| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/03198/и |
| Дугаар | 2972 |
| Огноо | 2017-11-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2972
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагамыг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, .. дүгээр байр ..тоотод оршин суух, Х.Д
Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, .. дүгээр байр .. тоотод оршин суух, Г.С холбогдох
Хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Д , хариуцагч Г.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Д миний бие 2012 онд нөхөр Г.С тэй танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр бидний охин болох Б.Нандин төрсөн. Охиныхоо төрсний гэрчилгээг авах үед хорооны иргэний бүртгэлийн ажилтан эцгийн овгийг андууран гэрчилгээг олгосон болно. Учир нь миний бие өмнө нь амьдарч байсан нөхрөөс гэр бүл цуцлуулж амжаагүй байсан. Иймээс биологийн эцэг тогтоолгох шинжилгээг хийж, Г.С ийг охины минь төрсөн эцэг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Г.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Нандин нь миний төрсөн охин мөн бөгөөд үүнийг нотлохын тулд эцэг тогтоох шинжилгээн хийлгэсэн. Шинжилгээний хариу биологийн эцэг мөн гэж гарсан тул охин Б.Нандингийн төрсөн эцэг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Д нь хариуцагч Содбилэгт холбогдуулан хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлээгүй бөгөөд тэдний дундаас 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр охин Б.Нандин төрж, эрүүл бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, ...бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хорооны тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх 4-7/
Зохигчид 2012 онд танилцаж, хамтран амьдарч тэдний дундаас охин Б.Н төрсөн болох нь тогтоогдсон бөгөөд эх Х.Д , эцэг Г.С нарын асрамжинд эрүүл өсч бойжин амьдарч байгаа болох нь хүний эх эмч С.Эийн тодорхойлолтоор тогтоогдсон, хариуцагч Г.С нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна. /хх 6/
Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглох бөгөөд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хүлээдэг.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасны дагуу хариуцагч Г.С ийг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Б.Нийн биологийн эцэг мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгийг баримтлан хариуцагч ... регистртэй Х.Г С-Г 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Б.Нийн биологийн эцэг болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Зохигч шийдвэрийг гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авах хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА