| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2017/00332/и |
| Дугаар | 133/ШШ2017/00346 |
| Огноо | 2017-10-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 133/ШШ2017/00346
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: *** банк ХХК-нийг төлөөлж Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багт байрлах, *** банк ны Говь-Алтай аймаг дах салбарын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Б.Т, Д.Т нарт холбогдох
*** банк тай байгуулсан 1200010587 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12.069.720 төгрөг, нотариатын зардал 25.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 208.466 төгрөг, нийт 12.303.186 төгрөгийг гаргуулж, сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** банк ны Говь-Алтай салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Т нь **Банктай 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1200010587 дугаартай зээлийн гэрээ байгуулан 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг жилийн 25,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авч, Б.Т-ийн өмчлөлийн Говь-Алтай, Есөнбулаг сум, Харзат баг, 0 тоотын *** улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг, зурагт 42 инч LCD, хөргөгч “Сони”, хөлдөөгч хятад цагаан өнгөтэй, зургийн аппарат “Сони” хагас мэргэжлийн, камер “Dell” гар камер, тавилга буйданг тус тус барьцаалуулсан. Мөн уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Б.Т нь 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр **Банктай 1200010587 дугаартай барьцааны гэрээ байгуулсан болно. Зээлдэгч Б.Т нь *** банк тай байгуулсан 1200010587 дугаартай барьцаат зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь заалтад заасан үүргээ зөрчиж тус зээлийн гэрээний төлбөрийг 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 697 хоног хугацаа хэтрүүлээд байна. *** банк нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийнх дагуу зээлдэгчээс удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгэлгүй өдийг хүрээд байна. Иймд *** банк нь зээлийн гэрээний, гэрээний үүргийн гүйцэтгэлийг гэрээний 5.1, 5.2-д заасны дагуу хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна. 1200010587 дугаартай зээлийн гэрээний 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаарх үүргийн гүйцэтгэл үндсэн зээл 8,035,708, хүү 3,521,249, нэмэгдүүлсэн хүү 512,762, нотариатын зардал 25,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 208,466, нийт 12,303,186 төгрөгийг Б.Т-ээс гаргуулах, хариуцагч сайн дураар төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох, Б.Т-ийн өмчлөлийн Говь-Алтай, Есөнбулаг сум, Харзат баг, 19 дүгээр байр 1-9 тоотын *** улсын дугаартай орон сууц, зурагт 42 инч LCD, хөргөгч “Сони”, хөлдөөгч хятад цагаан өнгөтэй, зургийн аппарат “Сони” хагас мэргэжлийн, гар камер “Dell”, тавилга буйдан гэсэн үл хөдлөх, хөдлөх хөрөнгүүдээр хангуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Т нь манай банкнаас 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 15.000.000 төгрөгийн зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан. Зээлийн барьцаанд Харзат баг 19 дүгээр байрны 9 тоотод байрлах 2 өрөө орон сууц, зурагт, хөлдөөгч, зургийн аппарат, мэргэжлийн камер, буйдан зэргийг барьцаалсан. Уг зээлийн гэрээний гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1200010587 дугаартай зээлийн барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас банк тухайн зээлдэгчийг зээлээ төлөх талаар удаа дараа шаардсан боловч хугацаандаа зээлээ төлөөгүй. Иймээс *** банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа. Б.Т-ээс 12.069.720 төгрөгийг гаргуулах, тухайн төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад хөдлөх хөрөнгүүдээр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа гэв.
Хариуцагч Б.Т, Д.Т нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Т, Б.Т нар бид *** банк ны 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн нэхэмжлэлийг хүлээн аваад дараах тайлбарыг хийж байна. Б.Т нь 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1200010587 дугаартай зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэй зээлж, хүүд 10.785.305 төгрөг төлж, үндсэн төлбөрт 6.964.291 төгрөг төлж, 8.035.708 төгрөг үлдсэн байхад 12.303.186 төгрөгийг үндэслэлгүйгээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь *** банк нь 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзаж бидний эрх ашгийг зөрчсөн бөгөөд уг нэхэмжлэл нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шүүхээр шийдэгдэж нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгосон. 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хоорондох хугацаа нь *** банк ны өөрсдийн буруутайгаас болж зээл төлөхөд саад болж шүүхээр шийдвэрлүүлэхээр үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж бидний эрх ашигт ноцтой хохирол учруулж зээлийн хүүг автоматаар нэмэгдүүлж санхүүгийн хүндрэл учруулсан учир энэ хугацааны хүүг төлөх боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Б.Т, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. *** банк тай 2013 оны 12 сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 15.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар авсан. Уг зээлийн гэрээ 36 сарын хугацаатай байсан. 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1200019219 дугаартай зээлийн хүчин төгөлдөр бус гэрээ байгуулагдсанаар уг гэрээ тасалдсан байгаа. Одоо нэхэмжилж байгаа зээлийн данс 2015 оны 11 сарын 20-ны өдөр хаагдсан. Үүнээс цааш хүү бодогдож хийгдээгүй. Энэ талаар хавтаст хэрэгт баримт гаргаж өгсөн. Хаагдахдаа 8.497.408 төгрөг төлөгдөхөөр гэрээ хаагдсан. Тиймээс 8.497.408 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Илүү гарч байгаа мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** банк ны нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Т, Д.Т нарт холбогдох *** банк тай байгуулсан 1200010587 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12.069.720 төгрөг, нотариатын зардал 25.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 208.466 төгрөг, нийт 12.303.186 төгрөгийг гаргуулж, сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч *** банк нь хариуцагч Б.Т, Д.Т нараас *** банк тай байгуулсан 1200010587 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12.069.720 төгрөг, нотариатын зардал 25.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 208.466 төгрөг, нийт 12.303.186 төгрөгийг гаргуулж, сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Б.Т Д.Т нар нь 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1200010587 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг, 30 хоногт 2.1 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан болох нь зохигчдын хооронд 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгч байгууллагаас зээлдэгч Б.Т, Д.Т нарт 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдсэн мэдэгдэх хуудас зэргээр нотлогдож байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд уг гэрээний үүрэг дээрх байдлаар зөрчигдсөний улмаас 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн энэхүү гэрээг дуусгавар болгож, уг гэрээний биелэгдээгүй үүргийг гэрээний үнэд оруулан тооцож 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1200019219 дугаарын гэрээг байгуулсан бөгөөд энэ гэрээг шүүх хүчин төгөлдөр бус гэж үзсэн болох нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 219 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна. Шинээр байгуулагдсан энэ гэрээ хүчин төгөлдөр бус байснаар өмнөх дуусгавар болгосон гэрээний үйлчлэлийг сэргээх хууль зүйн үндэслэлгүй юм.
Харин дуусгавар болгосон 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1200010587 дугаартай гэрээний хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, энэ хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирох хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар гэрээний үндсэн үүрэгт зээлийн үлдэгдэл 8.035.708 төгрөг, хүүнд сүүлийн төлөлт хийсэн хугацаа буюу 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс гэрээг дуусгавар болгосон хугацаа буюу 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх 80 хоногт ноогдох хүү 450.000 /жилийн хүү 25.2 хувь:12 сар = 2.1хувь, 2.1:30 хоног=0.07 хувь, 8.035.708*0.07=5622, 5622*80=450.000/ төгрөг, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, зээлийн гэрээний 4.1-д заасныг үндэслэн гэрээний хариуцлага буюу нэмэгдүүлсэн хүү 90.113 төгрөг, нийт 8.576.384 төгрөгийг хариуцагч Б.Т, Д.Т нараас гаргуулж нэхэмжлэгч *** банк ХХК-д олгох үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 11 сарын 20-ний өдрөөс хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын үйлчилгээний төлбөр 25.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 208.466 төгрөг, нийт 3.726.802 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Нотариатын үйлчилгээний төлбөрийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй байдаг тул энэ үүргээ хэрэгжүүлж нотлох баримтын хуулийн шаардлагыг хангахдаа нотлох баримтыг хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн хэлбэрээр гаргаж өгсөн нь нэхэмжлэгчийн өөрийн сонгосон арга хэлбэр тул уг үйлчилгээний зардлыг нэг тал гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан шууд хохирол гэж үзэх үндэслэлгүй юм.
Мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208.466 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулахаар заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208.466 төгрөгийг хуульд зааснаар хуваарилан олгох тул гэрээний харилцаанд хамааруулан нэхэмжлэлийн үнийн дүнд тооцон шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 0 тоотод байрлах *** улсын бүртгэлийн дугаартай, 40.47 м.кв талбайтай, гал тогооны хамт 4 өрөө орон сууцыг барьцаалж, 1200007161-01 тоот Баталгаат ипотекийн гэрээ байгуулсан. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх заалтад нийцсэн хуулийн хүчин төгөлдөр гэрээ байхын зэрэгцээ хариуцагч уг гэрээний талаар маргаагүй. Иймд шүүх Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрхийг ханган, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 0 тоотод байрлах *** улсын бүртгэлийн дугаартай, 40.47 м.кв талбайтай, гал тогооны хамт 4 өрөө орон сууц, 42 инчийн LCD зурагт, Сони маркийн хөргөгч, хятад цагаан өнгийн хөлдөөгч, Сони маркийн хагас мэргэжлийн зургийн аппарат, DELL маркийн гар камер, буйдан зэргийг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *** банк ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208.466 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т, Д.Т нараас нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ буюу 8.576.384 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 152.172 төгрөгийг гаргуулан *** банк ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 0 тоотод оршин суух, *** овогтой Б.Т, *** овогтой Д.Т нараас үндсэн зээл 8.035.708, хүү 450.563, нэмэгдүүлсэн хүү 90.113, нийт 8.576.384 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал 25.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 208.466 төгрөг, нийт 3.726.802 төгрөг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Т, Д.Т нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 0 тоотод байрлах *** улсын бүртгэлийн дугаартай, 40.47 м.кв талбайтай, гал тогооны хамт 4 өрөө орон сууц, 42 инчийн LCD зурагт, Сони маркийн хөргөгч, хятад цагаан өнгийн хөлдөөгч, Сони маркийн хагас мэргэжлийн зургийн аппарат, DELL маркийн гар камер, буйдан зэргийг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *** банк ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208.466 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т, Д.Т нараас нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ буюу 8.576.384 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 152.172 төгрөгийг гаргуулан *** банк ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН