| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/01032/И |
| Дугаар | 1247 |
| Огноо | 2017-12-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 1247
| 2017 оны 12 сарын 12 өдөр | Дугаар 151/ШШ2017/01247 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүгч Б.Цолмон, А.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймаг, Борнуур сум, Өгөөмөр баг, Фермийн хэсгийн 1-18 тоотод оршин суух Боржигон овогт Цэрэндоржийн Цолмон /НЙ67112007/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Борнуур сум, Өгөөмөр баг, Хонхорын хэсгийн 1-8 тоотод оршин суух Боржигон овогт Пунцагноровын Энхзоригт холбогдох,
гэм хорын хохирол 241 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Цолмон, хариуцагч П.Энхзориг, иргэдийн төлөөлөгч Я.Батжав, гэрч Б.Шижирбаатар, нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цолмон нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Цолмон би 2017 оны 05 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн үед нутгийн захиргааны авто зогсоолд өөрийн эзэмшлийн Toyota crown 7658 УБЛ дугаартай суудлын авто машинаа тавиад ажлын байрандаа орсон. Гэтэл захиргааны ээлжийн жижүүр Б.Шижирбаатар, БОХУБ Б.Мөнхзул нар нь П.Энхзоригийн үхэр машины чинь хажуугийн шилийг хагалчихлаа гэж хэлсэн. Иргэн П.Энхзоригийн үхэр мал сумын төвд хараа хяналтгүй бэлчиж сумын захиргааны болон төв саадны модыг байнга зулгааж ээлжийн жижүүрүүд малын эздэд мэдэгдэх боловч малдаа хараа хяналт тавьдаггүй, малаа хайхардаггүй, бэлчээрт гаргадаггүй буруутай үйлдлийн улмаас иргэн миний эзэмшлийн автомашинд хохирол учруулсан. Иймд П.Энхзоригоос машинд учирсан хохирол, бусад баримт бичгийн төлбөр болох 241,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Цолмон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “-Миний бие нь “Toyota crown” маркын 7658 УБЛ дугаартай суудлын авто машиныг Н.Энхбатаас худалдаж аваад өөрийн өмчлөлд шилжүүлж амжаагүй байсан юм. 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр амралтын өдөр байсан бөгөөд би машинаа ажлын байрны зогсоол дээр байрлуулаад сургууль руу төгсөлтийн баярт оролцохоор явсан байсан. Гэтэл ээлжийн жижүүр Б.Шижирбаатар, байцаагч н.Мөнхзул нар надад иргэн П.Энхзоригийн үхэр машиныг чинь мөргөчихлөө гэж мэдэгдсэн. Тэгээд би Энхзоригийн эхнэр рүү утсаар залгаад хэлэхэд тэрээр “миний хүүхэд хагалсан биш мал хагалсан бол би хариуцахгүй” гэж хэлсэн. Жижүүр Б.Шижирбаатар ажлын үүдэнд зогсож байгаад Шар зүсмийн үхрийг заагаад энэ таны машины цонхыг хагалсан үхэр мөн шиг байна гэхээр нь би зургийг нь аваад хэрэгт хавсаргаж өгсөн. Би хариуцагч Энхзоригийн үхрүүдийг танихгүй, харин түүний үхэр сумын төвөөр явж, цэцэрлэгийн өвсийг иддэг гэж мэддэг юм. Миний машины цонхыг Энхзоригийн үхэр хагалж, хохирол учруулсан тул цонхны үнэ 150 000 төгрөг, шатахууны болон бусад зардал 91 000 төгрөг, нийт 241000 төгрөгийг үхрийн эзэн Энхзоригоос гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч П.Энхзориг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “-Би 5 сард ногоонд явсан байсан. Энэ талаар огт мэдээгүй байсан. Энэ хүн ч бас над руу залгаж ярьсан зүйл байхгүй. Гэрч гээд байгаа Б.Шижирбаатар, н.Мөнхзул нартай уулзаж асуусан. Миний үхэр мөргөсөн гэдэг зүйл надад огт хэлээгүй. Манайх шар зүсмийн үхэртэй боловч хэрэгт байгаа зураг дээрх үхэр нь манай үхэр биш. Манай үхрүүд 07 сараас хойш оторт явсан байгаа, энд байхгүй. Хэний үхэр гэдгийг би мэдэхгүй байна. Манай үхэр гэдэг нь нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна “ гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Цолмон нь хариуагч П.Энхзоригт холбогдуулан гэм хорын хохирол 241 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.Цолмон нэхэмжлэлийн үндэслэлээ “2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ажлын байрны зогсоол дээр машинаа байрлуулаад сургууль руу ажлаар явсан. Гэтэл ээлжийн жижүүр Б.Шижирбаатар, хэсгийн байцаагч н.Мөнхзул нар надад иргэн П.Энхзоригийн үхэр машиныг чинь цонхыг нь хагачихлаа гэж мэдэгдсэн. Иймд үхрийн эзэн П.Энхзоригоос машины цонхны үнэ 150 000 төгрөг, шатахуун болон бусад зардал 91000 төгрөг, нийт 241 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж,
Хариуцагч П.Энхзориг татгалзлын үндэслэлээ “нэхэмжлэгч Ц.Цолмон надад энэ талаар мэдэгдсэн зүйл байхгүй, хэрэгт авагдсан зурган дээр байгаа үхэр манай үхэр биш, манайд иймэрхүү ягаан гэмээр зүстэй үхэр байх нь байдаг гэхдээ энэ үхэр бол биш. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна “ гэж тус тус маргаж байна.
Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.
“Toyota crown” маркын 7658 УБЛ дугаартай тээврийн хэрэгсэл нь Норовсамбуугийн Энхбатын өмчлөлийнх боловч тухайн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Ц.Цолмон эзэмшиж, ашиглаж байсан байна. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгчийн эрхийг Н.Энхбатаас Ц.Цолмонд олгосон мөн тухайн итгэмжлэл хуульд заасан шаардлага хангажээ. /хх/
2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Ц.Цолмон эзэмшиж ашиглаж явсан Toyota crown маркын 7658 УБЛ дугаартай суудлын тээврийн хэрэгслээ 2017 оны 05 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын нутгийн захиргааны байрны авто зогсоолд байрлуулсан байхад нь тус сумын төвөөр бэлчиж явсан шар зүсмийн үхэр ар талын хаалганы цонхыг хагалсан үйл явдал болох нь гэрч Б.Шижирбаатарын шүүх хуралдаанд гаргасан “2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр би захиргааны жижүүрээр ажиллаж байсан, Цолмонгийн машин Тамгын газрын үүдэнд тавьсан байсан. Дотор байж байтал гадаа пад гэсэн дуу гарахаар нь яваад очтол Цолмонгийн машины цонх хагарсан, машины хажууд шардуу өнгийн үнээ зогсож байсан” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Харин машины цонхыг хагалсан гэх шар зүсмийн үхэр нь хариуцагч П.Энхзоригийн өмчлөлийн үхэр гэж нэхэмжлэгч Цолмон тайлбарлаж, өөрт учирсан гэм хорыг тухайн амьтаны өмчлөгчөөс нэхэмжилж байгаа боловч шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах баримтуудаар хариуцагч П.Энхзоригийн үхэр болох нь нотлогдохгүй байна.
Тодруулбал нэхэмжлэгч Ц.Цолмонгийн ирүүлсэн машины шилийг хагалсан гэх үхрийн гэрэл зургийг /цагаан халзан, шаргал зүсмийн үхрийн 7 ширхэг зураг /хх 17, 61/ хариуцагч П.Энхзоригийн” энэ зурган дээрхи үхэр манай үхэр биш, иймэрхүү ягаан зүсний үхэр манайд бий, гэхдээ энэ зурган дээрхи үхэр манайх биш” гэсэн үгүйсгэсэн тайлбар /шүүх хуралдааны тэмдэглэл/,
нэхэмжлэгч Ц.Цолмон уг үхрийн зургийг 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн үдээс хойш захиргааны хавиар явж байхад нь Б.Шижирбаатараар заалгаж байгаад зургийг нь авсан гэж тайлбар /шүүх хуралдааны тэмдэглэл/,
гэрч Б.Шижирбаатарын “...П.Энхзоригийн үхэр энэ хавиар яваад байдаг болохоор П.Энхзоригийн үхэр гэж тааж хэлсэн. П.Энхзоригийн үхрийн зүсийг би мэдэхгүй. Би ажлын газрын үүдэнд зогсож байгаад шар зүсмийн үхэр явж байхаар нь тэр мөн шиг байна гэж хэлээд зургийг нь авхуулсан” мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ -ээр нотлогдсонгүй.
Мөн нэхэмжлэгчээс малын эмч Н.Энхбаярын “Зурган дээрхи бор халзан зүстэй үхэр нь Энхзоригийн үхэр мөн болно” тодорхойлолтыг нотлох баримтаар гаргасан боловч хариуцагч П.Энхзоригийн үхэр ямар им тамгатай талаар хэрэгт баримт байхгүй мөн машины шилийг хагалсан гэх үхрийн зүс нь хариуцагч, гэрч болон малын эмч нарын тайлбар тодорхойлолтоор ягаан, шар, бор гэх мэтээр зөрж байна.
Иймд 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын төвд Нутгийн захиргааны байрны үүдний авто зогсоол дээр байрлуулсан байсан иргэн Норовсамбуугийн Энхбатын эзэмшлийн буюу тухайн өдөр нэхэмжлэгч Ц.Цолмон эзэмшиж ашиглаж явсан “Toyota crown” 7658 УБЛ дугаартай суудлын авто машины хажуугийн буюу жолооч талын хаалганы цонхны шилийг хариуцагч П.Энхзоригийн өмчлөлийн үхэр хагалсан гэдэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсонгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймээс нэхэмжлэгч Ц.Цолмонгийн гэм хорын хохирол гэх 241 000 төгрөгийг хариуцагч П.Энхзоригоос гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ц.Цолмонгийн нэхэмжлэлтэй П.Энхзоригт холбогдох гэм хорын хохирол 241 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7880 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.ЦОЛМОН
А.ЭНХТӨР