Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2020/0591

 

 

2020 оны 09 сарын 15 өдөр

           Дугаар  128/ШШ2020/0591

              Улаанбаатар хот

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Нэхэмжлэгч: Ж.Д /РД:000000/

Нэхэмжлэгч: Б.М /РД:0000000/

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.

Нэхэмжлэлийн шаардлага: “...иргэн Ж.Д-ынхууль ёсоор эзэмшиж байсан Сүхбаатар дүүрэг, ** дүгээр хороо, Санзайн гудамж, гэрчилгээний дугаар 00052***, 186*** нэгж талбарын дугаартай зуслангийн газрыг эзэмших эрхийг сунгах шийдвэр гаргахгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн ба шаардагдах захиргааны акт /Ж.Д-ын186*** нэгж талбарын дугаартай газрын эзэмших эрхийг сунгах, түүний дараа 186*** нэгж талбарын дугаартай газрын эзэмших эрхийг Б.М-ийн нэр дээр шилжүүлэх/ гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах,

улмаар Ж.Д-ынтөрсөн охин Б.М-тай хийсэн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” болон Газрын тухай хуулийг үндэслэн тус газрын эзэмших эрхийг Ж.Д-аас Б.М-ийннэр лүү сольж, Б.М-д 1864*** нэгж талбарын дугаартай газар дээр шинээр гэрчилгээ гаргуулахыг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах,

Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар Захиргааны ерөнхий хуулийн 47.1.5, 47.1.6, 47.1.7-т заалтыг зөрчсөн тул тус актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулж 2018 оны Газар зохион байгуулалтын албаны хэрэгжүүлэх төлөвлөгөөг Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан. Энэхүү Газар зохион байгуулалтын албаны хэрэгжүүлэх төлөвлөгөө нь захиргааны илт хууль бус акт болохыг шүүхээс тогтоож өгнө үү гэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар “утга агуулгын илэрхий алдаатай” захиргааны акт буюу Газар зохион байгуулалтын албаны төлөвлөгөөг баталсан гэж байгаа юм. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д зааснаар “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” буюу Газар зохион байгуулалтын албанаас үүнийг үүрэг болгосон. 40 гаруй айлын газрыг хууль бусаар, төрийн нэрийн өмнөөс авахыг шаардсан үүрэг даалгаврыг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба үүрэг болгож төлөвлөгөөг баталсан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” байхад дээрх айлуудын газрыг хүчээр, хууль бусаар хураан авах ажиллагааг зохион байгуулах актыг батлуулж, хэрэгжүүлсэн. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар “түүнийг бодит нөхцөл байдалд хэрэгжүүлэх боломжгүй” гэдэг 4 үндэслэлээр Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын захиргааны акт буюу Газар зохион байгуулалтын албаны хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталсан нь илт хууль бус юм гэдгийг тогтоож өгнө үү.

Сүхбаатар дүүргийн Газрын албанд холбогдуулан Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ” гэж заасан байтал өнөөдрийг хүртэл шийдвэр гараагүй. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж заасан. Гэтэл өөрийн төрсөн охин Б.М-д шилжүүлэх хүсэлтийг өгсөн байтал өнөөдрийг хүртэл 2 жилийн хугацаанд шийдвэр гаргаагүй. Хуульд заасны дагуу Засаг дарга ажиллаж чадаагүй. Иймд хууль зөрчсөн үйлдлийг нь зогсоож өгнө үү гэх хүсэлтийг гаргасан.

Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж Газрын тухай хуульд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг зааж өгсөн. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” бүрэн эрх нь иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байдаг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ төлөвлөгөөгөө баталсан. Газрын тухай хуулийн 20.2-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд уг зүйлийн 20.2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” гэж заасан байдаг. Мөн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, эрх хэмжээ гээд мөн зүйлийн 23.2.11-д “газрын талаарх хууль тогтоомж зөрчсөн байгууллага, албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах саналыг тухайн шатны Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх”, 23.4-т Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараах эрх хэмжээтэй байна гээд мөн зүйлийн 23.4.1-т “сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулах” гэж заасан. Үүнээс харахад газар зохион байгуулалтын төлөвлөгөөг өөрсдөө боловсруулаад, дээд шатны Засаг даргаа танилцуулж улмаар Засаг даргын санал, засварыг оруулсны дараа тухайн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулж батлуулдаг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч юу гэж ярьдаг вэ гэхээр бид нар тухайн байршлыг чөлөөл гэдэг үүрэг даалгаврыг өгч газрын албаар боловсруулаагүй гэдэг. Тэгэхээр газар зохион байгуулалтын алба хуульд заасан эрхийг хэтрүүлсэн. Газар зохион байгуулалтын албаны төлөвлөгөөг боловсруулаагүй. Мөн Засаг дарга 15 хоногийн дотор шийдвэрлэх ёстой байтал цааш нь уламжилж шийдвэрлүүлээгүй. Шүүхээс очиж үзлэг хийхэд нэхэмжлэгчийн хүсэлт бүртгэгдээгүй байсан. Тэгэхээр Газар зохион байгуулалтын алба иргэдээс өгсөн хүсэлтийг цааш нь Засаг даргад уламжилж шийдвэрлүүлэх арга хэмжээг зохион байгуулаагүй. Хууль зөрчсөн байна гэдэг гомдолтой байгаа юм.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” эрхээ бусдад шилжүүлж чадаагүй хохирсон. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д зааснаар “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах” эрхийг эдэлнэ гэсэн байдаг. Энэ эрхийг эдэлж чадаагүй. Газар эзэмших эрхийн хугацаа нь дуусаад хүчингүй болчихсон байгаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гээд уг зүйлийн 3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заасан. Гэтэл өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өв залгамжлуулах эрхээ эдэлж чадахгүй байна. Хариуцагч байгууллагууд газрыг хүчээр авсны төлөө ямар нэгэн нөхөн олговор өгөөгүй. Өөр газраар хохирлыг барагдуулах байдлаар сольж өгөөгүй нэхэмжлэгч хохирсон байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан Газар зохион байгуулалтын албаны 2018 оны хэрэгжүүлэх төлөвлөгөөг хүчингүй болгох, улмаар хугацаандаа буюу 15 хоногийн дотор эрх сэргээх сунгах болон бусдад буюу төрсөн охиндоо эзэмших эрхийг шилжүүлэх шийдвэр гаргах ёстой байсан. Тэгэхээр энэ шийдвэрүүдийг гаргаж өгөх, хугацаа сунгах, өөрийн охин Б.М-д газар эзэмших эрхийг шилжүүлэхийг Засаг даргал даалгаж өгөх, Газар зохион байгуулалтын албаны хууль зөрчсөн үйл ажиллагааг тогтоож, шүүхийн зүгээс зохистой арга хэмжээ авах, хохирсон байгаа үйл ажиллагааг барагдуулахыг даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар иргэн Ж.Д-т тус дүүргийн *** дүгээр хороо Хандгайт зусланд 500м.кв газрыг эзэмшүүлж, гэрээ гэрчилгээ олгосон байна. Иргэн Ж.Д нь газар эзэмших эрхээ иргэн Б.М-д шилжүүлэх хүсэлтийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай албанд ирүүлсэн байна. Газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг судалж үзэхэд иргэн Ж.Д-т эзэмшүүлсэн 186**** нэгж талбар бүхий газар нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 83 дугаар тушаалын 9.3-т зааснаар нэгж талбарын хил, заагийн эргэлтийн цэгийг газарт бэхлэх зайлшгүй шаардлагатай буюу байгалийн тодорхой биет, хашаа зэрэг байхгүй зөрчилтэй байгаа учир газар эзэмших эрх шилжүүлэх, хугацаа сунгах боломжгүй” гэв.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар иргэн Ж.Д-т тус дүүргийн *** дүгээр хороо Хандгайт зусланд 500м2 газрыг эзэмшүүлж, гэрээ гэрчилгээ олгосон байна. Иргэн Ж.Д нь газар эзэмших эрхээ иргэн Б.М-д шилжүүлэх хүсэлтийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай албанд ирүүлсэн байна. Газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг судалж үзэхэд иргэн Ж.Д-т эзэмшүүлсэн 186**** нэгж талбар бүхий газар нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын  дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байна. Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын 83 дугаар тушаалын 9.3-т зааснаар нэгж талбарын хил, заагийн эргэлтийн цэгийг газарт бэхлэх зайлшгүй шаардлагатай буюу байгалийн тодорхой биет, хашаа зэрэг байхгүй зөрчилтэй байгаа учир газар эзэмших эрхийг эрх шилжүүлэх, хугацаа сунгах боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдахдаа өөрийн эзэмшлийн *** дүгээр хороонд байрлах газрын эзэмших эрхийн хугацааг сунгаж өгөхийг, мөн газар эзэмших гэрчилгээний нэрийг сольж шинээр гэрчилгээ гаргуулах хүсэлтийг 2018 оны 10 дугаар сарын 17-нд өгсөн боловч 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас түүний эзэмшлийн газрыг “мод үржүүлэг, ногоон байгууламжийн чиглэлээр ашиглахаар тусган баталсан, тухайн газрыг иргэн, хуулийн этгээд эзэмших, өмчлөх болон ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй" гэсэн утгатай албан бичиг ирсэн бөгөөд тус хугацаанд Ж.Д-д ямар нэгэн мэдэгдэл ирээгүй. Тийм учир газар эзэмших эрхийн хугацаа дуусаагүй байхад үндэслэлгүйгээр хүчингүй болгосон гэж тусгасан байна.

 Тухайн асуудал нь манай иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хамааралгүй, холбогдох алба хэлтсийн шийдэх асуудал бөгөөд Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 05 тоот “Дүүргийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний биелэлт, дүүргийн газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоол нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2, 20.2.3 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн хуулийн дагуу гаргасан хүчин төгөлдөр акт юм” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Д, Б.М нараас тус шүүхэд хандан иргэн Ж.Д-ын хууль ёсоор эзэмшиж байсан Сүхбаатар дүүрэг, ** дүгээр хороо, Санзайн гудамж, гэрчилгээний дугаар 00052***, 1864*** нэгж талбарын дугаартай зуслангийн газрыг эзэмших эрхийг сунгах шийдвэр гаргахгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн ба шаардагдах захиргааны акт /Ж.Д-ын 186*** нэгж талбарын дугаартай газрын эзэмших эрхийг сунгах, түүний дараа 186***нэгж талбарын дугаартай газрын эзэмших эрхийг Б.М-ийн нэр дээр шилжүүлэх/ гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах,

улмаар Ж.Д-ын төрсөн охин Б.М-тай хийсэн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” болон Газрын тухай хуулийг үндэслэн тус газрын эзэмших эрхийг Ж.Д-с Б.М-ийн нэр лүү сольж, Б.М-д 186*** нэгж талбарын дугаартай газар дээр шинээр гэрчилгээ гаргуулахыг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах,

Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар Захиргааны ерөнхий хуулийн 47.1.5, 47.1.6, 47.1.7-т заалтыг зөрчсөн тул тус актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, маргаан бүхий газарт болон хариуцагчийн архив, бичиг хэрэгт хийсэн шүүхийн үзлэг зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 1. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ж.Д-т тус дүүргийн *** дүгээр хороо Хандгайт зусланд 500м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, гэрээ гэрчилгээ олгожээ.

Улмаар иргэн Ж.Д-с 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд /хуучин нэрээр/ хандан газар эзэмших эрхээ иргэн Б.М-д шилжүүлэх хүсэлт гаргасныг хариуцагч Сүхбаатар дүүргийн Газрын албанаас “... дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр тус дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Хандгайтын аманд байршилтай 3 га газарт иргэдийн амралт, чөлөөт цагийг өнгөрөөх ногоон байгууламж, мод үржүүлгийн талбай байгуулахаар төлөвлөсний дагуу дүүргийн Засаг даргын 2014 оны А/*******, А/331 дугаарын захирамжуудаар 40 гаруй иргэнд газар олголт хийсэн байсныг ногоон бүсэд хууль зөрчин газар олголт хийсэн гэсэн үндэслэлээр хүчингүй болгох саналыг дүүргийн Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн байгаа тул одоогоор эрх шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариуг өгчээ.

2. Нэхэмжлэгч нарын зүгээс дээрх хариуг эс зөвшөөрч, “...Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 2018 оны дүүргийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь 40 гаруй айлын газрыг хууль бусаар, төрийн нэрийн өмнөөс авахыг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болгосон Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус акт”, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь  Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана”, 38 дугаар зүйлийн 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” хэмээн заасныг тус тус зөрчиж өнөөдрийг хүртэл шийдвэр гаргахгүй хууль зөрчиж байна”, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь иргэдээс өгсөн хүсэлтийг цааш нь Засаг даргад уламжилж шийдвэрлүүлэх арга хэмжээг зохион байгуулаагүй. Хууль зөрчсөн” хэмээн тус тус тайлбарлан маргаж байна.

            3. Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Дүүргийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний биелэлт, дүүргийн газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө батлах тухай” 5 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

            Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:

            47.1.1.утга агуулгын илэрхий алдаатай;

            47.1.2.бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй;

            47.1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;

            47.1.4.захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус;

            47.1.5.хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан;

            47.1.6.иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;

            47.1.7.түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” хэмээн заасан бөгөөд

            Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасанчлан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” бүрэн эрхтэй.

Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Дүүргийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний биелэлт, дүүргийн газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө батлах тухай” 5 дугаар тогтоолоор батлагдсан Сүхбаатар дүүргийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2.1.3-т “Аялал жуулчлал, мод үржүүлгийн зориулалтаар

2.1.3.1. Сүхбаатар 15,19,20 хороодын нутаг дэвсгэрт аялал жуулчлал зориулалтаар 12 иргэнд 6 га газрыг I-IV улиралд ДЗД, ДГА,

2.1.3.2. Сүхбаатар 15,19,20 хороодын нутаг дэвсгэрт мод үржүүлгийн зориулалтаар 12 иргэнд 12 га газрыг I-IV улиралд ДЗД, ДГА” гэсэн байдлаар туссан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хийгээд хэрэгт нотлох баримтаар авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны тэмдэглэл холбогдох бусад баримтаар Сүхбаатар дүүргийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2.1.3-т заасан аялал жуулчлал, мод үржүүлгийн зориулалтаар төлөвлөсөн төлөвлөлт нь бодитоор хэн нэгний газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн эсрэг чиглээгүй, тухайлан зураг төсөл боловсруулж, дээрх зориулалтаар иргэн, аж ахуйн нэгжид олгохоор тодорхойлсон зүйлгүй, зөвхөн тухайн байршилд иргэн, аж ахуйн нэгжид олгох боломжтой газар байгаагаа тохиолдолд аялал жуучлал болон мод үржүүлэх гэсэн хоёр зориулалтаар олгох асуудлыг судалж, шийдвэрлэхийг үүрэг олгосон шинжтэй байх бөгөөд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Дүүргийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний биелэлт, дүүргийн газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө батлах тухай” 5 дугаар тогтоолыг шүүх илт хууль бус хэмээн үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4. Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах болон эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгах,

Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох Б.М-д  нэгж талбарын 186*** дугаартай газарт шинээр гэрчилгээ олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана:

37.1.1 газар эзэмших эрхийн гэрчилгээ;

37.1.2.газрын төлбөрийг төлсөн тухай баримт;

37.1.3.байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт”, 37.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана”, 38 дугаар зүйлийн 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” хэмээн тус тус заажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан нэгж талбарын 186*** дугаар бүхий газрын хувийн хэрэг болон хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын болон дүүргийн Газар зохион байгуулалтын албаны архив, бичиг хэрэгт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчид хүргүүлсэн шуудан болон холбогдох бусад баримтаар нэхэмжлэгч Ж.Д түүний охин Б.М нар 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр харилцан тохиролцож, “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний үндсэн дээр Ж.Д-ынэзэмшлийн нэгж талбарын 186*** дугаар бүхий Сүхбаатар дүүргийн ***-р хороо, Хандгайт зусланд байршилтай 500 м.кв газрын эзэмших эрхийг Б.М-н нэр дээр шилжүүлэхээр холбогдох материалыг хүсэлтийн хамт Сүхбаатар дүүргийн Газрын албанд гаргасныг  дүүргийн Газрын албаны өргөдөл гомдлын бүртгэлийн 8495 дугаар бүртгэжээ.

Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 7 дугаар сарын 31-ний 400 дугаар албан бичгээр “дүүргийн 2018, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Сүхбаатар дүүргийн *** дүгээр хороо, Хандгайтын аманд байрлах 5 га газрыг мод үржүүлэг, ногоон байгууламжийн чиглэлээр ашиглахаар тусган баталсан. Иймд тухайн газрыг иргэн, хуулийн этгээд эзэмших, өмчлөх болон ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд зөвхөн энэ чиглэлээр ашиглах” болохыг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд мэдэгдсэнтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Газрын албанаас одоогоор эрх шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй тухайн хариуг хүсэлт гаргагчид өгсөн болох нь тогтоогдож байх бөгөөд үүнтэй холбогдуулан хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Түүнчлэн, хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “газар эзэмших эрх шилжүүлэх” хүсэлтийн хамт газар эзэмших эрхийн хугацаа сунгах хүсэлтийг гаргасан хэмээн тайлбарлан маргаж байх боловч шүүхээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны архив, бичиг хэрэг болон нэгж талбарын 186*** дугаар бүхий газрын хувийн хэрэгт хийсэн үзлэг холбогдох бусад баримтаар нэхэмжлэгч Б.М нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандан нэгж талбарын 186*** дугаар бүхий Сүхбаатар дүүргийн ***-р хороо, Хандгайт зуланд байршилтай 500 м.кв газрын эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай хүсэлтийг холбогдох материал болох Ж.Д-ын өргөдөл, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 00052*** дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, Ж.Д, Б.М нарын төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, газрын төлбөр төлсөн баримт, Сонгионхайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 5/2956 дугаар албан татвараас чөлөөлөх тухай албан бичиг гэсэн баримтуудын хамт дүүргийн Газрын албанд бүрдүүлж өгснийг хариуцагчаас өргөдөл гомдлын бүртгэлийн 8495 дугаарт бүртгэсэн. Эдгээр баримтууд дунд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тодорхойлсон Б.Д-ын газар эзэмших эрхийн хугацаа сунгах тухай хүсэлт байхгүй.

Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 14/2621 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч Ж.Д, Б.М нар нь 2020 оны 6 дугаар сарын 03-ний өдрийг хүртэл хугацаанд тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахтай холбоотой хүсэлтийг ирүүлж байгаагүй болох нь тус тус тогтоогдож байна.

Иймд нэгэнт нэхэмжлэгч Б.Д, Б.М нараас Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан хугацааны дотор газар эзэмших эрхийн хугацаа сунгах хүсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргаж байсан болох нь тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Ж.Д-ын газар эзэмших эрхийг сунгахыг хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргад, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгаж шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэргэсхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж.Д, Б.М нараас Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан гаргасан “...Монгол Улсын иргэн Ж.Д-ынхууль ёсоор эзэмшиж байсан Сүхбаатар дүүрэг, *** дүгээр хороо, Санзайн гудамж, Гэрчилгээний дугаар 0005***, 186*** нэгж талбарын дугаартай зуслангийн газрыг эзэмших эрхийг сунгах шийдвэр гаргахгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн ба шаардагдах захиргааны акт /Ж.Д-ын18*** нэгж талбарын дугаартай газрын эзэмших эрхийг сунгах, түүний дараа 186*** нэгж талбарын дугаартай газрын эзэмших эрхийг Б.М-ийн нэр дээр шилжүүлэх/ гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах, түүний эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, улмаар Ж.Д-ынтөрсөн охин Б.М-тай хийсэн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” болон Газрын тухай хуулийг үндэслэн тус газрын эзэмших эрхийг Ж.Д-аас Б.М-ийн нэр лүү сольж, Б.М-д 186***нэгж талбарын дугаартай газар дээр шинээр гэрчилгээ гаргуулахыг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтын 2.1.3-т тусгасан газар дайчлан авч чөлөөлөхөөр төлөвлөсөн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн нь Ж.Д-ын газрын эрхийг хүчингүй болгож, газрыг дайчлан авч Газрын тухай хуулиар олгогдсон хууль ёсны эрх, ашиг сонирхлыг нь үгүйсгэж, ноцтой хохирол учруулсан тул тус актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.МӨНХТУЛГА