Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 27

 

2019          03           27                                            2019/ДШМ/27

 

Ц.О, Б.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                

                                                                                                                                                                                      Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимаас Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхтэй цахимаар холбогдон хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Э.Тулгаа,

            Шүүгдэгч: Ц.О,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Чулуунбаатар,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ц.О, Б.М нарт холбогдох, эрүүгийн 1820000590140 дугаартай, 1 хавтас, 175 хуудас бүхий хэргийг шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны ..... дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2-42 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ам бүл 5, Гөрөөчин овогт Цогтын О /РД:РЙ84072703/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны туслах ажилтай, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Нарны 1-22 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ам бүл 2, Их тугтан овогт Батсуурийн М /РД:МЙ89053006/-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын  Прокурорын газрын хяналтын прокурор Э.Тулгаагаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Цайз зах дээрээс үл таних 2 залуугаас ховор амьтан болох Халиун бугын сүүл эд эрхтэн болох 4 ширхэг сүүл худалдан авсан,

шүүгдэгч Ц.О, шүүгдэгч Б.М нар бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Халиун бугын сүүл 4 ширхэгийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Их тугчин овогт Б-н М, Гөрөөчин овогт Ц-ын О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн хуулиар хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, шүүгдэгч Гөрөөчин овогт Ц-ын Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ховор амьтны түүхий эд зүйлийг худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Б-ийн Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Ц-ын Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийн торгох ялыг 1 хоногоор тооцон 30 хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 1 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-д оногдуулсан 1 жил 30 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

шүүгдэгч Б.М, Ц.О нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Халиун бугын эд эрхтэн болох 4 ширхэг сүүлийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8-д зааснаар УАЗ-469 маркийн 88-43 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэчулуунд буцаан олгож, шүүгдэгч Б.М, Ц.О нараас тээврийн хэрэгслийн үнэ 500 000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.О-гаас 52 800 000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож,

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ц.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж,

шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.О давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс миний биеийг нөхөн төлбөрийн 25800000 төгрөгийг төлж барагдуулаагүй буюу төлөхөө илэрхийлээгүй гэж дүгнэн ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Миний бие ойлгохдоо анхан шатны шүүхийн гарсан шийдвэрийн дагуу гэм хорын шууд бус хохирлыг төлөх юм байх гэж бодож байсан. Гэвч нэгэнт анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн хор холбогдлын хохирол 52800000 төгрөг гэж тодорхойлогдсон болохоор шүүхээс тогтоосон хугацаанд төлж барагдуулна. Би хийсэн хэрэгтээ харамсаж, гэмшиж байгаа. Шүүхийн шийдвэр ямар ч гарсан, би шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Улсад учруулсан хохирлоо төлж барагдуулна. Миний ахуй амьдрал хүнд байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 1 жил 30 хоногийн хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Ц.О, Б.М нар гэм буруугийн тухайд анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гэм буруу дээр маргаагүй. Харин хэргийн бодит хохирлын хувьд төлөх төлбөргүй гэж ойлгосон, энэ талаар прокурорын яллах дүгнэлтийн хавсралтын 4 дэх заалтанд ч тодорхойлсон байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс хохирлын хувьд Ц.О нь 26400000 төгрөгийн үнэ бүхий 4 тооны Халиун бугын түүхий эд болох сүүл 4 ширхэгийг худалдан авч улсад 52800000 төгрөгийн хохирол учруулсан байх тул гаргуулж улсын орлого болгох гэсэн дүгнэлт, хэлэлцүүлгийн явцад хийж шийдвэр гаргасан. Өнөөдөр хууль хэрэглээний хувьд практикт, амьдрал дээр ховор ан амьтдын эд зүйлсийг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн тохиолдолд дээрх шийдвэрийг шүүхээс гаргаж хэрэгжиж ирснийг ойлгож хүлээн зөвшөөрч байгаа. Бодит хохирол байхгүй гэсэн бодолтойгоор анхан шатны шүүх хуралдаан дээр орж ирсэн. Гэтэл прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхээс 4 бугын сүүл, байгаль экологийн үнэлгээгээр 52800000 төгрөгийг шууд хохирол гэж үзээд хохирол төлөөгүй байна гэсэн асуудлыг ярьж, 52800000 төгрөгийг төлөөгүй гэж дүгнэсэн. 52800000 төгрөгийг төлөх учиртай гэвэл төлөх боломжтой. Цаг хугацааны хувьд ялтан Ц.О, Б.М нарын улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлсэн гэх зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэл байгаа, үүнийг шүүх бүрэлдэхүүн маань анхаарч миний үйлчлүүлэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү. Мөн ар гэр ахуйн амьдралтай холбоотой баримтуудыг өгье. бага балчир насны 3 охинтой. 8 настай, 2 эгч нь 11 настай ихэр, 3 хөөрхөн хүүхэд ээжийгээ санаад гэртээ сууж байгаа. Энэ хэрэг маань хуульд зааснаар хөнгөн зэргийн ангилалд хамаардаг, хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэргийг харгалзан үзэж ховордсон амьтны эд зүйлийг худалдан авсан гэсэн зүйл заалтыг нь хөнгөрүүлэн үзэж 1 жил 30 хоногийн хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэв.

Прокурор Э.Тулгаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийтгэх тогтоол гаргаж шүүгдэгч нарын хувийн байдал бусад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн эрүүгийн хариуцлага оногдуулсан. Өмгөөлөгчийн ярьсан хохирлын асуудал дээр хэдэн зүйлийг ярья. Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт худалдан авсан асуудлын талаар зохицуулсан. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдан авсан, гадаадад гаргах гэсэн этгээдийг ан амьтныг барьсан, агнасантай адилтган үзэж, нөхөн төлбөр оногдуулна гэсний дагуу шүүхээс нөхөн төлбөр оногдуулсан. Хохирлыг Засгийн газрын 23 дугаар тогтоолд заасан үнэлгээний дагуу эрийг 6600000 төгрөгөөр тооцож, хохирлыг 26400000 төгрөгөөр тогтоосон. Хор уршгийг гаргуулахдаа түүнийг 2 дахин өсгөж тогтооно гэсний дагуу 52800000 төгрөгөөр тооцож Огаас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар ярьж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болно. Мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол гаргах юм бол шүүхийн шийдвэрийг түдгэлзүүлнэ гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг гарсан өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болох хүртэл тооцно гэж заасан. Тийм учраас шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацааг прокурорын хувьд зогсоосон байна гэж үзэж байгаа. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хорих ялыг биечлэн эдлүүлсэн шалтгаан нь гэвэл шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид 2 ба түүнээс дээш гэмт хэргийг шүүгдэгч О үйлдсэн учраас үүний дагуу шүүхээс түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна гэж үзэж биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-8/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9-13/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15-18/, иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэчулууны мэдүүлэг /хх 29-30/, иргэний нэхэмжлэгч Г.Анхбаярын мэдүүлэг /хх 32-33/, гэрч Д.Эрдэнэчулууны мэдүүлэг /хх 34-35/, гэрч Э.Эрдэмнэмэхийн мэдүүлэг /хх 36-37, гэрч С.Дэлгэрмаагийн мэдүүлэг /хх 39-40/, шүүгдэгч Ц.Огийн үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд /хх 41/, Б.Мийн мэдүүлэг /хх 42-44/, гэрч Б.Нэргүйгийн мэдүүлэг /хх 45-46/, Шинжлэх ухааны академи, ерөнхий боловсролын болон сорилын биологийн хүрээлэнгийн 13 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 50-51/, эд мөрийн баримтыг цаашид ашиглах боломжгүй талаарх шинжээчийн дүгнэлт /хх-57/, Ашид билгүүн ХХК-ийн дүгнэлт /хх 61-62/, шинжээч Г.Цогтжаргалын мэдүүлэг /хх-64/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-91/, үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-96/, 5/138 дугаар яллах дүгнэлт /хх 107-109/, анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаартай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судлаж үзэхэд;           

шүүгдэгч Ц.О нь 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Цайз зах дээрээс үл таних 2 залуугаас ховор амьтан болох Халиун бугын эд эрхтэн буюу 4 ширхэг сүүл худалдан авсан, шүүгдэгч Ц.О, шүүгдэгч Б.М нар бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор, Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  Халиун бугын сүүл 4 ширхэг, хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хил нэвтрүүлсэн үйл баримт тогтоогдсон, анхан шатны шүүх шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Шүүгдэгч Ц.О, Б.М нар Монгол Улсын Амьтны тухай хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон буюу Засгийн газрын 2002 оны 219 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “хязгаарлалт тогтоосон” ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд болох ховор амьтан болох Халиун бугын 4 ширхэг сүүлийг, Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, шүүгдэгч Ц.О ховор амьтан болох халиун бугын 4 ширхэг сүүлийг худалдан авсан талаар үйлдсэн хэргээ тус тус хүлээн мэдүүлсэн нь иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэчулууны “...2018 оны 03 сарын 13-ны өдөр гурвын хаалтан дээр байж байхад Баянбаатар миний эзэмшлийн 88-43 ДГО дугаартай автомашиныг барьж явсан юм.  Би Баянбаатараас чи миний машиныг яав гэж асуутал М эгч бариад гарчихъя гэсэн гэж Баянбаатар хэлсэн. Тэгээд штамбаа даруулаад гарч иртэл миний машиныг М унаад гарч ирсэн.  Тэгээд Баянбаатар машин бариад хөтлөх гэтэл цагдаа нар ирээд саатуулж шалгатал Б.Мийн биенээс 3 ширхэг гялгар ууттай зүйл гарч ирсэн” гэсэн мэдүүлэг,

гэрч Э.Эрдэмнэмэхийн /...2018 оны 4 сард эхнэртэйгээ эвлэрсний дараа би чиний гутланд бугын 4 ширхэг сүүл хийгээд Замын-Үүд сум руу явуулчихсан чинь авч явсан хүн маань баригдаад одоо цагдаа дээр шалгагдаж байгаа” гэж надад эхнэр хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 36-37,

гэрч С.Дэлгэрмаагийн “2018-03-1-ний өглөө 11 цаг өнгөрч байхад ганцаар хил дээр штамба даруулаад гарч иртэл М ногоон өнгийн УАЗ 469 автомашин барьчихсан шалгуулаад гарч ирээд явж байхаар нь би автомашинд нь суусан. Суусны дараа араас Эрдэнэчулуун, Нэргүй, Баянбаатар нар, араас М орж ирээд хөдлөх гэтэл цагдаа ирээд саатуулаад шалгатал Мийн биенээс ангийн зүйл гарч ирсэн” гэсэн мэдүүлэг, /хх 39-40/,

шүүгдэгч Ц.Огийн үйлдсэн хэргээ мэдүүлсэн “...2018-03-12 нд Улаанбаатар хотоос бугын сүүл 2 тусад нь гялгар уутанд хийж 2 тусад нь бэлдээд 4 ширхэг сүүлийг нөхөр Эрдэмнэмэхийн саарал өнгийн пүүзэнд хийгээд өгч явуулсан. Би Мт 300 юань өгөхөөр тохирсон байсан юм. Би Мт Эрээн хотод чамаас тосч авна гэж хэлсэн. Би Дүүрэн гэдэг Өвөр монгол хүнд өгөх гэж байсан юм, үнээ тохироогүй, үзэж байгаад больё гэсэн юм. Би уг сүүлүүдийг 2018-03-1-ний өдөр Цайз зах орж түлээ нүүрс авах санаатай явж байгаад 2 эрэгтэй хүн нэхий авдаг хүн байна уу, ийм юм авах хүн байна уу гээд үзүүлэхээр нь харсан чинь бугын сүүл байхаар нь нэг ширэхийг нь 50 000 төгрөгөөр худалдаж авсан байсан юм. Эр, эм гэдгийг мэдэхгүй, ямар ч байсан бугын сүүл гэдгийг мэдэж байна. Тэр хоёр залуугийн нэрийг ч асуугаагүй, Төв аймгийн Лүн сумынх гэж байсан. Дүүрэн ах надад бугын сүүл захиад байсан болохоор авсан юм” гэсэн мэдүүлэг /хх 41/,

шүүгдэгч Б.Мийн “...2018-03-12 ны өдөр танил О надруу залгаад 4 ширхэг сүүл /яг юуны сүүл гэж хэлээгүй/ урагшаа гаргаад өгөөч, 300 юань өгье гэсэн. Тэгэхээр нь би хаана, яаж хийх юм, машинд хийж чадахгүй ш дээ гэхэд салтаандаа хийгээд машин бариад яв гэсэн. Тэгээд Эстима машинаар өгч явуулсан гэж хэлсэн. Тэгээд ярьж байгаад тосч аваад гэртээ очсон. Тэгээд төрсөн эгч Нэргүйрүү залгаад машиныг чинь барьмаар байна гэхэд тэг тэг, Баянбаатарыг явуулчихъя гэсэн. Тэгээд Баянбаатар 88-43 ДГО улсын дугаартай УАЗ 469 машиныг бариад хил дээр очоод гаалийн хяналтын бүсэд ороод би барьсан. Мэргэжлийн хяналт дээр Баянбаатарыг явуулж шалгуулаад Баянбаатараар шалгуулж шалгахцаасан дээр тамга даруулсан. Гаал дээр бууж гаалийн байцаагчаар машинаа бариулаад эгч Нэргүй, түүний нөхөр Эрдэнэчулуун, манай найз Дэлгэрмаа нарыг суулгаад хөдлөх гэтэл цагдаад саатуулагдаад гааль дотор оруулж гаалийн эмэгтэй байцаагчаар намайг шалгуулахад 4 ширхэг сүүл гарсан” гэсэн мэдүүлэг /хх 42-44/,

гэрч Б.Нэргүйн “...2018-03-13-ны өглөө 10 цаг өнгөрч байхад миний төрсөн дүү М залгууд урагшаа машиныг чинь барьж гаръя гэсэн. Тэгэхээр нь тэг тэг гэсэн. Тэгээд Баянбаатарыг тээврийн хэрэгслийг бариулаад М рүү явуулсан. Би нөхөртэйгээ хил дээр хүлээж байсан, бид нар хил дээр штамба даруулаад гараад машинд суугаад хөдлөх гэтэл цагдаа нар ирээд Мийг шалгатал биенээс нь 3 хар  ууттай зүйл гарч ирсэн” гэсэн мэдүүлэг /хх 45-46/ болон бусад нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон байх ба гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн байна.

                                                                                                 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Түүнчлэн энэ талаарх анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгчийн  гэм бурууг хянан хэлэлцэхдээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх”, мөн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийн шинжийг тус тус зөв тайлбарлаж, ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Шүүгдэгч Ц.О, Б.М нарын холбогдсон Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба хэргийг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх хугацаанд шүүгдэгч нар тухайн гэмт хэргийг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрчээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь гэмт хэргийг 2018-03-13-ны өдөр үйлдсэн бөгөөд  гэмт хэрэг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан  “нэг” жилийн хугацаа буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.  

Харин шүүгдэгч Ц.О Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн байх тул мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр мөн хуулийн 1 дэх хэсэгт заасан “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” заалтад хамаарахгүй юм.

Гэхдээ шүүгдэгч Ц.Огийн үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн, гэм буруугаа хүлээж, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг төлөхөө илэрхийлсэн,  8-11 насны, бага насны 3 хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан улмаар хохирлыг төлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, түүнд Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулсныг өөрчилж, мөн хуульд зааснаар 5400 нэгж буюу 5 400 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.  

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтад өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын “...оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэснийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нөхцлийг харгалзан, мөн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэснийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4,  2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын

“Шүүгдэгч Батсуурийн Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Ц-ын Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг,

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ц.О, Б.М нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийн торгох ялыг 1 хоногоор тооцон 30 хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 1 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэснийг,

“Шүүгдэгч Ц.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж,

5 дахь заалтын  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэснийг,  

4 гэж дугаарлан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-д оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж,

4 дэх заалтыг хасч, 6, 7, 8, 9, 10, 11 дэх заалтыг 5, 6, 7, 8, 9, 10 гэж дугаарлан тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Огийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон 32 хоногийн 1 хоногийг 15 нэгж буюу 15000 төгрөгөөр тооцож 480 000 төгрөгийг, оногдуулсан 5 400 000 төгрөгийн торгох ялаас хассугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-г шүүх хуралдааны танхимаас сулласугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                                        Н.БОЛОРМАА