| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2020/0405/Э |
| Дугаар | 20220/ШЦТ/423 |
| Огноо | 2020-12-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 20220/ШЦТ/423
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0405/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д овогт Б.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000000434 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч 2020 оны 12 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д овогт Б.Б, /регистрийн дугаар: ......./, ..... оны .... дүгээр сарын ....-ний өдөр ..... аймгийн .....р суманд төрсөн, эрэгтэй ......настай, дээд боловсролтой, .... мэргэжилтэй, .... аймаг, ..... сум, ...... сургуульд багш ажилтай, ам бүл ... -ийн хамт ........аймаг, ......сум, ...дугаар баг, . дугаар хороолол, ... дүгээр байрны ... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн үед .... аймаг ... сумын ...дугаар баг ....зочид буудлын ... дугаартай өрөөнд иргэн Л.Б-ыг зодож эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, тархи доргилт, суурь ясны зүүн далавчны богино шугаман хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хуйхны 2 шарх, үүдэн дээд 3 шүдний үгүй байдал, нүүрний цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “....2020 оны 09 сарын 11-ний өдөр хичээл тараад Х багш түрээсэлж байгаа ...........буудлын дээврээс ус гоожоод байна. Янзлаад өгөөч гээд намайг гуйхаар нь очиж үзээд багажгүй байсан тул маргааш болъё гээд тэнд жаахан уусан. Орой нь хохирогчтой жаахан муудалцаад цус нөж болсон байсан ба цагдаа нар ирээд аваад явсан. Маргааш нь 09 дүгээр сарын 12-ны үдээс хойш Б-той уулзахад толгойгоо боосон байсан. Би Б-ыг Улаанбаатарын машинд суулгаж явуулсан. Гэтэл Б дараа нь ирээд гомдол гаргасан байсан. Би хохирогчийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Түүнд хохирлын мөнгө гэж 1,200,000 төгрөг өгсөн. Б эмчилгээний зардал гэж 1,200,000 төгрөг нэхэмжилсэн гэж мөрдөгч хэлж байсан юм. Тэнд надаас өөр хүн байхгүй болохоор би хохирогчийг цохисон байх гэж бодож байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаан байхгүй. ” гэв.
Эрүүгийн 2018000000434 дугаартай эрүүгийн хэргээс:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[2],
Хохирогч Л.Б-ын мөрдөн байцаалтад 2020 оны 09 дүгээр сарын 12, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ...... аймагт дугуйн уралдаанд орох гэж ирээд өнөөдрийг хүртэл ...........буудалд ганцаараа архи ууж байгаа юм. 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр буудалдаа үргэлжлүүлэн архи уусан, караокед сууж байгаад танихгүй залуутай танилцаад бид хоёр миний байрласан 201 тоот өрөөнд архи ууж байснаа санаж байна. Тэгээд юу болсныг сайн санахгүй байна. Ямар ч байсан надтай хамт архи ууж байсан залуу ямар шалтгаанаар юм бүү мэд архины шилээр миний толгой руу хэд хэд цохиж намайг зодсон. Тэгэхэд миний толгойноос цус гараад би эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан. Миний толгой хагарсан, 3 шүд унасан. Би маргааш нь Сэлэнгэ аймаг руу явах ажилтай байсан ч Сэлэнгэ рүү явахаа больж Өвөрхангай аймаг руу гэр лүүгээ явсан. Намайг явахын өмнө Б.Б ирж надаас уучлал гуйсан. Миний 3 шүд унаж гэмтсэн бөгөөд нэг шүдийг 750,000 төгрөг болно гэсэн. Гурван шүд шинээр хийлгэхэд заавал нэмж гурван шүдний бэхэлгээ хийж байж шүдийг шинээр хийнэ. Ингээд нэг ёсондоо 6 шүдний зардал гарч байгаа юм. Томографт харуулсан мөнгө, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх төлбөр гээд нийт 5,250,000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг[3],
Гэрч С.Х-ын мөрдөн байцаалтад 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 09 дүгээр сарын 11-ний орой 23 цагийн орчимд өрөөнүүдээ шалгаад явж байтал манай буудлын 201 тоот өрөөнд байрлаж байсан Б гэх 50 орчим настай ахын нүүр нь битүү цус болчихсон караоке ажиллуулдаг Х эгчийн нөхөр нь цаас бариад цусыг нь арчиж байсан. Тэгээд юу болоод байна гэхэд нөгөө ах сандарчихсан цаашаа бай чамд хамаагүй гээд уурлаад байсан ба караоке хамт ажиллуулдаг хүнийх нь хүүхэд гээд нэг залуу эмчтэй хамт орж ирээд үзүүлсэн. Эмч үзэх гэхэд нөгөө зодсон ах үзүүлэхгүй цаашаа бай та нарт хамаагүй гээд түргэний эмч, жолооч хоёрыг оруулахгүй байсан. Намайг өрөөнд нь ороход 2 ширхэг Нийслэл нэртэй пивоны шил хагарсан, хана, сандал, шал, 00-ыг өрөө их цус болсон байсан. Мөн Б ахын нүүр ам битүү цус болсон байсан.” гэх мэдүүлэг[4],
Гэрч Г.Ц-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 09 дүгээр сарын 12-ны 11 цаг өнгөрч байхад ажил дээрээ Нүүдэлчин буудалд ирсэн. Намайг ирэхэд үйлчлэгч Х-О надад хэлэхдээ ..өрөөнд байрлаж байгаа ах өчигдөр хүнд зодуулаад цагдаа нар ирээд явсан. Өрөөний ханын цаас муухай болсон байхаар нь угаасан гэж ярьсан. Тэгэхээр нь ....тоот өрөө рүү орсон чинь тус өрөөнд хоносон Л.Б гэх хүний зүүн нүд хөхөрсөн, толгойдоо боолт хийлгэсэн байдалтай байсан.” гэх мэдүүлэг[5],
Гэрч Б.Д-ын мөрдөн байцаалтад 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 09 дүгээр сарын 11-ний орой цагдаагийн ахлагч Амарболдын хамт эргүүлийн үүргийг ... сумын .. дугаар багт гүйцэтгэж байхад цагдаагийн газрын жижүүрээс ... сумын . дугаар багт байрлах Нүүдэлчин зочид буудлын 201 тоотод хүмүүс хоорондоо зодолдоод байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход тус буудлын 201 тоот өрөөнд Л.Б гэх дугуй унадаг бололтой дугуйны хослолтой 40 гаруй насны согтуу эрэгтэй хүн хар өнгийн буйдан дээр сууж байсан бөгөөд толгойн орой хэсэг болон хамраас нь нэлээн цус гарсан байдалтай байсан. Түүний өөдөөс 50 гаруй насны согтуу эрэгтэй хараад зогсож байсан. Тухайн өрөөний шалан дээр пивоны шил, шилэн аяга шалаар тарж бутарч хагарсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг[6],
Гэрч Т.Б-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн: ”...09 дүгээр сарын 11-ний орой 103 буюу яаралтай тусламжийн эмчээр үүрэг гүйцэтгэж байхад 21 цаг 30 минутын үед ...........зочид буудалд хүний толгой хагарсан гэх дуудлага ирсэн гэж оператораас дуудлага дамжуулахаар нь яваад очиход тухайн буудалд очиж 201 тоот өрөө рүү орох гэхэд тус өрөөний үүд орчим сандал дээр нэг согтуу эрэгтэй хүн толгойноосоо их хэмжээний цус гарч нүүр нь цус болсон байдалтай сууж байсан. Харин наад талд нь ногоон өнгийн фудволктой 45-50 орчим насны эрэгтэй хүн гараа угааж байсан. Тэр хүний гар нь цус болсон байдалтай харагдаж байсан. Тухайн үед жолоочтойгоо тухайн өрөө рүү орох гэхэд гараа угааж басан ах оруулахгүй, яах гээд байгаа юм, та нар цаашаа бай гээд түлхээд байсан. Өрөөнд орж сандал дээр сууж байсан эрэгтэйгээс юу болсон талаар асуухад зүгээр зүгээр ах нь гомдолгүй гэж байсан. Тэр үед сандал дээр сууж байсан эрэгтэйн толгойноос цус гарсан байдалтай, толгойнх нь язарсан шархны цус нь хатчихсан, гэмтээд нэлээн удсан бололтой байсан. Шарх нь 4-5 см урттай нимгэн гүн шарх харагдаж байсан. Толгойн цус нь гоожиж нүүр нь бас их цус болсон байсан. Л.Б нь асуусан асуултад хариулж байсан ба согтолтын хоёрдугаар зэргийн буюу орчноо мэдрэхгүй болчихсон, ухаан санаа нь бүдгэрсэн, амнаас нь нэлээн их хэмжээний архи үнэртсэн байдалтай байсан. Тухайн хүнийг ямар хүнд зодуулсан талаар асуухад зүгээр гомдолгүй гэдгээс өөр зүйл хэлэхгүй байсан. Тус эрэгтэйн сууж байсан сандлын арын хэсэг буюу хана, шал их цус болсон байсан.” гэх мэдүүлэг[7],
Гэрч С.Х-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн: “ ...Би 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш сургуулийнхаа орос хэлний багшаар ажиллаж байсан Д.Б гэх хүнтэй ..... сумын... дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Нүүдэлчин зочид буудлын караокег ажиллуулж эхэлсэн. Ингээд тухайн караокены тусгай өрөөний таазнаас ус алдаад их муухай болсон байсан учир сургуулийнхаа багш Б.Б-ыг гуйж тэрийг янзлах арга байна уу гэж хэлсэн. Тэгсэн манай багш Б.Б-ыг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний үдээс хойш хичээлээ тараад ирлээ гээд ганцаараа ирсэн. Тэгээд засаж янзлах өрөөг үзэж байгаад ганц шил зээлээр уухаар болоод караокед ууж байсан. Тэгсэн тухайн караокед нэг бүдүүн махлагдуу эмэгтэй ганцаараа сууж байснаа Б.Б багшид архи хундагалж өгч байгаа харагдсан. Мөн дуулж хуурдаж байгаад тэр эмэгтэй ширээндээ суусан. Би тэгээд үдээс хойш гадуур ажилтай байсан тул хэсэг хугацаанд гарч яваад ирэхэд Б.Б багш яваагүй караокед сууж байсан. Ингээд хэсэг хугацааны дараа Д.Б багш нэг шил архи, хоёр пиво 201 тоот өрөөнд захиалсан гэхээр нь Д.Б багш бид хоёр оруулж өгөөд гарсан. Тэгэхэд 201 тоот өрөөнд саарал костюмтай хүнтэй хамт Б.Б багш болон тухайн өрөөний хүн болох Д.Б нар юм яриад сууж байсан. Дараа нь 201 тоот өрөө рүү шагайхад тэд өрөөнийхөө шалан дээр салфетка ууж байсан юм юмаа асгасан байдалтай байхаар нь хогийн шүүр, шалны алчуур бариад орж цэвэрлэсэн. Тэгэхэд тэр гурав хоорондоо юм яриад сууж байсан. Хэсэг хугацааны дараа намайг гал тогооны өрөөнд буюу 2 давхрын буланд байхад Б.Б багш алчуур хэрэгтэй байна гээд хүрээд ирсэн шиг санаж байна. Тэгэхээр нь ширээний алчуур бариад яваад очиход ... тоот өрөөнд байрлаж байсан Л.Б гэх хүний толгойноос их хэмжээний цус гарсан байдалтай байсан. Л.Б гэдэг хүн хойшоо хана налаад суучихсан байсан ба тэр хэсэгт нь цус болсон байдалтай байсан. Ингээд цусыг нь тогтоох гэж байхад араас буудлын үйлчлэгч охин орж ирсэн. Би тухайн үед Б.Б багшийг та хүн зодсон юм уу гэхэд үгүй ээ гээд байсан. Харин нөгөө Л.Б гэх хүн нь болохоор би өөрөө уначихсан юм аа үгээр зүгээр гээд байсан.” гэх мэдүүлэг[8],
Гэрч Н.М-ын мөрдөн байцаалтад 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “... Би Улаанбаатар хотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг байсан бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт гэр бүлийн хамтаар аавындаа ирсэн. Тэгсэн манай ээж Баянзул нь хамт ажилладаг Х гэх багшийнхаа хамт Дархан сумын .. дугаар багт ...........зочид буудалд караоке түрээсэлж ажиллаж байгаа талаар ярьж байсан. Ингээд 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр манай ээж намайг караоке руу бараа зөөж оруулах хэрэгтэй байна гэж дуудаад би ээжийнхээ хамт караоке руу бараа зөөж оруулж өгсөн. Тухайн үед 17-18 цаг болж байсан. Ингээд ээждээ туслаад ээжийн хамт 18 цаг өнгөрч байхад явсан. Тэгээд гадуур бид нар хамт ажил хөөцөлдөж байгаад ээж, эхнэр хүүхдийнхээ хамт 21 цагийн үед аав, ээжийнхээ гэрт очиход манай ээж рүү хамт ажилладаг Х нь утсаар ярьсан чинь ээж намайг буцаад явъя гэсэн. Тэгэхээр нь юу болсон бэ гэхэд ажил дээр зодоон болоод байна гэхээр нь ээжийн хамт буцаад буудал руу очсон. Тухайн үед 21 цаг өнгөрч байсан. Ээж бид хоёрыг караоке руу ороход Х 201 тоот өрөөнд зодоон болсон гэхээр нь ээжийн хамт тухайн өрөөний хаалгыг онгойлгоход ээжтэй хамт ажилладаг Б гэх багш согтуу нэг хүний хамт сууж байсан. Б.Б багштай хамт сууж байсан хүний толгойноос нь их хэмжээгээр цус гарсан, шал, хана зэрэг нь цус болсон байдалтай байсан. Би тус өрөө рүү ороод Б багшаас юу болсон талаар асуухад юу ч болоогүй ээ гээд өрөөнөөс түлхэж гаргаад байсан. Тэгэхээр нь би цагдаа, түргэн тусламж дуудсан. Тухайн үед Б багш дээгүүрээ цээж нүцгэн байсан бөгөөд эмнэлэг ирэхэд дээгүүрээ цайвар ногоон өнгийн фудволк өмссөн байсан. Харин доогуураа хар хөх өнгийн өмдтэй байсан.” гэх мэдүүлэг[9],
Гэрч А.Б-ны мөрдөн байцаалтад 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хамт ажилладаг Б багшийн хамт 13 цаг өнгөрөөд хичээлээ зааж дууссан. Тэгээд үдээс хойш хичээл байхгүй ажил тарчихсан учир бид хоёр ганц нэг шил архи хамт ууя гэж ярилцсан. Тэгсэн Б багш надад хандаж Х багш ...........зочид буудалд караоке ажиллуулж байгаа гэсэн хоёулаа яваад очъё гээд бид 14 цагийн үед очсон. Ингээд Б.Б багш бид хоёр тухайн караокед эхлээд хүний 50 грамм архи уусан. Тэгсэн Б багш тухайн караокены тусгай өрөөний таазнаас ус гоожоод байгаа. Түүнийг засварлаж өгөхөөр ярьсан үзэж сонирхъё гээд Х-тэй хамт гарч үзчихээд удалгүй орж ирсэн. Ингээд тухайн караокед хоёр 0,5 литрийн Хараа архи нэмж аваад хувааж уусан. Тэгээд нэлээн согтсон бөгөөд Б гарч тамхи татъя гэхээр нь би өөрөө тамхи татдаггүй болохоор түүнийг дагаад буудлын гадаа гарч хэсэг зогсож байгаад бид хоёр буцаад буудал руу орж караоке орох гэж байгаад 201 тоот өрөө рүү орчихсон. Учир нь караокед хүмүүс дуу дуулаад чимээ ихтэй байсан юм. Мөн караокед байхад Х нэг хүнтэй 201 тоот өрөөнд дугуйн уралдаанд оролцохоор ирсэн гээд сүүлийн 2-3 хоног энд ганцаараа архи уугаад байгаа. Нэлээн их орлого орууллаа гэсэн зүйл ярьж байсан нь санаанд ороод тухайн хүний өрөө рүү яагаад ч юм Б бид хоёр орчихсон. Тэр өрөөнд нэг нүдний шилтэй надаас нэлээн дүү бололтой согтуу залуу лаазтай пиво тавьчихсан ганцаараа уугаад сууж байсан. Тэгсэн манай сургуулийн талийгаач багш Б , Б.Б бид нарт Абсолют нэртэй 0,5 литрийн архи, хоёр ширхэг шилтэй пиво аваад орж ирсэн. Араас Х бас орж ирээд бид нар нийлээд 15 орчим минут юм ярьж суусан. Тэгсэн нөгөө 201 тоот өрөөнд ганцаараа байсан залуу би Өвөрхангай аймгийн Хархорин сумынх гэхэд Б.Б багш би ч гэсэн Өвөрхангай аймгийнх шүү дээ хоёулаа нутаг юм байна гээд ярилцаад байсан. Тэгснээ би ер нь чамайг хүнээс асууна аа гээд нэг хүн рүү утастаад тухайн хүний талаар асууснаа чамайг мэдэхгүй л гэж байна шүү дээ чи Өвөрхангай аймгийнх биш юм биш үү гээд бага зэрэг маргалдсан. Тэгсэн нөгөөх нь би Өвөрхангай аймгийнх мөн гээд байсан. Ингээд тэр хоёрыг юм яриад байхаар нь Х , Б бид гурав караоке руу орсон. Хэсэг хугацааны дараа Баянзул явлаа гээд явсан. Түүнийг яваад удаагүй байхад Х надтай хамт сууж байснаа ингэхэд нөгөө хоёр юу болж байгаа бол гээд гарснаа удалгүй “Хүүе ээ яана аа” гээд орилохоор нь гайхаад очиход Б.Б багш 201 тоот өрөөний орон дээр суучихсан байсан бөгөөд гар нь цус болсон байдалтай байсан. Харин түүнтэй нэг нутгийнх гэж яриад байсан нүдний шилтэй залуугийн толгойноос их хэмжээний цус гарч нүүрээ дагаж урссан байдалтай байсан ба өрөөний шалан дээр пивоны шил хагарсан, толгойгоо хагалуулсан залуугийн сууж байсан сандлын арын хэсгийн хананы цаас цус болчихсон байсан. Тэгээд Б багшийг арай ч дээ яаж байгаа юм бэ гэж хэлэхэд миний урдаас юу ч хэлэхгүй доошоо хараад суугаад байсан. Харин нөгөө хүн нь гомдохгүй ээ, гомдолгүй гээд суугаад байсан. Тухайн өрөөнд толгойгоо хагалуулсан хүн болон Б багш хоёроос өөр хүн байгаагүй.” гэх мэдүүлэг[10],
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 764 дугаартай “...Л.Б-ын биед гавал тархины битүү гэмтэл, тархи доргилт, суурь ясны зүүн их далавчны богино шугаман хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хуйхны 2 шарх, үүдэн дээд 3 шүдний үгүй байдал, нүүрний ясны цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Л.Б-ын биед илэрсэн гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Л.Б-од учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10%-аар алдагдуулна.” гэх шинжээчийн дүгнэлт[11],
Б.Б-ын яллагдагчаар 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн “....Дархан сумын 8 дугаар багт байрлах ...........караокег нэг сургуульд хамт ажилладаг англи хэлний багш Х нь түрээсэлж ажиллуулж байгаа гэдгээ 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цагийн үед хэлсэн бөгөөд намайг технологийн багш учир надаас тухайн караокены ширээ, сандал зэргийг засаж янзлах зүйлүүд байна. Та завтай бол үдээс хой хүрээд ирээч гэж гуйсан. Тэгэхээр нь би тухайн өдрийн 13 цагийн үед ганцаараа тухайн караокед очиж Х-тэй уулзсан. Тэгээд сандал ширээг үзэж байгаад засвар хэрэгтэй байгаа эсэхийг нь үзэж танилцсан. Тухайн үед би багажгүй ирсэн учраас маргааш нь янзлахаар болж тохиролцсон. Тэгээд тухайн караокед 0.5 литрийн архи уучихъя гээд ганцаараа архи ууж байгаад 18 цагийн үед гарч явахад Л.Б гэдэг хүн буудлынхаа өрөөний дотор талд шил архи барьчихсан зогсож байсан бөгөөд тухайн хүний толгойноос цус нэлээн их гарсан байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь би ороод цус нөжийг нь арчиж өгөөд Хг дуудахад хүрээд ирсэн. Тэгээд түүнийг алчуур аваад ир гээд цусыг нь тогтоох гээд зогсож байхад буудлын үйлчлэгч болон цагдаа нар ирсэн. Тэгээд би цусыг нь тогтоох гэж байсан гэдгээ хэлээд гэртээ харьсан. Би уг буудлаас хэзээ гарснаа тодорхой хэлж мэдэхгүй байна. 2020 оны 09 дүгээр сарын 11-ний орой гараад шууд гэртээ харьсан. Буудлаас гарахад гадаа харанхуй бүрий болчихсон байсан. Гэртээ очоод цаг хараагүй.” гэх мэдүүлэг[12],
Шинжээч Д.Туяагийн мөрдөн байцаалтад 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Л.Бын биед үзлэг хийгээд хүндэвтэр зэргийн гэмтлийг дүгнэлтээр гаргасан. Тухайн хүний гавлын суурь ясны зүүн их далавч ялимгүй зөрүү бүхий шугаман хугарал компьютер томографын зургаар илэрсэн байсан бөгөөд биеийн байдалтай нь харьцуулж хүндэвтэр зэргийн гэмтэл гэж дүгнэлт гаргасан. Хэрвээ тухайн хүний гавлын суурь яс нь зөрүүтэй их талбай хамарсан, тухайн хүний биеийн байдал хүнд, амь насанд аюултай шинж тэмдэг илэрсэн бол хүнд зэргийг гэмтэлд орох байсан. Л.Б-ын тухайд гэвэл биеийн байдал дунд зэрэг, амь тэнссэн шинж тэмдэг байгаагүй. Түүний үүдэн шүдний гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Түүний үүдэн дээд гурван шүдний үгүй байдалтай байсан ба энэ нь хонхор оромтой байсан тул өөрийнх нь шүд гэж үзсэн. Үзлэг хийхэд дээрх гурван шүдний үгүй байдал тогтоогдсоноос биш өөрөөр хөдөлж гэмтсэн шүд байгаагүй. Хэрвээ тийм шүд байсан бол би дүгнэлтдээ тусгах байсан. Дээрх гурван шүдийг эмч нар 11, 12, 21 гэж дугаарлаж тэмдэглэж үзлэг хийдэг бөгөөд 11 гэдэг үүдэн шүдний дээд зүүн талын нэгдүгээр шүдийг, 12 гэдэг нь үүдэн дээд зүүн талын хоёрдугаар шүдийг, 21 гэдэг нь үүдэн дээд баруун талын нэгдүгээр шүдийг ойлгоно. Л.Б-ын биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Түүний тайлбарлаж байгаагаар буюу хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд буюу 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр үүссэн байх боломжтой. Тус бүрдээ шинэ гэмтэл байсан.” гэх мэдүүлэг[13],
Шүүгдэгч Б.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[14] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаж, эд мөрийн баримтад үзлэг хийв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Б.Б-ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн үед Дархан-Уул аймаг Дархан сумын 8 дугаар баг Нүүдэлчин зочид буудлын 201 дугаартай өрөөнд иргэн Л.Б-ыг зодож эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, тархи доргилт, суурь ясны зүүн далавчны богино шугаман хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хуйхны 2 шарх, үүдэн дээд 3 шүдний үгүй байдал, нүүрний цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 11 цагийн үед .... аймгийн ....сумын ... дугаар баг ...........зочид буудалд иргэн Л.Б-ыг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний хохирогчийн эмчилгээний зардалд хохирогчид өгсөн 1,200,000 төгрөгийг хохирлоос хасуулах саналтай байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Б нь ...........зочид буудлын 201 тоот өрөөнд хохирогч Л.Б-той хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргах зүйлгүй. Тухайн үед хохирогч болон шүүгдэгч нар нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир болсон үйл явдлыг санахгүй нөхцөл байдал байна. Шүүгдэгч нь ямар шалтгааны улмаас хохирогчийг цохисноо санахгүй байгаа боловч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Хохирогч нь 5,250,000 төгрөг нэхэмжилсэн ба үүнтэйгээ холбоотойгоор 6 шүдийг 4,500,000 төгрөгөөр хийлгэх талаар тодорхойлолт ирүүлсэн. Гэхдээ өнөөдрийн байдлаар шүд хийлгэсэн баримтаа хэрэгт ирүүлээгүй байгаа тул баримт ирсний дараа төлбөрийг нь төлөх саналтай байна. Шүүгдэгч нь өнөөдрийн байдлаар хохирогчийн эмчилгээний зардалд 1,200,000 төгрөг төлсөн.” гэв.
Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэмтэл хамаарах ба хохирогч Л.Б-ын эрүүл мэндэд учирсан гавал тархины битүү гэмтэл, тархи доргилт, суурь ясны зүүн их далавчны богино шугаман хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хуйхны 2 шарх, үүдэн дээд 3 шүдний үгүй байдал, нүүрний ясны цус хуралт бүхий хохирол нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан хүндэвтэр гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.Бын согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Б.Быг “хүний эрүүл мэнд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан.
Хохирогч Л.Б нь эмчилгээний зардалд баримтаар нийт 5,835,955 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.Б нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хохирогчийн эмчилгээний зардалд 1,200,000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч Б.Б-оос 4,635,955 төгрөг гаргуулж хохирогчид ...... аймгийн ... сумын ...дугаар баг, ... тоотод оршин суух Б . Л-ийн Б /РД: ..., утас ....../-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Б- д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Мөн боловсролын байгууллагад 37 жил ажилласан. Байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Б-од эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 8 сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 62,500 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 8 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 62,500 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Боос 4,635,955 төгрөг гаргуулж хохирогчид .. аймгийн . сумын . дугаар баг, .. гудамжны .. тоотод оршин суух Б овогт Л.Б /РД: ............, утас ............../-д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг бичлэгтэй сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] Хавтаст хэргийн 6-9 тал
[2] Хавтаст хэргийн 13-17 тал
[3] Хавтаст хэргийн 31, 32-33 тал
[4] Хавтаст хэргийн 34 тал
[5] Хавтаст хэргийн 37-38 тал
[6] Хавтаст хэргийн 40 тал
[7] Хавтаст хэргийн 42-43 тал
[8] Хавтаст хэргийн 44-45 тал
[9] Хавтаст хэргийн 46-47 тал
[10] Хавтаст хэргийн 48-49 тал
[11] Хавтаст хэргийн 51-52 тоот
[12] Хавтаст хэргийн 59-60 тал
[13] Хавтаст хэргийн 60-61 тал
[14] Хавтаст хэргийн 62 тал