Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/353

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Х.Оюунцэцэг,

шүүгдэгч Т.Лувсандэмбэрэл, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,

хохирогч Ч.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бэх овгийн Төмөрпүрэвийн Лувсандэмбэрэлд холбогдох эрүүгийн 1834007210354 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэцагаан суманд 1991 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,  дугаарын регистртэй, Бэх овгийн Төмөрпүрэвийн Лувсандэмбэрэл

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Т.Лувсандэмбэрэл нь Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр багийн нутаг “Шар хотгор” гэх газарт 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Ч.Ганбаатартай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Т.Лувсандэмбэрэлийн:

2018 оны 9 дүгээр сарын 7-ны орой манай саахалтын айл унагаа тамгалсан. Тэгээд би ээжийн хамт очсон. Тэгээд байж байтал хүмүүс гүүндээ гарцгаасан. Би тухайн үед архи, айраг уугаагүй байсан. Тэгээд гэрийн гадаа байж байсан чинь Ч.Ганбаатар ах чиний барьж явсан уурга чинь миний модоор хийсэн байна гэхлээр нь би таны мод бишээ би таны модыг авчирч өгнө гэж хэлээд бид хоёр муудалцаад Ч.Ганбаатар ах намаг цамцны захаас заамдчихаад зуураад тавихгүй болохоор нь би хоёр удаа алгадаж баруун хөлөөрөө хавирахад газар дээшээ харан унахад нь дээр нь гарахад намайг заамдчихаад тавихгүй болохоор нь тавь гээд цээжнийх нь гол хэсэгт нэг удаа өвдөглөхөд миний цамцны захыг тавьсан. Тэгээд би ээжийг машиндаа суулгаад хөдлөхөд араас мотоциклтой миний машины урд хойд талаар яваад чи муу хол явахгүй, хараарай за би чамд хараал хийнэ гээд хэл амаар доромжлоод байсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Ч.Ганбаатарын:

2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр манайх саахалт айлын Цэдэннамжилтай нийлж  унагаа тамгалсан. Тэгээд манайх 1 шил архи, тэднийх  1 шил архи гаргасан. Тэгээд байж байтал Т.Лувсандэмбэрэл ээжтэйгээ хамт ирсэн. Тэгээд гэрт байсан хүмүүс гүү тавих гээд гарцгаасан. Тэгээд Т.Лувсандэмбэрэл гараад явахаар нь би араас нь гарсан. Т.Лувсандэмбэрэл нь хавар манай модыг авсан байсан болохоор би чи миний малын саравчны дээр байсан уурганы хоёр хэсэг модыг аваад уурга хийгээд барьчихсан байна би өөрийнхөө модыг авъя гэж хэлэхэд Т.Лувсандэмбэрэл хоёр жаахан модны төлөө үхлээ юу гэж хэлээд миний нүүр рүү хоёр удаа цохисон. Тэгээд намайг өвдгөлсөн. Энэ хэргээс болоод миний баруун талын 2 хавирга хугарсан. Манай саахалтын 2 залуу ирээд намайг гэрт хүргэж өгөөд  би тэр хоёр залуугаар ороо засуулаад хэвтсэн. Би тухайн үед хавирга хугарсан гэдгийг мэдээгүй, маргааш нь би босож чадахгүй байсан. Энэ хэргээс болоод миний хүүхдүүд гомдолтой байгаа, миний зүрх, тархи өвдөж байгаа, гомдолтой байна. Хавтаст хэрэгт байгаа баримт болон өнөөдрийн гаргаж өгсөн баримт нийлээд 5.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэргээс дараах хохирогч Ч.Ганбаатарын /хх-ийн 10-11, 12-14 дүгээр хуудас/, гэрч Ц.Дуламсүрэнгийн /хх-ийн 19-20 дугаар хуудас/, гэрч Ш.Батбаярын /хх-ийн 21-23, 24 дүгээр хуудас/, гэрч Б.Мөнгөнтуяагийн /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, шинжээч И.Ганболорын /хх-ийн 38-39 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 609 дугаартай дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/, гэмт хэргийн талаар хохирогч Ч.Ганбаатарын гаргасан гомдол /хх-ийн 5 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 56-59 дүгээр хуудас/, шүүгдэгч Т.Лувсандэмбэрэлийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 44-55, 62-65 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Т.Лувсандэмбэрэлийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр багийн нутаг “Шар хотгор” гэх газарт иргэн Ч.Ганбаатарын эрүүл мэндэд нь баруун талын 5, 6 дугаар хавирганы хугарал, цээжинд цус хуралт, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Ч.Ганбаатарын ...би Лувсандэмбэрэлд “чи миний малын дээр байсан уурганы хоёр хэсэг модыг аваад уурга хийгээд барьчихсан байна. Алив би өөрийнхөө модыг авъя” гэж хэлэхэд Лувсандэмбэрэл намайг баруун гараараа миний баруун талын нүдний дээд талд хоёр удаа хүчтэй цохиход би газар унасан. Намайг газар дээшээ хараад байж байхад хөлөөрөө миний уушги буюу баруун талын хавирган дээр хөлөөрөө дэвсэн миний цээжин дээр гарч өвдөглөн сууж миний хамаг тамирийг барчихаад босоод машинаа асаахад Дуламсүрэн нь гэрээс гарч ирээд машинд нь суугаад зугтаахаар нь араас босох гэтэл миний цээжин хэсгийн баруун талд хавиргаар хатгуулаад их эвгүй болсон байхаар нь шарандаа босч мотоциклоо унаж Лувсандэмбэрэлийн араас очин урдуур нь нэг удаа ороход зогсохгүй яваад өгөхөөр нь би гэр рүүгээ харих гээд эргээд явтал миний зүрхээр хатгуулж баруун талын хавирга хөндүүрлээд байхаар нь мотоциклтойгоо зогсон газар дээшээ хараад хэвтэж байтал Батбаяр, Цэдэннамжил хоёр над дээр ирсэн... ...Баруун гараараа миний баруун талын нүдний хэсэгт хоёр удаа хүчтэй цохиход би газар унасан. Тэр үед миний цээжин хэсгийн баруун талд хөлөөрөө нэг удаа хүчтэй дэвсэж дээр гарч суучихаад цээжин хэсэгт өвдгөөрөө мөн хүчтэй дарсан... /хх-ийн 10-11, 12-14 дүгээр хуудас/,

гэрч Ц.Дуламсүрэнгийн ...хаалгаар нэг харахад Ганбаатар, Лувсандэмбэрэл хоёр барилцаад авчихсан байхаар... ...үүдэнд Ганбаатар, Лувсандэмбэрэл хоёр чанга чанга дуугараад хэрэлдээд байхаар Мөнхтуяа бид хоёр гартал Лувсандэмбэрэлийн цамц нь урагдчисан. Өөдөөс нь Ганбаатар “чамайг хол явахыг чинь харна аа. Би чамд хараал хийнэ” гэх мэтээр хэрүүл хийгээд... ...Би тэр хоёрын хэн нь хэнийгээ яаж цохисон болохыг огт хараагүй гэр дотор байсан юм. Харин гарч ирэхэд Лувсандэмбэрэлийн цамц нь урагдчихсан байсан... /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

гэрч Ш.Батбаярын ...Цэдэннамжилын гүүг нь тавьчихаад Ганбаатар ахыг ирэхгүй болохоор нь араас нь мотоциклтой хөдлөхөд Цэдэннамжилын гэрээс хойд зүгт Ганбаатар ах мотоциклийнхоо хажууд хэвтэж байсан... ...Тухайн үед харахад мотоциклтой онхолдож унасан шинжгүй хувцас хунар нь шороо болоогүй, хэвтэж байсан хэсгээрээ л шороо болчихсон, мотоцикл нь эвдрэл гэмтэлгүй байсан... /хх-ийн 21-23, 24 дүгээр хуудас/,

гэрч Б.Мөнгөнтуяагийн ...Дуламсүрэн эгч бид хоёр гэрийн баруун талын орон дээр сууцгааж байсан. Тэгэхэд Дуламсүрэн эгч “энэ хоёр чинь одоо яаж байна барилцаад авчихсан байхын тоглож байгаан байхдаа” гэчихээд бид хоёр тоогоогүй... ...гэрийн үүдэнд Ганбаатар, Лувсандэмбэрэл хоёр чанга, чанга хэрэлдэцгээгээд байхаар нь... ...Тухайн үед би бодохдоо зодуулж цохиулчихаад шаралхаад л хөдөллөө гэж бодсон... /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

шинжээч И.Ганболорын ...Цээжнийх нь гол хэсэгт буюу хоёр мөөмнийх нь доод талын гол хэсэгт өвдөглөхөд уг гэмтэл нь үүсэх боломжтой... /хх-ийн 38-39 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд, 

шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 609 дугаартай ...Ч.Ганбаатарын биед баруун 5, 6 дугаар хавирганы хугарал, цээжинд цус хуралт, тархи доргилт... бүхий хүндэвтэр хохирол учирсан талаарх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/,

гэмт хэргийн талаар хохирогч Ч.Ганбаатарын гаргасан гомдол /хх-ийн 5 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 56-59 дүгээр хуудас/, шүүгдэгч Т.Лувсандэмбэрэлийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 44-55, 62-65 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Лувсандэмбэрэлийн Ч.Ганбаатарыг зодсон үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хохирол, хор уршигтай үр дагавар, зодсон гэмт үйлдэл хохирогчийн баруун талын 5, 6 дугаар хавирганы хугарал, цээжинд цус хуралт, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоотой зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаатай гэмт хэрэгт тооцохоор байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байна.

 

Иймд шүүгдэгч Т.Лувсандэмбэрэлийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Т.Лувсандэмбэрэлийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Ганбаатарын эрүүл мэндэд учирсан баруун талын 5, 6 дугаар хавирганы хугарал, цээжинд цус хуралт, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол учирсан байна.

 

Хавтас хэрэгт хохирогч Ч.Ганбаатараас дээрх хохиролтой холбоотойгоор шүүгдэгч Т.Лувсандэмбэрэлээс баримттай 802.700 /найман зуун хоёр мянга долоон зуу/ төгрөгийн, баримтгүй 4.197.300 /дөрвөн сая нэг зуун ерэн долоон мянга гурван зуу/ төгрөгийн, нийт 5.000.000 /таван сая/ төгрөг, мөн цаашид гарах эмчилгээний зардал тус тус нэхэмжилсэн болно.

 

Тус нэхэмжлэлийн шаардлагын тухайн хохирол, хор уршигтай холбоотой 802.700 /найман зуун хоёр мянга долоон зуу/ төгрөгийн баримтуудаас эмчилгээ сувилгаатай холбоогүй баримт болох мөнгөн аяга худалдаж авсан 355.000 /гурван зуун тавин таван мянга/ төгрөг, архи худалдаж авсан 18.000 /арван найман мянга/ төгрөг, нийт 373.000 /гурван зуун далан гурван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болголоо.

 

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 429.700 /дөрвөн зуун хорин есөн мянга долоон зуу/ төгрөг дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 505.320 төгрөгийг нэмж бүгд 935.020 /есөн зуун гучин таван мянга хорь/ төгрөгийг шүүгдэгч Т.Лувсандэмбэрэлээс гаргуулж, хохирогч Ч.Ганбаатарт олгож шийдвэрлэв.

 

Харин баримтгүй нэхэмжилсэн 4.197.300 /дөрвөн сая нэг зуун ерэн долоон мянга гурван зуу/ төгрөгийг, цаашид гарах эмчилгээний зардлыг тус тус энэ шийтгэх тогтоолоор хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Т.Лувсандэмбэрэлд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдоогүй гэж үзэн торгох ял шийтгэлийг оногдуулсан ба ял шийтгэлийг оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Лувсандэмбэрэлд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.    

 

Шүүгдэгч Т.Лувсандэмбэрэл нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг

        хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

              36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                    хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бэх овгийн Төмөрпүрэвийн Лувсандэмбэрэлийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Бэх овгийн Төмөрпүрэвийн Лувсандэмбэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Бэх овгийн Төмөрпүрэвийн Лувсандэмбэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянган нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Бэх овгийн Төмөрпүрэвийн Лувсандэмбэрэлд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Шүүгдэгч Бэх овгийн Төмөрпүрэвийн Лувсандэмбэрэл нь цагдан хоригдсон хоноггүйг, хохирогч Ч.Ганбаатар гомдолтой гэснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бэх овгийн Төмөрпүрэвийн Лувсандэмбэрэлээс нийт 935.020 /есөн зуун гучин таван мянга хорь/ төгрөгийг гаргуулж, хохирогч НЛ64102075 дугаарын регистртэй, Лут-Очир овгийн Чойжамцийн Ганбаатарт олгосугай.

 

7. Хохирогч Лут-Очир овгийн Чойжамцийн Ганбаатарын нийт нэхэмжилсэн 5.000.000 /таван сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээ сувилгаатай холбоогүй баримт болох мөнгөн аяга худалдаж авсан 355.000 /гурван зуун тавин таван мянга/ төгрөг, архи худалдаж авсан 18.000 /арван найман мянга/ төгрөг, нийт 373.000 /гурван зуун далан гурван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

8. Хохирогч Лут-Очир овгийн Чойжамцийн Ганбаатар нь 3.691.980 /гурван сая зургаан зуун ерэн нэгэн мянга есөн зуун ная/ төгрөгтэй холбоотой баримтаа, мөн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй дурдсугай.

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Зуут овгийн Дашнямын Батсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Бэх овгийн Төмөрпүрэвийн Лувсандэмбэрэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ш.ГАНДАНСҮРЭН