| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/01301/И |
| Дугаар | 155/ШШ2018/00036 |
| Огноо | 2018-01-03 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2018/00036
| 2018 оны 01 сарын 03 өдөр | Дугаар 155/ШШ2018/00036 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: З.Үийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Д-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 155/2017/01301/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдаваа, нэхэмжлэгч З.Ү, хариуцагч Б.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие З.Ү Б.Дтай 2009 онд танилцаад үерхэж байгаад 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Учир нь охин Д.А мэндэлсэн. Ингээд гэр бүлээ батлуулж, охиноо аав Даар овоглуулсан. 2014 онд хоёулаа оюутан байсан тул Улаанбаатар хотод хамт амьдарч харин охин Д.А нь манай аав, ээжтэй Хөвсгөл аймгийн Мөрөн суманд амьдарч байсан. 2014 оны 06 сард би сургуулиа төгсөж аймагтаа ажилд орсон. Харин Б.Д нь Улаанбаатар хотод сурахаар явсан. 2015 оны хавар сургуулиа төгссөн боловч охин бид хоёртой хамт амьдраагүй. Улаанбаатар луу буцаад явсан. 2015 оноос хойш охин бид хоёр Хөвсгөл аймгийн Рашаант суманд амьдарч байгаад 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш өөр залуутай хамтран амьдарч байна. Иймд 2013 оны №0177962-16 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би охин Д.Аыг өөрийн асрамжид авч хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулан авахыг хүсэж байгаа ба бидний хооронд эд хөрөнгийн талаар ямар ч маргаан байхгүй болно гэв.
Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр танилцаж, үерхэж байгаад 2013 оны 06 сарын 06-ны өдөр оюутан байх хугацаандаа Д.А охинтой болсон юм. 2013 оны 06 сарын 14-нд охиныхоо нэрийг өөрийн нэрээр овоглуулж гэр бүлээ албан ёсоор батлуулсан. 2015 оны хавар МУБС-н Жудо бөхийн дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Төгсөх үед З.Ү Рашаант суманд ажиллаж байсан. Намайг Рашаант суманд очиход ажил олж хий, ажилгүй хүнтэй хамт амьдрахгүй гэсэн юм. Тэгэхээр нь аймагт ажлын байр олдохгүй болохоор нь Улаанбаатар хотод барилгын ажил хийсэн. 2016 оны 12 дугаар сарын 20-нд Рашаант суманд хамт амьдрахаар очиход намайг гэрээсээ хөөсөн. Ингээд 3 сарын дараа өөр залуутай болж намайг гэрлэлтээ цуцлуул гэж шаардсан. Одоо намайг охинтой минь уулзуулахгүй байгаа. Охинтойгоо уулзаж байх хүсэлтэй байна. Би охиноо өдөр бүр санаж шаналдаг. Иймд хүүхдийн тэтгэлгийг төлж, охиныхоо төлөө амьдарна. Гэрлэлтээ цуцлуулж, охиноо ээжийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Бидний дунд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Ү нь хариуцагч Б.Дт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид нь 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болж, 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь №0177962/16 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас охин Д.А төрсөн болох нь 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдөр бүртгүүлж авсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2015 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, зохигч нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон талаарх тэмдэглэл, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Д.Аыг хүүхдийн нас, хүүхдэд тавих эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо зэргийг харгалзан эх З.Үийн асрамжид үлдээж эцэг Б.Даас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Д.Аыг эх З.Үийн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч З.Үийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169.934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Даас эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгддөг 70.200 төгрөгийг, Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Д.А нь 4 нас хүрсэн байгаа тул хуулинд зааснаар тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутаг буюу Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 173.500 төгрөгийн тал хувь 86.750 төгрөгийг сар бүр хариуцагч Б.Д төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Д.Ад сар бүр төлөх 86.750 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 1.041.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөгийг, нийт 99.734 төгрөгийг хариуцагчаас, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж аргуулан тус тус нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар З.Ү, Б.Д нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар төрсөн охин Д.Аыг эх З.Үийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Д.Аыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцвал 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Даас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.Дт, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх З.Үөд тус тус даалгасугай.
5. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 169.934 /нэг зуун жаран есөн мянга есөн зуун гучин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Даас 99.734 /ерэн есөн мянга долоон зуун гучин дөрөв/ төгрөгийг, улсын орлогоос 70.200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч З.Үөд олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН