Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 133/ШШ2017/00348

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: М.Н-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: Х.Э-д холбогдох

хамтын амьдралтай байсныг тогтоолгож, эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Н, хариуцагч Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Н 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн. Нөхөр болох Х.Э-той 2013 онд хуримаа хийсэн. Бидний амьдрах хугацаанд 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр  охин Б төрсөн. Бид амьдрах хугацаанд нөхөр минь намайг зодон хүчирхийлж хэлэх хэлэхгүй үгээр удаа дараалан дарамталдаг зоддог байсан. Энэ бүх хугацаанд хүүхдээ бодоод тэсдэг байсан боловч сүүлийн бүлэгт бүр зодох нь ихдэж эцэг эхийг минь хүртэл дарамталдаг болсон. Энэ хүнтэй цаашид амьдрах боломжгүй болж өөрийн гэсэн эд хөрөнгөө гаргуулж авах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Х.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Н-ийн эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2 хүүхдийнхээ ирээдүйг бодоод би тусдаа амьдрах хүсэлгүй байна. М.Н бид 2 нийт 4 жил амьдарсан, 2 хүүхэдтэй. Энэ хүн нь байнга архи, дарс уудаг, 2 хүүхдийн амьдрал хэцүүднэ. Иймд эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул М.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                               ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч М.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч М.Н нь Х.Э-той хамтыг амьдралтай байсныг тогтоолгож, өөрийн эд хөрөнгө болох 320.000 төгрөгийн үнэтэй хивсэн хөшиг 1 ширхэг, 280.000 төгрөгийн үнэтэй модон толь нэг ширхэг, 280.000 төгрөгийн үнэтэй угаалгын машин 1 ширхэг, 200.000 төгрөгийн үнэтэй хивс /газарт дэвсдэг/, 120.000 төгрөгийн үнэтэй тоос сорогч 1 ширхэг, 150.000 төгрөгийн үнэтэй амбаар 1 ширхэг, 4.300.000 төгрөгийн үнэтэй хашаа, 3.000.000 төгрөгийн үнэтэй 5 тугалтай үхэр, нийт 9.000.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч М.Н нь “..Бид амьдрах хугацаанд нөхөр минь намайг зодон хүчирхийлж хэлэх хэлэхгүй үгээр удаа дараалан дарамталдаг зоддог байсан. Энэ бүх хугацаанд хүүхдээ бодоод тэсдэг байсан боловч сүүлийн бүлэгт бүр зодох нь ихдэж эцэг, эхийг минь хүртэл дарамталдаг болсон. Энэ хүнтэй цаашид амьдрах боломжгүй болж өөрийн гэсэн эд хөрөнгөө гаргуулж авах хүсэлтэй байна...” гэж, хариуцагч  Х.Э нь “...дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2 хүүхдийнхээ ирээдүйг бодоод би тусдаа амьдрах хүсэлгүй байна. М.Н бид 2 нийт 4 жил амьдарсан, 2 хүүхэдтэй. Энэ хүн нь байнга архи, дарс уудаг, 2 хүүхдийн амьдрал хэцүүднэ. Иймд эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул М.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тус тус маргаж байна.

Зохигчдын дээрх тайлбараас үзэхэд М.Н, Х.Э нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамтын амьдралтай байсан болох нь тогтоогдож байна.

Харин эд хөрөнгө гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хивсэн хөшиг, хивс, тоос сорогч, амбаар, хашаа, 5 тугалтай үхэр зэргийн үнэлгээг тус бүрд бичиж нийт 9.000.000 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулна гэж нэхэмжлэл гаргасан байгаа боловч нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Хэрэгт нотлох баримтаар *** дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар авагдсан байх бөгөөд уг газар нь гэрчилгээнд нэг иргэний өмч, өмчлөгч нь М.Н гэж бичигдсэн байх тул уг газрыг хариуцагч Х.Э-с гаргуулж, ***т олгох шаардлагагүй, дээрх газар нь М.Н-ийн өмч байна.

Иймд нэхэмжлэгч М.Н, хариуцагч Х.Э нарыг хамтын амьдралтай болохыг тогтоож, нэхэмжлэлээс эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг үндэслэн Х.Э, М.Н нарыг хамтын амьдралтай байсан болохыг тогтоож, нэхэмжлэлээс 9.000.000 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН