Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2962

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагмыг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ..дугаар байрны ...дугаар орцонд байрлах Г.Д Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ..дүгээр байрны ..тоотод оршин суух, эрэгтэй, 40 настай, Ш. Б  холбогдох,

            Сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 276,540 /хоёр зуун далан зургаан мянга таван зуун дөчин/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч СӨХ-ны гүйцэтгэх захирал Г., хариуцагч Ш.Б  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Г Д СӨХ  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд, гүйцэтгэх захирал Г.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Тус СӨХ-ны оршин суугч Ш.Б  нь 79 тоотыг худалдаж авсан гээд 2015 оны 11 дүгээр сараас эхлэн СӨХ-ны төлбөр төлөхгүй заль гаргаж танхайраад, СӨХ дээр ирж уулзахгүй, төлбөр төлөхгүй, СӨХ-ны ажлыг хохироогоод явж байна. СӨХ-ны төлбөр төлөх талаар мэдэгдэл 7 хоног бүр өгдөг боловч огт тоохгүй байна. Иймд СӨХ-ны төлбөрөө үнэмшигдэхгүй шалтаг хэлж, иргэний үүргээ санаатай биелүүлэхгүй, СӨХ-ны ажлыг хохироож байгаад гомдолтой байна. Иймд 2015 оны 11, 12 дугаар сарын төлбөр 24,400 төгрөг, 2016 оны 1-12 дугаар сарын төлбөр 146,400 төгрөг, 2017 оны 1-7 дугаар сарын төлбөр 102,740 төгрөг, СӨХ-ны гэрчилгээг нотариатын тамга тэмдгээр баталгаажуулсан зардал 2,500 төгрөг, СӨХ-ны захирлыг томилсон тогтоолыг нотариатаар баталгаажуулсан зардал 300 төгрөг, бүгд 276,540 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна. Оршин суугчдын төлдөг СӨХ-ны засвар үйлчилгээний зардлын хураамж нь нэг сарын 12,200 төгрөг байдаг бөгөөд 2017 оны 6 дугаар сараас 10,870 төгрөг болж багассан байгаа. Бидний зүгээс СӨХ-ны сар бүр төлөх үндсэн төлбөрөө л гаргуулахаар шаардаж байгаа. Алданги гаргуулахаар шаардаагүй гэв.

            Хариуцагч Ш.Б  шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие өөрийн амьдардаг Баянгол дүүргийн 8 дугаар хороо, ...дүгээр байрны СӨХ-ны гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Энэ байрыг анх 2014 оны 7 дугаар сард түрээслэн сууж эхэлсэн бөгөөд 2015 оны 4 дүгээр сар хүртэл СӨХ-ны мөнгийг төлж ирсэн. Ингэхдээ тухайн үед ажиллаж байсан жижүүрүүд 2015 оны 11, 12 дугаар саруудад, 2016 оны 1, 2, 3 дугаар саруудын мөнгийг гэрээр ирж авч байсан. Тухайн үед миний бие байрны урд самбар дээр айлуудыг байр эзлүүлж, СӨХ-ны мөнгө хэрхэн төлсөн талаар харуулсан самбарыг хараад миний мөнгө төлөгдөж байгаа юм байна гэж ойлгодог байсан. Ер нь жижүүрүүд нь сар болохгүй солигддог, үүдний хаалганы бариул, гэрэл байнга алга болдог зэргийг хэлэх гээд 2015 оны 5 дугаар сард очиход надад энэ тухай хэлсэн. Би хариуд нь иймэрхүү байдлаар төлж байсан гэдгээ хэлэхэд учрыг нь олъё гэж байсан. Үүнээс хойш сар болгон байрны мөнгө төлөхдөө хардаг, өдий хүртэл төлөгдөөгүй. Тухайн үед баримт авч мөнгөө өгөөгүй нь миний буруу ч үүнийгээ маш олон удаа хэлж байсан. Миний хувьд нийт 5 сарын мөнгөө хасуулж, мөн алдангийг нь хасуулж, үлдсэн дүнг нь төлөхөд татгалзах зүйлгүй болно. Банкинд төлөхөөр очиход алданги нэмэгдээд нийт 388,459 төгрөг төлөхийг шаарддаг. Тийм учраас алданги төлөх боломжгүй. Миний төлсөн 5 сарын хугацааны төлбөрийг нотлох баримт байхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Г Д СӨХ  нь хариуцагч Ш.Б аас дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний хуримтлалын төлбөрт 2015 оны 11, 12 дугаар, 2016 оны 1-12 дугаар сар, 2017 оны 1-7 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөрт нийт 276,540 /хоёр зуун далан зургаан мянга таван зуун дөчин/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас СӨХ-ны дундын зүйлийн засвар үйлчилгээний хуримтлалын үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрөх боловч, 2015 оны 11, 12 дугаар сар, 2016 оны 1-3 дугаар саруудын төлбөрийг тухайн үед ажиллаж байсан СӨХ-ны жижүүрүүдэд төлсөн гэж тайлбарлан хасуулахыг хүссэн.

            Галын дөл 13, 14 Сууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар 2004 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн ...тоот гэрчилгээгээр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13, 14 дүгээр байрнуудад үйл ажиллагаа явуулахаар Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдсэн байна. /хх 4/

Хариуцагч Ш.Б  нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо, ...дүгээр байрны ..тоотод оршин суудаг болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгч Г Д СӨХ  нь маргаан бүхий 14 дүгээр байранд сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа явуулах эрхтэй болох нь баримтаар тогтоогдсон, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус СӨХ-ны үйл ажиллагаатай болон үүсгэн байгуулсантай холбоотой аливаа маргаан хянагдаагүй, хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байгаа талаар зохигчид тайлбарлаж, энэ талаар хэн аль нь маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

            Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т ... орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна... гэж, мөн Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д ... сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй... гэж тус тус заасан байна. Иймд нэхэмжлэгч Г Д СӨХ  нь хариуцагч Ш.Б аас дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын мөнгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

            Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.Б  нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэг хүлээх тул дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлүүлэх үндэслэлгүй юм.

            Хариуцагч Ш.Б  нь 2015 оны 11, 12 дугаар сарын болон 2016 оны 1-3 дугаар саруудын төлбөрийг тухайн үед ажиллаж байсан жижүүрүүдэд төлсөн гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар татгалзлыг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

            Түүнчлэн, хариуцагчийн зүгээс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээр банкинд очиход төлөгдөөгүй СӨХ-ны төлбөр дээр алданги тооцогдон 388,459 төгрөг төлөх шаардлагатай болсон бөгөөд, тийнхүү алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан, Төрийн банк ХХК-ийн төлбөрийн дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар гаргасан боловч, нэхэмжлэгч Г Д СӨХ  нь хариуцагчаас алданги шаардаагүй, үндсэн төлбөрийн дүн болох 276,540 төгрөгийг гаргуулахаар шаардсан байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,946 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8,946 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Б аас 276,540 /хоёр зуун далан зургаан мянга таван зуун дөчин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г Д СӨХ -нд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,946 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8,946 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             А.САРАНТУЯА