Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 190

 

 

 

 

 

 

 

 

 

 

   Г.Үт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ч.Батбаяр,

хохирогч Н.Д-,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1611 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Ү, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Үт холбогдох эрүүгийн 201725010665 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Г.Ү нь жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас бага хүүтэй, урт хугацаатай, их хэмжээний зээл авч өгнө, хамтран ажиллана гэх зэргээр хуурч,

1. 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд Ё.Ч-аас нийт  67.900.000 төгрөгийг,

2. 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 8 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл Т.Б-аас нийт 25.000.000 төгрөгийг,

3. 2016 оны 8 дугаар сарын 17-ноос 20-ны өдрүүдэд Н.О-с нийт 20.000.000 төгрөгийг,

4. 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 11 дүгээр сарын 19-ний хооронд Н.Д-оос нийт 112.000.000 төгрөгийг,

5. 2016 оны 9 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Д.Б-аас нийт 40.000.000 төгрөгийг,

6. 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Ю.Н-аас 5.000.000 төгрөгийг,

7. 2016 оны 9 дүгээр сарын 14, 23-ны өдөр Х.Г-өөс нийт 40.000.000 төгрөгийг,

8. 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Д.У-ээс 5.000.000 төгрөгийг тус тус залилан авч, нийт 8 удаагийн үйлдлээр бусдад 314.900.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Үийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Үийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар   Г.Үийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Үт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Үээс нийт 211.500.000 төгрөгийг гаргуулж, үүнээс 112.000.000 төгрөгийг Н.Д-ид, 5.000.000 төгрөгийг Д.У-т, 40.000.000 төгрөгийг Д.Б-т, 5.000.000 төгрөгийг Ю.Н-т, 38.000.000 төгрөгийг Х.Г-т, 11.500.000 төгрөгийг Т.Б-д тус тус олгож, Г.Үт авсан хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Г.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1611 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна.

Г.Ү нь “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас бага хүүтэй, урт хугацаатай, их хэмжээний зээл гаргаж өгнө, хамтран ажиллана” гэх зэргээр 2014 оны 4 дүгээр сарын 18-наас 2016 оны 11 дүгээр сарын 19-ний хооронд нийт 8 иргэнд 314.900.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Г.Ү нь Баянгол дүүрэгт өөрөө жижиг дунд үйлдвэрлэлд хамаарагдах хэрчсэн гурил, банш буузны үйлдвэр ажиллуулдаг, энэ үйлдвэрийнхээ үйл ажиллагаанд зориулж 2014 онд Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас 270 сая төгрөгийн зээл авч үйлдвэрлэлээ явуулж байгаа бөгөөд уг зээлийг авахдаа сонинд тавьсан “зээлийн төсөл бичнэ, зээл гаргана” гэсэн зарын дагуу Б- гэгчтэй танилцаж, уг зээлийг хөөцөлдүүлсэн байдаг. Харин энэ хэргийн хохирогч болох хүмүүсээс зээл гаргаж өгөхөөр мөнгө төгрөг авахдаа дээрх Б- гэдэг хүний “Бэлэн төсөл байна, зээл авах хүн байна уу” гэсэн саналын дагуу өмнө нь өөрөө хөөцөлдүүлж, үнэхээр зээл авсан байсан тэр итгэл үнэмшилдээ хөтлөгдөн таньдаг хүмүүсээс асууснаар энэ гэмт хэрэгт холбогдох үндэс болсон юм. Хэргийг мөрдөн байцаалтаар шалгахдаа, Г.Ү гэдэг хүн Жижиг дунд үйлдвэрийн зээл авч байсан нь үнэн эсэх, уг зээлийн төслийг ямар хүн бичиж, ямар хурал зөвлөгөөнөөр дэмжигдэж, зээлийн шийдвэрийг хэдийд, ямар албан тушаалтны шийдвэрээр олгосныг судалж шалгаагүй, уг хэргийн гол залилагч болон түүний хамтран гүйцэтгэгч нарыг тогтоогоогүй, зөвхөн Г.Үийг “зээл гаргаж өгнө гэж бусдаас их хэмжээний мөнгө залилж авсан” гэж үзэж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэл муутай байна. Г.Ү нь хохирогч нараас авсан мөнгийг Б-, Б- нарт зээлийн гэрээ хийх байдлаар бэлнээр, мөн М-ийн дансаар дамжуулан шилжүүлж байсан нь хэрэгт нотлогдсон байдаг. Аж үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1124 дугаартай албан бичиг, Төрийн банкны 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн тодорхойлолт гэх албан бичгийг мөн М-т хэн өгсөн болох, эдгээр албан бичиг, тодорхойлолт хуурамч эсэх, хэрэв хуурамч бол хэн үйлдсэн зэргийг нарийвчлан шалгах шаардлагатай гэж үзэж байна.

2. Г.Ү нь хохирогч нараас авсан мөнгө төгрөгийг бусдад дамжуулж өгсөн болох нь тодорхой. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажилтнуудтай илт холбоотой Б-, Б-, М- нар энэ асуудалд оролцож, уг санд зээл авахаар хандсан хүмүүсийн материалаас бэлэн төсөл байгаа гэж хэлж 2 удаа төслийн материал өгч байсан зэргээс тэдгээр хүмүүсийн үйлдэл оролцоо, авсан мөнгө тодорхой байхад зөвхөн Г.Ү бусдыг залилсан гэж үзэж ял шийтгэл оногдуулсан нь түүний эрх зүйн байдлыг илт дордуулсан, зөвхөн яллах талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.

3. Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаад түдгэлзүүлсэн М.Б- нарт холбогдох 201625031965 дугаартай хэргийг Г.Үт холбогдох энэ хэрэгтэй нэгтгэж шалгах шаардлагатай гэж үзэж байна. Учир нь, Г.Ү цагдаагийн байгууллагад гомдол гаргаж М.Б- нарт залилуулсан асуудлыг шалгуулсан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Г.Ү бусдаас авсан мөнгө төгрөгийг Б-, Б-, М- нарт хэдийд, яаж шилжүүлсэн тухай хангалттай баримт байгаа.

4. Г.Ү нь Ё.Ч-тай хамтарч бизнес хийхээр тохирч 6 вагон цемент оруулж ирсэн бөгөөд тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бизнесийн эрсдэлд орсон, мөн Н.О-гаас үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан 20 сая төгрөг зээлж авч, Жижиг дунд үйлдвэрээс зээл авахын тулд Б- нарт өгсөн бөгөөд өр зээлээ бүрэн төлж барагдуулсан байдаг. Гэтэл иргэд хоорондын хэлцэл тохироо, барьцаат зээлийн гэрээнд үндэслэсэн асуудлуудыг “хамтран ажиллана” гэж хуурсан хэмээн яллаж, ял шийтгэл оногдуулсан нь мөн үндэслэлгүй юм.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1611 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн үндэстэй тогтоолгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Г.Ү давж заалдах гомдолдоо: “Миний бие 2012 оноос Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт банш бууз, хэрчсэн гурил зэрэг хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүнсний жижиг үйлдвэр ажиллуулсан. Энэ үйлдвэртээ хөрөнгө оруулалт хийх зорилгоор “Төсөл бичнэ, зээлд хамруулна” гэсэн зарын дагуу Б- гэгч хүнтэй танилцаж, уулзаад Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас 5 жилийн хугацаатай 270 сая төгрөгийн зээл авсан. Зээл авахад холбогдох бүх материал түүний дотор “Төсөл”-ийг Б- бэлдэж, 54 хоногт багтаан миний зээлийг гаргуулж өгөхдөө “Аж үйлдвэрийн яаманд миний ээжийн төрсөн дүү байдаг, найдвартай” гэж хэлж байсан. Мөн “урьдчилгаа мөнгө авна” гэж хэлж гаргаж өгсөн зээлийнхээ тодорхой хувийг авч байсан. Тэр үед Аж үйлдвэрийн яамны гадаа намайг хүлээлгэж, О гэдэг хүмүүстэй намайг хамт байхад утсаар ярьж харьцдаг байсан. Тийм болохоор энэ хүн найдвартай зээл гаргадаг гэдгийг би мэдэж байсан юм. Б- 2016 онд над руу утсаар яриад “бэлэн төсөл байна, зээл авах хүн байна уу” гэж асууснаар би танидаг хүмүүс рүүгээ утасдаж түүний саналыг хэлсэн. Би ч өөрөө нэмж зээл авах зорилгоор Н.О-с Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мянгатын 24 дүгээр байрны 5 тоотод байрлах 2 өрөө байрыг барьцаалан, зээлийн гэрээ хийж 20 сая төгрөг зээлж аваад, уг мөнгийг Б-д өгсөн. Н.О-д “Жижиг дунд үйлдвэрийн зээл авах гэсэн юм, урьдчилгаанд мөнгө хэрэг болоод байна” гэж хэлж уг мөнгийг зээлсэн. Хэрэв энэ хүнд зээл зуучилсан юмуу эсхүл “зээл авч өгнө” гэж хуурч залилж мөнгийг авсан бол барьцаанд байр орон сууц тавих шаардлагагүй. Энэ мөнгөө Б- гэгчид өгч алдаад би Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгч, хохирогчоор байцаагдаж шалгуулсан. Тухайн үед их хэмжээний зээл гаргаад олон хүн хувааж авч болно гэхээр нь өөрөө ч гэсэн дунд нь хэдэн төгрөгийн зээл нэмээд авъя гэж бодсоноор Н.О-с 20 сая төгрөг зээлсэн. Намайг эрүүгийн хэрэгт шалгагдаад эхэлмэгц миний зээл авах тухай ярьж байсныг өөрт нь зээл авч өгөх гэж байсан мэтээр хэлж, эрүүгийн хэргийн хохирогч болоод мөнгө төгрөгөө яаралтай төлүүлэх гэж ийм өргөдөл мэдүүлэг өгсөн. Энэ хүнээс авсан зээлээ би төлж дуусгасан. Гэтэл намайг Н.О-с 20 сая төгрөг залилсан гэж ял оногдуулсанд гомдолтой байна. Мөн хохирогч Ё.Ч-тай “хамтарч бизнес хийе, цемент зарья” гэж ярилцаад 2014 онд аавынхаа ах Ш-  гэдэг хүнд түүний байрыг барьцаалан Ш-  ахаас 70 сая төгрөг зээлж авсан. Уг мөнгөөр 6 вагон цемент оруулж ирсэн бөгөөд тухайн үед цементээ задгай вагонд ачиж ирж, дээр нь хадгалах складгүй, шаардлага хангахгүй болсон зэрэг бүх нөхцөл байдлыг Ё.Ч- өөрөө маш сайн мэдэж байсан боловч би алдагдлыг дангаар хүлээж, түүний байрыг чөлөөлж өгөхөөс өөр аргагүй болж, ганцаараа хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Н.О-, Ё.Ч- нараас би мөнгө зээлж авч, буцааж төлсөн. Бусад хохирогч нарын хувьд ч Б-, Б- нарын ярьсныг дамжуулж хэлж байсан. Зээлийг бөөнөөр нь гаргаж, хүмүүст хувааж өгнө гэсэн тул тэдний шаардсан мөнгийг нь хурдан өгөөд хурдан зээлийг нь гаргуулахын тулд зарим нэг хүмүүсийг шахаж шаардаж байсан нь үнэн. Гол нь энэ зээлийн дунд өөрийгөө оруулаад нэмж зээл авах, мөн зээл бүтсэний дараа надад тодорхой хэмжээний урамшуулал олгоно гэсэнд нь итгээд ийм байдалд хүрсэн.

Би Д-с авсан 112.000.000 төгрөгөөс 82 сая төгрөгийг, Н-аас авсан 4 сая төгрөг, Т-аас авсан 40 сая төгрөг, Д.У-ээс авсан 6 сая төгрөг, Х.Г-өөс авсан 40 сая төгрөг, Бөхчулуунаас авсан 25 сая төгрөг, бүгд 187 сая төгрөгийг Б-, Б-, М- нарт бэлнээр болон дансаар шилжүүлж өгсөн баримт хэрэгт авагдсан. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хэлтэст би өөрөө гомдол гаргаж шалгуулснаар М-, Б- нар болсон явдлыг гэрчилж мэдүүлэг өгсөн. Б- гэгч нь Турк улсаас мөрдөн байцаагч Наранбаатартай утсаар ярьж “миний найз охиныг битгий хориоч, мөнгө төгрөгийг нь авсан албан тушаалтнууд байгаа, тэдгээр хүмүүсээс гаргуулж авч өгье” гэж хэлж байсныг би өөрөө сонссон. Гэтэл эдгээр асуудлыг мөрдөн байцаалтаар огт шалгаагүй, мөрдөн байцаагч Наранбаатар солигдоод Б- байхгүй гэдгээр хэргийг түдгэлзүүлээд бүх асуудал орхигдсон. Би аргагүйн эрхэнд өөрийн боломжоор зарим хүмүүсийн хохирлоос төлсөн. Мөн Аж үйлдвэрийн яамны жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “А А” ХХК-д ирүүлсэн албан бичгийг М- авчирч өгч байсан. Би энэ бүх зүйлд итгэж дээрх хохирогч нараас мөнгө төгрөгийг авч тэдэнд дамжуулсан юм. Энэ бичгийг би Жижиг дунд үйдвэрийг хөгжүүлэх сангаас ирүүлсэн албан ёсны баримт гэж үзэж байгаа. Албан баланк тамга тэмдэг нь хууль ёсны учраас тэр санд ажилладаг хүмүүс цаана нь төслийн материалуудыг Б-гаар дамжуулан надад өгч, тодорхой мэдээллээр хангаж, хамтарч ажиллаж байсан гэж ойлгодог. Миний хувьд Д-  ийн шилжүүлсэн 60 сая төгрөгөөс Билгээ, Оюун нарын хамт тус бүр 3.300.000 төгрөг авч, нийт 10 сая төгрөгийг өөрт нь хэлэлгүй дундаас нь завшсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Харин А-, Батзолбоо, Ананд нар намайг гүтгэж 30 сая төгрөг дансаараа авч завшсан асуудлыг шалгуулах хүсэлтэй байна. Дээрх байдлуудыг харгалзан үзэж, надад холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

Хохирогч Н.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ гэмт хэргийн цаг хугацаа зөрүүтэй байна. 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэж надаас мөнгө авч эхэлсэн. Б- гэх хүнийг шалгуулахаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт 6 дугаар сард өргөдөлд өгсөн байдаг. Сүүлийн 30.000.000 төгрөгийг аваагүй гэдэг нь худал. Гэрчүүдийн мэдүүлгээр авсан нь тогтоогддог. Надаас мөнгө аваад цаад залиласан хүндээ өгөөд байсан байна лээ. Надаас авсан мөнгөнөөс буцааж өгөөгүй” гэв.

 

Прокурор Ч.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Ү- болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн зээлийг хүнээр зуучлуулж авдаггүй байх. Хэргийн материалтай танилцахад, мөнгө авахдаа олон хүний дансаар авч байсан байна. Залилах гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогдсон” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Г.Ү нь жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас бага хүүтэй, урт хугацаатай, их хэмжээний зээл авч өгнө, хамтран ажиллана гэх зэргээр хуурч,

1. 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд Ё.Ч-аас нийт 67.900.000 төгрөгийг,

2. 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 8 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл Т.Б-аас нийт 25.000.000 төгрөгийг,

3. 2016 оны 8 дугаар сарын 17-ноос 20-ны өдрүүдэд Н.О-с нийт 20.000.000 төгрөгийг,

4. 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 11 дүгээр сарын 19-ний хооронд Н.Д-оос нийт 112.000.000 төгрөгийг,

5. 2016 оны 9 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Д.Б-аас нийт 40.000.000 төгрөгийг,

6. 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Ю.Н-аас 5.000.000 төгрөгийг,

7. 2016 оны 9 дүгээр сарын 14, 23-ны өдөр Х.Г-өөс нийт 40.000.000 төгрөгийг,

8. 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Д.У-ээс 5.000.000 төгрөгийг тус тус залилан авч, нийт 8 удаагийн үйлдлээр бусдад 314.900.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Н.Д-ийн: “2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Г.Ү гэдэг хүнтэй уулзсан. ...Г.Ү надад “жижиг дунд үйлдвэрлэлийн зээл найдвартай гаргуулж өгнө” гээд надаас мөнгө авсан. 2016 оны 8 дугаар сарын 18-нд 2 сая төгрөгийг ... өгсөн. Тэгээд “зээл чинь бараг болсон шүү, 80 сая төгрөг миний данс руу хийгээч” гэхээр нь би 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 20 сая төгрөгийг Ү-ийн нөхөр Д-  гийн Хаан банкны 5374357471 тоот данс руу, 2016 оны 8 дугаар сарын 23-нд Д-гийн данс руу 60 сая төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 19-нд Ү- над руу залгаад “нөгөө хүмүүс чинь дахиад мөнгө гээд байна, чи өгөх үү, өгөхгүй юу, өөрөө мэд” гэсэн. Тэгээд удалгүй нэг эрэгтэй хүн залгаад “та цагийн дотор 60 сая төгрөг хий, мөнгө чинь гарчихсан, 1 дэх өдрийн өглөө мөнгө чинь гарна” гээд... дахиад залгаад “30 минутын дотор 30 сая төгрөг хийчих, үлдсэн мөнгийг нь 1 дэх өдөр мөнгөө авахад чинь дагаж яваад авчихъя” гэхээр нь 2016 оны 11 дүгээр сарын 19-нд Хулан гэх хүний төрийн банкны 346000883321 тоот данс руу 23 сая төгрөг, А- гэх хүний Хаан банкны 5009274444 тоот данс руу 7 сая төгрөгийг шилжүүлсэн. 2.5 тэрбум төгрөгийн зээл гаргуулахаар Г.Үт 82.000.000 төгрөг, Хулан, А- нарт 30.000.000 төгрөг залилуулсан” /1хх-78-79/,

хохирогч Ё.Ч-ын: “...2014 онд Г.Үтэй хамтарч бизнес хийхээр болоод өөрийн нэр дээр байсан байраа Ү-гийн  авга ах Ш- гийн нэр дээр 70.000.000 төгрөгийн барьцаанд тавихаар гэрээ хийсэн. Тэгээд ...12.900.000 төгрөгийг Ү- авсан. 2014 оны 4 дүгээр сарын 30-нд Ш-  гэх хүн 17.000.000 төгрөгийг Ү- бид хоёрт өгсөн. Ү- 11 сая төгрөгийг нь буцаагаад Ш-  ахад өртэй гээд өгөөд 6 сая төгрөгийг би авсан. 2014 оны 5 дугаар сарын 2-нд Ү- нь гурил татах гэсэн юм” гээд 3.000.000 төгрөг надаас авсан. 2014 оны 5 дугаар сарын 8-нд Жагаа гэх найзынхаа данс руу 3.000.000 төгрөг шилжүүл гээд шилжүүлсэн. 2014 оны 5 дугаар сарын 28-нд үлдэгдэл 38.230.000 төгрөгийг Ш-  гэх хүн өгсөн ба Ү- 3.000.000 төгрөгийг, 2014 оны 6 дугаар сарын 3-нд Ү- өөрийн компаний данс руу 15.000.000 төгрөгийг, 2014 оны 6 дугаар сарын 9-нд “юм чөлөөлөх гэсэн юм” гээд 20.000.000 төгрөг надаас бэлнээр авсан. Ү- надаас нийт 67.900.000 төгрөг авсан. ... Ш-  гэх хүн алданги тооцоод надаас 147.000.000 төгрөг нэхэмжлээд байгаа” /1хх-81-82/,

хохирогч Т.Б-ы: “Ү-ийг танихгүй, Баярсайхан гэх хүнээр дамжуулж танилцсан. Ү- “Жижиг дунд үйлдвэрлэлийн 300.000.000 төгрөгийн зээл гаргаж өгнө,  10 хувийн буюу 30.000.000 төгрөг авна” гэж тохиролцоод “урьдчилгаа 15.000.000 төгрөг” гэснийх нь дагуу Д-  гийн дансанд 2016 оны 5 дугаар сарын 26-нд 2.000.000, 5 дугаар сарын 27-нд 7.000.000, 5 дугаар сарын 30-нд 6.000.000, 5 дугаар сарын 30-нд Ү-гийн  данс руу 2.000.000 төгрөг, 6 дугаар сарын 10-нд 1.500.000 төгрөг, 7 дугаар сарын 7-нд 3.000.000 төгрөг, 8 дугаар сарын 5-нд 1.500.000 төгрөгийг Д-  гийн данс руу хийсэн. 2016 оны 6 дугаар сард Үнэнэцэцэгт 2.000.000 төгрөг өгсөн. Нийт 25.000.000 төгрөг авсан. Мөн манайхаас 3 ширхэг хонины мах, 2016 оны 6 дугаар сарын 22-нд 1.500.000, 9 дүгээр сарын 22-нд 5.000.000, 9 дүгээр сарын 23-нд 5.000.000, 9 дүгээр сарын 30-нд 1.000.000, 10 дугаар сарын 2-нд 1.000.000 төгрөгийг миний дансанд хийсэн. Ингээд Д-  ,Ү- нараас би 11.500.000 төгрөг авах дутуу байгаа” /1хх-101-102/,

хохирогч Ю.Н-ын: “... 2016 оны 9 дүгээр сарын 28-нд миний танил Эрдэнэчимэг эмч над руу залгаад “жижиг дундын зээлийг зуучлах Ү- гэдэг хүн байна, зуучлалын хөлс нь 10 сая төгрөг болох юм байна” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. ...Уранчимэгийн гражийг “Бид” ББСБ-д барьцаанд тавиад 4 сая төгрөгийн зээл гаргуулаад Ү-гийн  хэлсэн дансанд шилжүүлсэн. Ү-ийг танихгүй. Эрдэнэчимэгт итгээд Ү-т 5 сая төгрөг өгсөн”, “...2016 оны 12 дугаар сарын 25-наас өмнө зээл чинь гарна, 1.500.000.000 төгрөгийн зээлийн материал 750.000.000 болчихсон байна” гэж байсан. Ү- нэг охин дагуулж ирээд “төрийн банкны эдийн засагч, гэрээ байгуулъя, маргааш өглөө дансанд чинь мөнгө орно” гэхээр нь баярлаад... нэг гэрээ гаргаж өгөхөөр нь гарын үсэг зураад явуулсан. “Маргааш дарга нь зураад мөнгө орчихно, даргаар тамга даруулаад болчихно” гэж хэлсэн. Би Уранчимэгээс 4 сая төгрөг, Эрдэнэчимэгээс 1.000.000 төгрөг зээлж аваад Ү-т өгсөн. Уранчимэгээс мөнгө авсан болохоор сүүлд нь Уранчимэгтэй 5 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Ү- саяхан надтай тааралдаад “390.000.000 төгрөгийн зээл хөөцөлдөж байгаа, удахгүй бүтнэ, та өргөдлөө татаад авчих, таны мөнгийг өгнө” гээд худлаа яриад байсан” /2хх-32, 69/,

хохирогч Д.У-ийн: “... 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Н- над руу залгаад “жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөгжлийн сангаас зээл байна, жилийн 6 хувийн хүүтэй, 7 жилийн хугацаатай, зуучлах найдвартай хүн байна, 3 хүн хамтраад 1.500.000.000. төгрөг, нэг хүнд 500.000.000 төгрөг ногдоно. Эхний ээлжинд үнийн дүнгийн 2 хувь буюу 10.000.000 төгрөгийг нэг хүн өгөөд үлдэх 8 хувийг зээл бүтсэний дараа авах юм байна” гэсэн. Н- бид хоёр 500.000.000 төгрөгийг хувааж авахаар болоод 10.000.000 төгрөгийн урьдчилгаа өгөхөөр тохирсон. Машины гражаа ББСБ-д барьцаанд тавьж 4 сая төгрөгийг Үнэнчимэгийн хэлсэн дансанд шилжүүлсэн. Н-т 4 сая төгрөг, өөрийн 5 сая төгрөг, нийт 9 сая төгрөг, сар бүрийн 270.000 төгрөгийг төлж байгаа”, “зээл бүтэж байна, бүтээх гээд байна” гэж явсаар өнөөдрийг хүрсэн” /2хх-36-37, 68/,

хохирогч Х.Г-ийн: “Ү- миний ярьсан төслийг үзээд “надад таньдаг хүн байгаа, 40 сая төгрөг өгчих юм бол 2016 оны 10 дугаар сарын 20-ны дотор багтаан бүтээж өгнө” гэсэн. Тэр үед Ү- урьдчилгаа 8 сая төгрөг шилжүүлчих гээд данс руу нь 8 сая төгрөгийг шилжүүлсэн. Би нийт 40 сая төгрөг өгснөөс надад 2 сая төгрөг буцааж өгсөн. Одоо 38 сая төгрөг нэхэмжилж байна” /3хх-162-163/,

шүүгдэгч Г.Үийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн сэжигтнээр өгсөн: “Д-   надад бичиг баримтаа өгөөд 20.000.000 төгрөг шилжүүлсэн. 2016 оны 8 дугаар сарын 23-нд 60.000.000 төгрөг, нийт 82.000.000 төгрөг авсан. Би Д-  мөнгө аваагүй. Д-  авсан 2.000.000 төгрөгийг Б-д 2016 оны 8 дугаар сарын 18-нд бэлнээр өгсөн. 2016 оны 8 дугаар сарын 20-нд Б- “шилжүүл” гэж хэлсний дагуу 20.000.000 төгрөгийг У.М-ийн данс руу шилжүүлсэн. 2016 оны 8 дугаар сарын 23-нд Б- гэх хүнд 49.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд гэрээ байгуулсан. 2016 оны 9 дүгээр сарын 20-нд 1.000.000 төгрөгийг Б-гийн ах Чулуунбаатар гэх хүний 5007861233 тоот дансанд, 4 сая төгрөгийг 9 дүгээр сарын 13-ны өдөр М-ийн дансанд хийсэн. М-, Чулуунбаатар нар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа. Манай нөхөр Д-   энэ хэрэгт огт хамааралгүй. Миний данс тухайн үед хаалттай байсан учраас нөхрийнхөө дансыг ашигласан. Манай нөхөр “энэ юун мөнгө вэ” гэж асуухаар нь “хүний мөнгө, хүнд авч өгч байгаа юм” гэж хэлсэн.”, 2017 оны 3 дугаар сарын 23-нд: “Зарын дагуу Б- гэдэг хүнтэй холбогдож, тодорхой хэмжээний мөнгө төлж өөрийн нэр дээр төсөл шалгаруулж авсан. Б-тай ярихад “10 хоногийн дараа зээл гарна, урьдчилгаа 10 сая төгрөг өгөх хэрэгтэй” гэж хэлсэн. Би Урнааг танихгүй. Н- Урнаад энэ байдлыг хэлсэн байсан. Бид гурав уулзаад 10 сая төгрөгийн урьдчилгаа нөхцөлтэйгээр зээлийн гэрээ хийж төсөл гаргуулахаар болсон. 10 сая төгрөгийг Б-гийн  дүү гэх Б-эд 2016 оны 10 дугаар сарын 11-нд бэлнээр өгсөн. Би Б-тэй ямар ч холбоогүй” /1хх-108-109, 2хх-41-42/ зэрэг мэдүүлгүүд, хохирлын тооцоо болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Г.Үийг “залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутай” гэж үзсэн анхан шатны шүүх дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч Г.Үийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Г.Үийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд нь тохируулан 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нь “...  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуулыг бүрэн тогтоогоогүй тул хэргийг прокурорт буцааж өгнө үү”, шүүгдэгч Г.Ү нь “А-, Батзолбоо, Ананд нарыг шалгаж хэрэгт нэмэлт ажиллагаа хийж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлуудыг тус тус гаргажээ.

 

Хавтас хэрэгт Н.Оюун, Г.Ү нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /3хх-31/, Х.Г-, Г.Ү нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /3хх-102/, Д.У-, Г.Ү нарын хооронд байгуулсан мөнгө хүлээлцсэн хэлцэл /2хх-2/, Д.Б-, Г.Ү нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /2хх-147/, Н.Д-, Г.Ү нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /1хх-133/, Барьцааны гэрээ /1хх-204/, Ё.Ч-, Н.Ш-  нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /1хх-205/, Т.Б-, Н.Ш- , А.Цэнгэл нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /1хх-205/ гэх баримтууд авагджээ.

 

Залилан мэхлэх гэмт хэргийн нэг шинж нь иргэний эрх зүйн харилцаа буюу гэрээгээр халхавчлан үйлдэгддэг бөгөөд дээр дурдагдсан зээлийн гэрээнүүдийг иргэний эрх зүйн харилцаа гэж үзэх үндэслэлгүй.

 

Шүүгдэгч Г.Ү нь жижиг дунд үйлдвэрийн сангаас зээл гаргуулан авах боломжгүйгээ мэдсээр байж, өөрийн таньж мэдэх оюутан залуус, бусад этгээдүүдээр зээл гаргах эрх бүхий ажилтан болж ярьж өгөхийг гуйн утасны цаанаас яриулж, хохирогч нарт итгэл найдвар төрүүлэн их хэмжээний мөнгийг хүмүүст хахуулийн журмаар өгөх шаардлагатай хэмээн үнэмшүүлж, өөрийн болон бусдын дансаар мөнгө гуйвуулан авч хувьдаа ашиглаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Энэ нь  гэрч Б.О-: “... 2016 оны 8 дугаар сард Ү-тэй тааралдахад “2 тэрбум төгрөгийн төслийн зээл байна, авах хүн байна уу” гэсэн. Бэлгээ эгчид хэлэхэд Д-   гэх хүнийг дагуулж ирсэн. Ү- нь ид ямар ч байсан “2 тэрбум төгрөгийн зээл олгож өгнө” гэж байсан. Сүүлд сонсоход Д-   нь 80.000.000 төгрөг Ү-т өгсөн гэж ярьж байсан” /1хх-83-84/, гэрч Л.Бэлгээгийн: “Манай танил Оюун “төслийн зээл гаргуулах хүн байна” гэсэн. Тэгэхээр нь танил Д-   гэх хүн рүү залгаж “жижиг дунд үйлдвэрлэлийн зээл гаргах боломж байна, чи зээл сонирхож байна уу” гэхэд “тэгье” гэсэн. Ү- нь Д-  ид “2 тэрбум төгрөгийн 5-8 жилийн хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй зээл гаргаж өгнө” гэж ярьж байсан. Дараа нь сонсоход Ү- нь Д-  80.000.000 төгрөг авсан гэдгийг мэдсэн” /1хх-85-86/, гэрч Ш.Даваасүрэнгийн: “Ү-тэй 2003 онд Солонгос улсад танилцсан. Ямар учиртай мөнгө гэдгийг мэдэхгүй. 80.000.000 төгрөг дансаар орж ирсэн. Ү- ажилгүй, төслийн албан тушаалтан биш” /1хх-87-88/, гэрч У.М-ийн: “Би Ү- гэх хүнийг танихгүй. Миний дансаар мөнгө хийж байсныг сүүлд мэдсэн. Миний дансаар найз Самбуугийн найз Б- гэх нь мөнгө авч байсан. 2016 оны 8 дугаар сарын 20-нд миний дансны дугаарыг Б- авсан. Миний дансанд эхлээд 1.000.000 төгрөг, дараа нь 20.000.000 төгрөг, 500.000 төгрөг, 2.500.000 төгрөг, 5.000.000 төгрөг, 8.000.000 төгрөг тус тус орж ирсэн. Хамгийн сүүлд 20.000.000 төгрөгийг нь өөрөө авч өгсөн” /1хх-89-90/, гэрч Г.Хулангийн: “346000883321 тоот дансыг 2014 оны 9 дүгээр сараас эхлэн ашиглаж байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 19-нд 23.000.000 төгрөг орж ирсэн нь үнэн. Манай танил Зо “төрийн данс байна уу, хэрэг болоод байна” гэхээр нь юм бодолгүй өгсөн. Миний дансанд 4.000.000, 19.000.000 төгрөгөөр хоёр удаа орсон. Уг 23.000.000 төгрөгийг аваад Зод өгсөн. Машин дотор үл таних 2 эрэгтэйн хамт үлдсэн” /1хх-93-94/, гэрч Б.Бийн: “Хулан манай найзын танил. Би Ү- гэх хүнээс 1.500.000 төгрөг авах ёстой юм. 2016 оны 11 дүгээр сарын 19-нд Ү- рүү би залгаад мөнгөө нэхэхэд “хүрээд ир” гэсэн. Тэгээд найзыхаа найз охиноос “дансаа өгөөч” гэж гуйсан. Машин дотор Ү-, Д-   хоёрт 30.000.000 төгрөгийг өгсөн. Надад зээлсэн 1.500.000 төгрөгийг “хүүтэй нь гээд 1.700.000 төгрөг болгож өглөө” гээд яриад бичлэг хийж байсан. Ү- нь манай найз Анандын эхнэр А-гийн эгч нь гэсэн. Ү- нь надаас 1.500.000 төгрөг зээлж авсан. Би Д-   гэх хүн рүү залгаж 30.000.000 төгрөг нэхээгүй. Тухайн өдөр Ү-гийн  нөхөр сан” /1хх-95-96/, гэрч Н.А-гийн: “2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр миний Хаан банкны 5009274444 тоот дансаар манай танил Д-   гэгч нь 7.000.000 төгрөг шилжүүлэн авсан. Ү- надаас “Төрийн банкны данс байна уу” гэхээр нь “байхгүй, Хаан банкны данс байна” гээд дансны дугаараа өгсөн. Ү-, Д-   нарыг 2015 онд таньдаг болсон. Төрөл садан биш. Ү- нь төслийн зээл гаргадаг хүн биш, хэрчсэн гурил, бууз, банш хийдэг. 2016 оны 11 дүгээр сарын 19-нд дансаар орсон мөнгийг тухайн өдөрт нь өгсөн гэсэн” /1хх-97-98/, гэрч М.А-н: “Д-  , Ү- нар данснаас чинь мөнгө авах гэсэн юм гэж хэлсэн. Надад “данс руу чинь хийлгэсэн мөнгөө авъя” гэж хэлээд авсан. Тухайн мөнгөнөөс 50.000 төгрөгийн өрөө авсан” /1хх-99-100/ гэх мэдүүлгүүдээр  нотлогддог.

 

Шүүгдэгч Г.Ү нь Н.А-, Б.Б, М.А нараас дансны дугаарыг нь гуйж авч хохирогч нараас мөнгө шилжүүлэн авахдаа ашигласан байх бөгөөд эдгээр хүмүүсийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй тул тэдэнд хэрэг үүсгэн шалгах шаардлагагүй.

 

Мөн М.Б- гэгч этгээд олдохгүй байгаа тул хэргийг түдгэлзүүлсэн баримт хэрэгт байх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн давж заалдах гомдолд дурдагдсан Б- гэгч нь хэн болох нь бүрэн тогтоогдоогүй, сэжигтнээр шалгагдаж байсан Р.Ч нь Б- мөн гэх боловч Р.Чулуунбат нь Б- гэгч өөр хүн байдаг талаар мэдүүлсэн байна. Шүүгдэгч Г.Ү нь хамтран залилан үйлдсэн гэх Б-гийн талаар үнэдэслэл бүхий мэдээлэл өгдөггүй бөгөөд Б-д залилуулсан талаарх гомдлоо гаргаж хэргийг шалгуулах эрх нь нээлттэй.

 

Иймд шүүгдэгч Г.Ү, түүний өмгөөлөгч Г.Алтанцэцэг нарын “хэргийг дахин шалгаж өгөх” талаар  гаргасан  гомдлуудыг хүлээж авах үндэслэлгүй байна.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Г.Үийг бусдыг хэрхэн залилсан буюу хуурч залилсан талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ дүгнэсэн боловч тогтоох хэсгийн заалтад оруулаагүй байх тул давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулав.

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг  үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн заалтыг журамлах нь хууль хэрэглээний үндэслэлийг хэргийн оролцогчдод таниулахаас гадна шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой байх хуулийн шаардлагад нийцнэ гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Г.Ү, түүний өмгөөлөгч Г.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын зохих заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1611 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “..Гомбодорж овогтой Гомбо-Ичингийн Ү-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай” гэснийг “Шүүгдэгч Г.Үийг бусдыг хуурч, эд хөрөнгийг нь шилжүүлэн авсны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай” гэж,

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Г.Үийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.2 дахь заалтад зааснаар Г.Үийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ү, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ