Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2971

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагмыг суулган, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, ...байр ..тоотод оршин суух, Ж. О нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, ...байр ..тоотод оршин суух, холбогдох

            Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.О , хариуцагч Д.Д  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ж.О  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Ж.О  миний бие 2010 онд Д.Д тэй танилцаж, 2013 оны 8 дугаар сарын 01-ны өдөр гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Д.Д, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Д.М нар төрсөн. Хамтын амьдарлын эхний жилүүдэд бидний хоорондын харьцаа энгийн байсан. Гэвч сүүлийн нэг жил гаруй бидний дунд зан харилцааны таарамжгүй байдал үүсч нөхөр Д.Д  архи ууж, согтуурсан үедээ буюу 2016 оны өвөл анх удаа, 2017 оны 3 дугаар сард хоёр дахь удаа, 2017 оны 8 дугаар сард  гурав дахь удаагаа миний биед гар хүрч зодсон. Энэ талаар нотлох зургийг хавсаргасан байгаа. Тухай бүрд нь цагдаа дуудаж, хэрүүл маргаанааыг дуусгаж, үр хүүхдүүдээ, амьдралаа бодон цагдаад гомдол гаргалгүй өнгөрөөж байсан. Гэвч Д.Д  нь архи уусан үедээ ухаан мэдрэлгүй үйлдэл хийдэг ба дараа нь юу ч санадаггүй. Мөн намайг байнга хардаж, сэрддэг байсан бөгөөд аймшигтайгаар зодож, 4 дуаа элэгдэж, цавь руу өшиглөдөг. Энэ нь миний болон хүүхдүүдийн маань ирээдүйд маш аюултай байдал үүсч байгаа учраас цаашид хамт амьдрах хүсэлгүй байна. Би дорд үзэгдэж, доромжлуулж амьдармааргүй байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би бага насны хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч, хуулийн дагуу хүүхдийн тэтгэмж тогтоолгохыг хүсч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

            Хариуцагч Д.Д  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Бид 2013 онд гэр бүл болсон. Өдрийг хүртэл ажил төрөлгүй үед зөндөө байсан. Миний бие өөрийн хийсэн буруу үйлдэл, гэмээ бүрэн ухаарч байна. Тиймээс миний бие тайлбар хийх эрх, ёс суртахууны хэм хэмжээ байхгүй гэж үзэж байна. Өөрийн гэм, буруу үйлдэлдээ гэмшиж цаашид гэр бүлээ нэгдүгээрт тавьж, уг үйлдэл дахин давтагдахгүй, хоёр хүүхдэдээ болон хайрт ханьдаа гэр бүлийн маргаан, архинаас болсон хэрүүл тэмцэл үзүүлэхгүй гэдгийг үүгээр мэдэгдэж байна. Иймд миний хоёр хүүхдийн маань аав, ээжтэйгээ элэг бүтэн, халуун ам бүлээрээ амьдрах боломжийг олгож өгөхийг хичээнгүйлэн хүсч байна. Өдрийг хүртэл ажил төрөлгүй үед зөндөө байсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.О  нь хариуцагч Д.Д гээс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс хүлээн зөвшөөрчээ.

Зохигчид 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсныг 2013 оны 8 дугаар 01-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 404 дүгээрт бүртгэгдэж, 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Д.Д, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Д.М нарыг  төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх 5-7/

 

Нэхэмжлэгч Ж.О  нь гэрлэлт цуцлуулах шаардлагын үндэслэлээ хариуцагч Д.Д гийн удаа дараалан үйлдсэн хүчирхийллийн улмаас гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнддээ болон хүүхдүүдийнхээ хүмүүжилд ноцтой хохирол учруулж болзошгүй гэж тайлбарлаж, хэд хэдэн удаа зодуулж, улмаар цагдаа дуудаж байсан талаар хариуцагч хүлээн зөвшөөрөх бөгөөд хэрэгт авагдсан фото зураг, “Амлалт” бүхий 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн баримт зэргээр тогтоогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна. /хх 8, 15/

 

Зохигчдын дундаас төрсөн охин Д.Д/4 настай/, хүү Д.М / 3 настай/ нар нь эцэг эх нь тусдаа амьдрах хугацаанд эхийн асрамжинд байсан, мөн нэхэмжлэгч хүүхдээ асрамжиндаа үлдээхийг хариуцагч эсэргүүцээгүй зэрэг байдлыг харгалзан тэднийг эх Ж.О ы асрамжинд үлдээх нь зөв гэж шүүх дүгнэсэн бөгөөд зохигчид эд хөрөнгийн талаар маргаагүй гэснийг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.

           

Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод даалгах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийн 118.5, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4, 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.О , Д.Д нарын гэрлэлтийг цуцлаж, 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Д.Дөлгөөн, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Д.Мандах нарыг эх Ж.О ы асрамжинд үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгийг баримтлан охин Д.Д, хүү Д.М нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Д гээр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.  

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА