Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2018/ШЦТ/362

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг

-улсын яллагч И.Мөнхцэцэг

-шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Отгонсүрэн

-шүүгдэгч Б.Т, Э.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т, Э.Ц нарт холбогдох эрүүгийн 18340004630231 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

-Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, боловсролгүй, мэргэжилгүй, Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар 5 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай, ухаан мэдрэл бүрэн, Т,

 

-Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот Баянгол дүүрэгт төрсөн, 25 настай, эрэгтэй, ам бүл 2, төрсөн эхийн хамт амьдардаг, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Улаанбаатар Чингэлтэй дүүрзт 12 дугаар хороо Булгийн 18 дугаар гудамж 877 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай, ухаан мэдрэл бүрэн, Ц,

Холбогдсон хэргийн талаар/ Яллах дүгнэлтэнд дурьдагдсанаар/

Шүүгдэгч Б.Т нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг Галуутайн гол гэх газраас 2018 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө иргэн Ц.Алтанхүүгийн улбар шар өнгийн "Даюун" маркийн мотоциклийг нууцаар, хууль бусаар авч, 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дахин архи уух зорилгоор шүүгдэгч Э.Цтай бүлэглэн Налайх дүүргээс портер маркийн машиныг 70000 төгрөгөөр хөлслөн мотоциклио ачиж, Улаанбаатар хотын "Өгөөмөр" зах дээр 350.000 төгрөгөөр зарж борлуулсан,

Мөн шүүгдэгч Э.Цтай бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг Галуутайн гол гэх газраас Н.Пүрэвсүхийн ногоон өнгийн "Даюун" маркийн улсын дугааргүй мотоциклийг нууцаар, хууль бусаар авсан,

Шүүгдэгч Э.Ц нь шүүгдэгч Б.Ттэй бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архи уух зорилгоор 2018 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг Галуутайн гол гэх газраас Н.Пүрэвсүхийн ногоон өнгийн "Даюун" маркийн улсын дугааргүй мотоциклийг нууцаар, хууль бусаар авсан,

Мөн 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дахин архи уух зорилгоор шүүгдэгч Б.Тийн 2018 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө нууцаар, хууль бусаар авсан Ц.Алтанхүүгийн улбар шар өнгийн мотоциклийг Улаанбаатар хотын "Өгөөмөр" зах дээр 350.000 төгрөгөөр зарж борлуулан шүүгдэгч Б.Ттэй бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч Б.Т нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг Галуутайн гол гэх газраас 2018 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө иргэн Ц.Алтанхүүгийн улбар шар өнгийн "Даюун" маркийн мотоциклыг нууцаар, хууль бусаар авч, 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архи уух зорилгоор шүүгдэгч Э.Цтай бүлэглэн Налайх дүүргээс портер маркийн машиныг 70.000 төгрөгөөр хөлслөн мотоциклыг ачиж, Улаанбаатар хотын "Өгөөмөр" зах дээр 350.000 төгрөгөөр зарж борлуулсан,

Мөн шүүгдэгч Э.Цтай бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг Галуутайн гол гэх газраас Н.Пүрэвсүхийн ногоон өнгийн "Даюун" маркийн улсын дугааргүй мотоциклыг нууцаар, хууль бусаар авсан,

Шүүгдэгч Э.Ц нь шүүгдэгч Б.Ттэй бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архи уух зорилгоор 2018 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг Галуутайн гол гэх газраас Н.Пүрэвсүхийн ногоон өнгийн "Даюун" маркийн улсын дугааргүй мотоциклийг нууцаар, хууль бусаар авсан,

Мөн 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дахин архи уух зорилгоор шүүгдэгч Б.Тийн 2018 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө нууцаар, хууль бусаар авсан Ц.Алтанхүүгийн улбар шар өнгийн мотоциклыг шүүгдэгч Б.Ттэй бүлэглэн Улаанбаатар хотын "Өгөөмөр" зах дээр 350.000 төгрөгөөр зарж борлуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Б.Т-ийн "2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багаас Цтай иргэн Алтанхүүгийн шар мотоциклыг Пүрэвсүхийн ногоон мотоциклын хамт авч явсан. Тэгээд Баяндэлгэр сумын төв дээр Ц бид хоёр архи авч уугаад тэрэндээ халуураад хот явахаар болоод ногоон мотоциклоо сумын төвийн засмал замын хажуугийн нэг айлын хашаанд үлдээгээд Пүрэвсүх ахад мотоциклыг нь үлдээснээ хэлээд шөнөжингөө явж Налайх дүүрэг ороод тэндээсээ Портер хөлслөөд хот орж мотоциклоо 350.000 төгрөгөнд зараад мөнгөөр нь архи авч уугаад дуусгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 52 хуудас/,

Шүүгдэгч Э.Ц-ын "Би 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүргэн ах Төрбат болон Т хоёртой нийлж 1 шил архи хувааж уугаад хөдөө гэрлүүгээ явсан. Хөдөө очоод 23 цагийн үед Пүрэвсүхийн мотоциклыг би унаад Т Алтанхүүгийн шаргал мотоциклыг унаад сумын төврүү архи авч уух гэж очоод тэндээсээ архиа авч уугаад хот орж дахин архи авч уумаар санагдаад ногоон мотоциклоо айлын хашаанд үлдээгээд шар мотоциклдоо сундлаад хот явсан. Налайх дүүргээс 70.000 төгрөгөөр Портер машин хөлслөөд мотоциклоо ачаад хот орж Өгөөмөр зах дээр мотоциклоо 350.000 төгрөгөөр зарсан. Т Пүрэвсүх ахад мотоциклыг чинь айлын хашаанд үлдээсэн гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35, 45 хуудас/,

Хохирогч Н.Пүрэвсүхийн "2018 оны 06 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө миний ногоон өнгийн мотоцикль мөн гэрийн гаднаас алга болсон. Би тухайн үед Цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэсэн чинь манай ах Батжаргал Алтанхүү ах хайж байгаа чи хэрэггүй гэсэн. Би Т, Ц гэх хүмүүсийг сэжиглэж байна. Учир нь манай хамаатан залуучууд байгаа юм. 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр миний утасруу дугаараа нууцалж залгаад Цогтоо байна гэснээ мотоциклийг чинь алдсан шүү гэж хэлээд тэгээд түүнээс хойш сураггүй болсон... алдсан мотоцикль Даюун маркийн ногоон өнгийн мотоцикль байсан. Би мотоциклоо 800.000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Н.Баттогоогийн ”2018 оны 04 дүгээр сарын үед мотоциклио зараад Өгөөмөр захын урд зогсож байхад цэнхэр өнгийн портертой хоёр хүн мотоцикль зарна гээд ирсэн. Тэгээд үзээд 350.000 төгрөгөөр авахаар болсон. Банкны мөнгө хийх гээд мөнгө байхгүй зарахаар болж байна. Бичиг баримтаа дараа нь өгье гээд гуйгаад байсан. Тэгээд би хулгайнх биш биз гэсэн чинь нутгийн ахаасаа адуугаар сольж авсан юм гэж байсан. 600.000 төгрөгөөр авчих гэхэд нь би үгүй гээд 350.000 төгрөгөөр улбар шар өнгийн супер даюун мотоцикль худалдан авсан. Мөнгөө эргүүлж авсан тул гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 13 хуудас/

Шар өнгийн Даюун маркийн мотоцикль хураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 30-31 хуудас/,

Шүүгдэгчийн урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Н.Гантогоогийн хохиролын мөнгө 350.000 төгрөгийг хүлээн авсан санал гомдол нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-ийн 71 хуудас/,

Хохирогч Ц.Алтанхүү, Н.Пүрэвсүх нарын Даюун маркийн шар өнгийн мотоцикль, ногоон өнгийн Даюун маркийн мотоциклуудыг бүрэн бүтэн олж авсан, хохирол төлбөрөө шүүгдэгч нар бүрэн төлж барагдуулсан гэх хүсэлт/хх-ийн 71-72 хуудас/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Бусдын эд эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Б.Т-ийн Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг Галуутайн гол гэх газраас 2018 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө иргэн Ц.Алтанхүүгийн улбар шар өнгийн "Даюун" маркийн мотоциклийг нууцаар, хууль бусаар авсан, мөн шүүгдэгч Э.Цтай бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг Галуутайн гол гэх газраас Н.Пүрэвсүхийн ногоон өнгийн "Даюун" маркийн улсын дугааргүй мотоциклийг нууцаар, хууль бусаар авсан,

Шүүгдэгч Э.Ц-ын шүүгдэгч Б.Ттэй бүлэглэн согтуурсан үедээ архи уух зорилгоор 2018 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг Галуутайн гол гэх газраас Н.Пүрэвсүхийн ногоон өнгийн "Даюун" маркийн улсын дугааргүй мотоциклийг нууцаар, хууль бусаар авсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

Шүүгдэгч Э.Ц, Б.Т нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаварыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Э.Ц, Б.Т нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Ц-т 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, Б.Тт 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж шүүгдэгч нарын өмгөөлөгч улсын яллагчийн саналыг дэмжсэн саналыг гаргасан байна.

Иргэний нэхэмжлэгч Н.Гантогоо нь хохиролын мөнгө 350.000 төгрөгийг хүлээн авсан санал гомдол нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 71 хуудас/, хохирогч Ц.Алтанхүү, Н.Пүрэвсүх нар нь Даюун маркийн шар, ногоон өнгийн мотоциклуудыг бүрэн бүтэн эргүүлэн олж авсан, хохирол төлбөрөө шүүгдэгч нар бүрэн төлж барагдуулсан /хх-ийн 71-72 хуудас/ гэсэн тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулах гэм хорын хохирол төлбөргүй байна.

Иймд шүүгдэгч Э.Ц, Б.Т нарыг хохирлоо сайн дураа нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байдалд тооцов.

 

 

Шүүгдэгч нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх Э.Ц, Б.Т нарын хувийн байдал, анх удаа гэмт хэ үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэм буруугаа ойлгож гэмшсэн зэргийг нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүр 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Ц 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 23 хоног, шүүгдэгч Б.Т 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 11 -ний өдрийг хүртэл 7 хоног урьдчилан цагдан хоригдсон, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1 , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т, Ц нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Э.Ц нарыг 250/ хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-ын шүүхийн шатанд цагдан хоригдсон 23 хоногийг, шүүгдэгч Б.Т-ийн шүүхийн шатанд цагдан хоригдсон 7 хоногийг ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ын шүүхийн шатанд цагдан хоригдсон 23 хоног, шүүгдэгч Б.Тийн цагдан хоригдсон 7 хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тус тус тооцож, Э.Цын цагдан хоригдсон 184 цагийг түүнд оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас, шүүгдэгч Б.Тийн цагдан хоригдсон 56 цагийг түүнд оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, шүүгдэгч Э.Цын биечлэн эдлэх ялыг 66 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.Тийн биечлэн эдлэх ялыг 194 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т, Э.Ц нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

  1. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, Б.Т, Э.Ц нар нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдсугай.
  2. Шүүхийн           шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Т, Э.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
  4. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
  5. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Ц.ОТГОНЖАРГАЛ

Text Box: Ц.ОТГОНЖАРГАЛДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ