Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/347

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга У.Золчимэг, 

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Батсүрэн,

хохирогч Т.Мөнхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Зуут овгийн Дашнямын Батсүрэнд холбогдох эрүүгийн 1834007550374 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1986 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Дундговь аймгийн Биеийн тамир спортын газарт жолооч жижүүрээр ажилладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,  дугаарын регистртэй, Зуут овгийн Дашнямын Батсүрэн

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Д.Батсүрэн нь тус аймгийн Бүрэн сумын нутагт 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр “УАЗ ФУРГОН” маркийн 79-55 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, мөн дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн зааалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Т.Мөнхжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Д.Батсүрэнгийн:

Хавтаст хэрэгт бүх зүйлээ ярьсан учир дахин мэдүүлэг өгөх шаардлага байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Т.Мөнхжаргалын:

Дундговь аймгийн орон нутгийн үйлдвэрийн газар борлуулалтын менежер ажилтай. Манайх 2018 оны 08 сарын 15-ны өдөр ажлаасаа 4 цагийн үед жил бүрийн зугаалгаар гээд явсан. Тэгээд 15-ны өдөр их бороо ороод байхаар Адаацаг сум дээр очиж хоноод маргааш өглөө нь сумаас гараад  Булган аймаг руу Бүрэн сум өнгөрөөд явахад би унтаж явсан. Бүрэн сум өнгөрөөд би өөрөө тэгээд машин онходоход би мэдээгүй. Нэг мэдэхэд манайхан гараарай бензен гойжоод байна шүү гээд хэлсэн. Ухаан санаа орон гаран байхад хоёр хүн намайг машинаас гаргасан. Аль хоёр хүн машинаас гаргасаныг нь мэдэхгүй байна. Машинаас хол хоёр цаг гаран хэвтсэн. Надад өвчин намдаах эм болох зүрхний эм гээд бүгдийг нь өгсөн. Нягтлан нярав хэдэн хүмүүсээ аваад Бүрэн сумын Эмнэлэгт үзүүлэх гээд тэндээсээ яваад тэнд даралтаа үзүүлээд өвчин намдаах шаалт, тариа аваад цаашаа явцгаасан. Цаашаа Булган сум руу явцгаасан. Булган сумаас цаашаагаа Ус сувгийн амралт дээр очоод цаашаа Тэшиг суманд очсон. Тэр үедээ хугарсан талаар мэдээгүй. Тариа наалт наагаад яваад байсан. Өөртөө их зовиуртай хэрнээ туршилага нэвтрүүлэнгээ байгалийн сайхныг үзэж явж байсан учраас цуг явсан. 08 сарын 22-ны өдөр 9 цагт Дундговь аймагт ирсэн. 23-ны өдөр бие өвдөөд байхаар нь эмнэлэгт очиж зураа авахуулахад Дундговь аймгийн мэс заслын эмч Батдэлгэр нурууны хугаралтай байна гэж хэлсэн. Яаралтай хот явж хэлээд 24-ний өдөр Улаанбаатарын гэмтэл согогын үндэсний төвд үзүүлсэн. Имрайнд зурагт харуулсан чинь 7, 11 дүгээр үе хугаралттай байна гэсэн. 11 дүгээр үе нь хугараад дотогшоогоо цөмрөөд орсон байна. Хоёрдугаарт нугас нь дарагдсан байна гэж хэлсэн. Тэр үед нь хагалгаанд орвол ор гэсэн. Би Тухайн үед хагалгаанд ормооргүй санагдаад ямар байсан. Хэвтэрийн дэглэм 6 сар сахихгүй бол болохгүй гэж хэлсэн. Гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл маань томографикийн зураг авахуулсан зураг зэрэг зарим зүйлийг аваагүй байгаа. 6 сарын цалингаа нэхэмжилмээр байна. Миний сарын цалин 560 000 төгрөг нийт 3 360 000 төгрөг болох юм байна гэж бодож байгаа. Сэтгэл санаа хохирлын мөнгө гээд 5 000 000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг маань нээлттэй үлдээж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэргээс дараах хохирогч Т.Мөнхжаргалын /хх-ийн 44 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Л.Алтанцэцэгийн /хх-ийн 46 дугаар хуудас/, иргэний хариуцагч Л.Алтанцэцэгийн /хх-ийн 99 дүгээр хуудас/, гэрч Я.Дарханжаргалын /хх-ийн 51-52 дугаар хуудас/, гэрч Л.Сүрэндолгорын /хх-ийн 53-54 дүгээр хуудас/, гэрч М.Ганхуягийн /хх-ийн 55 дугаар хуудас/, гэрч Д.Ганбаатарын /хх-ийн 56 дугаар хуудас/, гэрч Б.Уламбаярын /хх-ийн 57-58 дугаар хуудас/, гэрч Г.Сувдмаагийн /хх-ийн 59-60 дугаар хуудас/, гэрч М.Мягмарсүрэнгийн /хх-ийн 61-62 дугаар хуудас/, гэрч М.Дэлгэрмаагийн /хх-ийн 63-64 дүгээр хуудас/, гэрч Н.Отгонмандалын /хх-ийн 65-66 дугаар хуудас/, гэрч Г.Энхзаяагийн /хх-ийн 67-68 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 623 дугаартай дүгнэлт /хх-ийн 70 дугаар хуудас/, шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 00000124 дугаартай дүгнэлт /хх-ийн 87 дугаар хуудас/, шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 42 дугаартай дүгнэлт /хх-ийн 81-82 дугаар хуудас/, уг тээврийн хэрэгслийн 00548807 дугаартай гэрчилгээний хуулбар, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 83-85 дугаар хуудас/ болон хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19, 21-23 дугаар хуудас/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 20 дугаар хуудас/, Замын цагдаагийн газрын нөхөн Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 24 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Д.Батсүрэн нь 2018 оны 08 дугаар  сарын 16-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын нутагт Дундговь аймгийн Соёл, спорт аялал зуулчлалын газрын эзэмшлийн “УАЗ ФУРГОН” маркийн 79-55 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”,

мөн дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Т.Мөнхжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан,

тухайн зам тээврийн ослын улмаас Дундговь аймгийн Соёл, спорт аялал зуулчлалын газрын “УАЗ ФУРГОН” маркийн 79-55 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 666.400 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Т.Мөнхжаргалын ...2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр үдээс хойш Дундговь аймгийн Сайнцагаан сумаас Булган аймгийн Тэшиг сум руу хамт олонтойгоо зугаалгаар явсан... ...маргааш нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Адаацаг сумаас гараад Төв аймгийн Бүрэн сумын нутагт явж байхад миний сууж явсан Батсүрэн гэх жолоочтой ногоон өнгийн 79-55 ДУА улсын дугаартай “Фургон” маркийн тээврийн хэрэгсэл шороон зам дээр онхолдсон... /хх-ийн 44 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч Л.Алтанцэцэгийн ...Манай байгууллагын эзэмшлийн 79-55 ДУА улсын дугаартай ногоон өнгийн “УАЗ ФУРГОН” маркийн тээврийн хэрэгслийг жолооч Батсүрэн жолоодож яваад онхолдож зам тээврийн осол гаргасан байна... /хх-ийн 46 дугаар хуудас/,

иргэний хариуцагч Л.Алтанцэцэгийн ...Д.Батсүрэн нь байгууллагадаа тухайн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Тэшиг сум руу явах тухайгаа мэдэгдээгүй юм... /хх-ийн 99 дүгээр хуудас/,  

гэрч Я.Дарханжаргалын ...14 цаг болж байхад Төв аймгийн Бүрэн сумын нутагт унтаад явж байхад шороон зам дээр машин онхолдоод би сэрсэн... /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

гэрч Л.Сүрэндолгорын ...зүүрмэглээд хамгийн урд суугаад явж байсан чинь шороон зам дээр яах ийхийн  зуургүй машин маань мурийж ирсэнээ хажуу тийш унаад дээшээ харсан, ерөөсөө тэгшхэн шороон зам дээр машин маань гэнэт л жолооч тал руугаа хэлтийгээд ойчсон... /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

гэрч М.Ганхуягийн ...15-ны өдөр Адаацаг суманд хоноод маргааш нь фургон маркийн тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн Бүрэн сумын нутагт явж байхад манай фургон машин онхолдож дээшээ харж унасан юм... ...Ослоос болж миний биед гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... /хх-ийн 55 дугаар хуудас/,

гэрч Д.Ганбаатарын ...15-ны орой Дундговь аймгийн Адаацаг суманд хонох гэж байхад намайг ажлын шугамаар дуудахаар нь эргээд явсан... ...2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн үед Улаанбаатар хотод байхад миний сууж явсан машин маань Төв аймгийн Бүрэн сумын нутагт уначихлаа гэж ерөнхий инженер Уламбаяр ярьсан юм... /хх-ийн 56 дугаар хуудас/,

гэрч Б.Уламбаярын ...орой нь Дундговь аймгийн Адаацаг суманд ирж хоноод шөнө нь манай машинд явсан захирал Ганбаатар маань Адаацагаас буцаад аймаг руу яваад... ...2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр... ...14 цаг болж байхад би фургоны арын суудал дээр суугаад унтаад явж байсан чинь машин шороон замаар явж байгаад онхолдсон... /хх-ийн 57-58 дугаар хуудас/,

гэрч Г.Сувдмаагийн ...15-хаа орой нь Дундговь аймгийн Адаацаг суманд ирж хоноод манай машинд явсан захирал Ганбаатар маань шөнөдөө Адаацагаас буцаад аймаг руу яваад... ...2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр... ...14 цаг болж Төв аймгийн бүрэн сумын нутаг өнгөрөөд шороон  замаар явж байхад би фургоны хамгийн арын суудал дээр Уламбаяр гэх залуугийн хажууд суугаад унтаад явж байсан. Юманд цохигдох шиг болоод сэрсэн чинь машин маань дээшээ харчихсан байсан... /хх-ийн 59-60 дугаар хуудас/,

гэрч М.Мягмарсүрэнгийн ...15-хаа орой нь Дундговь аймгийн Адаацаг суманд ирж хоноод манай машинд явсан захирал Ганбаатар маань шөнөдөө Адаацагаас буцаж хуралд явсан... ...16-ны 14 цагт Төв аймгийн Бүрэн сумын нутаг өнгөрөөд шороон замаар явж байхад би фургоны хамгийн арын суудал дээр суугаад унтаад явж байсан чинь гэнэт машин унаад би сэрсэн. Тэгээд цуварч гараад харсан чинь машин маань дээшээ харчихсан байсан... /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

гэрч М.Дэлгэрмаагийн ...15-хаа орой нь Дундговь аймгийн Адаацаг суманд ирж хоноод манай машинд явсан захирал Ганбаатар маань шөнөдөө Адаацагаас буцаж сум руугаа хуралд яваад... ...2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр... ...14 цаг болж байхад Төв аймгийн Бүрэн сумын нутаг өнгөрөөд явж байсан чинь гэнэт машин унаад би сэрсэн. ...машин унасны дараа хүмүүс гараарай гээд би гараад харсан чинь машин маань дээшээ харчихсан байсан... /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

гэрч Н.Отгонмандалын ...15-хаа орой нь Дундговь аймгийн Адаацаг суманд ирж хоноод манай машинд явсан захирал Ганбаатар маань шөнөдөө Адаацагаас эргэж сум яваад... ...2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр... ...14 цаг болж байхад Төв аймгийн Бүрэн ссумын нутаг өнгөрөөд фургоны буруу харсан суудал дээр суугаад унтаад шороон замаар явж байхад машин унаад би сэрсэн. Машин унасаны дараа хүмүүс гараарай гээд би гарахад машин дээшээ харчихсан байсан... /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

гэрч Г.Энхзаяагийн ...15-хаа орой нь Дундговь аймгийн Адаацаг суманд ирж хоноод манай машинд явсан захирал Ганбаатар маань шөнөдөө Адаацагаас эргэж сум яваад... ...2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр цаашаа фургонтойгоо жолоочоос гадна 10 хүн явсан байгаа. Тэгээд 14 цаг болж байхад Төв аймгийн Бүрэн сумын төв Бүрэнгийн нутагт фургоны буруу харсан суудал дээр суугаад унтаад шороон замаар явж байсан чинь машин маань онхолдоод би сэрсэн. Сэрээд машин унасны дараа гарсан чинь шороон зам дээр машин маань унаа дээшээ харсан байсан... /хх-ийн 67-68 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 623 дугаартай ...Т.Мөнхжаргалын биед нурууны Th7, Th11 дүгээр нугаламын хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан талаарх... дүгнэлт /хх-ийн 70 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 00000124 дугаартай ...Д.Батсүрэн нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзсэн талаарх... дүгнэлт /хх-ийн 87 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 42 дугаартай ...УАЗ ФУРГОН” маркийн 79-55 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирлын үнэлгээ хийсэн талаарх... дүгнэлт /хх-ийн 81-82 дугаар хуудас/,

уг тээврийн хэрэгслийн 00548807 дугаартай гэрчилгээний хуулбар, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 83-85 дугаар хуудас/,

хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19, 21-23 дугаар хуудас/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 20 дугаар хуудас/, Замын цагдаагийн газрын нөхөн Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 24 дүгээр хуудас/ зэрэг мэдүүлгийн болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Батсүрэн нь тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчин, зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хор уршиг учруулсан үйл баримтыг болгоомжгүй гэмт хэрэг гэж үзсэн ба дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байна.

 

Иймд шүүгдэгч Д.Батсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Батсүрэнгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Мөнхжаргалын эрүүл мэндэд нурууны Th7, Th11 дүгээр нугаламын хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хавтас хэрэгт хохирогч Т.Мөнхжаргалаас уг хүндэвтэр хохирлоос үүдэлтэй эмчилгээ, замын зардалтай холбоотой 564.600 /таван зуун жаран дөрвөн мянга зургаан зуу/ төгрөгийн баримт гарган өгч нэхэмжилсэнийг шүүгдэгч Д.Батсүрэн нь мөрдөн байцаалтын шатанд 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, 264.600 /хоёр зуун жаран дөрвөн мянга зургаан зуу/ төгрөг, нийт 564.600 /таван зуун жаран дөрвөн мянга зургаан зуу/ төгрөгийг хоёр хувааж нөхөн төлсөн байна.

 

Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Мөнхжаргал сэтгэл санааны хохирол 5.000.000 /таван сая/ төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 3.360.000 /гурван сая гурван зуун жаран мянга/ төгрөг, нийт 8.360.000 /найман сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг, мөн цаашид гарах эмчилгээний зардал тус тус нэхэмжилж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр нэхэмжлээд байгаа сэтгэл санааны хохирол, ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтуудыг гаргаж өгөөгүй ба үүнээс сэтгэл санааны хохирол 5.000.000 /таван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагуудыг эрүүгийн хэрэгтэй нь хамтатган шийдвэрлэх боломжгүй байх тул энэ шийтгэх тогтоолоор хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Тиймээс шүүгдэгч Д.Батсүрэнг энэ шийтгэх тогтоолоор хохирогч Т.Мөнхжаргалын нотлох баримтаар нэхэмжилсэн 564.600 /таван зуун жаран дөрвөн мянга зургаан зуу/ төгрөгийг нөхөн төлсөн гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Д.Батсүрэнд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг анх удаа үйлдсэнийг, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэний дараа нэхэмжилсэн баримтын хэмжээнд хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон торгох ялаас доогуур торгох ял оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Батсүрэнд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.    

 

Мөн шүүгдэгч Д.Батсүрэн нь тухайн зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэх үедээ Дундговь аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газарт жолоочоор ажиллаж байсан нь, уг тээврийн хэрэгслийг байгууллагын зөвшөөрөлгүйгээр авч явсан нь тус тус хавтас хэргийн 46 дугаар хуудсанд авагдсан иргэний нэхэмжлэгч Л.Алтанцэцэгийн мэдүүлгээр тогтоогддог.

 

Түүнчлэн Дундговь аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газрын эзэмшлийн “УАЗ ФУРГОН” маркийн 79-55 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тухайн зам тээврийн ослын улмаас 666.400 /зургаан зуун жаран зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учирсан, уг хохирлыг нөхөн төлж “УАЗ ФУРГОН” маркийн 79-55 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг засуулсан болох нь хавтас хэргийн 104 дүгээр хуудсанд авагдсан “ХУРД АВТО” ХХК, Дундговь аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газрын хооронд хийгдсэн авто машин хүлээлцэх актаар нотлогдож байна.

 

Харин шүүгдэгч Д.Батсүрэнд холбогдох эрүүгийн 1834007550374 дугаартай хэрэгт Дундговь аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газрыг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна.

Учир нь: иргэний хариуцагч Л.Алтанцэцэгийн ...Д.Батсүрэн нь байгууллагадаа тухайн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Тэшиг сум руу явах тухайгаа мэдэгдээгүй юм... /хх-ийн 99 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлэг нь хавтас хэрэгт авагдсан яллагдагч Д.Батсүрэнгийн ...2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Дундговь-Ус ХХК-ий ажилчид Булган аймгийн Тэшиг сум орьё, чи машинаараа үйлчлээд өгөөч, 80.000 төгрөг өгье гээд гуйгаад байхаар нь ажлын газрынхаа удирдлагад хэлээгүй тус өдрийнхөө 15 цагийн үед Дундговь аймгийн Сайнцагаан сумаас Булган аймгийн Тэшиг сум руу тус албан байгууллагын 11 нэр бүхий ажилтныг машиндаа суулгаад шороон замаар явсан байгаа... /хх-ийн 96-97 дугаар хуудас/ гэх мэдүүлгээр давхар нотлогддог болно.     

 

Шүүгдэгч Д.Батсүрэн нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг

        хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

              36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                    хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Зуут овгийн Дашнямын Батсүрэнг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Зуут овгийн Дашнямын Батсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Зуут овгийн Дашнямын Батсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан найман зуун нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Зуут овгийн Дашнямын Батсүрэнд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Зуут овгийн Дашнямын Батсүрэн нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Т.Мөнхжаргалын нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол 5.000.000 /таван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Хохирогч Т.Мөнхжаргалын ажилгүй байсан хугацааны цалин 3.360.000 /гурван сая гурван зуун жаран мянга/ төгрөгтэй холбоотой баримтаа, мөн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Зуут овгийн Дашнямын Батсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Зуут овгийн Дашнямын Батсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ш.ГАНДАНСҮРЭН