| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2017/0248/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/241 |
| Огноо | 2017-11-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2017/ШЦТ/241
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, Улсын яллагч Э.Гантулга, Нарийн бичгийн дарга О.Сувд-эрдэнэ , Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт ******* ******* / ******* регистрийн дугаартай/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6.30.34 тоотод эхнэр ******* зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: . Миний бие тогтоолтой танилцлаа надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Миний бие эхнэр ******* гэр бүл болоод 26 жил болж байгаа бид 2-н дундаас 1 хүүхэд гарсан. 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би хөдөөнөөс ирсэн. Ингээд жаахан архи уусан бөгөөд согтсон байсан. Би юу болсоныг сайн санахгүй байгаа, сүүлд нь эхнэрээсээ асуусан чинь би эхнэрээ хоол хийгээд өг гэж хэлж манай эхнэр хоол хийж өгөхгүй өглөө болоё гэж хэлснээс болж маргалдаж эхнэрээ зодсон байсан. Би эхнэрээ зодсон асуудалд гэмшиж байгаа. Би өмнө нь эхнэрээ зодож байгаагүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хурдан хугацаанд шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Надад энэ хэрэгтээ холбоотой ямар нэгэн маргаан, цагдаагийн байгууллагаар нэмж шалгуулаад байх зүйл байхгүй. Мөн өөр нэмж хэлэх зүйл байхгүй асуусан асуултанд хариулахгүй учир эрхээ эдэлж мэдүүлгийг үүгээр дуусгах саналтай байна. гэх мэдүүлэг. /хх-ийн 40-41 /,
2. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.
3. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 05 цагийн үөд манай нөхөр хамт архи уусан хүмүүстэйгээ маргалдах гээд байхаар нь би гэртээ нөхрөө орхиод дүүгийндээ ороод байж байтал манай нөхөр ******* манай дүү д орж ирээд дэргэд миний үснээс барьж байгаад толгой уруу гараараа нэлээн хэдэн удаа цохиод мөн нүүр уруу бас нэлээн хэдэн удаа гараараа цохисон Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Одоо миний нүд хөхөрсөн. 2 нүд улайсан. Нүүр орчим тэр чигтээ хавдартай байгаа, толгой өвдөөд байгаа. Гэр бүл болоод 26 жил болоход эхэндээ бол зодолддог л байсан Сүүлийн 10 орчим жил намайг зодож байгаагүй. Надад гомдол, санал гээд байх зүйл байхгүй. гэх мэдүүлэг. /хх-ийн 07-08/, .... Миний бие 1989 онд анх нөхөр *******тэй танилцаж гэр бүл болсон бид 2-н дундаас 2 хүүхэд гарч нэг хүүхэд нас барсан, бид 2 гэр бүл болоод 28 жил амьдарч байна. Энэ хугацаанд надад манай нөхөр ******* нь гар хүрч зодож байгаагүй. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 07- ны өдөр манай нөхөр хөдөөнөөс ирсэн. Тэгээд хамт ирсэн хүмүүстэйгээ гэртээ архи уусан тэгэж байгаад нөгөө хүмүүс нь явсны дараа намайг хоол унд хийсэнгүй гээд бид 2 маргалдаж би гэрээс гарч дүүгийнхээ гэрт орсон байж байгаад буцаад гэртээ орох гэхэд оруулахгүй хаалгаа тайлж өгөхгүй болохоор нь дүүгийнхээ гэрт ороод байж байтал араас орж ирээд согтуу хэрүүл гуйгаад хоол хийгээд өг гээд байхаар нь би чадахгүй гэж хэлсэн чинь намайг зодсон. Миний нүүр лүү хэд хэдэн удаа цохиж миний 2 нүд хөхөрсөн юм. Тэгээд маргааш нь болохоор санахгүй мэдэхгүй байна гэж байсан. Өмнө нь манай нөхөр намайг зодож байгаагүй болохоор гомдоод цагдаад дуудлага өгсөн. Одоо надад гомдол санал байхгүй энэ хэргийг хурдан шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Нөхөр бид 2 эвлэрсэн байгаа.гэх мэдүүлэг / хх-ийн 16-20/,
4. Гэрч Г. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манайх хөдөө мал дээр байдаг, аймгийн төвд нэг гэр ******* ахын хашаанд байдаг юм. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 07- ны өдөр хөдөөнөөс ирсэн байсан. Тэгэхэд шөнө хэдэн цаг болж байсныг нь би мэдэхгүй байна, хаалга нүдээд гаднаас эгч Түвшинжаргал орж ирээд надтай юм яриад нэлээн байж байсан чинь араас нь хүргэн ах ******* орж ирээд тэр 2 хоорондоо юу ярьсаныг нь мэдэхгүй маргалдаад унасан би тэгэхэд нь “та 2 гэртээ ор би унтлаа” гэж хэлсэн чинь тэр 2 гэрээс гараад явсан. ******* ах бага зэрэг халамцуухан байх шиг байсан. Ингээд би ах эгч 2-г гарсны дараа унтаад өгсөн. Маргааш өглөө цагдаа сэргийлэх болсон байсан. Манайд тэр 2 сүртэй хэрүүл маргаан хийгээгүй бага зэрэг маргалдаж гэрээс гараад явсан. Миний хувьд энэ ах эгч 2-г хэрэлдэж маргалдаж байхыг нь хараагүй болохоор гайхаж байна. ******* ахын зан аашийн хувьд төлөв томоотой, хэрүүл маргаан хийгээд байхыг нь би харж байгаагүй. Тэр өдөр сүртэй зодоон цохион болоогүй учир нь надад мэдэгдээгүй бас сонсогдоогүй.гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/,
5. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Миний төрсөн дүү нь нөхөр *******тэйгээ гэр бүл болоод олон жил болж байна. Миний мэдэхийн энэ 2 хүнийг хэрэлдэж зодолдож байна гэж сонсож байгаагүй. Энэ удаад юу болсныг нь мэдэхгүй байна. Ахуй амьдралын хувьд гайгүй нэг хүүхэдтэй хүү нь одоо оюутан байгаа. *******гийн зан аашийн хувьд төлөв томоотой, хэрүүл маргаан хийгээд байдаггуй хүн . гэх мэдүүлэг / хх-ийн 24-25/, 6. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 10-ний 587 дугаартай шинжээчийн: “1.-н биед баруун, зүүн нүдэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт гэх шинжээчийн дүгнэлт / хх-ийн 26-34 /, хавтаст хэргийн 43 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******гийн таван ханатай гэрийг битүүмжилсэн тогтоол, хавтаст хэргийн 51-52 дугаар хуудсанд авагдсан багийн даргын тодорхойлолт, ял шалгах хуудас, хавтаст хэргийн 53-56 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч хохирогч нар эвлэрэлийн гэрээ байгуулсан зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч *******д холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар торгох ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******гийн эзэмшлийн таван ханатай гэрийг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх таван ханатай гэрийг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******г дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгийг шүүгдэгч *******г 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн таван ханатай гэрийг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи таван ханатай гэрийг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ