Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/346

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга У.Золчимэг, 

улсын яллагч Г.Энхбат,

шүүгдэгч А.Лувсанжамьян, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,

хохирогч М.Ариунтогос нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хиа лам овгийн Авидын Лувсанжамьянд холбогдох эрүүгийн 1834006220280 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Баянцагаан суманд 1992 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 154 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялын оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Хиа лам овгийн Авидын Лувсанжамьян

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч А.Лувсанжамьян нь Төв аймгийн Баянцагаан сумын нутагт 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр М.Ариунтогосыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч А.Лувсанжамьяны:

Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч М.Ариунтогосын:

Би 2018 оны 07 сарын 27-ны өдөр гэртээ байсан. Лувсанжамъяан ирээд манай гэрт ирээд сум ороод тэнд нэг найр болж байсан. Тэнд жаахан хурдан цагаан уугаад манай хүн явъя гэсэн чинь чи юу яриад байгаа юм бэ гээд толгой руу нь цохисон. Тэгээд манай хүн юм хэлээгүй.  Ахиад явъя гэхэд түрүүнээс хойш юу яриад байгаа юм гээд толгой руу нь хоёр гараараа учиргүй балбахаар нь би орны хөл дээр сууж байсанаа чи зүгээр байгаа хүнийг яахаараа цоидог юм бэ гэхэд баруун нүд рүү цохисон. Тэгээл нүд битүү хавдар болоод маргааш нь өөрөө ч гэсэн ирсэн. Ээж нь ч гэсэн харсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэргээс дараах хохирогч М.Ариунтогосийн /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч М.Ариунтогосийн /хх-ийн 12-13, 14-15 дугаар хуудас/, гэрч А.Лувсанжамъяны /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч Б.Ганхуягийн /хх-ийн 18-19, 22-23 дугаар хуудас/, гэрч Н.Шархүүгийн /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч Д.Даваадуламын /хх-ийн 24-25 дугаар хуудас/, гэрч Ц.Оюунсүрэнгийн /хх-ийн 26-27 дугаар хуудас/, яллагдагч А.Лувсанжамъяны /хх-ийн 40-41 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 522 дугаар дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/, шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 569 дугаар дүгнэлт /хх-ийн / болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч М.Ариунтогосийн бичгээр гаргасан гомдол /хх-ийн 6-8 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч А.Лувсанжамьян нь 2018 оны 07 дугаар  сарын 27-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын нутагт М.Ариунтогосыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч М.Ариунтогосийн ...би нөхрөө өмөөрөн урдаас нь зүгээр байгаа хүнийг яахаараа зоддог юм гэж хэлээд орон дээрээс бостол миний нүд рүү хөлөөрөө өшиглөсөн юм... /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

гэрчээр М.Ариунтогосийн ...би чи зүгээр байгаа хүн яагаад зодоод байгаа юм бэ гээд босож ирээд зуухны урдуур тойроод иртэл намайг баруун хөлөөрөө нүүр рүү өшиглөсөн... ...Миний баруун нүдний ухархайн яс хугарсан  гэсэн... /хх-ийн 12-13, 14-15 дугаар хуудас/,

гэрч Б.Ганхуягийн ...оройхон харуй бүрий болж байхад манай гэрт А.Лувсанжамъян, Н.Шархүү, М.Ариунтогос нар орж ирсэн... ...Н.Шархүү, А.Лувсанжамъян нар хоорондоо маргалдаж байсан... ...Тухайн үед тэнд байсан хүмүүс хэлэхдээ эхлээд Лувсанжамъян Шархүүг явах уу гэж асуухад нь Лувсанжамъян Шархүүг цохисон гэсэн. Тэгэхээр нь Тогос нөхрөө өмөөрөөд урдуур нь ороход Лувсанжамъян Тогосыг цохисон гэж байсан... /хх-ийн 18-19, 22-23 дугаар хуудас/,

гэрч Н.Шархүүгийн ...зүүн орны хөлд сууж байсан манай эхнэр босоод иртэл хөлөөрөө эхнэр Ариунтогосын баруун нүд рүү өшиглөчихсөн юм... /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

гэрч Д.Даваадулам ...Манайх хүүхдийнхээ үсийг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын төвд хийсэн юм аа... ...зүүн орон дээр сууж байсан Тогос чи яаж байгаа юм бэ зүгээр байсан хүнийг гэж хэлээд дундуур нь орох гэсэн чинь Тогосыг түлсэн чинь Тогос Шархүүгийн дээр хэвтээд өгсөн. Тэгээд Лувсанжамъян би та нарыг бүгдийг чинь ална гээд босож ирээд Тогосыг хөлөөрөө нэг удаа нүүр рүү нь өшиглөсөн... /хх-ийн 24-25 дугаар хуудас/, шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 522 дугаартай  дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/, шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 569 дугаар дүгнэлт /хх-ийн /  зэрэг мэдүүлгийн болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Лувсанжамьян нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр М.Ариунтогосыг зодсон үйлдэл нь хохирогчийг зодсоны улмаас үүссэн үр дагавар нь эрүүл мэндэд дух, баруун нүдний зохинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан, зодсон үйлдэл, учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо бий болсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байна.

 

Иймд шүүгдэгч А.Лувсанжамьяныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.Лувсанжамьяны гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Ариунтогосын эрүүл мэндэд дух, баруун нүдний зохинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч М.Ариунтогосоос хавтас хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хөнгөн хохирлоос үүдэлтэй хор уршгийн талаар нэхэмжилсэн бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй боловч шүүгдэгчээс хохирол, хор уршигтай холбоотойгоор 2.000.000 /хоёр сая/ төгрөг нэхэмжилсэн.

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч А.Лувсанжамьян нь хохирогч М.Ариунтогост 300.000 /гурван зуун мянга/ төгрөг төлсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч А.Лувсанжамьяныг хохирогч М.Ариунтогост гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг зохих хэмжээгээр нөхөн төлсөн гэж үзэж энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин хохирогч М.Ариунтогосын нэхэмжилсэн 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөс төлсөн 300.000 /гурван зуун мянга/ төгрөг хасаж тооцон, үлдэх 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг энэ шийтгэх тогтоолоор хэлэлцэхгүй орхиж, дээрх 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой баримтаа, мөн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж  шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч А.Лувсанжамьянд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэний дараа зохих хэмжээгээр хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ялыг оногдуулах боломжтой гэж үзлээ.

 

Түүнчлэн шүүгдэгч А.Лувсанжамьян нь Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлйн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн байна.

 

Шүүгдэгч А.Лувсанжамьяны хувьд урьд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж, эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдэж шүүхээс гэм буруутайд тооцож, хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн бөгөөд тэнссэн хугацаанд буюу шинээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулсан тул 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэнийг, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Лувсанжамьяны хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт нь оногдуулсан торгох ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй.

 

Шүүхээс хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулахдаа энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг, хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн, хорих ял дээр нэгтгэж, нийт эдлэх ялын хэмжээг хорих ялаар тогтоож эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч А.Лувсанжамьяны нийт эдлэх хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч А.Лувсанжамьян нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг

        хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

              36.12., 36.13., 36.41., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар

     зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хиа лам овгийн Авидын Лувсанжамьяныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Хиа лам овгийн Авидын Лувсанжамьяныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян нэгж буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Хиа лам овгийн Авидын Лувсанжамьянд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан дөрвөн зуун наян нэгж буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийн торгох ял дээр /торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж, 32 /гучин хоёр/ хоногийн хорих ял/ өмнөх тогтоолоор оногдуулсан гэж үзэх 2 /хоёр/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг сар 02 /хоёр/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Хиа лам овгийн Авидын Лувсанжамьянд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг сар 02 /хоёр/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Хиа лам овгийн Авидын Лувсанжамьян нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч М.Ариунтогос нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нэхэмжилсэн 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгтэй холбоотой баримтаа, мөн цаашид гарах эмчилгээний зардалтай баримтаа тус тус бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Хиа лам овгийн Авидын Лувсанжамьянд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Хиа лам овгийн Авидын Лувсанжамьянд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ш.ГАНДАНСҮРЭН