Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2970

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагмыг суулган, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, ..дугаар байр, .. тоотод оршин суух Жагарынхан овогт Ууганбаярын Нямжаргалын

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Golden Park хотхон, ... дугаар байр, ..тоотод оршин суух Боржгон овогт Д.Э холбогдох

            Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Н , хариуцагч Д.Э  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч У.Н  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: У.Н  миний бие нь 2012 онд Д.Э тэй танилцан, 2015 онд гэрлэлтээ батлуулж, гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүү Э.Оргил төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оноос салж тус тусдаа амьдарч байна. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжинд өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

            Хариуцагч Д.Э  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие У.Н ын нэхэмжлэлтэй танилцлаа. Энэхүү гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид 2012-2016 онд амьдарч байсан ба огт холбоогүй болж салаад, 1 жил гаруй хугацаа болж байна. Бидний дундаас төрсөн хүү Оргилыг ээжийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Хэрвээ шүүхээс хүүхдийн тэтгэлэг олгохоор бол жилд нэг удаа бөөнд төлөөд байж болно. Бидний хооронд өөр маргаантай асуудал байхгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.Н  нь хариуцагч Д.Э ээс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрчээ.

Зохигчид 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсныг 2015 оны 12 дугаар 17-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн ... дугаарт бүртгэгдэж, 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүү Э.О төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх 5-7/

 

Нэхэмжлэгч У.Н  нь гэрлэлт цуцлуулах шаардлагын үндэслэлээ нөхөр Д.Э тэй зан харилцааны таарамжгүй байдлын салж, 2016 оноос хойш тусдаа амьдарсны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэж тайлбарласныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, мөн гэрлэгчид тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан тэдний гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ. /хх 8/

 

Зохигчдын дундаас төрсөн хүү Э.Оргил / 4 настай/ нь эцэг эх нь тусдаа амьдрах хугацаанд эхийн асрамжинд байсан, мөн харуицагч хүүхдээ асрамжиндаа авахыг нэхэмжлэгч зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан түүнийг эх У.Н ын асрамжинд үлдээх нь зөв гэж шүүх дүгнэсэн бөгөөд зохигчид эд хөрөнгийн талаар маргаагүй гэснийг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.

           

Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод даалгах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийн 118.5, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Боржгон овогт Д.Э /РД: ../, Жагарынхан овогт У.Н /РД: .../ нарын гэрлэлтийг цуцлаж, 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Э.Оргилыг эх У.Н ын асрамжинд үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Э  нь 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Э.О 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Р.Б тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.  

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.САРАНТУЯА