| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07716/и |
| Дугаар | 2878 |
| Огноо | 2017-10-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2878
| 2017 оны 10 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2017/02878 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Отгонтуяаг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард аюушийн ... дугаар гудамж ...тоотод оршин суух, эмэгтэй, Г О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 51 дүгээр байрны ...тоотод оршин суух, эрэгтэй, З Т холбогдох,
Хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г О, хариуцагч З Тнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие 2009-2010 онд 9 дүгээр ангид байхдаа З.Тэмүүлэнтэй онлайнаар танилцаж, үерхэн нөхөрлөж эхэлсэн бөгөөд, ингэж явсаар 2013 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүү болох О.Сэргэлэн мэндэлсэн билээ. Бид үерхэх хугацаандаа нэг удаа дотно харьцаанд орсон. Бид хоорондын харьцаа, гэр бүлийн байдлаас болж зан харьцааны тааламжгүй байдлын улмаас 2013 оноос хоёр тийш болон салсан. Хүү маань уг нь 2013 оны 3 дугаар сард төрөх ёстой байсан боловч хугацаанаасаа 1 сарын өмнө төрсөн. Тэр үеэс хойш хүү О.Сэргэлэн миний асрамжинд амьдарч, өсч торниж байна. Би З.Тэмүүлэнгээс өөр хүнтэй дотно харьцаанд ороогүй учир өөртөө бат итгэлтэй байгаа бөгөөд шинжээчийн дүгнэлтээр эцэг биш гэж гарсныг гайхаж байна. З Т хүүгээ төрснөөс хойш 2-3 удаа уулзаж байсан. Одоо бид тус тусдаа амьдралтай болсон бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул З Т хүү О.Сэргэлэнгийн эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч З Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие 2009-2010 онд Г Отай Hi5 цахим сүлжээгээр таницан үерхэж байсан. Олон удаагийн үл ойлголцол, маргаанаас болж салж, нийлж байсан бөгөөд дотно харилцаа бий болоогүй. Мөн Г О хөнгөмсөг зантай, олон залуустай нэр холбогддог байсан учраас 2012 оноос 2 тийш болсон. Үерхэх хугацаандаа бид 2012 оны 6 дугаар сард дотно харьцаанд орсон. Үүнээс хойш 1 сарын дараа Г О надад жирэмсэн болсон тухайгаа хэлсэн бөгөөд, надад хүүхдээ авахуулмаар байна гэдэг байсан. Манай эгчтэй 4 сартай жирэмсэн байх үедээ уулзаж, хүүхдээ авахуулмаар байна гээд 200,000 төгрөг авсан боловч хүүхдээ төрүүлсэн байсан. Гэвч би энэ хүүхдийг миний хүүхэд гэдэгт итгэдэггүй. Түүний төрүүлсэн хүүхдийг миний хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ миний хүүхэд байсан бол 2013 оны 3 дугаар сард төрөх байсан. Төрсөн сар нь таарахгүй байгаа ба, шүүх эмнэлгийн шинжээчийн 2 удаагийн дүгнэлтээр намайг хүүхдийн эцэг байх боломжгүй гэсэн хариу гарсан байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г О нь хариуцагч З.Тэмүүлэнд холбогдуулан хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч марган, хүсэлт гаргасны дагуу шүүхээс шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байна.
Г О нь 2013 оны 2 дугаар сарын 15-ны өдөр амаржиж, хүү Охинзаяа овогтой Сэргэлэн мэндэлсэн бөгөөд, өрхийн эмчийн бүртгэлд бүртгэгдсэн, эрүүл бойжиж байгаа болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Гурван-Санчир Өрхийн эмнэлгийн тодорхойлолт зэргээр тогтоогджээ. /хх 3, 4/
Зохигчид Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлээгүй, гэр бүл болох зорилгоор хамтран амьдраагүй болох нь тэдний тайлбараар тогтоогдох ба, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүхээс томилогдсон шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 4155 тоот дүгнэлтээр ... З Тнь О.Сэргэлэнгийн биологийн эцэг байх боломжгүй... гэж, уг дүгнэлтийг эс зөвшөөрөн нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүхээс дахин томилогдсон шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 5815 тоот дүгнэлтээр мөн З Тнь О.Сэргэлэнгийн биологийн эцэг байх боломжгүй байна гэж дүгнэсэн байх тул хариуцагч З.Тэмүүлэнг нэхэмжлэгч Г Огийн хүү О.Сэргэлэнгийн эцэг мөн болохыг тогтоох боломжгүй гэж шүүх дүгнэв. /хх 25, 38/
Нэхэмжлэгч Г О нь шинжээчийн дүгнэлтүүдийг эс зөвшөөрч, З.Тэмүүлэнг хүүхдийн эцэг мөн гэж тайлбарлан, хүү О.Сэргэлэнг 2013 оны 3 дугаар сард төрөх байсан боловч дутуу төрсөн, З.Тэмүүлэнгээс өөр хүнтэй дотно харьцаанд ороогүй зэрэг тайлбарыг гаргах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй байх тул дээрх үндэслэлээр Г Огийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг баримтлан, З Т хүү О.Сэргэлэнгийн эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай Г О-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авах хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА