Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 125/2015/0021/З |
Дугаар | 221/МА2015/0519 |
Огноо | 2015-11-18 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2015/0519
2015 оны 11 сарын 18 өдөр Дугаар 221/МА2015/519
ЦАЖ ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л нарыг оролцуулан хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, ЦАЖ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ХОАУБХЭ ийн улсын бүртгэгчид холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ЦАЖ ХХК-нийн ТУЗ-ын дарга Н.Э, гүйцэтгэх захирал Ж.Д нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...ЦАЖ ХХК нь Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 18.5-д заасны дагуу улсын бүртгэлийн гэрчилгээгээ үнэт цаасан дээр хэвлэн баталгаажуулж авахыг хүссэн хүсэлт гаргасан байхад улсын бүртгэгч П.А нь татгалзсан хариу өгсөн хууль зүйн үндэслэлгүй болох нь илэрхий байна. ЦАЖ ХХК нь шинээр улсын бүртгэлд бүртгүүлье, бүртгэгдсэн жагсаалтад өөрчлөлт оруулъя гэж хүсэлт гаргаагүй байхад улсын бүртгэгч П.А нь хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх, нэгэнт бүртгэгдчихсэн хуулийн этгээдэд улсын бүртгэлийн гэрчилгээ олгох гэсэн хууль зүйн ач холбогдол бүхий зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ. Манай компани нь 4068777 регистрийн дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ-г гээгдүүлсний улмаас дахин авах хүсэлтэй байгаа юм. Хариуцагч ХОАУБХ-ийн улсын бүртгэгч П.А-ийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл-ийн улмаас нэхэмжлэгч ЦАЖ ХХК-ийн төрийн байгууллагад өргөдөл гаргаж, үндэслэлтэй хариуг авах, компанийн аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрх зөрчигдлөө. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Тус компанийн үүсгэн байгуулагч Н.Э, Ж.Д нарын 6 хүн гэрчилгээгээ гээгдүүллээ, дахиж авъя гэсэн хүсэлтийг 2015 оны 05 дугаар сарын 28-нд өсгөн. Анх бүртгэл хийлгэхдээ бичүүлж авсан гэрчилгээ нь тус компанийн үүсгэн байгуулагч М.О-д байгаа учраас дээрх 6 хүний гэрчилгээгээ гээгдүүлсэн гэх шийдвэр нь хууль бус худлаа байх тул дахиж гэрчилгээ олгох нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийг зөрчиж байна. Н.Э нарын 6 хүний гэрчилгээ дахиж авах эрхтэй гэж заагаад байгаа Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэг нь шинээр байгуулсан хуулийн этгээдийг бүртгэх зүйлийн заалт бөгөөд дээрх үүсгэн байгуулагчдийн хүсэлтээр нэг хуулийн этгээдэд хэдэн ч гэрчилгээ олгож болно гэсэн заалт биш юм. Тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байхад дахин гэрчилгээ авах нь хууль бус юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. гэжээ.
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Ховд аймгийн Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч П.А-ийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл-ийг хүчингүй болгож, ЦАЖ ХХК-нийн улсын бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэж, баталгаажуулан олгохыг даалгажээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь заалтыг үндэслэж нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
1. Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 3.1.5 дахь заалтанд "нотлох баримтанд үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх" гэжээ. "ЦАЖ " ХХК нь 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 9 үүсгэн байгуулагчтайгаар улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд тэр үедээ үнэт цаасан дээр хэвлэгдсэн гэрчилгээгээ хүлээж авсан ба үүсгэн байгуулагдсанаас хойш үйл ажиллагаагаа явуулж байгаад 2015 оны эхээр компанийг үүсгэн байгуулагчдын хооронд хөрөнгө мөнгө, эрх мэдлийн талаар зөрчил, маргаан гарч үүсгэн байгуулагчид нь 2 хуваагдсан байдаг. Тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь үүсгэн байгуулагчдын нэг М.О д байгаа гэдгийг өөрсдөө мэдсээр байж, түүнд байна гэдгийг улсын бүртгэгч миний бие 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Н.Э , өмгөөлөгч Б.А т нарт сануулж хэлсээр байтал Н.Э нарын 6 үүсгэн байгуулагч нь гээгдүүлсэн" гэж худлаа шийдвэр гарган хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар түгээсэн нь "Зар сурталчилгааны тухай" хуулийн 6.1-д заасан 3ар сурталчилгаа нь үнэн... байна" гэсэн заалтыг зөрчиж байгаа ба нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж шийдвэр гаргаж байна. Мөн тус хэргийн гэрчээр асуугдаж мэдүүлэг өгсөн М.О " ЦАЖ ХХК-ы ТУЗ-ын зүгээс улсын бүртгэлийн гэрчилгээг танаас авахаар шаардсан зүйл байна уу" гэсэн шүүгчийн асуултанд "Надаас тийм зүйл шаардаагүй. 2013 оны 2 дугаар сарын 24-нд надад ажил хүлээлгэж өгөхдөө С.Энхтөр надад тамга, гэрчилгээг хүлээлгэж өгсөн" гэж мэдүүлсэн нь Н.Э нарын гэрчилгээ гээгдүүлсэн" гэсэн шийдвэр нь хуурамч шийдвэр гаргасныг гэрчилж байна. Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 болон 80 дугаар зүйлийн 80.5-д зааснаар олонхи нь "Улсын бүртгэлийн гэрчилгээгээ гээгдүүллээ, дахиж авъя" гэсэн шийдвэрээ гарган гэрчилгээ дахиж аваад байх юм бол тус компанийн үүсгэн байгуулагч хүн бүр гэрчилгээтэй бас тамга тэмдэгтэй байж болохоор шүүх шийдвэрлэсэн байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүх М.О гээс хурааж авсан гэрчилгээг яах талаар шийдвэртээ тусгаагүй ба улсын бүртгэлийн байгууллагад шилжүүлэлгүй өөрт нь буцааж өгсөн нь тэр гэрчилгээг дахиж ашиглаж боломжийг олгож байна.
2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт "Улсын бүртгэлийн байгууллага нь өргөдөл гаргагчийн хүсэлтээр улсын бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэж, баталгаажуулж олгож болно" гэсэн заалт нь "Шинээр байгуулсан хуулийн этгээдийг бүртгэх" зүйлийн заалт бөгөөд дээрх үүсгэн байгуулагчдын хүсэлтээр нэг хуулийн этгээдэд хэдэн ч гэрчилгээ олгож болно гэсэн заалт биш юм.
Анх бүртгэл хийлгэхдээ бичүүлж авсан гэрчилгээ нь байгаа учраас дээрх 6 хүний гэрчилгээгээ гээгдүүлсэн гэх хуурамч шийдвэрийг үндэслэж дахин гэрчилгээ олгох нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д заасан "Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох зүйл"~ийг зөрчиж байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь заалтанд "улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж , гэрчилгээ олгох"-ыг хориглосон заалт нь өмнө олгосон гэрчилгээ гээгдээгүй, хүчинтэй байхад дахин гэрчилгээ олгохыг хориглосон заалт гэж үзэж байна.
Шүүх дахиж гэрчилгээ авах нь ямар нэгэн бүртгэл хийгдэхгүй гэж үзсэн байна. Гэрчилгээ дахиж авахад ямар шалтгааны улмаас /гээгдүүлсэн, хуучирч шаардлага хангахгүй болсон, нэр, хэлбэр өөрчилсөн гэх мэт / дахиж авах талаар бүртгэл хийж байж гэрчилгээ бичигдэж олгогддог.
Ийм учраас Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 19 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү
Давж заалдах шатны шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулах хүсэлтэй байна. гэжээ.
ХЯНАВАЛ :
Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн давж заалдах гомдол болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
ЦАЖ ХХК өөрийн улсын бүртгэлийн гэрчилгээг гээгдүүлсэн гэх үндэслэл зааж улмаар 1. ХОАУБХ-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч П.А-ийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл-ийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, 2. ЦАЖ ХХК-нийн улсын бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэж, баталгаажуулан олгохыг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна гэж дүгнэв. Учир нь шүүх улсын бүртгэгч П.А-ийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаартай мэдэгдлийг нь хуулийн этгээдийг бүртгэлтэй хамааралгүй байхад татгалзах үндэслэлийг баримталсан нь буруу гэж дүгнэсэн атлаа яг тэр үндэслэлээрээ тодруулбал, хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэсний дараа гэрчилгээ хэвлэн олгох зохицуулалтыг баримталж, дахин гэрчилгээ олгохыг даалгаж байгаа нь буруу байна.
ЦАЖ ХХК нь 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 9 үүсгэн байгуулагчтайгаар байгуулагдан улсын бүртгэлийн 1611003094 дугаарт бүртгэгдэж, 4068777 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ авсан болох нь хуулийн этгээдийн улсыг бүртгэлийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байгаа бөгөөд дахин гэрчилгээ авах хүсэлтийг гаргаснаар дээрх маргаан үүссэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд ЦАЖ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ гээгдээгүй, үрэгдээгүй, харин тус компанийн үүсгэн байгуулагчдын болох М.О д байгаа болох нь гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар, тэмдэглэл зэргээр хангалттай нотлогдсон байна. Иймд ХОАУБХ-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэгчийн мэдэгдэл өгсөн, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан "нотлох баримтанд үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх" зарчмыг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй.
Харин иргэн, хуулийн этгээд нь өөрийн өмчлөх болон эзэмших эрх зөрчигдсөн бүх тохиолдолд зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Гэтэл ЦАЖ ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн зарим гишүүд хуралдан улсын бүртгэлийн гэрчилгээгээ гээгдүүлсэн мэтээр шийдвэр гаргаж байгаа нь буруу бөгөөд "Зар сурталчилгааны тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д 3ар сурталчилгаа нь үнэн... байна" гэсэн заалтыг зөрчиж байгаа хэрэг юм. Иймд давж заалдах шатны шүүхээс Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 болон 80 дугаар зүйлийн 80.5-д зааснаар олонхи нь "Улсын бүртгэлийн гэрчилгээгээ гээгдүүллээ, дахиж авъя" гэсэн шийдвэрээ гарган гэрчилгээ дахиж аваад байх юм бол тус компанийн үүсгэн байгуулагч хүн бүр гэрчилгээтэй бас тамга тэмдэгтэй байж болохоор шүүх шийдвэрлэсэн байна гэсэн хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Тухайн тохиолдолд хариуцагч хуулийг төсөөтэй хэрэглэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь заалтыг үндэслэл болгож мэдэгдэл өгсөн байгааг буруутгах боломжгүй.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт "Улсын бүртгэлийн байгууллага нь өргөдөл гаргагчийн хүсэлтээр улсын бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэж, баталгаажуулж олгож болно" гэсэн заалт нь "Шинээр байгуулсан хуулийн этгээдийг бүртгэх" зохицуулалт байх бөгөөд хуулийн энэхүү бичвэрт байгаа өргөдөл гаргагчийн хүсэлтээр гэдэг нь уг хуулийн этгээдийг шинээр үүсгэн байгуулж бүртгүүлж байгаа этгээдийг хэлж байгаа, улсын бүртгэлийн гэрчилгээг олгоно гэдэг нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй гэсэн ерөнхий агуулгын дагуу дахин ижил нэртэй хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ давхардаж олгогдох ёсгүй, иймд хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт бол бүхэлдээ анх удаа шинээр хуулийн этгээд байгуулсан этгээдэд түүний хүсэлтээр нэг удаа гэрчилгээ олгох зохицуулалтыг агуулж байна гэж үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч ЦАЖ ХХК-ийн Ховд аймгийн Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч П.А-ийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл-ийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, ЦАЖ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэж, баталгаажуулан олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР