| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2017/00331/и |
| Дугаар | 133/ШШ2017/00347 |
| Огноо | 2017-10-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 133/ШШ2017/00347
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг, ** банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Т, Д.Т, Т.П нарт холбогдох
*** банктай байгуулсан 1200012885 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 97.794.308 төгрөг, нотариатын зардалд 50.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 647.172 төгрөг, нийт 98.491.480 төгрөгийг гаргуулж, сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Д.Т, Б.Т, Т.П нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** банкны Говь-Алтай салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Т нь *** банктай 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1200012885 дугаартай зээлийн гэрээ байгуулан 65.000.000 /жаран таван сая/ төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авч Т.П-ийн өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн *** хороолол *** дугаар байр ***тоотын *** улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг, Б.Т-ийн өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын *** ХХК-ийн ард байрлалтай *** улсын бүртгэлийн дугаартай граж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн *** тоотын *** улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг эргэлтийн хөрөнгийг тус тус барьцаалуулсан. Мөн уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Д.Т нь 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр *** банктай 12000012885 дугаартай барьцааны гэрээ байгуулсан болно. Зээлдэгч Д.Т нь *** банктай байгуулсан 1200012885 дугаартай зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь заалтад заасан үүргээ зөрчиж тус зээлийн гэрээний төлбөрийг 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 850 хоног хугацаа хэтрүүлээд байна. *** банк зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлдэгчээс удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч зээлийн гэрээгээ гүйцэтгэлгүй өдийг хүрээд байна. Иймд *** банк нь зээлийн гэрээний, гэрээний үүргийн гүйцэтгэлийг гэрээний 5.1, 5.2-д заасны дагуу хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна. 1200012885 дугаартай зээлийн гэрээний 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаарх үүргийн гүйцэтгэл үндсэн зээл 61.388.889, хүү 31.450.049, нэмэгдүүлсэн хүү 4.955.396, нотариатын зардал 50.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 647.172, нийт 98.491.480 төгрөгийг Д.Т-аас гаргуулах, хариуцагч сайн дураар төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Т.ДПийн өмчлөлийн Говь-Алтай, Есөнбулаг сум, Баянхайрхан баг, *** тоотын *** улсын бүртгэлийн дугаартай орон сууц, Б.Т- өмчлөлийн Говь-Алтай, Есөнбулаг сум, Говь ноос ХХК-ийн ард байрлалтай *** улсын бүртгэлийн дугаартай граж, Б.Т-ийн өмчлөлийн Говь-Алтай, Есөнбулаг сум, Харзат баг, *** тоотын *** улсын бүртгэлийн дугаартай орон сууц, эргэлтийн хөрөнгө гэсэн үл хөдлөх, хөдлөх хөрөнгүүдээр хангуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Т нь 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1200012885 дугаартай зээлийн гэрээ байгуулан 65.000.000 төгрөгийн зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авч зээлийн барьцаанд Т.Д-н өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 0 тоот орон сууц, Б.Т-ийн Харзат баг 0 ХХК-ийн ард байрлалтай граш, 0 тоот орон сууцыг эргэлтийн хөрөнгийн хамт тус тус барьцаалсан. Зээлдэгч Д.Т нь гэрээнийхээ үүргийг зөрчиж 2015 оны 03 сарын 31-ний өдрөөс 850 хоногийн хугацаа хэтрүүлээд байгаа. *** банкнаас зээлдэгчийг төлбөрөө эргэн төлөлтийн дагуу төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд *** банкнаас дараах шаардлагыг гаргаж байна. Үндсэн зээл 61.388.889 төгрөг, хүү 31.450.049 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.955.369 төгрөг, нотариатын зардал 50.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 647.172 нийт 98.491.480 төгрөгийг Д.Т-аас гаргуулах хариуцагч сайн дураар төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Т.П-ийн өмчлөлийн орон сууц, Б-ийн өмчлөлийн граш, орон сууц, хөдлөх эргэлтийн хөрөнгө гэх мэт зүйлээр хангуулан шийдвэрлэж өгнө үү? гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.
Хариуцагч Б.Т, Д.Т, Т.П нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б. Т, Д.Т, Т.П бид *** банкны 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн нэхэмжлэлийг хүлээн аваад дараах тайлбарыг хийж байна. Д.Т 65.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай 25.2 хувийн хүүтэй зээлж 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1200012885 дугаартай зээлийн гэрээ байгуулан зээлийн хүүд 9.964.390 төгрөг төлсөн бөгөөд үндсэн төлбөрт 3.609.356 төгрөг төлж, 61.388.595 төгрөг үлдсэн байхад 98.941.480 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь *** банк нь 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзаж бидний эрх ашгийг зөрчсөн бөгөөд уг нэхэмжлэл 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр шүүхээр шийдэгдэж нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгосон. 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хоорондын хугацаа нь *** банкны өөрсдийн буруутайгаас болж зээл төлөхөд саад болж шүүхээр шийдвэрлүүлэхээр үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж бидний эрх ашигт ноцтой хохирол учруулж зээлийн хүү автоматаар нэмэгдүүлж санхүүгийн хүндрэл учруулсан учир энэ хугацааны хүүг төлөх боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Т нь 2014 оны 08 сарын 21-ний өдөр 1200012885 дугаар бүхий зээлийн гэрээгээр 65.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар *** банкнаас зээлж авсан байгаа. 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 71.714.173 төгрөг төлж уг гэрээний данс нь хаагдсан. Нэхэмжлэлээс 71.714.173 төгрөгийг хүлээн зөвшөөрч бусад мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** банкны нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Т, Д.Т, Т.П нарт холбогдох *** банктай байгуулсан 1200012885 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 97.794.308 төгрөг, нотариатын зардалд 50.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 647.172 төгрөг, нийт 98.491.480 төгрөгийг гаргуулж, сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч *** банк нь хариуцагч Б.Т, Д.Т, Т.П нараас *** банктай байгуулсан 1200012885 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 97.794.308 төгрөг, нотариатын зардал 50.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 647.172 төгрөг, нийт 98.491.480 төгрөгийг гаргуулж, сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэгч болон хариуцагч тус бүрийн хооронд үүссэн харилцааг тодорхойлоход *** банк болон Д.Т, Б.Т нарын хооронд барьцаат зээлийн гэрээний харилцаа, *** банк болон Б.Т, Т.П нарын хооронд баталгаат ипотекийн гэрээний харилцаа тус тус үүсжээ.
Хариуцагч Б.Т, Д.Т нар нь 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1200012885 дугаартай зээлийн гэрээ байгуулан 65.000.000 төгрөгийг, жилийн 25.2 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан болох нь зохигчдын хооронд 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, баталгаат ипотекийн гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Д.Т, Б.Т нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгч байгууллагаас зээлдэгч Б.Т, Д.Тнарт 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн мэдэгдэх хуудас зэргээр нотлогдож байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд уг гэрээний үүрэг дээрх байдлаар зөрчигдсөний улмаас 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн энэхүү гэрээг дуусгавар болгож, уг гэрээний биелэгдээгүй үүргийг гэрээний үнэд оруулан тооцож 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1200019219 дугаарын гэрээг байгуулсан бөгөөд энэ гэрээг шүүх хүчин төгөлдөр бус гэж үзсэн болох нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 219 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна. Шинээр байгуулагдсан энэ гэрээ хүчин төгөлдөр бус байснаар өмнөх дуусгавар болгосон гэрээний үйлчлэлийг сэргээх хууль зүйн үндэслэлгүй юм.
Харин дуусгавар болгосон 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1200012885 дугаартай гэрээний хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, энэ хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирох хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар гэрээний үндсэн үүрэгт зээлийн үлдэгдэл 61.388.889 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хүү 9.969.736 /25.2:12=2.1, 2,1:30=0.07 хувь, 61.388.889*0.07=42.973, 42.973*232 хоног=9.969.736/ төгрөг, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, зээлийн гэрээний 4.1-д заасныг үндэслэн гэрээний хариуцлага буюу нэмэгдүүлсэн хүү 1.993.948 төгрөг, нийт 73.402.573 төгрөгийг хариуцагч Б.Т, Д.Т нараас гаргуулж нэхэмжлэгч *** банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар энэ шийдвэрээр тогтоосон зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд баталгаат ипотекийн гэрээнд заасан хөрөнгүүдээр үүргийг хангуулах ба баталгаат ипотекийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хөрөнгүүдийг албадан худалдахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 11 сарын 20-ний өдрөөс хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын үйлчилгээний төлбөр 50.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 647.172 төгрөг, нийт 25.088.907 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Нотариатын үйлчилгээний төлбөрийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй байдаг тул энэ үүргээ хэрэгжүүлж нотлох баримтын хуулийн шаардлагыг хангахдаа нотлох баримтыг хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн хэлбэрээр гаргаж өгсөн нь нэхэмжлэгчийн өөрийн сонгосон арга хэлбэр тул уг үйлчилгээний зардлыг нэг тал гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан шууд хохирол гэж үзэх үндэслэлгүй юм.
Мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 647.172 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулахаар заасан. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 647.172 төгрөгийг хуульд зааснаар хуваарилан олгох тул гэрээний харилцаанд хамааруулан нэхэмжлэлийн үнийн дүнд тооцон шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн *** тоотод байрлах *** улсын бүртгэлийн дугаартай, 40.47 м.кв талбайтай, гал тогооны хамт 4 өрөө орон сууц, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын *** ХХК-ийн ард байрлалтай *** улсын бүртгэлийн дугаартай граж, Т-ийн өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн *** тоотод байрлах, *** дугаартай 52 м.кв талбайтай, 2 өрөө байрыг тус тус барьцаалж, 1200012885-01 тоот Баталгаат ипотекийн гэрээ байгуулсан. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх заалтад нийцсэн хуулийн хүчин төгөлдөр гэрээ байхын зэрэгцээ хариуцагч уг гэрээний талаар маргаагүй.
Иймд шүүх Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрхийг ханган, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн *** байрлах *** улсын бүртгэлийн дугаартай, 40.47 м.кв талбайтай, гал тогооны хамт 4 өрөө орон сууц, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын *** ХХК-ийн ард байрлалтай *** улсын бүртгэлийн дугаартай граж, өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн ***тоотод байрлах, ***дугаартай 52 м.кв талбайтай, 2 өрөө байрыг тус тус албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *** банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 647.172 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т, Д.Т нараас нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ буюу 73.402.573 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 524.963 төгрөгийг гаргуулан *** банк ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Б.Т, Д.Тнараас л, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 73.402.573 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, улсын тэмдэгтийн хураамж, нийт 25.088.907 төгрөг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Т, Д.Т нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн *** тоотод байрлах *** улсын бүртгэлийн дугаартай, 40.47 м.кв талбайтай, гал тогооны хамт 4 өрөө орон сууц, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын *** ХХК-ийн ард байрлалтай *** улсын бүртгэлийн дугаартай граж, Т.П-н өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн *** тоотод байрлах, Ү-0518002287 дугаартай 52 м.кв талбайтай, 2 өрөө байрыг тус тус худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Б.Т, Т.П нарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *** банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 647.172 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т, Д.Т нараас нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ буюу 73.402.573 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 524.963 төгрөгийг гаргуулан *** банк ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН