Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 3027

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагмыг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Блю Скай хотхоны ... байрны... тоотод тоотод оршин суух, эрэгтэй, 37 настай, Чонон Ч.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ...дугаар байрны ... тоотод оршин суух, эрэгтэй, 39 настай, Ш.Б холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б  оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ш.Б  над дээр ирж Авто замын тусгай зөвшөөрөл авах гэсэн юм мөнгө олж өгөөч гэсэн. Би бусдаас хүүтэй мөнгө зээлж олж өгсөн. Тэр үед 7 дугаар сарын 8,9-ний үе байсан учир наадмын дараа 7 дугаар сарын 17-ны өдөр Ш.Б  надад өгөхөөр болж, түүнээс хойш уулзахгүй зугтаагаад байсан учир 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр би гэрт нь очиж уулзаад, мөнгө төлөх талаар харилцан тохиролцож, 12 дугаар сарын 31-ний өдөр дээрх мөнгийг зээлдэгч буцаан төлөхөөр бичгээр гэрээ хийсэн. 2015 оны 11 дүгээр сарын 05-нд уулзахад Ш.Б  нь 3,000,000 төгрөгийг нь хугацаанаасаа өмнө төлнө, үлдсэн 1,000,000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 01-нд төлнө гэж дахин баталгаа бичиж өгсөн боловч надаас зээлсэн мөнгөө огт төлж барагдуулаагүй учир түүнээс үүргээ гүйцэтгэхийг шаардахад Чи миний амгалан тайван байдлыг алдагдуулж байна, цагдаад өгнө гэж хэлэн татгалзсаар ирсэн. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу иргэн Ш.Б гаас 4,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Ш.Б  шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Ч.Б  гэдэг хүнээс тэмдэгтийн хураамжийн мөнгө дутаад 2,000,000 төгрөг зээлсэн нь 2013 оны 5 дугаар сард Цэцэгт төвийн замын эсрэг талд байрлах Хаан банкнаас авсан. Тэгээд 2015 онд гэнэт гарч ирээд элдэв үгээр доромжлоод 4,000,000 төгрөг нэхээд байгаа. Энэ нь миний хувьд ор үндэсгүй боловч 3-4 хүнтэй гэрээр ирж дарамталж байсан. Үүнийг 2 талаасаа уулзаж, миний хувьд 2,000,000 төгрөгийг нь барагдуулах хүсэлтэй байна. Уг нэхэмжилсэн мөнгийг Ч.Б той 2,000,000 төгрөгийг хугацаа тохирон өгөх хүсэлтэй байна гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б  нь хариуцагч Ш.Б д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаас 2,000,000 төгрөг төлөхийг хариуцагч хүлээн зөвшөөрч, үлдсэн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу зээлдүүлэгч Ч.Б  нь 4,000,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар зээлдүүлж, хүү болон алданги тооцохгүй байхаар гэрээнд тусган тохиролцжээ. /хх 4/

Зохигчдын байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлд нийцсэн, хуульд заагдсан хэлбэрээр хийгдэж, талууд хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд зээлдүүлэгч Ч.Б  нь зээлийн гэрээний дагуу 4,000,000 төгрөгийг зээлдэгч Ш.Б д хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн болох нь талуудын үйлдсэн гар бичмэлээр тогтоогдож байна.

Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч Ш.Б  нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул зээлдүүлэгч Ч.Б  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэг болох 4,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа нэхэмжлэгч Ч.Б оос 2,000,000 төгрөгийг зээлж авсан учир үлдэх төлбөрийг хариуцахгүй, мөн нэхэмжлэгч нь дарамталсан гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаж буй тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Түүнчлэн, хариуцагч Ш.Б д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Б гаас 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б од олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 79,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                А.САРАНТУЯА