| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00517/и |
| Дугаар | 2890 |
| Огноо | 2017-10-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2890
| П2017 оны 10 сарын 31 өдөр | Дугаар 102/ШШ2017/02890 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагмыг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж-... хаягт байрлах Э Ж Э С ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Гранд Плаза төвийн ... дугаар давхарт байрлах ... ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 107,979,599 /нэг зуун долоон сая есөн зуун далан есөн мянга таван зуун ерэн есөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, хариуцагч байгууллагын захирал Л.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э Ж Э С ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Эс Жи Эс Групп нь Швейцарийн Женев хотноо төвтэй, хяналт баталгаажуулалт, гэрчилгээжүүлэлт болон шинжилгээний үйлчилгээ үзүүлэгч дэлхийн тэргүүлэгч компани бөгөөд 1997 онд Монголд өөрийн салбар компаниа Эс Жи Эс Монголиа нэртэйгээр үүсгэн байгуулж, өнөөг хүртэл хугацаанд Монгол улсын уул уурхайн салбарт эрдэс баялгийн шинжилгээний үйлчилгээг дэлхийн стандартын дагуу хүргэж ирсэн билээ.
Манай компани Т Б ХХК-ийн хүсэлтээр 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэг жилийн хугацаатай лабораторийн шинжилгээний үйлчилгээ үзүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болно. Үндсэн гэрээний дагуу хариуцагч 87,344,571 төгрөгийн үйлчилгээ авсан бөгөөд үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх ёстой байсан боловч үүргээ биелүүлээгүй тул 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлбөр төлөх гэрээ байгуулсан. Тус төлбөр төлөх гэрээний 3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт Хэрэв төлбөр төлөгч нь уг гэрээний 3.2.1-т заасны дагуу төлбөрийг бүрэн төлж чадаагүй бөгөөд үндсэн гэрээний төлбөрийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр буюу түүнээс өмнө төлбөл Үндсэн гэрээний төлбөрийн 15% буюу 13,101,685 төгрөгийг торгууль байдлаар төлнө гэж заасан бөгөөд хариуцагч үндсэн гэрээний дагуух төлбөрийг дээр дурдсан хугацаанд төлж чадаагүй учир торгууль төлөх үндэслэлтэй. Мөн гэрээний 3.5-д Хэрвээ төлбөр төлөгч нь гэрээний 3.4-т заасан хугацааны дотор төлбөрийг төлж барагдуулж чадаагүй бол 2017.8.01-ээс эхлэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн 0,5 хувиар тооцон алдангийг нэмж төлөх үүргийг хүлээнэ хэмээн заасны дагуу тус гэрээний 3.4-т заасан төлбөр төлөх эцсийн хугацаа болох 2017.7.31-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх буюу 2017.8.15-ны хүртэлх нийт 15 хоногийн 0,5 хувийн алданги 7,533,460.42 төгрөгийг мөн төлөх үндэслэлтэй.
Иймд Т Б ХХК-иас үндсэн гэрээний төлбөр болох 87,344,571 төгрөг, төлбөр төлөх гэрээний 3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн гэрээний төлбөрийн 15% буюу 13,101,685 төгрөгийн торгууль, төлбөр төлөх гэрээний 3.5-д заасны дагуу алданги 7,533,460.42 төгрөг, нийт 107,979,599 төгрөг болон шүүхийн зардлыг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлага нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөр гаргуулах, үүнтэй холбоотой үндсэн гэрээ болон авч байсан үйлчилгээний бүх холбогдох баримт, төлбөрийн нэхэмжлэх зэргийг мөн үндсэн төлбөрийн алангийн гэрээ гэсэн 2 гэрээг хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгаа учир эдгээрээр нэхэмжлэлийн шаардлагаа нотлож байна. Хариуцагчийн хэлсэн 700,000,000-800,000,000 төгрөгийн гэрээ байсан гэдгийг ойлгохгүй байна. Үндсэн төлбөр 87,344,571 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Анх байгуулагдсан гэрээ 94,000,000 төгрөгийн үнэтэй байдаг. Гэрээгээр Э Ж Э С ХХК нь Т Б ХХК-тай холбоотой Сигма ХХК-иас 6,914,500 төгрөгийн үйлчилгээ авсан учир 94,258,070 төгрөгөөс хасч тооцно уу гэсэн бичиг баримтууд хэрэгт авагдсан байгаа. Хуулийн этгээдийг төлөөлөхийн хувьд Э Ж Э С ХХК нь бие даасан хуулийн этгээд учир компанийн гүйцэтгэх захирал нь компанийг итгэмжлэлгүйгээр бүрэн төлөөлөх эрхтэй бөгөөд үүний дагуу надад итгэмжлэл олгосон байгаа. 2011 онд хийгдсэн гэрээг хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтантай хийгээгүй бол 2011-2017 он хүртэл энэ гэрээнд Т Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Д ямар нэг арга хэмжээ авах боломжтой байсан. Тухайн үед энэ компанийн гүйцэтгэх захирал Г.Болд гэж хүн байсан гэв.
Хариуцагч Т Б ХХК-ийн захирал Л.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Энэ асуудал нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаагаас өөр юм. Энэ процесс нь 700,000,000-800,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэгдсэн, түүний үлдэгдлийн талаар яригддаг. Миний зүгээс үлдэгдлийг шалгаж хянаагүй хоорондоо найрсаг харилцаатай явдаг учраас хоёр тал бие биенээ хүлээн зөвшөөрөлцөж явъя гэсэн байр суурьтай байсан. Энэ компанийн гүйцэтгэх захирал нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй, нэхэмжлэл гаргуулахаар бусдад итгэмжлэл олгох эрхгүй, зөвхөн компанийн өдөр тутмынхаа үйл ажиллагааг хариуцдаг. Нэхэмжлэл гаргаж байгаа үндэслэл нь өөрөө хүнийг гүтгэсэн асуудал. Болсон зүйлээс өөр юм ярьж байна. Бидний хувьд 87,344,571 төгрөгийн гэрээг байгуулаагүй. Тухайн үед Э Ж Э С ХХК-ийн захирал н.Н-тай гэж байсан. Энэ компани нь Т Б ХХК-д манайхаар үйлчлүүлээч, хамтран ажиллая гэсэн хүсэлт тавьж, яриа хэлэлцээрүүд болсон. Одоо шүүхэд хандаж байгаа Э Ж Э С ХХК-ийн гүйцэтгэх захирал шүүхэд хандахдаа бусад компанийнхаа хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл авахгүйгээр хандаж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь болсон процессоос өөр зүйл ярьж байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2011 онд манай компанийн гүйцэтгэх захирлаар Г.Б гэж хүн ажиллаагүй. Энэ гэрээнд хэн гэж хүн гарын үсэг зурсан нь тодорхойгүй байна. Би гарын үсэг зураагүй учир энэ гэрээ ямар учиртай болохыг сайн ойлгохгүй байна. Нотлох баримтуудыг нягталж үзэлгүйгээр Э Ж Э С ХХК-тай олон жил хамтран ажиллаж, найрсаг харьцаатай байсан учраас ... гадаад хөрөнгө оруулагч нарт хэрэгтэй байна, та тийм ийм бичиг хийгээд өгөөч гэж хүсэлт ирүүлдэг байсны дагуу энэ бичгүүдийг явуулж байсан. Эдгээр хүсэлтүүдийг над руу явуулж байсан мессеж болон имэйл зэрэг нь байгаа. Энэ дүн бодитойгоор 2 талаас хянагдаж, миний зүгээс хүлээн зөвшөөрөгдөөгүй. Нийт хийгдсэн ажлын дүн өөр байгаа. Мөн хийж гүйцэтгэсэн ажлын чанарын асуудал яригдах ёстой. Ажлын гүйцэтгэл, чанарын хувьд асуудалтай. Мөн төлбөр мөнгө яаж бодогдсон талаар яригдах ёстой. Ямар журмаар, хэн гэдэг хүн нэхэмжлэл гаргаж байгаа нь, мөн болсон процессуудыг буруугаар ярьж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ төсөлд 10,000 гаруй дээж шинжлүүлснээс Э Ж Э С ХХК-иар ойролцоогоор 5,000 гаруй дээжийг шинжлүүлсэн. Үлдсэн дээжийг Э Ж Э С ХХК-иар шинжлүүлээгүй нь тодорхой чанарын шаардлага хангаагүйн улмаас шинжлүүлэхээ больсон. 1 дээж нь 60-70 ам.доллар болдог. 5,000 гаруй дээж нилээдгүй их буюу 700,000,000-800,000,000 төгрөг болдог байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э Ж Э С ХХК нь хариуцагч Т Б ХХК-д холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэлд 107,979,599 /нэг зуун долоон сая есөн зуун далан есөн мянга таван зуун ерэн есөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Т Б ХХК-ийн захирал Л.Д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч Э Ж Э С ХХК-ийн гүйцэтгэх захирал нь тус компанийг төлөөлөн нэхэмжлэл гаргах, төлөөлөгчид итгэмжлэл олгох эрхгүй этгээд бөгөөд маргаан бүхий 2011 онд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтан байгуулаагүй учир төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.
2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Э Ж Э С ХХК болон Т Б ХХК-ийн хооронд байгуулагдсан Үйлчилгээ үзүүлэх гэрээг нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал М.Рао болон хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал Г.Б нар хийж, гарын үсэг зуран баталгаажуулсан байна. /хх 39-40/
Хэдийгээр хариуцагч байгууллагын захирал Л.Д нь уг гэрээг байгуулсан Г.Б гэгчийг тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй гэж тайлбарлах боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй бөгөөд, дээрх маргаан бүхий гэрээ хийгдэж, 5,000 гаруй дээжид шинжилгээ хийсэн болохыг шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрч тайлбарласан учир талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна. /хх 39-41/
Харин уг гэрээнд шинжилгээний төлбөр буюу гэрээний үнийг тодорхой тусгаагүй, зөвхөн тогтоосон тариф гэж зааж, гэрээний 7 дугаар заалтад Эс Жи Эс-ийн удирдлага, ажилтан, салбар компаниуд нь Эс Жи Эс-ийн үндсэн бодлого, зарчмуудыг баримтлан хэрэгжүүлэхийн төлөө ажиллана юм гэж зааснаас бусдаар гэрээний дагуу талуудад хүлээлгэх хариуцлагыг хэрхэн тооцох талаар нарийвчлан зохицуулаагүй байх бөгөөд анз тооцохоор тусгаагүй байгааг дурдах нь зүйтэй. /хх40/
Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний дагуу хичнээн дээжид, ямар шинжилгээ хийсэн болох нь тодорхойгүй, энэ талаар хэрэгт хүснэгт бүхий баримт авагдсан боловч үүнийг гэрээний талууд батламжлаагүй байх тул гэрээгээр тохирсон ямар хэмжээний ажил хийж гүйцэтгэхээс ямар хэмжээтэй гүйцэтгэсэн, захиалагч тал нийт хичнээн төгрөгийн төлбөр төлөхөөс хэдийг төлсөн, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй болсон талаарх тооцоог тогтоох боломжгүй байна. /хх 41-43/
Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хоёр компанийн хооронд хийгдсэн Төлбөр төлөх гэрээ-г үндэслэл болгон үндсэн гэрээний төлбөр 87,344,571 төгрөг, торгууль 13,101,685 төгрөг, алданги 7,533,460 төгрөг, нийт 107,979,599 төгрөг гаргуулахаар шаардсан боловч уг гэрээг Э Ж Э С ХХК-ийг төлөөлөх эрх ологдсон этгээд бус, харин бизнес хөгжлийн менежер ажилтай Н.У гэгч байгуулсан байх бөгөөд, гэрээг тус компанийн захирал баталгаажуулаагүй, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй гэрээ байх тул энэ гэрээг үндэслэн талуудын хооронд 2011 онд байгуулагдсан гэрээний төлбөрийг шаардах эрхгүй гэж шүүх дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдөр эхлээд, 2012 оны 8 дугаар сарын 31-ний хооронд 12 сарын хугацаанд хүчинтэй байхаар гэрээнд тусгайлан заасны дагуу гэрээний хугацаа дууссан бөгөөд, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ дууссан өдрөөс хойш 3 жилийн хугацаа буюу 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа үргэлжилнэ.
Харин Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт ...тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж, мөн зүйлийн 79.3 дахь хэсэгт ...хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.. гэж тус тус хуульчилжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Эс Жи Эс ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэхүүд болон Т Б ХХК-ийн албан бичгүүдийг нотлох баримтаар гаргасан боловч, тэдгээр төлбөрийн нэхэмжлэхүүдийг Т Б ХХК-д хүлээлгэн өгсөн эсэх нь тодорхойгүй, мөн Т Б ХХК-ийн албан бичгүүдийг эрх бүхий албан тушаалтан болох ерөнхий захирал Л.Д төлөөлөн хэн гарын үсэг зурсан болох нь тодорхойгүй, эдгээрийг хариуцагч байгууллагын захирал эс зөвшөөрч маргаж байх тул гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэх үндэслэлтэй байна. /хх 44-71/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т Б ХХК-иас 107,979,599 /нэг зуун долоон сая есөн зуун далан есөн мянга таван зуун ерэн есөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э Ж Э С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 697,848 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах шатны журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА