Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/421

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0404/

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд,

Шүүгдэгч Г.Т  /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б  овогт Г.Т-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018003450458 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11ий өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт Г.Т /регистрийн дугаар: ....../, ......оны ...дугаар сарын ....-ны өдөр .... аймгийн... суманд төрсөн, эрэгтэй, .... настай, бүрэн дунд боловсролтой, ......., эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., -ийн хамт .... аймаг, ... сум, ...дугаар баг, ..... тоотод оршин суух хаягтай,  урьд:

-..... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн,

-........ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар хорих ял,

-........ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн 2019 оны 04 дугаар сарын 19-ний өдрийн..... дугаартай шийтгэх тогтоолоор 17.2 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж,  .... дүүргийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ........ дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 06 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Г.Т нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр .........аймгийн .... сумын ..дугаар багт байрлах ..... захын ард иргэн Ч.Д-тэй маргалдан улмаар толгойн тус газар нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэн болон ар хэсэг,  хүзүүний зүүн тал, духны шархнууд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т  мэдүүлэхдээ: “...Өмнө нь мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Миний буруу.” гэв.

 

Эрүүгийн 2018003450458 дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],

 

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[2],

 

Хохирогч Ч.Д-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 06 дугаар сарын 25, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн орчимд Т  над руу залгаад хотоос Дарханд ирж байна гэхээр нь маргааш уулзъя гэж хэлээд 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн орчимд Т-ийн гэрт очиж уулзаад хоол унд хийж идчихээд 13 цагийн үед гарч зах ороод Шинэ орчин төвөөс 0,75 литрийн архи аваад захын ар талд Т  бид хоёр хувааж уусан. Тэгээд дахин архи аваад нийт 4 шил 0,75 литртэй архи хувааж уусан. Тэгээд би юу болсныг мэдэхгүй. Нэг мэдсэн чинь Нэгдсэн эмнэлэгт хүлээн авахын орон дээр ухаан орсон чинь миний зүүн талын чихэнд оёдол тавьсан. Яг юу болсон яагаад миний чихэнд гэмтэл учирсан гэдгийг мэдэхгүй байна. Миний бие зүгээр. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.гэх мэдүүлэг[3],

 

Гэрч Н.М-ын мөрдөн байцаалтад 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн ...2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн үед сайн мэдэхгүй байна. .......... сумын ......дугаар багт байрлах ....... зах орж хоол идэхээр явж байгаад “Буян” захын арын хуучин биллиард тоглодог байсан газарт шил хагарах чимээ гарсан. Тэгэхээр нь харсан чинь нэг залуу нэг залуугийн зүүн тал руу архины шилээр цохисон. Тэгээд би цаашаа яваад цагдаад дуудлага өгсөн. Архины шилээр цохисон байх шил хагарах шиг дуугарахаар нь харахад цэнхэр жинсэн хүрэмтэй залуу архины шил барьсан зогсож байсан. гэх мэдүүлэг[4],

 

Гэрч Г.Б-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн ...2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн үед манай хоолны газрын хойд талд 2 залуу архи ууж байсан. Тэгээд удалгүй хоорондоо маргалдаж байгаад цэнхэр жинсэн хүрэмтэй залуу нь нөгөө залуугаа архины шилээр цохиход нь ...... захын хамгаалагчийг дуудахаар явсан. Хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна. Миний харснаар архины шилээр толгойн хэсэгт нь цохиж байсан. Тэгээд цохиход архины шил хагарсан. Тэр хоёр залуу нэг шил архи тавьсан ууж байсан. Хоёулаа согтуу байсан. гэх мэдүүлэг[5],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 534 дугаартай ...Ч.Д-ийн биед зүүн чихний дэлбэн болон ар хэсэг, хүзүүний зүүн тал, духны шархнууд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин зүйлээр үүсгэгдэх боломжтой. Ч.Д-ийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ч.Д-ийн биед учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх шинжээчийн дүгнэлт[6],

 

Г.Т-ын яллагдагчаар мөрдөн байцаалтад 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн ...2020 оны 06 дугаар сарын 11-ний 11 цагийн орчимд Д  манай гэрт хүрч ирээд хоол унд идчихээд 12 цагийн орчимд гэрээс гарсан. Тэгээд Д  бид хоёр ......... төв ороод хоол ундны юм аваад нэг шил 0,75 литртэй Хараа архи аваад гэрт орж хувааж уусан. Тэгээд гэрээс гараад дахиж........ төвөөс 2 шил 0,75 литртэй Хараа архи аваад ....... захын ар талын хаалганы тэнд хувааж уугаад дахин нэг шил 0,75 литрийн Хараа архи авч уусан. Би юу болсныг мэдэхгүй байгаа. Нэг мэдсэн чинь Д-ийн зүүн талын чихний ар талаас цус гарч байхаар нь гараараа цусыг нь тогтоох гэж дараад эмнэлэг дуудсан. Тэгсэн чинь удалгүй түргэн, цагдаа нар ирсэн. Тухайн үед Д бид хоёр хоёулаа байсан болохоор тэр гэмтлийг би учруулсан. Гэхдээ юунаас болж маргалдсан гэдгээ мэдэхгүй байна. гэх мэдүүлэг[7],

 

Шүүгдэгч Г.Т-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[8] болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Г.Т-ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Т  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ..... аймгийн ... сумын .... дугаар багт байрлах ...... захын ард иргэн Ч.Д-тэй маргалдан улмаар толгойн тус газар нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэн болон ар хэсэг,  хүзүүний зүүн тал, духны шархнууд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Т нь хохирогч Ч.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Г.Т  нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч Г.Т-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдааны явцад илэрхийлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул тэдний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Г.Т-ын согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Ч.Д-ийн эрүүл мэндэд учирсан зүүн чихний дэлбэн болон ар хэсэг, хүзүүний зүүн тал, духны шархнууд бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Т-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч,хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Ч.Д  нь шүүхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ уламжилсан тул шүүгдэгч Г.Тамираас гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн захирамжаар Г.Т-ыг эдлээгүй үлдсэн 06 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9, 6.12 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-т оногдуулсан 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногийн хорих ялаар сольж нийт 50 хоногийн хорих ял дээр 06 сар 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Т-ын нийт эдлэх ялыг 8 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгчийн нийт цагдан хоригдсон 46 хоногийг эдлэх ялаас хасах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн архины шилний хагархай, хөр өнгийн малгай 1 ширхэг, улбар шар өнгийн оймс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Т  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Г.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр шүүгдэгч нь урьд 3 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Харин шүүгдэгч Г.Т  нь ....... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн....... дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, .........дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ......... дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 06 сар 25 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ”, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Т-т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 06 сар 25 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож 40 хоног буюу 1 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 08 сар 05 хоногийн хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Т-ын цагдан хоригдсон 46 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн архины шилний хагархай, хөр өнгийн малгай 1 ширхэг, улбар шар өнгийн оймс зэргийг шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  овогт Г.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-т 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч Г.Т-ын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн  06 сар 25 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 40 хоног буюу 1 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хугацааг 08 сар 05 хоногоор тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-т оногдуулсан 08 сар 05 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ын цагдан хоригдсон 46 хоногийн 1 хоногийг хорих ялын 1  хоногоор тооцож эдлэх ялаас нь хассугай.

 

6. Шүүгдэгч Г.Т  нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн архины шилний хагархай, хөр өнгийн малгай 1 ширхэг, улбар шар өнгийн оймс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 7-10 тал

[2] Хавтаст хэргийн 13-14 тал

[3] Хавтаст хэргийн 16-17, 18 тал

[4] Хавтаст хэргийн 19-20 тал

[5] Хавтаст хэргийн 21-22 тал

[6] Хавтаст хэргийн 26-27 тал

[7] Хавтаст хэргийн 40-41 тал

[8] Хавтаст хэргийн 43 тал