Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч Боржигон овогт Данзансамбуугийн Шинэбал Шүүгдэгч Аржаргалант овогт Нямдоржийн Лхагвадорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Лхагвадоржид холбогдох 2023000000054 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч:Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр 6 хүүхдийн хамт Завхан аймгийн Шилүүстэй сумын Чандмань багийн 1-4 тоотод оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/28 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Аржаргалант овогт Нямдоржийн Лхагвадорж, Регистрийн дугаар: ИЙ81082411 Шүүгдэгч Нямдоржийн Лхагвадорж нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу согтуугаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар Шүүгдэгч Аржаргалант овогт Нямдоржийн Лхагвадорж нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 23 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Шилүүстэй сумын Баян-Улаан багийн нутаг дэвсгэр “Хоолой” гэх газарт 70-68 ЗАА улсын дугаартай, Санота-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцож явахдаа өөдөөс нь ирж явсан мотоциклыг мөргөн зам тээврийн осол гаргасан хэргийн үйл баримт нь хохирогч С.Бямбадоржийн “...2020 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Завхан аймгийн Шилүүстэй сумын төв дээр хичээлээ хийчихээд орой 11 цагийн үед дүү Балжиннямын хамт мотоциклтой хөдөө байдаг гэр лүүгээ явсан юм. Тэгээд сумаас гараад Баян-Улаан багийн “Хоолой” гэх газар явж байтал урдаас ирж явсан машин зөрөх гэж байгаад гэнэт миний жолоодож явсан мотоциклын баруун хажуу руу дарж орж ирээд миний жолоодож явсан мотоциклыг мөргөчихсөн. ...Тэгээд Лхагвадорж ах, Гал-Очир ах хоёр намайг сумын эмнэлэг хүргэж өгсөн, сумын эмч Цэрэннадмид намайг үзсэн. Тэгээд миний баруун талын хөлийг шагайнаас дээш хугарсан байна, ар гэрийнхэнтэйгээ холбоо бариад аймгийн төв юм уу Говь-Алтай аймгийн төв яв гэж хэлсэн. Тэгээд сумын цагдаа ирсэн, удалгүй аав, ээж хоёр ч ирээд тэр шөнөө сумын эмнэлэг дээр хоноод маргааш нь Аймгийн төв орж ирж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хугарсан хөлдөө эмчилгээ хийлгэсэн. ...Надад биедээ эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой 2.500.000 төгрөгийн хохирол учирсан. Н.Лхагвадорж надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Одоо надад Н.Лхагвадоржоос нэхэмжлэх зүйл байхгүй. хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг, Н.Лхагвадоржийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд зорчиж байсан гэрч Д.Гал-Очирын “...Отгон сумаас Шилүүстэй сум руу явж байхдаа Хөвийн дөрөлж гэх газар Лхагваа ах бид 2 нэг шил 0.5 литрийн Соёрхол гэсэн архи хувааж уугаад би тасраад унтаад өгсөн юм. Нэг сэрэхэд машины хаалга дуугараад гадаа хүмүүс ярилцаад байхаар нь би машинаас гартал Лхагваа ахын машины баруун урд талд Бямбадорж хөл нь сонин болчихлоо гээд газар суучихсан. Лхагваа ах Бямбадоржийн хажууд зогсчихсон. Бямбадоржийн дүү Балжинням мотоциклоо босгочихсон түшээд зогсож байсан юм. Тэгэхээр нь би Бямбадоржийн түрүү рүү гараа хийж үзэхэд хугарчихсан юм шиг байхаар нь өргөж машинд суулгаад Балжиннямд мотоциклыг нь унуулаад “гэр лүүгээ яв, ахыг чинь эмнэлэг рүү аваачъя хөл нь хугарсан юм шиг байна” гэж хэлээд явуулсан...” гэсэн мэдүүлэг, С.Бямбадоржид эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн С.Цэрэннадмидын “...Тиймээ би 2020 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад манай Эрүүл мэндийн төв дээр манай сумын иргэд болох Лхагвадорж, ГалОчир, Бямбадорж гурав ирээд С.Бямбадорж гэгчийн хөл нь хугарчихсан юм байна гэж үзүүлсэн. Намайг иргэн С.Бямбадоржийн биед үзлэг хийхэд С.Бямбадоржийн баруун хөл доод гуравны нэг хэсгээрээ хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч С.Бямбадоржтой хамт явсан ослын талаар шууд тусган мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч С.Балжиннямын “...гэр лүүгээ явж байгаад “Хоолой” гэх газарт Лхагвадорж ахтай мөргөлдсөн. ...Бямбадорж ах мотоциклоо уначихсан би араар нь суучихсан “Хоолой” гэх газар явж байтал урдаас 1 машин ирж байсан юм. Тэр машинтай зөрөх үед бид хоёрын хажуу тал руу дараад ороод ирсэн. Тэгсэн чинь тэр машины урд купер хэсэг нь мотоциклын өвдөгний хамгаалалтыг мөргөөд ах бид 2 унасан юм. тэгээд мотоцикл унаад, мотоциклын хажууд ах уначихсан, би уначихсан байсан чинь машинаас Лхагвадорж ах, Гал-Очир ах 2 бууж ирээд зүгээр үү? гэсэн чинь ахын хөл өвдөөд байна гэсэн чинь Гал-Очир ах барьж үзээд хугарчихсан байна гээд ахыг аваад сум руу эмнэлэгт хүргэхээр явсан. Би мотоциклоо унаад хөдөө гэртээ ирж аав, ээждээ болсон асуудлын талаар ярьсан...Лхагвадорж ах халамцуу байсан...” гэсэн мэдүүлэг Н.Лхагвадоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “ “...би өөрийнхөө машинтай Шилүүстэй сум руу гарсан. Тэгээд Отгон сумын Онц багийн нутаг “Хөвийн дөрөлж” гэх дөрөлж дээр гараад ирсэн Гал-Очир нэг шил 0.5 литрийн архи гаргаад ирсэн, би тэр архины нэрийг одоо сайн санахгүй байна. Тэгээд тэр архийг машинаа зогсоож байгаад задалж нэг нэг татчихаад шууд хөдөлсөн. Тэгээд намайг машинаа бариад явж байхад Гал-Очир нөгөө архинаасаа надад хийж өгөөд байсан би тэр архинаас ганц нэг л татсан ...Тэгээд би замаар яваад Шилүүстэй сумын Баян-Улаан багийн нутаг “Хоолой” гэх газар явж байсан чинь миний урд талаас их хурц гэрэлтэй мотоцикл ирж байсан, тухайн үед миний явж байсан машины зам хээрийн гурван эгнээ зам байсан, би тэр замуудын хамгийн зүүн захын замаар явж байгаад мотоциклын баруун талаар зөрөх санаатай явж байсан замаас гараад нөгөө замд ортол нөгөө мотоцикл миний машинд тулаад ирэхээр нь би машинаа зогсоотол л нөгөө мотоциклтой хүн миний машины баруун тал руу мөргөөд уначихсан. Тэгэхээр би машинаасаа буусан, мотоциклтой хоёр хүүхэд, мотоцикл нь уначихсан, нэг нь босоод зогсчихсон, нөгөө хүүхэд нь газар суучихсан байхаар нь би очсон, Сандагаа ахын Бямбадорж, Балжинням гэдэг хоёр хүүхэд байсан. Тэгээд би Бямбадоржийн хажууд очоод “яасан ахын дүү?” гээд асуусан, Бямбадорж надад “хөл жоохон өвдөөд байна” гэхээр нь мотоциклыг нь босгоод хамт явж байсан Балжиннямаар мотоциклыг нь унуулж “аав, ээждээ хэл” гэж явуулаад би хөл нь болохгүй байсан Бямбадоржийг аваад шууд сумын эмнэлэг орсон. Эмнэлэг дээр сумын цагдаа ирчихсэн цагдаа надаас цус авч, миний машиныг саатуулсан. Тэгээд би эмчээс Бямбадоржийн талаар асуусан хөл нь хугарчихсан байж магадгүй гэж байсан. ...Би хохирогч Бямбадоржид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, одоо надад хохирогчтой ямар нэг хохирлын маргаан байхгүй. ...Би хохирогчтой сайн дураараа эвлэрч, хохирлыг барагдуулж, хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэсэн мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууда ар тогтоогдож байна. Зам тээврийн ослын улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 000000149 дугаартай “...Иргэн С.Бямбадоржийн баруун шаант болон тахилзуур ясны зөрж сэлтэрсэн хугарал, баруун шилбэний урд дунд хэсэгт, дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь шинжлүүлэгчийн хэлж байгаа буюу 2020.04.29-30-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Гэмтэл цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгч Н.Лхагвадоржийг тухайн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь Завхан аймгийн шүүх шинжилгээний албаны “Н.Лхагвадоржийн биеэс авсан цуснаас 2.6 промилль спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Зам тээврийн осол шүүгдэгч Н.Лхагвадорж нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа саад болох үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс осол гарсан нь Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ийг хориглоно” гэсэн заалт, мөн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийг хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн...”гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүх эмнэлгийн болон бусад шинжээчийн дүгнэлтүүд зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй зохих мэдлэг туршлагатай хуулийн хүрээнд гаргасан, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч Н.Лхагвадоржийн дээрх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үнэллээ. Шүүгдэгч Н.Лхагвадорж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй байна. Шүүгдэгч Н.Лхагвадоржийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчиж, согтуурсан үедээ өөрийн эзэмшлийн Сонота маркийн 70- 68 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргаж, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Шүүгдэгч Н.Лхагвадорж нь хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 250000 төгрөг төлсөн бөгөөд шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Шүүгдэгч Н.Лхагвадоржийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Шүүгдэгч Н.Лхагвадоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр улсын яллагчийн ирүүлсэн саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5,1.6, 1.8-д заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Аржаргалант овогт Нямдоржийн Лхагвадоржийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Лхагвадоржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасч, 01/нэг/ жил 2 сарын хугацаагаар тэнссүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Лхагвадоржид оногдуулсан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 4.Шүүгдэгч Н.Лхагвадоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэсүгэй. 5.Шүүгдэгч Н.Лхагвадорж нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5 дахь хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай. 6.Шүүгдэгч Н.Лхагвадорж нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 7.Шүүгдэгч Н.Лхагвадорж нь хувьд ногдох хөрөнгөөс Соната-5 маркийн 70-68 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 8.Шүүгдэгч Н.Лхагвадорж нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА