| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00849/И |
| Дугаар | 04 |
| Огноо | 2017-12-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 04
| 2017 оны 12 сарын 26 өдөр | Дугаар 151/ШШ2018/00004 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Номт баг, 16 дугаар байр 11 тоотод оршин суух Хайнчиг овогт Дагвадоржийн Туяа /НЭ55102001/,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Номт баг, 16 дугаар байр 18 тоотод оршин суух Боржигин овогт Доржсүрэнгийн Светлана /НЭ53072704/ нарын нээмжлэлтэй
Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Номт баг, 17 дугаар байр, 1-8 тоотод оршин суух Боржигон овогт Гэлэнхүүгийн Дуламжав /НЛ71050168/-т холбогдох зээлийн төлбөр 15 918 400 төгрөг гаргуулах тухай,
Хариуцагч Г.Дуламжавын “Мөнгө зээлүүлсэн гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Туяа, Д.Светлана, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Баярмагнай, хариуцагч Г.Дуламжав, түүний өмгөөлөгч С.Сувдмаа, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Туяа, Д.Светлана нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Зээлдэгч Г.Дуламжав нь зээлдүүлэгч Д.Светланагаас 2016 оны 07 сарын 26-ны өдөр 10 000 000 төгрөг зээлж 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. Энэ хугацаанд зээлийн буцаан төлөлт 6 000 000 төгрөг буцаан өгсөн бөгөөд үлдэгдэл 4 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл түүний хүү 2 800 000 төгрөг, нийт 6 800 000 төгрөг, зээлдэгч Г.Дуламжав нь зээлдүүлэгч Д.Туяагаас 2013 онд 2 500 000 төгрөг зээлсэн, 2014 оны 2 сард 5 000 000 төгрөг зээлсэн, 2016 онд 1 618 400 төгрөгийн дэлгүүрийн бараа зээлсэн, иймд зээлдэгч Г.Дуламжаваас нийт 9 118 400 төгрөгийг тус тус гаргуулан иргэн Д.Туяа, Д.Светлана нарт олгуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Светлана шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 7-р сарын 23-ны үед Дуламжав мөнгө зээлүүлэх боломж байна уу гэхээр нь манай найз мөнгө зээлэх хүн байвал зээлүүлээд өгөөч гэсэн тэгэхээр нь Туяад танай шавь мөнгө зээлчих гээд байна гэхэд Туяа тэг тэг авчихаад буцаагаад өгдөг юм гэхээр нь би Дуламжавыг иргэний үнэмлэхээ аваад ир гээд 26-ны өдөр өөрийнх дансанд нь хийж өгсөн. 1 сарын хугацаатай авна гэхээр нь би чи амжих юм уу гэхэд амжина. Нэг сар гэхэд өгөөд дуусна гэж хэлцэл хийсэн. Маргаашнаас нь эхлээд надад 350 000 төгрөг, 2 хоногтоо 700 000 төгрөг өгч байгаад. Өгөх нь багасаад байсан. Дараагийн сард нь 7 000 000 төгрөгнөөс өдөрт 50 000, 100 000 төгрөг гэж явсаар 2016 оны 12-р сард хэл амаа ололцоод 6 000 000 төгрөг өгсөн. 12-р сараас хойш 7 сар хүртэл эгчээ би мөнгө хөөцөлдөж байгаа. Мөнгө бүтэхээр хүүтэй нь өгнө гэсэн. тэгээд би 8 сард хууль зүйн зөвлөгөө авч шүүхэд хандсан. Би Дуламжавд мөнгө авч өгсөн найздаа өөрөө зээлийг нь төлж байсан. 7 сарын хүүг өгөөгүй. Би тэр хүүг өөрөөсөө өгсөн. Хариуцагч Дуламжаваас 6 800 000 төгрөг нэхэмжилж байгаа” гэв.
Нэхэмжлэгч Д.Туяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Хариуцагч Дуламжавтай багш шавийн харилцаатай байсан. Дуламжав нь надаас 2013 оноос хойш мөнгө зээлдэг байсан. 2015 оноос хойшхи зээлсэн мөнгийг нь нэхэмжлэл дээрээ тодорхой бичсэн. 10 000 000 төгрөгийг 2015 оны 2-р сард зээлж авсан. 2015 оны 6-р сарын 1-ний өдөр би 5 000 000 төгрөгийг нь авсан. Үлдсэн 5 000 000 төгрөгнөөс Энхжаргал багшид мөнгө хэрэг боллоо гэхээр нь 1 600 000 төгрөгийг авч өөрөөсөө 400 000 төгрөг нэмээд 2 000 000 төгрөг өгсөн. Хүүтэй зээлүүлээгүй. Банкны хүүг нь өгч байгаарай гээд зээлүүлж байсан. Үлдэх 3 400 000 төгрөг дээр Энхжаргал багшаас Дуламжав нэхэж байгаад 2 000 000 төгрөг авсан байсан. Шинэ жилийн хэрэглээ хэрэгтэй байна гээд 500 000 төгрөг авсан. Би буцаагаад 200 000 төгрөг авсан. 300 000 төгрөгийг би аваагүй. 2016 оны 2 сард 7 500 000 төгрөгийн хүү 1 825 460 төгрөг болсон байсан. 2016 оны 2-р сард миний зээл хаагдахаар нь чи хүүгээ хийгээгүй байна. Чи хаагаад өг гэхэд би таны мөнгийг мөнгө олж хаагаад дараа өгье гээд миний хадгаламжийг хаалгасан. 2016 онд бүтнээрээ байгаа. Хүүгээ нэмэхээр 7 525 460 төгрөг болсон. Эцсийн тооцоог хийхэд банкны хүү 1 825 460 төгрөг. 7 500 000 төгрөг дээр гэрээ хийе гэхээр хийдэггүй байсан. Мөнгө авахдаа хэнд ч битгий хэлээрэй гэдэг байсан. Банк руу дагуулж оръё гэхээр би гадаа байж байя гээд ордоггүй. Үүдэнд нь намайг хүлээж байдаг байсан. 2017 оны хүүг би нэхэмжлээгүй. Миний хадгаламж одоо байхгүй болсон. Намайг Орос руу явахад та ийм ийм бараа аваад ирээрэй би зараад өгье гэхээр нь би 2 удаа явахдаа бараа авчирч өгсөн. Барааны үнэ 1 618 400 төгрөгийг би нэхэмжилж байгаа. Олон удаа мөнгө өгье гэж ярьсан. Хариуцагч нь 7 500 000 төгрөгийг аваагүй гэж ярьдаг, Дуламжаваас 7 500 000 төгрөг, мөн барааны үнэ 1 618 400 төгрөг нийт 9 118 400 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Г.Дуламжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Туяа багштай хамтран Оросруу явж бараа авчирч зардаг байсан. 2013 оны 2 сард 2 500 000 төгрөг аваад 2013 ондоо өгч дуусгасан. 2 500 000 төгрөгийг бэлнээр буцааж өгсөн. 2013 оны 6 дугаар сард 500 000 төгрөг, 12 дугаар сард 1 200 000 төгрөг өгсөн. 2013 оны шинэ жилийн үеэр 1 000 000 төгрөг бэлнээр өгсөн. 2014 оны 2-р сарын сүүлчээр 2 Годон гутал авчирч өгсөн. Нэгийг нь зараад 2015 онд бэлнээр 550 000 төгрөгөөр зараад бэлэн мөнгийг нь өөрт нь өгч байсан. Нэг годон гутлыг нь өөрт нь өгсөн. Нийт 3 250 000 төгрөг өгсөн. 2014 оны 2 сард 10 000 000 төгрөг зээлж авсан. 5 000 000 төгрөгийг би аваагүй. Тэгээд 2014 оны 5-р сарын 27-нд 260 000 төгрөг, 6-р сарын 1-ний өдөр 5 000 000 төгрөг гэрт нь бэлнээр өгсөн. 6-р сарын 19-нд 1 600 000 төгрөгийг Хүмүүн цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан Энхжаргалд Туяа багшийн гэрт өгсөн. 11-р сарын 4-нд 1 000 000 төгрөг бэлэн өгсөн. 11-р сард дахиад 1 000 000 төгрөг өгсөн. 9-р сарын 13-нд 400 000 төгрөг. 2016 оны 7-р сарын 1-ний өдөр хүртэл хүүтэйгээ нийлээд 7 500 000 төгрөг болсон. 8-р сарын 1-ний өдрөөс эхлээд 11-р сарыг дуустал сар болгон 750 000 төгрөгийг надаас бэлнээр авсан. Мөнгөөр 12 260 000 төгрөг болсон. 435 000 төгрөгийн барааг манай дэлгүүрээс авсан. 90 000 төгрөгийн хатгамалыг надаас авсан. Нийт 12 785 000 төгрөг өгсөн. 7 500 000 төгрөгийн гэрээг 2016 оны 7-р сарын 1-ний өдөр хийсэн. 2014 оноос хойшхи хүүг нь бодож гэрээ хийсэн. 7 500 000 төгрөгийг би зээлж аваагүй. Гэртээ дагуулж ороод гарын үсэг зуруулж байсан. Манай охин намайг дагаж хамт орж байсан. Манай охины гар утсан дээр бичлэг байгаа. Дэлгүүрийн түлхүүр хүртэл авч явчихаад өгдөггүй байсан. Би дэлгүүр дээрээ хонож байсан. 7 500 000 төгрөгийг надад зээлүүлэгүй, би энэ мөнгийг аваагүй. Иймд энэ гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгоно. Надад бараа 2 удаа өгсөн. Олон удаа барааг нь би зарж өгч байсан. Манайх гоо сайханы бараа зардаггүй. Өөрөө мэдээд бараа авчраад заруулдаг байсан. Эхлээд 682 100 төгрөгийн бараа, дараагийн удаа 331 300 төгрөгийн барааг зараад өг гэж хэлж тавиулсан. 2016 оны 12-р сарын 30-ны өдөр 580 000 төгрөгийн барааг хамт явж Оргилоос авсан. 1 593 400 төгрөг. 2 шил финланд гэдэг архи, ширхэг нь 7000 төгрөгийн 2 дарс байсныг Мэргэжлийн хяналтын газар хурааж аваад устгалд оруулсан. Гэхдээ надад баримт байхгүй. Барааг нь зарж мөнгийг нь өгөөгүй. Үлдсэн 200 000 гаруй төгрөгийн бараа байгаа. 1 389 400 төгрөгийг төлнө” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Светлана нь хариуцагч Г.Дуламжаваас зээлийн гэрээний үүргийн дутуу гүйцэтгэл 6 800 000 төгрөгийг гаргуулахаар, нэхэмжлэгч Д.Туяа нь мөн хариуцач Г.Дуламжаваас гэрээний үүргийн дутуу гүйцэтгэл 9 118 400 төгрөг тус тус гаргуулахаар шаардаж байна
Хариуцагч Г.Дуламжав нь Д.Туяатай байгуулсан 7 500 000 төгрөг зээлсэн тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын хуульд заасан журмын дагуу цуглуулж ирүүлсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг оролцогчдын хүсэлтээр шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо.
1.Үндсэн нэхэмжлэл буюу Д.Светланагийн Г.Дуламжаваас 6 800 000 төгрөг нэхэмжилсэн шаардлагын тухайд:
2016 оны 7 сарын 26-ны өдөр 10 000 000 төгрөг зээлж, өдөр бүр 350 000 төгрөг дансаар шилжүүлж байхаар тохиролцон Д.Светланаагаас , Г.Дуламжав нь 10 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай тохиролцон зээлийн гэрээ хийж мөнгийг шилжүүлсэн, Г.Дуламжав нь уг мөнгийг хүлээн авчээ.
Зээлийн гэрээнд талууд гэрээний гол нөхцлийг тохирч гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба 10 000 000 төгрөг зээлсэн болон гэрээ байгуулагдсан талаар мараагүй бөгөөд зөвхөн зээлийн үлдэгдэл 4 000 000 төгрөг түүний хүү 2 800 000 төгрөг төлөх эсэх дээр маргаж байна.
Д.Светлана нь хариуцагч Г.Дуламжав үндсэн зээлээс 6 000 000 төгрөг, хүү 3 000 000 төгрөг нийт 9 000 000 төгрөг төлсөн гэж хариуцагч Г.Дуламжав гэрээний хугацаа 1 сарын хугацаатай байгуулсан, гэрээг сунгаагүй, 12 529 500 төгрөг эргүүлж төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөрөхгүй гэж тус тус маргаж байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлахад Д.Светлана нь үндсэн зээлээс 6 000 000 төгрөгийг Г.Дуламжав төлж 4 000 000 төгрөг үлдсэн гэж байгаа ба Г.Дуламжав, Д.Светлана нарын хамгийн сүүлд тооцоо нийлж Г.Дуламжав нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримтыг судлахад Г.Дуламжав нь Д.Светланад бэлэн болон бэлэн бусаар 8 835 000 төгрөг төлжээ. /хх-н 77-79/
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж заажээ.
Нэхэмжлэгч Д.Светлана, хариуцагч Г.Дуламжав нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээ нь 1 сарын хугацаатай хийгдэж дахин сунгагдаагүй байх тул гэрээний хугацаа дууссанаас хойш хүү тооцох үндэслэлгүй байна.
Г.Дуламжав, Д.Светлана нарын дээрхи тооцоогоор 8 835 000 төгрөг төлсөн, зээлийн гэрээг 1 сараар байгуулсан, 1 сарын хүү 10 хувь 1 000 000 төгрөг төлөх ёстой гэж тооцоход үлдэх 7 835 000 төгрөг нь үндсэн зээлийн төлбөр гэж үзэхээр байна.
Иймд 10 000 000 төгрөгнөөс 7 835 000 төрөгийг төлсөн гэж тооцож хасахад зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 2 165 000 төгрөг болж байна.
Иймд Д.Светланагийн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн 2 165 000 төгрөгийн төлбөрийг Г.Дуламжаваас гаргуулж, үлдэх 4 635 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Үндсэн нэхэмжлэл буюу нэхэмжлэгч Д.Туяа Г.Дуламжаваас зээл 7 500 000 төгрөг, барааны үнэ 1 618 400 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Д.Туяа нь Г.Дуламжавд 7 500 000 төгрөг зээлсэн гэж, Г.Дуламжав нь уг 7 500 000 төгрөгийг аваагүй, өмнө нь зээлсэн 10 000 000 төгрөгний хүү гэж тооцоод надаар гарын үсэг зуруулсан, би энэ баримтыг үйлдээд мөнгө аваагүй. 7 500 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Харин бараа зарж өгөхөөр тохиролцоод барааны үнийг өгөөгүй байгаа. Д.Туяагаас 7 500 000 төгрөг зээлсэн гэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэж сөрөг нэхэмжлэл гарган тус тус маргаж байна.
Иргэний хуулийн 281 дүгэр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
Д.Туяа тухайн үед уг зээлүүлсэн гэх 7 500 000 төгрөгийг хэзээ хаана бэлнээр болон дансаар шилжүүлж өгсөн тухайгаа баримтаар нотлоогүй бөгөөд нэхэмжилж байгаа 7 500 000 төгрөгийн 1 800 000 төгрөг нь хадгаламжийн зээлийн хүү гэж тайлбарлаж байгаа зэргээс дүгнэхэд 7 500 000 төгрөгийг Г.Дуламжавд зээлүүлсэн гэдэг нь нотлогдохгүй байна. Мөн Г.Дуламжав нь дээрхи 7 500 000 төррөгийг элнээр болон бэлэн бусаар аваагүй гэж тайлбарладаг бөгөөд үүнийг нэхэмжолэгч үгүйсгээгүй болно. Иймд Д.Туяа, Г.Дуламжав нарын хооронд 7 500 000 төгрөг зээлүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 7 500 000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Харин Д.Туяа нь Г.Дуламжавд 1 618 400 төгрөгийн бараа заруулахаар өгсөн гэдэг ба Г.Дуламжав нь 682 100 төгрөгийн үнэ бүхий бараа, 331 300 төгрөгийн үнэ бүхий бараа заруулахаар өгсөн, мөн 580 000 төгрөгийн бараа хамт явж авсан нийт 1 593 400 төгрөгийн бараа өгөөд нэг ч төгрөг аваагүй байгаа гэж байх ба талууд энэ талаар маргаагүй, бөгөөд эдгээр барааны үнийг Д.Туяад Г.Дуламжав нь өгөөгүй гэдээ хүлээн зөвшөөрч байгаа ба 104 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг архи, 2 ширхэг дарсыг Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын Газар хурааж авсан гэж байгаа ба үүнийгээ баримтаар нотлоогүй болно.
Д.Туяа, Г.Дуламжав нарын хооронд бараа заруулахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйл буюу Даалгаврын гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Д.Туяагийн 9 118 400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар нотлогдоогүй зээл гэх 7 500 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн заруулахаар өгсөн гэх барааны үнэ 1 618 400 төгрөгийн шаардлагаас Д.Туяагийн гэрлийн төлбөр 25 000 төгрөг төлсөнийг хасаж үлдэх 1 593 400 төгрөгийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлийн төлбөр хувьд талууд маргаагүй нэхэмжлэгч Д.Туяа зөвшөөрч байгаа тул хасаж тооцсон болно.
Шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийвэрлэх ба Д.Туяа нь хх-н 83 дугаар хуудсанд авагдсан баримтыг үндэслэн нэхэмжилж байгаа ба энэхүү баримтыг үйлдээд 7 500 000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар зээлүүлсэн гэдэг нь баримтаар нотлогдоогүй гэж үзсэн.
3. Г.Дуламжавын Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гээд 56.1.1-д “хууль зөрчсөн ....хэлцэл” гэжээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг судалж дүгнэхэд нэхэмжлэгч Д.Туяа нь Г.Дуламжавтай байгуулсан гэх “Мөнгө зээлсэн гэрээ”-ний гэрээний гол нөхцөл болох 7 500 000 төгрөг зээлүүлсэн тухай асуудал нь маргааны гол зүйл болж байгаа бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр тухайн үед 7 500 000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар Г.Дуламжавд зээлүүлээгүй болох нь дээр дурдсанаар нотлогдсон бөгөөд энэхүү гэрээг бодитой хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд Д.Туяа, Г.Дуламжав нарын хооронд хийгдсэн “Мөнгө зээлүүлсэн гэрээ” /хх-н 83/ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд нийцээгүй, хууль зөрчиж хийгдсэн байх тул уг “Мөнгө зээлүүлсэн гэрээ”-г мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Энэхүү хүчин төгөлдөр бус хэлцлээр Д.Туяа, Г.Дуламжав нар нь гэрээнд дурдсан үнийн дүн бүхий мөнгийг өгөлцөж авалцсан үйлдэл байхгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.” гэсэн үр дагавар үүсэхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 282.3-т тус тус зааснаар хариуцагч Д.Дуламжаваас 2 165 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Светланад олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 635 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
-Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Туяагийн нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүй нэхэмжилсэн 7 500 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д зааснаар 1 593 400 төгрөгийг Г.Дуламжаваас гаргуулж Д.Туяад олгуулсугай.
2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Г.Дуламжавын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Д.Туяа, Г.Дуламжав нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хийгдсэн “Мөнгө зээлүүлсэн гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Дуламжаваас 90 028 төрөг гаргуулж үүнээс нэхэмжлэгч Светланад 49 590 төгрөг, Д.Туяад 40 438 төгрөг тус тус олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135 460 төгрөгийг улсын орлогод үлдээж нэхэмжлэгч Д.Туяагаас 135 460 төрөгийг гаргуулж Г.Дуламжавд олгосуай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ