| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2017/00330/и |
| Дугаар | 133/ШШ2017/00351 |
| Огноо | 2017-10-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 133/ШШ2017/00351
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, шүүгч Н.Оюунбилэг, шүүгч Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ***-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Г.Г-т холбогдох,
байгууллагад учруулсан гэм хорын хохиролд 15.589.003 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч Г.Г, иргэдийн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллагын даргаар 2014 оны 08 сард томилогдон ирж байсан Г.Г нь өөрийн гаргасан буруу шийдвэрээс шалтгаалан манай байгууллагад ихээхэн хэмжээний хохирол учруулсан юм. Үүнээс нягтлан бодогч Х.Одгэрэлд манай байгууллага 4 удаагийн шүүгчийн захирамж, шийдвэрээр 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны цалинд 15.359.766 төгрөгийг олгож, нийгмийн даатгалын шимтгэлд 713.549 төгрөгийг нийгмийн даатгалын хэлтэст төлж, үүнээс 484.312 төгрөгийг суутган авч 15.589.003 төгрөгийг төлөөгүй байгаа тул дээрх мөнгийг гаргуулан манай байгууллагад төлүүлж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ншүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г нь Говь-Алтай аймгийн *** газрын даргаар ажиллаж байхдаа нягтлан бодогч ***ийг ажлаас чөлөөлсөн бөгөөд шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн орсон. Иймд манай байгууллагаас шүүхийн шийдвэрийн дагуу ***ийн ажилгүй байсан хугацааны цалинд 15.359.766 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 229.237 төгрөг, нийт 15.589.003 төгрөгийг гаргуулан олгосон тул байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Г.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Говь-Алтай аймгийн *** газрын даргаар ажиллаж байх хугацаандаа нягтлан бодогч Х.О-тэй гар нийлж ажиллаж чадаагүй учраас хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж нягтлан бодогч Х.О-ийг ажлаас нь чөлөөлсөн. Санал хүсэлт их ирдэг байсан. Жил гаруй хугацааны дараа ажилдаа орсон. Ажилгүй байх хугацаандаа Х.О нь төсвийн газар ажиллаж төрөөс цалин авч байсан. Надад ажил төрөл, санхүү бизнес байхгүй, мөнгөний эх үүсвэр байхгүй амьдрал хүнд байна. Тус нэхэмжилсэн мөнгийг төлөх боломжгүй. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.2-д зааснаар хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах учир миний бие хариуцах боломжгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Говь-Алтай аймгийн *** газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн *** газар нь хариуцагч Г.Г-т холбогдуулан байгууллагад учруулсан гэм хорын хохиролд 15.589.003 төгрөгийг гаргуулахаар шаарджээ /хх-1/.
Хариуцагч Г.Г нь “...Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7 дахь хэсэгт зааснаар хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гарсан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах зарчмын дагуу төр хариуцах учир төлөх боломжгүй...” гэж маргаж байна /хх-51/.
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн хувьд гэм хорын хохирол байх ба шүүх гэм хорын маргаантай иргэний хэргийг шийдвэрлэхдээ нэг талаас бусдын хууль бус гэм буруутай үйлдэл байхыг, нөгөө талаас хохирол бодитой учирсан байхыг, уг буруутай үйлдэл, хохирол хоёр шалтгааннт холбоотой байх зэрэгт үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэрлэдэг.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад хариуцагч Г.Г нь Говь-Алтай аймгийн *** газрын даргаар ажиллаж байхдаа нягтлан бодогч ***ийг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн буюу гэм буруутай болох нь хэрэгт авагдсан Сум дундын 5 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 381 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр магадлал, Сум дундын 5 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 174 дугаар шүүгчийн захирамж, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 205 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 761 дугаар тогтоол, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 388 дугаар шийдвэрээр тус тус тогтоогдож байна /хх-12-40/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзнэ.
Харин Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан агуулгаас үзэхэд “гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг ...шаардан гаргуулах эрхтэй.” гэсэн нь учирсан хохирлыг байгууллага арилгасан байх буюу хохирол бодитойгоор бий болсон байхыг шаардаж байна.
Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалинд 13.170.028 төгрөгийг ***д шилжүүлэн өгсөн болох нь 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №77, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №80, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №5, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №16, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №41, №42 дугаартай төлбөрийн хүсэлтүүдийн эх хувь болон нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна /хх-53, 54, 55, 56, 57/
Харин нэхэмжлэлээс 2.418.975 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинд олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ тайлбарлахдаа Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасныг үндэслэжээ. Уг хуулийн заалт болон Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь заалтууд нь ерөнхий шинжтэй, мөн төрийн албан хаагч бусдад учруулсан хохирлыг урьдчилсан байдлаар чирэгдэлгүй барагдуулах зорилготой зохицуулалт бөгөөд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д нарийвчилсан зохицуулалтад төрд буюу байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардан гаргуулахаар заажээ. Нөгөө талаар ажилтанг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй санаатай эс үйлдэхүй хохиролд нөлөөлсөн байгаа болно.
Иймд хариуцагч Г.Г-аас байгууллагад учруулсан гэм хорын хохиролд 13.170.028 /арван гурван сая нэг зуун далан мянга хорин найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн *** газарт олгож, нэхэмжлэлээс 2.418.975 /хоёр сая дөрвөн зуун арван найман мянга есөн зуун далан таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч Г.Г-аас нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ буюу 13.170.028 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 223.801 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Г-аас байгууллагад учруулсан гэм хорын хохирол 13.170.028 /арван гурван сая нэг зуун далан мянга хорин найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн *** газарт олгож, нэхэмжлэлээс 2.418.975 /хоёр сая дөрвөн зуун арван найман мянга есөн зуун далан таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч Г.Г-аас 223.801 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН
ШҮҮГЧИД Н.ОЮУНБИЛЭГ
Д.ЯНЖИНДУЛАМ