Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2018/00038

 

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2018/00038

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Н-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т.О -д холбогдох,

 

1,340,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Надтай нэг ангид сурч байсан Г.Дэлгэрмаа нь миний таньдаг хүн БНЧУ-ын визний цаг гаргадаг би 2 дүүгийнхээ нэгийг нь гаргуулсан, одоо нэгийг нь гаргуулах гэж байгаа гэж хэлсэн.

Тэгэхээр нь би миний охинд гаргуулж өгөөч гэж хэлж зөвшилцөөд маргааш нь Т.Оюунбаттай охины хамт очиж уулзахад тэр зөвшөөрч гэрт нь бэлэн мөнгө 1,340,000 төгрөгийг өгсөн.

Мөнгө өгснөөс хойш 7 хоногийн дараа буюу 2016 оны 06 сарын 20-ны өдөр би Т.Оюунбаттай уулзан би охиндоо визний цаг гаргуулахаа болилоо. Яагаад гэвэл Чех явж ажил хийх охин маань жирэмсэн болчихлоо гэж хэлсэн.

Үүнээс хойш өгсөн мөнгийг өгөхгүй худлаа хэлж, утсаа авахгүй байсаар байгаад өнөө хүрлээ.

Иймд Т.Оюунбатаас 1,340,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие н.Дэлгэрмаа эгчийн гуйлтаар Б.Нарантугалаг эгчээс 1,320,000 төгрөг авсан нь үнэн. Бичгээр тайлбар өгөх гэхээр дэндүү их нурших гээд байгаа тул 2018 оны 01 сарын 04-ний өдрийн 11:00 цагт болох шүүх хурал дээр тайлбар өгье гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Нарантунгалаг нь Бүгд Найрамдах Чех Улсын визний цаг авахуулахаар өгсөн 1,340,000 төгрөгийг хариуцагч Т.Оюунбатаас нэхэмжилжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Нарантунгалаг нь хариуцагч Т.Оюунбатад Бүгд Найрамдах Чех Улсын визний цаг авч өгнө үү хэмээн 1,340,000 төгрөгийг өгсөн болох нь зохигчдын тайлбар, ...Оюунбат миний бие 1,340,000 төгрөг Чехийн элчингийн ажлын гэрээний цаг авч өгөх зорилгоор авсан нь үнэн болно гэсэн 2016 оны 06 сарын 14-ний өдрийн бичвэр зэрэг баримтаар тус тус нотлогдож байна.

 

Визний цаг олгох, виз гаргах зэрэг асуудал нь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны бүрэн эрхийн асуудал юм.

 

Өөрөөр хэлбэл, Т.Оюунбат нь визний цаг олгох эрх бүхий этгээд биш байтлаа Б.Нарантунгалагаас визний цаг авч өгнө хэмээн 1,340,000 төгрөгийг авсан байх тул Т.Оюунбатыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т зааснаар Б.Нарантунгалаг нь Т.Оюунбатад өгсөн 1,340,000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй байх тул хариуцагч Т.Оюунбатаас 1,340,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нарантунгалагт олгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч Т.Оюунбат нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.      Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Т.Оюунбатаас 1,340,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нарантунгалагт олгосугай.

 

2.      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Оюунбатаас 36,390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нарантунгалагт буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР