэрээс 21 эрхи болон хүний даралт хэмжих аппаратыг хулгайлаагүй гэж мэдүүлж байгаа боловч түүний энэ мэдүүлэг нь М.Мандах 21 эрхи болон даралт хэмжих аппаратыг тухайн үед хулгайд алдсан талаар мэдүүлсэн мэдүүлгээр няцаагдаж байна. Түүнчлэн гэрч М.Намнангийн “...Шаргадуу өнгөтэй шүрэн бөөртэй 21 эрхи байдаг. 1997-1998 оны үед миний хүү Баяндоржтой гэр бүл болж амьдарч эхэлсэн. Энэ цаг үеэс эхлэн М.Мандахтай ойр дотно 20 орчим жил амьдарч байна. Манай бэр болсны дараа Мандахын ээж нь 2-3 сарын дараа нас бараад тэгээд ээжийнхээ барьж байсан шүрэн бөөртэй 21 эрхийг авч үлдэж байсан юм. Мандах ярихдаа энэ эрхийг манай эмээ барьж байсан юм гэж ярьдаг юм. Тэгээд түүний ээж барьж байгаад Мандах барьдаг болсон юм...” гэсэн мэдүүлгээр хохирогч М.Мандахад 21 эрхи байдаг нь тогтоогдож байгаа тул хохирогчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн болно. Шүүгдэгч Б.Дашдэмбэрэл нь гэрч Ч.Бэндэръяатай бүлэглэж хамт хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Тухайлбал гэрч Ч.Бэндэръяа Б.Дашдэмбэрэлтэй хамт хулгай хийгээгүй талаараа мэдүүлдэг ба энэ мэдүүлэг нь яллагдагч Б.Дашдэмбэрэлийн мэдүүлэг болон хулгайн гэмт хэрэг гарсан газар Б.Дашдэмбэрэлийн гутлын мөрнөөс өөр мөр илрээгүй талаар бичиж тэмдэглэсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр давхар нотлогдож байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ. Шүүгдэгч Б.Дашдэмбэрэл нь бусдын орон байрны халдашгүй байх эрх, болон өмчлөх эрхэд халдаж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн хохирогч нарын эд хөрөнгийг нууц далд аргаар авсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Б.Дашдэмбэрэлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Хохирогч Б.Оюунчимэгийг өмчлөлийн 6 ширхэг хурган дээл, ягаан өнгийн цүнхийг буцааж авах хүсэлт гаргасан учир хохирогчид дээрх эд зүйлийг буцаан олгох үндэстэй ба хохирол төлөгдсөн гэж үзнэ. Б.Дашдэмбэрэлээс 2840000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Дуламсүрэнд 600000 төгрөгийг, хохирогч М.Мандахад 2240000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн Д.Дуламсүрэнд 600000 төгрөгийг Ч.Бэндэръяа төлөх ёстой гэж мэтгэлцэж байгаа ч шүүгдэгч Б.Дашдэмбэрэл гэрч Ч.Бэндэръяагаар дамжуулан 3 дээлийг Д.Дуламсүрэнд худалдаж түүнд хохирол учруулсан тул Б.Дашдэмбэрэлээс иргэний нэхэмжлэгчид 600000 төгрөг гаргуулж олгох нь зүйтэй байна. 1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч Б.Дашдэмбэрэлийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирол зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд буюу 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн 6 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн ба Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ХМШЗ/76 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас 10 сар 21 хоногийн өмнө суллаж түүнд мөн хугацаагаар хяналт тогтоосон байна. Шүүгдэгч нь хяналт тогтоосон хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн учир Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 хос бакал гутлыг шүүгдэгч буцаан авах хүсэлт гаргасан тул Б.Дашдэмбэрэлд буцаан олгож, хурган дотортой дээл 6 ширхэг болон ягаан өнгийн чемоданан цүнхийг хохирогч Б.Оюунчимэгт буцаан олгох нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8 болон 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тарвагачин овогт Бат-Эрдэнийн Дашдэмбэрэлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Дашдэмбэрэлийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дашдэмбэрэлд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн 6 /зургаа/ сарын хугацаатай хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 /арав/ сар 21 /хорин нэг/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 10 /арав/ сар 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Дашдэмбэрэлд оногдуулсан 3 /гурав/ жил 10 /арав/ сар 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дашдэмбэрэлийн шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 66 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай. 6. Шүүгдэгчид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Дашдэмбэрэлээс 2840000 төгрөг гаргаж хохирогч М.Мандахад 2240000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Дуламсүрэнд 600000 төгрөгийг тус тус олгосугай. 8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дугуй хээтэй хар дэвсгэртэй хөх өнгийн торгоор хийсэн хурган дотортой дээл 1 ширхэг, дугуй хүрээн дотор шар өнгийн өлзий хээтэй торгоор хийсэн хурган дотортой дээл 1 ширхэг, хар хөх өнгийн ханан хээтэй хурган дотортой дээл 1 ширхэг, дугуй хээтэй улаан өнгийн торгоор хийсэн хурган дотортой дээл 1 ширхэг, номин цэнхэр өнгийн торгон дээр матигар улаан өнгийн эмжээртэй хурган дотортой дээл 1 ширхэг, ногоон торгон дээр цэцгэн хээтэй хурган дотортой дээл 1 ширхэг, ягаан өнгийн даавуун чемоданан цүнх 1 ширхгийг хохирогч Б.Оюунчимэгт, хар өнгийн түрүүнийхээ гадна талдаа үдээстэй хос бакал гутал 1 ширхгийг шүүгдэгч Б.Дашдэмбэрэлд тус тус буцаан олгосугай. 9. Шүүгдэгч Б.Дашдэмбэрэлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогч Б.Оюунчимэгт төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан болохыг тус тус дурдсугай. 10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ