Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 294/ШЦТ/2017

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, -шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан, -улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Г.Энхмаа, -хохирогч П.Нэргүй, -шүүгдэгч Ш.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Дт холбогдох эрүүгийн 1734002550103 тоот хэргийг хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэнийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/ Шүүгдэгч Ш.Д нь Төв аймгийн Өндөр-Ширээт сумын дугаар багийн нутаг Номгоны ар гэх газарт 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр П.Нэргүйг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Ш.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй ” гэв. Хохирогч П.Нэргүй шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ 2017 оны 08 дугаар сарын 25- ны шөнө унтаж байхад Батзаяа, Дэлэг хоёр хаалга нүдэж орж ирсэн. Тэр хоёр хамт нэг пиво ууя босоод ир гэхээр нь би боссон. Тэгээд пиво ууж байхад Дэлэг надруу тамхи үлээгээд байсан. Үүнээс болоод бид хоёр маргалдаж намайг түлхэхэд би хойшоо дагзаараа ор мөргөж унасан. Тэр үед гэрлийн утас тасарч гэрэл унтарсан. Тэгээд гэрлийн утас залгаад зогсож байхад Дэлэг миний элэгрүү өшиглөсөн. Тэгээд тэр хоёр намайг орхиод явсаны дараа унтах гэхэд элэг болон хавирганы хавьд өвдөөд унтаж чадаагүй. Тэгээд өглөө 5 болж байхад явган хажуу айл руугаа очиж хавирга эвгүй болчихлоо гэж хэлээд сумын төв хүргүүлсэн. Сумын эмч гэмтэлийн эмнэлэгт үзүүл гэсэн. Тэр өдрөө гэмтэл орж үзүүлээд цээжний зураг авхуулсан. Мөн шүүх эмнэлэгт үзүүлж толгойны зураг авхуулсан. Дараа нь гэмтлийн хажууд байдаг хувийн эмнэлэгт хэвтсэн” гэв. Гэрч Р.Батзаяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2017 оны 08 дугаар сарын 25-ны шөнө Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн Номгон гэх газар гэртээ байж байхад орой 19 цагийн үед Ш.Д манайд ирж Энхбаатар, Дэлэг, Бямба бид дөрөв Лүн сум руу явсан. Энхбаатар, Бямба хоёр гэрээсээ нэг тооны хонь аваад Лүн сумын Бясаа гэх ахад зарсан. Тэгээд 5 том пиво авч эргээд гэрт ирж бид дөрөв уусан. Тэгээд нэг пиво үлдэхээр нь би Нэргүй ахтай очиж ууя гэж хэлээд Дэлэг бид хоёр шөний нэг цагийн үед Нэргүй ахынд очсон. Тэгээд хамт уусан ба Нэргүй ах гаднаас савтай айраг оруулж ирснийг мөн уусан. Удалгүй Дэлэг Нээргү ахтай дуу ярьж байснаа муудалцаж эхэлсэн. Ш.Д Нэргүй ахыг хоёулаа гадаа гаръя гэж хэлээд хоёулаа цуг боссон. Ш.Д босонгуутаа Нэргүй ахыг жийсэн байх. Тэгтэл Нэргүй ах гэрийн зүүн талын орон дээр унасан. Тэгээд Нэргүй ах босохгүй орныхоо урд суугаад байсан. Ш.Дийг босож ирээд барьж аваад ноцолдоод гэрэл унтраасан. Намайг гэрэл асаах гээд хайгаад байж байхад Нэргүй ах Ш.Д намайг өшиглөчихлөө гэж хэлсэн. Тэгээд Ш.Д гэрээс гараад явахад нь би араас нь гараад явъя гэж хэлээд Ш.Дийг аваад явсан. Маргааш өглөө нь Нэргүй ах манайд гэрээсээ явган хүрч ирээд бие цээж хавьд өвдөөд шөнө унтаж чадсангүй гэхээр нь би Нэргүй ахтай цуг Око ахынд очиж Нэргүй ах таныг дуудаж байна гэж хэлээд сумын төвийн эмнэлэг цуг ирсэн” гэх мэдүүлэг /хх-10-11 тал/ Шүүхийн шинжилгээний 2017 оны 08 дугаар сарын 39-ны өдрийн №10993 тоот дүгнэлтэнд: - П.Нэргүйн биед тархи доргилт, Цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо - Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэг болон нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна - Дээрх гэмтлүүд ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй - Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна - П.Нэргүйд учирсан баруун, зүүн хавирганы хугаралууд, хамрын хугарлууд хуучин гэмтлүүд байна” гэх дүгнэлт /хх-14 тал/ - Улсын бүртгэлийн Ерөнхий газрын лавлагаанууд /хх-23-25 тал/ - Шүүгдэгч Ш.Дийн ял шийтгэлийн лавлагааг шалгахад “үгүй” гэх лавлагаа /хх-26 тал/ -шүүгдэгч Ш.Дийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-21-22 тал/ тус тус яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Шүүгдэгч Ш.Д нь Төв аймгийн Өндөр-Ширээт сумын дугаар багийн нутаг Номгоны ар гэх газарт 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр П.Нэргүйг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч С.Ганхуягийн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч Б.Бат- Эрдэнэ, О.Өмөөр, Х.Дагас нарын мэдүүлсэн мэдүүлгүүд, болон шүүгдэгч А.Алтайгийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Ш.Дт холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна. Шүүгдэгч Ш.Дт ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдалыг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно. Хохирлын талаар: Шүүгдэгч Ш.Дээс хэрэгт нотлох баримтаар авагдсан хохирлын 350.500 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч П.Нэргүйд олгохоор шийдвэрлэв. Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар: Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ш.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.1.2, 31.1.3, 31.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Ш.Дийг бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Дт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Ш.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Дээс хохирлын 350.500 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч П.Нэргүйд олгосугай. 6. Ш.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай. 7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 8. Шүүхийн шийтгэх тоогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Дт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ш.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА