Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 371/ШЦТ/2018

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

-улсын яллагчаар Б.Энхболд,

мь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М

-насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, хохирогч Б.Б

-шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр,

-шинжээч эмч Б.Энх-Ундрах, Н.Оюунчимэг, Ш.Сугармаа

            -шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баян-Эрхий овогт Д Бт холбогдох эрүүгийн 1834004860388 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

           

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Б нь “Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Тайсын хөтөл” гэх газарт 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 09-45ТӨВ улсын дугаартай Форд эскапэ маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Удсын замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1 а-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино. Уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх” мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д заасан “Жолооч нь аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 09-45 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Т амь насыг хохироож, Б.Б, Б.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Х эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч, шинжээч нарын мэдүүлэг:

  1. Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: " мэдүүлэг өгөхгүй ээ. Би болсон үйл явдлын талаар сайн мэдэхгүй байна” гэв.
  2. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Осол болох үед би өөрийнхөө машиныг унаад аавын урд талд нь явж байсан. Манай аав миний ар талд явж байхад бид хоёрын дундуур автобус орж ирсэн. Гэтэл аав тэр автобусыг гүйцэт түрүүлэх гэж байгаад замын хажуу тал руу унасан. Би тухайн үед толиндоо хараад явж байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би аавыгаа хардаг. Намайг ажилтай үед манай хүүхдүүд болон дүү нар хардаг. Ер нь бол ах дүү нартайгаа ээлжилж хардаг. Аав маань өөрөөгий авч явж чадахгүй, хүний асрамжид байдаг. Хоол цай идэх, хувцас хунарыг нь хүн өмөсгөж өгдөг. Зүгээр ярьж байгаа ч гэсэн хүний хэлсэн зүйлийг хэсэг хугацааны дараа мартдаг” гэв.
  3. Насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, хохирогч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт:” Би тухайн үед машины ард талын суудалд эхнэр, хоёр хүүхэдтэйгээ хамт явж байсан. Би унтаж явсан болохоор болсон зүйлийг огт мэдэхгүй. Нэг сэрэхэд осол болсон байсан. Манай ээж урд талын суудал дээр сууж явсан. Надад гомдол санал байхгүй, хүүхдүүд маань зүгээр, хичээл, сургуульдаа явж байгаа” гэв.
  4. Шинжээч эмч Б.Энх-Ундрах нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Д.Б нь тархи доргилтын дараах хам шинж гэдэг өвчний онштой. Энэ нь хүнд хэлбэрийн тархи доргилт, тархины гэмтлээс болж үүсдэг. Энэ төрлийн өвчтэй хүн нь оюун ухаан муудах, сэтгэн бодох чадваргүй болох, ярьж чадахгүй болох, сэтгэлээ барьж чадахгүй уурлаж бухимдах, таагүй мэдрэмж төрөх зэрэг байдлаар шинжүүд нь илэрдэг.  Ийм хэмжээний хүнд гэмтэл авсан хүнд хурдан хугацаанд үйлчилж биед нөлөөлдөг. Ер нь гэмтлийн үлдэц хэвээр үлддэг.  Ийм гэмтэл авсан хүн эдгэрэх боломж маш бага. Одоо байнгын асаргаанд байх шаардлагатай. Тархинд үүссэн гэмтэл нь дахиж сэргэхгүй. Асаргаа сайн байх юм бол энэ байдлаас дордохгүй байж болно. Эдгэрэх ямар ч боломжгүй” гэв.
  5. Шинжээч эмч Н.Оюунчимэг : “Авто ослоос болж тархиндаа маш том хэмжээний гэмтэл авсан. Энэ хүн тархины хүнд хагалгаа хийсэн учраас эд эс нь дахин сэргэх боломжгүй. Мөн насны байдал их нөлөөлдөг. Байнгын сайн асаргаанд байхгүй л юм бол өнөөдрийн байгаа шиг л байна. Үүнээс илүүгээр биеийн байдал сайжрах боломжгүй. Ой тогтоолтын хувьд санах ой тогтоол байхгүй. Хэлсэн зүйлээ хэсэг хугацааны дараагаар мартана. Маш удаан хугацааны эмчилгээг эрчимтэй хийж байж сайжирна. Одоо бол сайжрах бүрэн боломжгүй болсон...Энэ гэмтэл нь тархинд үүссэн учраас сэтгэн бодох чадваргүй болсон. Үүнийг оношилж сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй гэж үзэж байгаа” гэв.
  6. Шинжээч эмч Ш.Сугармаа: “Манай эмнэлэгийн хяналтад байхгүй. Ер нь мэдрэлийн эмчийн хяналтад байнга байх ёстой. Энэ гэмтэл нь Тархины том гэмтэл авсан учраас бусад бие эрхтэнд нөлөөлөх боломжтой. Цаашид манай эмнэлгийн хяналтад орох боломжтой. Сэтгэл санаа нь тогтворгүй байдалд орох юм бол солиорлын байдалд орох боломжтой” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас

  1. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..манай гэрийнхэнд гомдол санал байхгүй. Эцгээсээ нэхэмжпэх зүйл байхгүй. Осол ямар хэлж ирэх бишдээ. Миний төрсөн эх Долгор овогтой Тунгалаг нь 1960 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд айлын 3 дахь хүн болж төрсөн” гэх мэдүүлэг /хх- ийн 30-31 тал/
  2. Хохирогч, насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..би гэр бүлээрээ Сэлэнгэ аймаг орж амрахаар 2018 оны 07 дугаар сарын 12-ны өглөө 08.00 цаг өнгөрөөгөөд Улаанбаатар хотоос гарсан юм. Тухайн үед манай эцэг Б өөрийн эзэмшлийн Форд эскапэ маркийн 09-45 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод түүний хажууд ээж Тунгалаг, ээжийн хойд талд би сууж явсан, харин жолоочийн хойд талд манай эхнэр Гэрэлмаа, түүний өвөр дээр 4 настай хүү Хишигдорж , хойд талын голд хүү А нар сууж явсан. Улаанбаатар хотоос гараад 2 хүүхэд унтаад өгсөн. Би Борнуур сумын Урьхан зоогийн газраас наана унтаад өгсөн. Нэг мэдэхэд түжигнэх шиг болсон юу болсныг мэдэхгүй урд явж байсан ах хүрээд ирсэн байсан. Манай автомашин машин онхолдсон. Би суудал дээрээ сууж байсан. Би арай дээрдэхээр нь хаалгаа түшиж гараад 2 хүүхэд болон эхнэрийнхээ дэргэд яваад очсон. Ээж Тунгалаг автомашиныхаа ойролцоо хэвтээ байдалтай байсан, аав Б суудал дээрээ гэмтсэн байдалтай байсан. Охин Дармаагийн хувьд ослын үед байгаагүй. Хүү А, Хишигдорж нар одоо биеийн байдал сайн байгаа. Миний хувьд ч гэсэн зүгээр байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,
  3. Гэрч Б.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..би гэр бүлээрээ 2 машинд хуваагдаад Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг орж амрахаар 09.00 цаг өнгөрөөгөөд гарсан юм. Тэгээд замаараа Номин худалдааны төв орж нэлээд удаж байгаад гарсан цаг хэд болж байсан талаар санахгүй байна. Тэгээд замд Төв аймгийн Борнуур сумын нутаг Урьхан үйлчилгээний төв өнгөрөөд явж байхад хойд талд явж байсан машин гэнэт хөрвөөгөөд явсан. Тэгээд би яанаа гээд жолоо барьж байсан дүү М машинаа зогсоогоод очиж үзэхэд ээж Т биеийн байдал маш муу байсан, аав Б жолоон дээрээ байсан. Хойд талд сууж явсан дүү Б ганцаараа сууж байсан. Хажуу талд нь сууж явсан түүний эхнэр Гэрлээ болон хоёр хүүхэд нь гадаа хэвтэж байсан...манай машины жолооч М толиндоо хараад яанаа хөрвөөчихлөө гэж хэлсэн. Би хөрвөөгөөд дуусаж байхыг нь харсан. Өөр харсан хүн байхгүй. Баяр наадмын үе таарсан тул хөдөлгөөн ихтэй байсан. Цаг агаарын хувьд гайгүй, замын хувьд эвдрэл гэмтэлгүй байсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 тал/,
  4. Гэрч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Төв аймгийн Борнуур сумын нутаг Урьхан үйлчилгээний төв өнгөрөөд 3-4 орчим км газар явж байгаад толиндоо харахад аав Б өөрийн эзэмшлийн хар өнгийн Форд машинтай автобус гүйцэт түрүүлээд гараад ирэх шиг болсноо зорчих хэсгийн ертөнцийн зүгээр зүүн талруу хөрвөөгөөд онхолдсон. Би тухайн үед машинаа зогсоогоод буцаж эргээд осол болсон газар ирээд эмнэлэг болон цагдааруу дуудлага өгсөн. Тухайн машинд аав жолоон дээрээ, хойд талын суудал дээр дүү Б сууж байсан. Харин хойд талд сууж явсан Бгийн эхнэр Гэрэлээ болон хоёр хүүхэд нь гадаа байж байсан, жолоочийн хажууд сууж явсан ээж Тунгалагын биеийн маш муу байж байгаад газар дээрээ өнгөрсөн. ” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 тал/,
  5. Гэрч Д.Гэрэлмаагийн өгсөн “...Борнуур сумын Урьхан зоогийн газар өнгөрөөд явж байхад би хүү Х нойтон гутлыг тайлж байхад юу болов гэж бодоод удаагүй тэрүүхэн зуур юу болсныг мэдээгүй нүдээ нээхэд машин онхолдсон байсан..осол юунаас болсныг хэлж мэдэхгүй байна. Би тухайн үед доошоо тонгойж хүүхдийн гуталыг өмсүүлсэн юм...тухайн үед Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46 тал/
  6. Шүүгдэгч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “би ослын талаар өөрөө санахгүй байнаа, сайн ойлгохгүй байна. Би үнэхээр осол гаргасан бол зөвшөөрхөөс яах билээдээ. Миний амьдрал байхгүй болсон байна, би ослын өмнөх болон дараах үйл явцыг огт санахгүй байгаа, манай хүүхдүүд саяхнаас надад болсон зүйлийг бага багаар хэлж байна. Би осдын улмаас хань Тунгалагыг алдсан гэдгийг мэдсэн, өөр мэдэх хэлэх зүйл алга...” гэх мэдүүлэг /хх-ийн 92 тал/
  7. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн №99 дугаартай “Д.Т биед дотуур цус алдалт, нэг талын олон хавирганы хугарал, эдийн няцралт, эгэм ясны хугарал, биед зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь амь насанд аюултай шинэ гэмтэл байна. Тунгалаг нь хавсаргсан гэмтлийн улмаас дотуур цус алдаж нас баржээ. Д.Тунгалаг нь 2 дугаар бүлгийн цустай байна. Талийгаачийн цуснаас спиртийн зүйл илрээгүй. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-ийн 49-51 тал/,
  8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №7508 дугаартай “..Шинжилгээнд ирүүлсэн “Д.Б” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт /хх-ийн 53 тал/,
  9. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №476 дугаартай дүгнэлтээр “..Д.Бийн биед дух зулай ясны хугарал, тархины эдэд цус харвалт, тархины хатуу хальсан дээрхи цусан хураа, тархи доргилт, баруун зулай, шанаанд хаван хавдарт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар нь эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 56-57 тал/,
  10. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн №470 дугаартай “..Б.Бгийн биед зүүн эгэмний хугарал, элгэнд гиперэхоген гэмтэл тогтоогдлоо, Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар нь эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 59-60 тал/,
  11. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №468 дугаартай “Д.Гэрэлмаагийн биед гэмтэл тогтоох боломжгүй” гэх дүгнэлт /хх-ийн 63 тал/
  12. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №468 дугаартай “..Б.Аийн биед баруун шилбэний хугаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар нь эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 65-66 тал/,
  13. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №469 дугаартай “Б.Х биед тархи доргилт, духанд шархалт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 69 тал/
  14. Төв аймаг дахь Замын тасгийн шинжээчийн №00000067 дугаартай: “Хариулт:1 Хавтаст хэргийг судалж үзэхэд Форд Эскапэ маркийн 09-45 ТӨВ улсын цугаэртай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэв. Монгол упсын замын хөдөлгөөний дүрмийн /10-р бүлгийн 10.1а-д заасан Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино. Уг үйдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх/ мөн дүрмийн /9-р бүлгийн 9.2-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна./ хариулт:2 Хавтаст хэргийг судалж үзэхэд Форд Эскапэ маркийн 09 45 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.Бийн тухайн үед хэдэн км/цагийн хурдтай явсаныг гэж үзэв. Хариулт:3 Зам тээврийн осол хэрэг болох шалтгаан нөхцөл нь Форд Эскапэ маркийн 09-45 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.Б нь Мочгол улс Замын хөдөлгөөний дүрмийн 10-р бүлгийн 10.1а-д заасан Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино. Уг үйдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх/ мөн дүрмийн /9-р бүлгийн 9.2-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна гэсэн заалтуудыг дагаж мөрдөөгүй учир зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл гарсан байна гэж үзэв. Ззам тээврийн ослын зам орчны байдал нь асфальт, суурингийн гаднах үзэгдэх орчин хязгаарлагдмал, гэрэлтүүлэггүй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, хоёр энгнээтэй хашлага, хайсгүй гэжээ. Иймд зам тээврийн осол болоход замын нөхуөл байдал нөлөөлөхгүй гэж үзэв” гэх дүгнэлт /хх-ийн 71 тал/
  15. Шүүх сэтгэц эмгэг судлалын №866 тоот “Д.Б нь урьд өмнө нь ямар нэгэн сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх бичиг баримт үгзүй байна. Д.Б нь тархи доргилтын дараах хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. Д.Бын дээрх эмгэг нь сэтгэцийн эмгэг болно. Д.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. Д.Б нь хэрэг чадваргүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 79 тал/
  16. Хэргийн газарт үзлэг хийхэд “..Зам тээврийн осол гарсан гэх газар нь Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг Тайсын хөтөл гэх газар асфальтан хучилттай тойрог замын зүүн талд хар өнгийн Форд эскапэ маркийн 09-45 ТӨВ улсын дугаартай автомашин замаас гарч онхолдсон байдалтай дугуйн дээрээ зогсож байв” гэх тэмдэглэл /хх-ийн 09 тал/,
  17. Осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-23 талууд/,
  18. Төв аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Эрдэнэбилэгийн “183400486 дугаартай хэрэг дээр жолооч Д.Баас мэдүүлэг авах зорилгоор ГССҮТ-д очиход мэдүүлэг өгөх чадваргүй байсан талаар” бичсэн илтгэх хуудас /хх-ийн 24 тал/,
  19. Эрүүгийн хэрэг үссгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 88 тал/
  20. Хохирогч Б.Б, Д.Г, Б.Х, Б.А, шүүгдэгч Д.Б нарын өвчтөний түүх /хх-ийн 105-163 тал/ зэрэг болно.

      

            Шүүгдэгч Д.Бийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийн яллагдагчаар хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

              Гурав: Гэм буруугийн болон Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх шүүхийн дүгнэлт:

               Шүүгдэгч Д.Б нь “Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Тайсын хөтөл” гэх газарт 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 09-45ТӨВ улсын дугаартай Форд эскапэ маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Удсын замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1 а-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино. Уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх” мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д заасан “Жолооч нь аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 09-45 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Т амь насыг хохироож, Б.Б, Б.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Х эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шүүгдэгч Д.Б, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, хохирогч Б.Б нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шинжээч эмч  Б.Энх-Ундрах, Н.Оюунчимэг, Ш.Сугармаа нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Дуламсүрэн, Д.Гэрэлмаа, шинжээчийн №476, №470, №468 дүгнэлтүүд, шүүх сэтгэц эмгэг судлалын №866 тоот дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09 тал/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Төв аймаг дахь Замын тасгийн техникийн шинжээчийн №00000067 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон “ гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм бруутайд тооцох үндэстэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, хохирогч Б.Б нар нь “манай гэр бүлээс гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй байна

 

Дөрөв: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

лсын яллагчаас “шүүгдэгч Д.Бийг шүүх сэтгэц эмгэг судлалын №866 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хэрэг хариуцах чадваргүй талаар дүгнэлт гарсан. Иймээс шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвд нэг жилийн хугацаагаар албадан эмчлүүлэх” саналыг,

-шүүгдэгчийн өмөгөөлөгчөөс: “Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэг хариуцах чадваргүй гэдэг нь тогтоогдвол шүүх түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч эдгэрсний дараа ял оногдуулна гэж заасан байдаг. Мөн хуулийн 6.4 дүгээр зүйл 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсний дараа хэрэг хариуцах чадваргүй болсон тогтоогдсон шүүгдэгчийн сэтгэцийн байдал нь өөртөө эсвэл бусдад аюул учруулахааргүй бол эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх эсхүл асран хамгаалагч нарт нь харгалзуулах нь зүйтэй гэж заасан байдаг. Шинжээч эмч нарын хувьд заавал сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй. Сэтгэцийн хувьд өөрчлөлт орох юм бол эмчлүүлэх шаардлагатай гэж хэлсэн. Иймээс Д.Бийг төрсөн хүү Б.Мд болон бусад хүүхдүүд нарын асрамжид өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч Д.Б нь “ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон “ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэвч шүүгдэгч Д.Б нь энэ гэмт хэргийн улмаас тархиндаа хүнд гэмтэл авч тархи доргилтын дараах хам шинж сэтгэцийн эмгэг өвчтэй, үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадваргүй, гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадваргүй болсон, түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай болох нь шүүх сэтгэц эмгэг судлалын №866 тоот “Д.Б нь урьд өмнө нь ямар нэгэн сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх бичиг баримт үгүй байна. Д.Б нь тархи доргилтын дараах хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. Д.Бын дээрх эмгэг нь сэтгэцийн эмгэг болно. Д.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. Д.Б нь хэрэг чадваргүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 79 тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шинжээч эмч Б.Энх-Ундрахын “...Д.Б нь тархи доргилтын дараах хам шинж гэдэг өвчний онштой. Энэ нь хүнд хэлбэрийн тархи доргилт, тархины гэмтлээс болж үүсдэг. Энэ төрлийн өвчтэй хүн нь оюун ухаан муудах, сэтгэн бодох чадваргүй болох, ярьж чадахгүй болох, сэтгэлээ барьж чадахгүй уурлаж бухимдах, таагүй мэдрэмж төрөх зэрэг байдлаар шинжүүд нь илэрдэг...” гэх тайлбар, шинжээч эмч Н.Оюунчимэгийн “...тархины хүнд хагалгаа хийсэн учраас эд эс нь дахин сэргэх боломжгүй...Ой тогтоолтын хувьд санах ой тогтоол байхгүй. Хэлсэн зүйлээ хэсэг хугацааны дараагаар мартана. Маш удаан хугацааны эмчилгээг эрчимтэй хийж байж сайжирна. Одоо бол сайжрах бүрэн боломжгүй болсон...Энэ гэмтэл нь тархинд үүссэн учраас сэтгэн бодох чадваргүй болсон. Үүнийг оношилж сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй гэж үзэж байгаа...” гэх мэдүүлэг, шинжээч эмч Ш.Сугармаагийн “...Тархины том гэмтэл авсан учраас бусад бие эрхтэнд нөлөөлөх боломжтой. Цаашид манай эмнэлгийн хяналтад орох боломжтой. Сэтгэл санаа нь тогтворгүй байдалд орох юм бол солиорлын байдалд орох боломжтой...” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1-д “ Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан, гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадваргүй болсон нөхцөлд шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргана. “ гэсэн байх боловч шүүх сэтгэц эмгэг судлалын №866 тоот шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Б.Энх-Ундрах, Н.Оюунчимэг, Ш.Сугармаа нар нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бийг “ сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй, мэдрэлийн эмчийн хяналтанд байлгах нь зүйтэй “ гэсэн тайлбаруудыг өгч байх бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үнэлт дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.Б нь Сэтгэц эрүүл мэндийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.1-д “ Сэтгэцийн эрүүл мэндийн болон эмнэлэгийн шаардлагатай үйлчилгээ авах, асран халамжлуулах “ эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар эрүүл мэндийн байгууллагад сэтгэл заслын эмчилгээ хийлгүүлэхийг  асран хамгаалагчид нь даалгах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Бт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 9 д “.Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан сэтгэл заслын, донтох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулж болно “ гэж зааснаар сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 7-д “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, дэглэм, хугацааг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх тогтооно” гэж зааснаар 1 жилийн хугацаатайгаар авч, Эрүүийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дахь хэсгийн 7-д зааснаар дээрхи хугацаанд прокурор хяналт тавьж уг арга хэмжээг зогсоох, хугацааг сунгах, тухайн шүүгдэгч эдгэрсэн нь эмнэлэгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Тав: Бусад асуудлаар:

            Эрүүгийн 1834004860388 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Б нь хэрэг хариуцах чадваргүй, сэтгэцийн эмгэгтэй байх тул хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Бийн №748192 дугаартай жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31 дүгээр зүйлийн 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйл, мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Баян-Эрхий овогт Д Бийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баян-Эрхий овогт Д Бт сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийн сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 1 жилийн хугацаагаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар эрүүл мэндийн байгууллагад сэтгэл заслын эмчилгээ хийлгүүлэхийг  асран хамгаалагчид нь даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийн сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд Прокурор хяналт тавьж, уг арга хэмжээг зогсоох, хугацааг сунгах, тухайн шүүгдэгч эдгэрсэн нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэх болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Бийн №748192 дугаартай жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд үүрэг болгосугай.   

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

    

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйл
    ийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
    Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Бт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ю.ЭНХМАА