Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/89

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч Д.Эрдэнэсоёл,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Хохирогч У.Нямсүрэн,

Шүүгдэгч Л.Лодой нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814000350055 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч Монгол улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, Шар цэдэн овогт Лхасүрэнгийн Лодой, Регистрийн дугаар: ВК 85121014,регистрийн дугаартай/

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Л.Лодой нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг “Хуудсын бууц” гэх газарт 2018 оны 01 дүгээр сарын, 11, 12-ны өдөр эхнэр У.Нямсүрэнг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Л.Лодойн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Надад аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгын 2018 оны 03 дугаар сарын 15 ний өдрийн 58 дугаартай “ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай “ тогтоолыг танилцуулсныг ойлголоо. Прокуророос сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг ойлгож хүлээн зөвшөөрч байна, мөн хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг ч гэсэн зөвшөөрч байна. Би эхнэр Нямсүрэнтэйгээ эвлэрсэн, одоо бидний хооронд хохирол төлбөрийн ямар нэгэн маргаан байхгүй. Би Нямсүрэнтэй 2008 оноос эхлэн гэр бүл болж амьдарч байгаа, гэсэн хэдий ч бидний хооронд гэрлэлтийн баталгаа байхгүй. Би дундаасаа 2 хүүхэдтэй, том нь одоо 7 настай, бага нь 5 настай хөвүүдтэй. Бидэнд суусан цагаас хойш маргалдаж муудалцах байсан, гэсэн хэдий ч биесийгээ зодож цохих хэмжээнд хүртэл муудалцаж байгаагүй. Сүүлийн үед эхнэрийгээ хардах болсон, гар утсаараа байнга оролдоод байхаар нь хэнтэй чатлаад байдаг юм бэ гээд хардах байдал надад байсан, үүнийг би үгүйсгэхгүй. Манай эхнэр Нямсүрэн төрсөн дүү Бямбасүрэнгээ Улаанбаатар хот руу хүргэж өгөхөөр явахдаа 3 хоног утсаа хаагаад алга болсон, ингээд би эхнэрийгээ хаана байна, яав юу болов гэхэд тэр надад Улаанбаатар хотод нэг залуутай танилцаад түүнтэйгээ байсан гэж хэлсэн. Ингээд бид 2018 оны 01 дүгээр сарын 11, 12 ний өдрүүдэд маргалдаж муудалцахдаа би эхнэрийнхээ биед хөнгөн гэмтэл учиртал зодсон нь үнэн. Би 2018.01.11 ний орой хүүхдээсээ хичээл асуухад тэр 3 үсэг мэдэхгүй байхаар нь эхнэртээ “ чамайг хүүхэд харуулахаар сумын төвд суулгасан болохоос хүнтэй явалдуулах гэж суулгасан юм уу гэж хэлээд түүнтэй маргалдаж эхнэрийнхээ нүүр рүү нь алгадсан, мөн хүүгээ хичээлээ сайн сурсангүй гээд алгадсан. Маргааш нь дахин өмнө өдрийн хэрүүл үргэлжилсэн бөгөөд би эхнэрийнхээ нүүр рүү гараараа цохисон чинь хамраас нь цус гарсан, үүдэн шүд нь хөдөлсөн байсан. Харин манай эхнэр 2018.01.13 ний өдөр хүүхдээ аваад хичээл рүү нь явахдаа цагдаагийн байгууллагад хандсан байсан. Ингээд би өөрийнхөө үйлдсэн хэргээр тус цагдаагийн газар шалгагдаж байна. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна, тухайн цаг хугацаанд бидний хэн хэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. 2017 оны 10 дугаар сард Нямсүрэнгийн дүү Бямбасүрэнг манайд байхад би архи уугаад согтоод болсон асуудлаа сайн санахгүй байгаа юм. эхнэртээ агсан тавиад эд зүйл шидсэн, цохисон гэж байсан, би өөрөө тэр асуудлаа сайн мэдэхгүй байгаа юм, маргааш нь надад энэ талаар Нямсүрэн дүүгийнхээ хамт хэлж байсан. Би тэр хүнтэй ямар нэгэн харилцаа холбоо байгаагүй. тэр хүн манайд Улаанбаатар хотоос ирээд хэсэг хугацаанд амьдарсан, намайг нэг удаа согтуудаа өвөрт нь орсон гэж манай эхнэр загнаад байсан, би түүнийгээ мэдэхгүй байгаа юм. Би архи уусан үедээ их согтчихдог юм, би энэ асуудал болсон гэдэгт итгэхгүй байгаа юм. Хүүхдийнхээ унтаж байсан ор руу орох гэж байгаад андуурсан болов уу даа гэж бодсон. Өөрөөр Бямбасүрэн бидний хооронд эр эмийн ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Манай эхнэр нь дүүтэйгээ хардаад байдаг байсан. Би хүүдээ эцгийн журмаар л ханддаг, буруу зөрүү зүйл хийвэл загнах, зандрах, ганц нэг цохиод авах удаа байсан л байх, манай хүүг эмээ өвөө нь эрхлүүлээд байдаг учраас эрхийн тэнэг болчих байх гээд загнаж байсан удаа байгаа Өөрөөр гэмтэл бэртэл учиртал зодож байсан удаа байхгүй. Надад нэмж ярих өөр зүйл байхгүй, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэх мэдүүлэг /хх-ийн 69-72/ 2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Лодой өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүйгэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч У. Нямсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2009 онд Жинст суманд Лодойтой хурим найр хийж анх гэр бүл болсон. Түүнээс хойш 2 хүүхдийг нь гарган өнөөдрийг хүртэл хамт амьдарч байна. Бид хоёр хамт амьдарч байхдаа манай нөхөр намайг хоорондоо муудсан үедээ элдэв нэгээр хэлж доромжлон, гартай таарсан бүгдээр цохиж авах зэргээр байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна. Хамгийн сүүлд гэхэд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 13 цагийн үед намайг бусадтай хардаж сэрдээд уурлаад сууж байснаа босож ирээд алчих чамайг гээд над руу дайраад алх бариад далайхаар нь толгой руу цохичих болов уу гэж айгаад алхыг нь булааж авсан чинь гараараа миний нүүрэн хэсэгт цохиж, уруул сэтэлсэн, шүднүүд хөдөлгөөн орж суларсан. Тэгээд манай нөхөр намайг зодчихоод хониндоо явсан. Уурлаад над руу дайрах болгондоо гартаа таарсан болгоноор цохиж авдаг юм. Манай нөхөр надтай их л хатуу харгис ханддаг болохоор нь би цаашид ийм байдалтай байхад хэцүү санагдаад цагдаад гомдол гаргасан юм. Бид хоёр хамт амьдраад 9 жил болж байна. Энэ хугацаанд байнга л зодож байсан бөгөөд тэр үед нь би цагдаад мэдэгдэлгүй тэвчин өнгөрөөж байсан. Их цочир ууртай, уурлахаараа биеэ барьдаггүй. Тэр болгонд нь аав, ээж, ах дүү нартай хэлээд байдаггүй юм. Манай нөхөр хэдэн удаа зодсоныг нь сайн мэдэхгүй байна. Хамгийн сүүлд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хот руу явлаа гэж хэн нэгэнтэй хардаад зодсон. Мөн өмнө нь намайг хот руу дүү Бямбасүрэнг хүргэж өгчхөөд гэртэй 2017 оны 12 сарын 31-ний орой хотоос ирэхэд эхний хоёр хоногтой сайхан харьцаад байсан чинь 3 дахь өдрөөсөө намайг бас л хардаж сэрдээд, шөнө орондоо ороод унтах гээд хэвтэж байсан хүн чинь босож ирэнгүүтээ намайг алгадаж аваад, толгойтой үснээс зулгааж татаад байхаар нь би аргадаад чи битгий ингэж байлдаа гэх зэргээр аргадаад болиулсан. Тухайн үед би нөхөртөө алгадуулаад чих дүлийрээд юм сонсохоо байсан тэгээд толгой өвдөөд дотор муухай оргиод байхаар нь сумын төвд 2018 оны 01 сарын 11-ний өдөр ирж, эмнэлэгт Энхжаргал гэдэг эмчид үзүүлсэн. Тэгээд хөдөө гэртэй очоод маргааш нь 01 сарын 12-ны өдөр манай нөхөр бас л хардаж сэрдээд зодсон. Архи дарс , хааяа л уудаг юм. 2017 оны 10 сарын сүүлээр хөдөө гэрт Лодой архи ууж ирчхээд над руу дайраад зодох гээд байсан тэр үед дүү Бямбасүрэн байсан тулдаа манай нөхрийг болиулж салгаж байсан. Архийг тэр болгон байнга уугаад байдаггүй юм хаа нэг л уудаг юм. Манай нөхөр намайг зодох болгондоо гэмтэл учруулахгүй зоддог бөгөөд тэр болгонд нь би цагдаагийн байгууллага болон сум орон нутгийн дарга, багийн дарга нарт огт хэлж байгаагүй. Байхгүй, хүн байхгүй үед л ийм зан авир гаргадаг юм. Харин манай том хүү Сандагдорж 7 настай бөгөөд тэр үзсэн харснаа ярих байх.Бага хүү Сандаг-Очир маань 5 настай болохоор сайн ойлгохгүй байх. Манай төрсөн дүү Бямбасүрэн намайг иймэрхүү амьдралтай байгааг мэднэ. Би ээждээ “Лодой намайг байнга л зодох юм ” хэлж л байсан мөн “өгдөг газар нь өгдөг юм билүү” гэж ээждээ хэлж байсан. Манай айл саахалтынхан манайд нэг их орж ирээд байдаггүй, энэ талаар сайн мэдэхгүй. Аймагт байдаг Солонгоо гэдэг найз бүсгүй байдаг юм. Түүнд өөрийнхөө амьдралын хэцүү байдлыг ярьж байсан удаатай. 2018 оны 01 сарын 11-д Энхжаргал эмчид үзүүлж байсан түүнээс өмнө нь огт үзүүлж байгаагүй. Манай нөхөр Жинст сумын гаралтай, аав, ах дүү нар тэндээ байдаг, манай нөхөрт энэ Бууцагаан суманд ойр дотнын ах дүү нар, найз нөхөд байдаггүй. Бид 2009 онд хурим найр хийсэн боловч одоогоор гэрлэлтэй батлуулаагүй. Манай нөхөр урьд нь эхнэртэй байж байгаад өвчний улмаас нас барсан юм билээ тэгээд гэрлэлтээ батлуулж амжаагүй байгаа. Эр эмийн хардалт сэрдэлт, амьдралын наад захын үйл явдал буюу хонь айлын хоньтой нийлэхэд буруутгах зэргээр л уурлаж дандаа эрх чөлөөнд халдаж зоддог. Эд хөрөнгийн маргаан байхгүй хэдий ч, намайг хэтэрхий их мөнгө төгрөг зарцууллаа гэх зэрэг нь хэрүүл болж, улмаар уурсандаа намайг зоддог. Надтай хамт амьдарч байгаа мөртөө, уурсандаа хэрэлдэх болгондоо, зодох болгондоо “Энэ амьдрал гайгүй сайн яваа нь миний л гавьяа, чи юу хийж байгаа юм” мэтээр л их дарамталдаг. Нэмж хэлэхэд том хүүдээ их ширүүн ханддаг. Хүү маань айгаад одоогоор сэтгэл санааны хямралтай байгаа. Манай хүүхдийн талаар багш Нандинцэцэг мэдэж магадгүй юм. гэх мэдүүлэг /хх-ийн 16-16/ ... Гартаа таарсан болгонтойгоо миний нүүрний хэсэг рүү цохиж, шидэх зэрэг үйлдлийг гаргадаг юм. Эрүүл байсан ч архи уусан байсан ч муухай авирыг гаргадаг бид хоёр анх гэр бүл болж эхэлснээс хойш надад муу муухай ааш зан гаргаж эхэлсэн юм. Намайг янз бүрээр дуудаж хэлнэ. Янхан, банзал, пизда мэтээр энэ нь болохоор түүний хувьд жирийн л нэг энгийн үг мэт байдаг юм. Эмэгтэй хүний хувьд болохоор эдгээр үгс нь хүнд тусдаг юм. Манай том хүүхэд болох Сандагдоржийг чи ингэсэнгүй тэгсэнгүй гэж загнадаг. Загнахдаа пизда минь ална шүү мэтээр хэлдэг юм. Манай том хүүхдийн сэтгэл зүйд өөрчлөлт орсон уу гэмээр зан нь их уур, уцаартай болж эхэлсэн юм. Бага хүүхдийг болохоор элдэв нэгээр хэлж, зоддоггүй. Том хүүхдийн бөгсөнд ч юм уу нүүрэнд нь алагдаж авна. Мөн өшиглөх зэргээр зодно. Хүүхэдтэй хангинах бол энгийн үзэгдэл болсон юм. Би боль гэж хэлэхэд хүүхдээ өмөөрлөө дуугүй байгаарай пизда минь гэж над руу уурладаг юм. Намайг аймар зоддоггүй ч уурласан болгондоо гартаа байгаа юмаар цохиж авдаг юм. Сард нэгээс хоёр удаа зодож цохино. Түүнийг намайг цохиход биеийн хэсгүүд улайж бага зэрэг хөхөрдөг ч тэр нь доороо арилдаг юм. Зодсон өдрийнхөө маргааш нь гайгүй болчихдог тэгээд гайгүй байх гэж боддог байсан юм. Надад гомдол, санал байхгүй. Ерөнхийдөө намайг өөрийнхөө эзэмшил мэтээр ханддаг юм. 2017 оны 11 дүгээр сарын эхээр манай том хүүхдийн шүд нь өвдөөд эмчлүүлэх гээд аймаг руу ирсэн юм. Тухайн үед хоёр хүүхдээ хоёуланд аймагт аваад ирсэн юм. Тэгээд аймагт 3 хоног хоночхоод яваад очиход тэр намайг хэнтэйгээ банзлалдаж байгаад ирэв гэж хэлсэн юм. 2017 оны 06 дугаар сарын 10-ны үеэр байх би өөрийнхөө төрсөн дүү болох Бямбасүрэнг Улаанбаатар хотоос хөдөө гэртээ аваад ирсэн юм Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс хойш би хоёр хүүхдийн хамт сумын төвд байгаа юм. Манай нөхрийн хувьд дүү болох Бямбасүрэнгийн хамт хөдөө байж байсан юм. Энэ хугацаанд Бямбасүрэнтэй манай нөхөр эр, эмийн харьцаатай болсон байсан юм. Энэ талаар би хүмүүсээс сонссон юм. Тэгээд энэ талаар нь би мэдчихээд үнэндээ нээх юм яриагүй юм. Тухайн үед би нөхөртөө хэлээд уурлаж байсан юм. Манай нөхөр ч бас тухайн үед өөрийнхөө манай эмэгтэй дүү болох Бямбасүрэнтэй эр, эмийн харьцаатай болсноо хүлээн зөвшөөрч байсан юм. Тэгээд миний нөхөр өөр хүнтэй учирч болзож байхад би яагаад ингэж болохгүй гэж бодоод би бас өөр хүнтэй эр, эмийн харьцаатай болсон юм. Миний бас эр хүнтэй болсон талаар манай нөхөр мэдсэн юм. Намайг хотод байхад за хань нь алдлаа чи бас намайг ингэж болохгүй хүрээд ирээ гэж байсан. Тэгээд намайг буцаад Бууцагаанд ирэхэд элдэв нэгээр хэлж зодсон юм. Ер нь байнга харддаг юм. Одоо энэ хүнтэй хамтран амьдрах хүсэл надад алга байна. Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв. гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 /

.Лодой бид 2 албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Л.Лодой өмнө нь хүнтэй гэр бүл болж байгаад эхнэр нь нас бараад гэрлэлтээ цуцлуулаагүй бөгөөд бид 2 түүнийг хөөцөлдөөгүй орхисон юм. Хүүхдүүд аавынхаа нэрээр буюу Л.Лодойгийн нэрээр төрсний гэрчилгээ авсан. Манайх хөдөө тусдаа байдаг бөгөөд ганц гэрээр байдаг юм. Би энэ хүнтэй суугаад одоо айдас түгшүүртэй байдаг Хань ижил гэж бодоод зөөлөн ханддаг байсан хуулийн байгууллагад хандвал хандах л байсан. Гэвч хуулийн байгууллагад ганц ч хандаж үзээгүй. Би энэ талааг ээжид хэлж байгаагүй. Намайг зоддог талаар ээж саяхнаас мэдсэн байх. Надад нэхэмжлэх зүйл алга Гомдол саналтай зүйл алга байн. Энэ хүнээс салж тайван амгалан амьдармаар байна.гэх мэдүүлэг /ххийн 23-24/

... Надад тайлбарлан өгсөн хохирогчийн эрх үүргээс асууж тодруулах зүйл байхгүй, гэр бүлийн гишүүн хамаатан садныхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй болохыг тайлбарлан өгснийг ойлголоо, надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Манай нөхрийн намайг зодох гол шалтгаан хардалт, тэрээр маш их хартай бөгөөд байнга хаагуур явна, хэнтэй байна, юу хийж байна гэх мэтээр хоргоож, шалгааж, утасны дуудлага, мессеж шалгах зэргээр л хардаж дарамталдаг. Хардах байдал нь өвчин болсон хүн дээ.Гэмтэл учруулахуйц хэмжээний цохиж зодоод байдаггүй ч, аашилж загнадаг, ганц нэг удаа бөгс рүү нь алгадах зэрэг үйлдэл хийдэг нь үнэн. Хамгийн сүүлд 2018 оны 01 дүгээр сарын 11 ний орой надтай хэрэлдээд намайг хүүхдийнхээ хичээлийг хийлгэж байсан чинь Лодой хүүхдээс хичээл асуух нэрээр үзэж хараагүй зүйлийг нь асуугаад хүүхэд хариулж чадахгүй байсан чинь хүүхдийн нүүр рүү болон бөгсөн дээр нь бас алгадсан. Үүнээс болоод би хүүгээ өмөөрөөд түүнтэй хэрэлдсэн, над руу дайраад цохих гээд байхаар нь нүүрээр дараад байсан, гэсэн хэдий ч тэр миний нүүр рүү алгадсан. Хүүгийн болон миний хамраас цус гарсан. Ер нь муудалцах шалтаг хайгаад л байсан юм билээ л дээ. Маргааш нь урд өдрийн хэрүүл үргэлжилсэн хэвээр байсан бөгөөд мөн л намайг зодохоор дайрсан, алхаар цохих гээд байхаар алхыг нь булаагаад автал нүүр рүү гараараа цохисон, миний ам хамраас цус гарсан үүдэн шүд хөдөлсөн. Энэ өдрөө хүүг зодоогүй. Үгүй, хөдөө гэртээ байсан болохоор хэнд ч хэлж чадаагүй, манай хөдөө гэр сумаас урагшаа 45 км зайтай байдаг юм. Харин 2018.01.12 ний өдөр намайг зодохоор нь би 2018.01.13 ний өдөр сумын төв орж хоноод 2018.01.14-ний өдөр эмчид үзүүлэн цагдаагийн газар мэдэгдсэн. Одоо миний биеийн байдал гайгүй байгаа, хөнгөн гэмтлээ эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардлаа тооцоогүй. Зардал нэхэмжлэхгүй. Бидний хэн хэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Хүүгийн биеийн байдал одоо зүгээр байгаа, ер нь ч нэг их гэмтэж бэртээгүй. Би хүүгийн төрсөн эхийн хувьд шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатгүй гэж бодож байна. Сэтгэл мэдрэл нь эрүүл байгаа, сэтгэцийн байдалд ч гэсэн дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. Тийм ээ би аймгийн шүүхийн шинжилгээний байгууллагад өөрийн биеэр үзүүлсэн. Би Лодойд гомдолгүй, бид эвлэрсэн, ийнхүү мэдүүлж байгаа маань хэн нэгний дарамтад орсонтой холбоогүй, бид ярилцаж тохироод тус тусдаа амьдрахаар шийдээд байгаа. гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/

... Надад тайлбарлан өгсөн хохирогчийн эрх үүргээс асууж тодруулах зүйл байхгүй, гэр бүлийн гишүүн хамаатан садныхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй болохыг тайлбарлан өгснийг ойлголоо, надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Надад өмнө өгсөн мэдүүлэгтээ нэмж мэдүүлэх өөр зүйл байхгүй, миний биеийн байдал одоо зүгээр болсон. Би Лодойд 2018 оны 01 дүгээр сарын 11, 12 ний өдрүүдэд зодуулсан. Өөрөөр зодуулаагүй. Цаг хугацааны хувьд буруу хэлсэн юм болов уу даа, уг нь Лодой намайг 2018.01.11, 12 ний өдрүүдэд зодсон юм. Энхжаргал, Гантулга гэдэг 2 эмч манай суманд ажилладаг. Гэхдээ Энхжаргал эмч намайг Лодойд зодуулсныхаа дараа очиж үзүүлсэнтэй андуураад байна. 2018.01.10-ний өдөр Лодой биднийг авахаар сумын төв орж хоноод 2018.01.11-ний өглөө миний толгой өвдөөд байхаар нь би Энхжаргал эмчид очиж үзүүлсэн, эмч намайг дусал тариа, эм бичиж өгсөн. Өөрөөр надад үзлэг хийж өгсөн ямар нэгэн баримт үйлдэж өгөөгүй, надад ч өвчний карт байдаггүй болохоор би үзүүлээд л гарсан. Ингээд би тэр өдрөө нөхрийнхөө хамт хөдөө яваад тэр оройгоо Лодойтой муудалцаад тэр намайг алгадсан юм. Маргааш нь дахин зодсон. Харин 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр сумын цагдаад гомдол гаргаж мэдүүлэг өгчхөөд сумын эмнэлэгт үзүүлсэн ба Энхжаргал эмчийн эхнэр Гантулга эмч намайг үзээд магадалгаа бичиж өгсөн. Тэр үед Энхжаргал эмч эхнэр Гантулгынхаа өрөөнд байсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 11, 2018 оны 01 дүгээр сарын 14 ний өдрийг хооронд нь андуураад байгаа юм байна. Харин тэр үед миний доод уруул язарсан, нурууны доод тал, далны орчим хөхөрсөн, баруун гарын бугалга хөхөрсөн байсан. Шүүх эмнэлгийн шинжээч эмч Навчаа нь 2018.01.16 ний өдөр миний биед үзлэг хийгээд шүдний эмчид шүдээ үзүүлээд ир гэж хэлсэн. Ингээд би тэр өдрөө хувийн шүдний эмчид үзүүлсэн нь Цэнд-Аюуш эмч байсан. Үүдэн шүдний түр хугацааны сулрал гэсэн онош тавьсан. Энэ онош нь шинжээч эмчийн дүгнэлтэд тусгагдсан байна. Мөн Гантулга эмчийн 2018.01.14 ний өдөр миний биед үзлэг хийгээд бичсэн магадалгаа нь шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтэд мөн тусгагдсан байна. 2017 оны 10 дугаар сарын эхээр Лодой надтай маргалдан хогийн шүүр, гутал зэрэг эд зүйл шидсэн, зуух яндангаа өшиглөсөн, мөн миний бөөр нуруу руу цохиж байсан. Би ч гараад зугтаасан. Манай дүү Бямбасүрэн түүнийг хориглоод байгаа бололтой байсан. Би сайн мэдэхгүй байна учир нь гадаа харанхуй байсан, мөн зугтаагаад явж байсан болохоор түүний ямар үйлдэл хийж байсан болохыг мэдэхгүй байна. Би Лодойд гомдолгүй, бид эвлэрсэн, ийнхүү мэдүүлж байгаа маань хэн нэгний дарамтад орсонтой холбоогүй, бид ярилцаж тохироод тус тусдаа амьдрахаар шийдээд байгаа. гэх мэдүүлэг /хх-ийн 28-31/

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.Нямсүрэн мэдүүлэхдээ: Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид эвлэрсэн нэг гэртээ амьдарч байгаа гэв.

5. Гэрч Г.Солонгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Нэг их тодорхой, дэлгэрэнгүй ярихгүй ч гэхдээ хаа нэг хөдөөгөөс утсаар холбогдохоороо нөхөртэйгөө маргасан, зодож гар хүрсэн талаараа ярьж байсан. Би найз Нямсүрэнтэй байнга утсаар холбоотой яг нөхөр зодсон талаар санахгүй байна. Яг ямар шалтгаанаар хот руу явсан талаараа хэлээгүй. Нэг их олон удаа бишээ. Миний санаж байгаагаар 2 удаа ярьж байсан Ер нь бол хөдөө байдаг бөгөөд ноднингоос сумын төвд суурьшаад ирсэн Тэгээд байнга холбоотой байдаг болсон. Нэмж хэлэх зүйл байхгүй ...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/

6. Гэрч Б.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Эмчийн үзлэгийн журнал гэдэг дэвтэр дээр амбулаторийн үзлэг хийх бүрдээ бүртгэлийг хөтөлж ажилладаг. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн биеэр манай өрөөнд орж ирж надад үзүүлсэн. Бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн байна. Өөрөө анх орж ирж зовууриа хэлэхдээ тоглой дүүрч өвдөнө, бөөр нуруу, ууцаар өвдөж байна гэж хэлж байсан. Тэгээд би үзлэг хийж, харж ажиглахад доод уруул нь шалбарсан байдалтай, чагнуураар чагнахад ар нурууны зүүн далны доод хэсэгт 5x5 хэлбэртэй газар хөхөрсөн байсан. Өөр ямар нэгэн ил харагдах болон гэмтлийн шинжтэй байдал илрээгүй бөгөөд үзлэгээр тэмтэрч үзэхэд бөөр нурууны эмзэглэлтэй байсан. Би тухайн үед тэр талаар нь асуугаагүй бөгөөд тэр иргэн өөрөө надад зодуулсан талаараа огт хэлээгүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/ ... Надад тайлбарлан өгсөн гэрчийн эрх үүргээс асууж тодруулах зүйл байхгүй. Би Л.Лодой, У.Нямсүрэн гэдэг хүмүүсийг танихгүй, тийм болохоор садан төрлийн болон найз нөхдийн харилцаа холбоо байхгүй. Би Баянхонгор аймгийн Бууцагаан сумын эрүүл мэндийн төвд хүний эмчээр 2 дахь жилдээ ажиллаж байна. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө ажил цугласны дараахан У.Нямсүрэн гэдэг эмэгтэй толгой өвдсөн, мөн ууц нуруугаар өвдсөн гэсэн өгүүлэмжтэй ирж надад үзүүлсэн. Үзлэг хийгээд түүнд бөөрний үрэвсэл буюу N11 гэсэн онош тавьсан бөгөөд тэр эмэгтэй өөрөө өвчний картгүй байсан учраас түүнд эмийн жор бичиж өгөөд гаргасан. Тухайн цаг хугацаанд хэн нэгэн хүнд зодуулсан гэсэн зүйл огт яриагүй. Үүнээс 3 хоногийн дараа буюу 2014.01.14 ны өдөр цайны цагийн орчим манай эхнэр Гантулгад У.Нямсүрэн үзүүлсэн, тэр нөхөртөө зодуулсан гэж байсан бөгөөд сумын цагдаагийн тасгийн дарга Доржготов түүнийг дагуулаад эмнэлэг рүү ирсэн байсан. Түүний биед үзлэг хийж байхад манай эхнэр намайг дуудаад “энэ эмэгтэйг үзээдэх дээ, нурууны орчим хөхөрсөн байна” гэхээр нь үзэхэд нурууны зүүн талд далны доод ирмэг орчим 5 см орчим газарт хөхөлбөр туяатай, зөөлөн эдийн гэмтэл учирсан байсан. Мөн доод уруулын дотор салстад 1х1.5 см орчим хэгзэрсэн шархтай байсан. Манай эхнэр тэр эмэгтэйд үзлэгийг үргэлжлүүлэн хийгээд тодорхойлолт бичиж өгсөн. Би 2018 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлгээ одоо санахгүй байна, гэхдээ үнэхээр тийм байдлаар асуултад хариулсан бол 2018.01.11, 2018.01.14 ний өдрийн үзлэгүүдийг хооронд нь хольж солиод хэлсэн байна гэж хэлэх байсан. Одоо бүгдийг нь эргээд санахад 2018.01.11 ний өглөө ирж үзүүлэхдээ толгой өвдөөд, ууц нуруугаар өвдөөд гэж байснаас бусдад зодуулсан гэж юу ч хэлээгүй. Олон улсын өвчний 10 дугаар ангиллын өвчин буюу бөөрний архаг үрэвсэл өвчний дээрх кодоор тэмдэглэдэг юм. 2018 оны 01 дүгээр сарын 16 ний өдөр цагдаагийн дэд хурандаа Доржготов нь надаас мэдүүлэг авахаасаа өмнө манай эмнэлэгт үйлчлүүлэгсдийн эмчийн үзлэгийн журналаас 2018.01.11 ний өдөр У.Нямсүрэн үзүүлсэн хэсгийг хуулбарлан авсан. Өөр ямар нэгэн бүртгэл хөтлөгддөггүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 36-38/

7. Гэрч Э.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Надад тайлбарлан өгсөн гэрчийн эрх үүргээс асууж тодруулах зүйл байхгүй. Би Л.Лодой, У.Нямсүрэн гэдэг хүмүүсийг танихгүй, тийм болохоор садан төрлийн болон найз нөхдийн харилцаа холбоо байхгүй. Би Баянхонгор аймгийн Бууцагаан сумын эрүүл мэндийн төвд хүний эмчээр 2 дахь жилдээ ажиллаж байна. 2018 оны 01 дүгээр сарын 14 ний өдөр 13 цаг 05 минутад сумын цагдаагийн тасгийн дарга, Доржготов над руу нэг эмэгтэй хүн дагуулаад ирсэн. Тэр эмэгтэйг нөхөр нь зодсон гэсэн өгүүлэмжтэй ирж үзүүлсэн. Бодит үзлэгээр биеийн ерөнхий байдал дунд зэрэг, ухаан санаа саруул, орчны харьцаа сайтай, арьс цэвэр чийглэг, зүрхний авиа тод жигд, артерийн даралт 90/60, 100/70, судасны цохилт 1 минутад 64 удаа, уушиг 2 талд цулцангийн амьсгалтай, хэл өнгөргүй, хэвлий тайван, шээсний гарц элбэг, хэсэг газрын үзлэгт доод уруул бага зэрэг цохигдож язарсан, хуучин, эдгэрч буй шархтай, доод үүдэн 2 шүд хөдөлсөн, баруун мөрний дотор талд бага зэрэг хөхөрсөн, нурууны зүүн талд далны доод ирмэг орчим 5см орчим зөв дугуй хөхрөлт үүссэн. Толгойд хүйтэн жин, кавинтон эмийг уухаар, табантин эм 1 ширхгээр өглөө оройд 5 хоног уух зөвлөгөө өгсөн. Тэр эмэгтэйд үзлэг хийж байхад манай нөхөр Энхжаргал манай өрөөнд орж ирсэн, би түүгээр У.Нямсүрэнгийн нуруунд үүссэн гэмтлийг хэмжүүлсэн. Манай нөхөр надтай хамт Бууцагаан сумын эрүүл мэндийн төвд эмчээр ажилладаг юм. Нямсүрэн хэлэхдээ “ манай нөхөр Лодой намайг 2018.01.11 ний орой болон 2018.01.12 ний өдөр зодсон” гэж байсан. Түүний биед өөр ил харагдах бэртэл гэмтэл байгаагүй.Харин манай нөхөр Энхжаргал надад хэлэхдээ “ 2018.01.11 ний өглөө энэ эмэгтэй толгой өвдөөд, бөөр нуруугаар хөшиж өвдөөд гэсэн өгүүлэмжтэйгээр ирж үзүүлсэн хүн мөн байна “ гэж байсан. Өөрөөр У.Нямсүрэнгийн хувьд манай эмнэлэгт хэн нэгэн хүнд зодуулж байсан гэсэн шалтгаанаар ирж үзүүлж байгаагүй. Харин тэр эмэгтэйн толгойн өвчин 2018.01.10 ний өдөр эхэлсэн, нөхөртөө 2018.01.11 ний орой болон 2018.01.12 ны өдөр 14 цагийн орчим зодуулсан гэж байсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 39-41/

8. Гэрч А.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Л.Лодой нь миний төрсөн эгч Нямсүрэнгийн нөхөр нь байгаа юм, тэд хамт амьдраад 9 жил болж байна. Би бичиг үсэг мэдэхгүй, гарын үсгээ зурж чадна, тийм учраас өмгөөлөгч Доржготовын хамт энэ мэдүүлгийг өгч байна. Нямсүрэн эгч бид хоёр нэг эцэг эхийн хүүхдүүд бөгөөд биднийг багад аав, ээж 2 салаад би аавыг, эгч ээжийг дагаад амьдарцгаасан. Эгчтэйгээ би төдийлөн ойр дотно байдаггүй байсан, харин сүүлийн үед эгчтэйгээ ойр ойрхон уулзах болсон, 2017 оны зун 6 дугаар сарын дундуур Баянхонгор аймгийн Бууцагаан суманд амьдардаг эгч Нямсүрэнгийндээ Улаанбаатар хотоос очсон. Эгч маань нөхөр Лодой болон 2 хүүхдийнхээ хамт хөдөө мал маллаж амьдардаг. Намайг очсоноос хойш хэсэг хугацааны дараа сар өдрийг нь санахгүй байна, ямар ч байсан хүүхдийн хичээл орсон байсан, нэг шөнө Лодой сумын төвөөс согтуу ирээд эгчийн өвөрт унтаж байснаа гэнэт хөнжил сөхөөд миний өвөрт орж ирсэн. Тэр үед бидний хооронд ямар нэгэн харилцаа холбоо болоогүй бөгөөд намайг тэврэх гээд байхаар нь би “ юу болж байна хэн бэ “ гэж чангаар хэлэхэд эгч нь сэрж байгаа бололтой хөдөлсөн, би ч Лодойг түлхээд орны өмнүүр унагаачихсан. Тэр газраас босоод эхнэрийнхээ өвөр рүү орсон. Лодойгийн энэ үйлдэлд надад гомдол санал байхгүй. Үүнээс өөрөөр Лодой намайг татаж чангаасан асуудал гаргаагүй. Энэ явдлыг маргааш өглөө нь би эгчдээ хэлсэн, эгч тухайн үедээ юу ч дуугараагүй. Харин эгч маань энэ явдлаас хойш намайг нөхөртэйгөө харилцаа холбоотой гэж буруугаар ойлгож эхлэх шиг болсон, тэр хавийн хүмүүс ч бидний талаар “ нэг нөхөр дундаа хэрэглэдэг “ гэж ярилцаад эхэлсэн. Эгч хүүхдээ хараад сумын төв дээр, харин би эгчийнхээ нөхөртэй хамт хөдөө малыг нь харж байсан.. Гэсэн хэдий ч бидний хооронд ямар нэгэн дотно харилцаа холбоо байгаагүй, тэр хүн надтай дахин дээрх байдлаар харилцаагүй. Иймэрхүү яриаг гараад эхлэхээр нь би эгчдээ “ Улаанбаатар руугаа явмаар байна “ гэж хэлж байсан. Лодой, манай эгч 2 хоорондоо их таарамжгүй харилцаа холбоотой байдаг бөгөөд намайг тэднийд байх 5-6 сарын хугацаанд байнгын хэрүүлтэй байсан, нэг удаа сарыг нь тодорхой санахгүй байна, 10 дугаар сард шиг санагдаж байна, Лодой архи уучихсан байхдаа манай эгчтэй хэрэлдэж гутлаа эгч рүү шидээд, хогийн тосгуур төмөр шидээд, зуух яндангаа өшиглөн эгчийн маань нуруу бөөр рүү цохих үед эгч гэрээс гарч зугтаасан, гэтэл араас нь Лодой гарснаа труба төмөр газраас аваад “ цохиод алчихъя “ гэж хэлснээ эгчийн араас хөөсөн, би ч Лодойгийн гараас төмрийг нь булааж авч байсан. Гадаа харанхуй байсан ч орчны эд зүйл харагдахаар сартай шөнө байсан. Хэсэг агсан тавьж байгаад Лодой унтсан, эгч маань уйлж байгаад унтсан. Маргааш нь ч гэсэн Лодой эрүүл болсон хойноо муу муухай үгээр эгчийг хэлээд “ янхан, пизда, гичий “ гэх мэтээр хэлээд байсан. Тухайн цаг хугацаанд эгчийг л цохиж аваад байснаас биднийг болон том хүү Сандагдоржийгоо зодсон цохисон асуудал гаргаж байгаагүй. Тэд хоорондоо хэрэлдэхдээ бие биеийгээ хардаж сэрдээд байгаа бололтой байсан. Ер нь Лодой маш их хартай хүн байгаа юм, эгчийг хэн нэгэнтэй утсаар ярихад нь шалгана, байцаана , гар утасных нь дуудлагыг үзнэ гэх мэтээр хардаад байдаг хүн. Ингээд эгч маань Лодойгоос түр ч гэсэн хол байя гээд 2017 оны 12 дугаар сард намайг дагуулаад Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод 5-6 хоноод эгч Баянхонгор руу буцсан, эгч ээжид 2 хүүхдээ үлдээчхээд явсан болохоор хүүхдүүд рүүгээ яараад буцсан. 2018 оны 01 дүгээр сарын 12 ний өдөр эгч над руу утасдаад Лодой намайг зодсон, эгч нь цагдаад хэлчихлээ, хэдий болтол ингэж байх вэ, хүний гарын шүүс болоод дуусах нь, Улаанбаатар хотоос ирснээс хойш 2 удаа зодлоо “ гэж хэлсэн. Ингээд би эгчийгээ Лодойд зодуулсныг мэдсэн. Лодойгийн хувьд урд өмнө нь эхнэртэй байсан, эхнэр нь нас бараад манай эгчтэй суусан, эгчтэй суугаад 2 хүүхэдтэй болсон, ер нь их ааширхуу, юм л бол эгчийг минь муу муухай хараалын үгээр этгээд хэл яриагаар хэлж хараадаг, байнгын эхнэр хүүхдэдээ түгшүүр төрүүлж амьдардаг хүн юм билээ. Би ч гэсэн тэднийд хэсэг хугацаанд байхдаа түүнээс айдаг байсан. Би өөрийн нүдээр энэ үйлдлийг харж байгаагүй, харин эгч л Лодой том хүүхдэдээ их ширүүн байдаг, том хүүхдээ буюу Сандагдоржийг ялгаварлан харьцах юм, алгадах цохих бол энүүхэнд , харин бага хүүдээ их сайн байдаг гэж хэлж байсан. Намайг байх хугацаанд 2017 оны 06 дугаар сард Сандагдоржийг ямаа саасангүй гэж хэлээд хөлийн шагай руу нь чулуугаар цохиж байсан удаатай. Өөрөөр цохиж зодож байгаагүй. Хамгийн сүүлд зодуулахдаа толгой тархи өвдөөд байна, бас бөөр өвдөөд байна гэж байсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 42-45/

9. Гэрч Х. Нандинцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Сурлагын талаар дунд зэргийн хүүхэд байгаа юм. Хүмүүжлийн хувьд гайгүй сайн томоотой хүүхэд байгаа юм. Зан төлөвийн хувьд бүрэг, аймтгай, өөрийгөө илэрхийлэх чадвар дутмаг, өөрийнхөө мэдэж байгаа зүйлээ илэрхийлж чаддаггүй зориг муутай хүүхэд байгаа юм. Энэ хүүхэд 1 дүгээр ангид орсноос хойш ээжтэй нь байнга уулзаж таардаг, ээж нь хичээлд өглөө хүргэж өгч, тарахад авдаг юм. Аавтай нь огт таарч уулзаж байгаагүй. Хөдөө мал дээрээ байдаг гэсэн. Тийм зүйл огт яригдаж байгаагүй, харин би ээжтэй нь нэг удаа ангидаа ганцаарчлан уулзахдаа “Танай хүүхэд бусад хүүхдээсээ их бүрэг, өөрийгөө илэрхийлэх чадвар муу айж ичээд байдаг, даалгавар, хичээлийг нь хийлгэхдээ ширүүлээд хүчлээд байдаг юм биш биз” гэж хэлж байсан. Тэгсэн чинь ээж Нямсүрэн аав нь жаахан ширүүлээд байдаг юм аа гэж хэлж байсан. Тэгэхэд хүү Сандагдорж нь бид хоёрын дэргэд байсан бөгөөд уйлаад зогсоод байсан. Тэгээд би багш хүний хувьд хүүхдэд ширүүн ханддаг байж магадгүй гэж бодогдож байсан. Сандагдорж ханиад хүрээд 2017 оны 11 сард 3 хоногийн чөлөө авч байсан. Би өөрийн мэдэх зүйлээ ярилаа. Өөр надад нэмж ярих зүйл алга. гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/

9. Гэрч Л.Дашцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Л.Лодой нь манай хүргэн, У.Нямсүрэн нь миний том охин байгаа юм. Би монгол хэл, бичиг үсэг мэднэ. Л.Лодой У.Нямсүрэн нар одоогоос арваад жилийн өмнө байх гэс бүл болсон яг оныг нь санахгүй байна. Албан ёсны баталгаа байхгүй байх гэхдээ хуримаа Жинст суманд хийсэн. Энэ 2 уул нь хоорондоо харилцаа байсан. Тэгээд өнгөрсөн намар дүү Бямбасүрэнг Нямсүрэн хүргэж өгөх гээд Улаанбаатар хот руу явсан. Түүнээс хойш хэрүүл хийдэг болсон. Би хүргэн Л.Лодойгийнхоос тусдаа өөр бууцанд амьдардаг Нутаг хол байдаг болохоор сайн анзаардаггүй. Гэхдээ У.Нямсүрэн өөрөө надад Л.Лодой хэрүүл хийгээд намайг зовоогоод байдаг боллоо гэж өнгөрсөн намар нэг удаа хэлж байсан. Тэгэхээр нь би хэл амаа ойлголц хүүхдүүдээ бод. Та нар ч яах вэ салдаг л юм байгаа биз хүүхдүүд өнчирнө гэж хэлсэн. Л.Лодой нь өөрийг нь харддаг юм шиг байна . Энэ 2 хоорондоо харын явдалтай юм шиг байгаа Л.Лодой хүүхдэдээ ширүүн загнаж хангинадаг байх гэхдээ зодоогүй байх би сайн мэдэхгүй байна. Ер нь Л.Лодой ааш зангийн хувьд харьцаа гайгүй л юм шиг байдаг жаахан цочир ууртай л хүн байгаа юм. М.Бямбасүрэн бол надаас гарсан охин бөгөөд У.Нямсүрэнтэй тусдаа эх нэгтэй хүмүүс байгаа юм. Энэ 2 хоорондоо уулзалдаж байгаагүй байгаад өнгөрсөн 2017 оны хавар 5 сарын сүүлээр авч ирж Нямсүрэн манай хоёрын хооронд байж байсан юм. Тэгээд У.Нямсүрэн намар буцааж Улаанбаатар хот руу хүргэж өгсөн. Бямбасүрэнг аав нь ирүүл гээд байхаар нь явуулсан М.Бямбасүрэн одоо Улаанбаатар хотод төрсөн аав Мөнхбат дээрээ байгаа  хаяг усыг нь мэдэхгүй. Өнгөрсөн намар зодсон эсэхийг нь мэдэхгүй. Харин сая 1 сард Л.Лодой У.Нямсүрэнг зодсон гэдгийг нь л мэдсэн. У.Нямсүрэн над руу утсаар яриад Л.Лодой намайг нүүр рүү цохисон гэж л хэлж байсан. Надад мэдэх зүйл алга. Надад Нямсүрэн гэр бүлийнхээ талаар нэг их ярьдаггүй: Хүүхдүүд нь гайгүй байдаг зодуулж нүдүүлсэн байдал надад ажиглагддаггүй. Лодойгийнх ганц гэрээр байдаг. Өөр надад нэмж ярих зүйл алга. гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/

10. Арван найман насанд хүрээгүй гэрч Л.Сандагдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Манай аав Лодой муу хүн, намайг бас ээж Нямсүрэн бид 2-ыг зоддог болохоор муу хүн. Манай Сандаг-Очирыг аав ерөөсөө зоддоггүй, дүү маань надаас дүү, тэр одоо 6 настай. Аав ээжтэй хэрүүл хийгээд бас намайг муу уншиж байна, номоо уншиж чадахгүй байна гээд ээж бид 2-ыг зодсон. Ер нь дандаа бид 2-ыг зоддог. Дуугарсангүй, хэсэг хугацааны дараа бодолхийлж байснаа ... цагаан сарын өмнө зодсон. Би аавдаа зодохоор нь дургүй, зодохгүй болохоор нь хайртай. Аав миний өмдийг тайлж байгаад миний хошного дээр 1 удаа алгадаж зодсон би уйлсан. Миний хамрын цусыг нээсэн. Харин манай ээжийг хамраас нь цус гаргасан,ээж рүү алх барьж дайрсан, гэхдээ алхаар цохиогүй. Аав ээжийг ална шүү гээд байдаг. Аав согтуу байгаагүй, эрүүл ууртай байсан. Аав бүүр өмнө нь нэг удаа ээж рүү нэг удаа хутга барьж дайрсан, ээж уйлсан, би бас уйлсан. Тэгэхдээ согтуу байсан. Би хичээлдээ явах дуртай, багш бас намайг хичээлээ хийсэнгүй гэж загнадаг, би жаахан аймхай, том хүүхдүүдийг зодох байх гэж бодоод айдаг. Өөр надад нэмж ярих зүйл алга. гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/

11. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 84 дугаартай шинжээчийн: 1. У.Нямсүрэн-н биед уруулд шарх, 1 шүдний сулрал, баруун бугалга, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 55-56 / хавтаст хэргийн 76 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Л.Лодойгийн нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай болон хувийн байдлыг тогтоосон тодорхойлолт, хавтаст хэргийн 105-106 дугаар хуудсанд авагдсан хохирогч нь шүүгдэгч Л.Лодойд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн эвлэрлийн гэрээ, хавтаст хэргийн 11-12 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Л.Лодойгийн эзэмшлийн Таван ханатай монгол гэр битүүмжилсэн тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Лодой нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч Л.Лодой нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг “Хуудсын бууц” гэх газарт 2018 оны 01 дүгээр сарын, 11, 12-ны өдөр эхнэр У.Нямсүрэнг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч У.Нямсүрэн, гэрч Б.Энхжаргал, Л.Сандагдорж нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 84 дүгээр дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдлэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Л. Лодойд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулав.

Шүүгдэгч Л.Лодой нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Лодойн таван ханатай гэрийг битүүмжилсэн 2018 оны 03 дугаар сарын 28 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх таван ханатай гэрийг эзэмшигч Л.Лодойд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Л.Лодой нь цагхоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Лодойд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шар цэдэн овогт Лхасүрэнгийн Лодойг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Шар цэдэн овогт Лхасүрэнгийн Лодойг нэг мянга хоёр зуун / 1200 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая хоёр зуун мянган / 1200000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Лодойг нэг мянга хоёр зуун / 1200 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая хоёр зуун мянган / 1200000 / төгрөгийг шүүгдэгч Л.Лодойг 2018 оны 05 дугаар сарын 04-ний дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Л.Лодой нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Л.Лодойн эзэмшлийн таван ханатай гэрийг битүүмжилсэн 2018 оны 03 дугаар сарын 28 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх таван ханатай гэрийг эзэмшигч Л.Лодойд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5зааснаар шүүгдэгч Л.Лодойд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Лодойд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ