Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч Болдын Эрхэмбаяр Шүүгдэгч Алзахгүйн Мөнгөншагай Хохирогч Рүвжирийн Алзахгүй нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Мөнгөншагайд холбогдох 2023000000057 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хот МУИС-ийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Завхан аймгийн Дөрвөлжин сумын Буурал багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Гадиуд овогт Алзахгүйн Мөнгөншагай, /Регистрийн дугаар: ИД00261512 Шүүгдэгч А.Мөнгөншагай нь Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймаг Дөрвөлжин сум Буга багийн нутаг “Хандын эрэг” гэх газраас галууны өндөг авахаар төрсөн дүү А.Сумъяабазарыг цагаан өнгийн уяагаар оосорлон хадан цохионы эрэг рүү унжуулж, дүүгээ унагаахгүй гэж найдан, хөнгөмсгөөр хандаж байх явцад уяа тасарч улмаар А.Сумъяабазар нь унаж нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

1 . Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч Гадиуд овогт Алзахгүйн Мөнгөншагай нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр эмэг эх Д.Рүвжирийн хашаанаас цагаан өнгийн уяаг /олс/ авч Завхан аймаг Дөрвөлжин сум Буга багийн нутаг “Хандын эрэг” гэх газар галууны өндөг авахаар төрсөн дүү А.Сумъяабазарын хамт очиж А.Сумъяабазарыг биеийг уг цагаан өнгийн уяагаар оосорлон хадан цохионы эрэг рүү унжуулан, дүүгээ доош унагаахгүй гэж өөрөө уяаны нөгөө үзүүрээс татаж буулгах үед уяа тасарч А.Сумъяабазар газар унаж нас барсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Алзахгүйн “...Тухайн үед ... миний 89143928 дугаарын гар утас руу 15 цаг өнгөрч байхад манай хүү Мөнгөншагай өөрийнхөө 80966676 дугаарын утсаар залгаад л шууд дүү өнгөрчихлөө сумын төв дээр хурдан ир гээд л утсаа тасалчихсан. Тэгэхээр эхнэр бид хоёр мотоциклоо асаагаад шууд Дөрвөлжин сумын төв рүү яваад очсон. Манай Сумъяабазар гэдэг банди Хандын эрэг гэх газраас унаад нас барчихсан. Хандын эргийн доод ёроол хэсэгт газар хэвтэж байсан...” гэсэн мэдүүлгээр, А.Мөнгөншагай тусламж хүсэж ирсэн талаар мэдүүлсэн гэрч Г.Бархассүрэнгийн “...2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 15 цагийн үед Завхан аймгийн Дөрвөлжин сумын урд талын Завхан голын эрэг дээр ус авах гээд ганцаараа өөрийнхөө машинтай зогсож байсан. Мөнгөншагай гэх залуу мотоциклтой хүрч ирээд манай дүү “Хандын эрэг”-нээс уначихлаа гэсэн. Тэгэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ” гэсэн “үнэн” гэхээр нь би “за тэгвэл ах нь эмнэлэг дуудаад өгье” гэж хэлсэн. Нөгөө Мөнгөншагай “би дүү рүүгээ явлаа” гээд буцаад мотоциклтойгоо “Хандын эрэг”-ийн тийш яваад өгсөн. Тэгээд би эмнэлгийн жижүүр сувилагч Мөнхөө эгч рүү залгаж дуудлага өгсөн, удалгүй сумын эмч нөгөө хүүхэд унасан гэх очиж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлгээр, Тухайн газарт хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэхээр очиход А.Сумъяабазар нас барсан байсан талаар мэдүүлсэн гэрч Ж.Мөнхөөгийн “...2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ...15 цаг 07 минутанд миний 89057205 дугаарын утас руу 88899871 гэсэн дугаараас манай Бархассүрэн гэдэг залуу залгаад “Хандын эрэг”-нээс хүүхэд уначихсан юм шиг байна гэж дуудлага өгсөн. Тэр дуудлагын дагуу би эмчдээ хэлээд их эмч Пүрэвжаргал, жолооч Цогтгэрэл нарын хамт “Хандын эрэг”-ийн доор очсон. Алзахгүйн Сумъяабазар гэдэг хүүхэд “Хандын эрэг”-нээс уначихсан газар хэвтэж байсан. Тухайн хүүхдийн хажууд ах Мөнгөншагай нь уйлчихсан сууж байсан. Тэгээд эмч үзлэг хийхэд тухайн хүүхэд нас барчихсан байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Галууны өндөг авах гэж байгаад олс тасраад манай дүү уначихсан гэж байсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Э.Пүрэвжаргалын “...2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр би Завхан аймгийн Дөрвөлжин сумын Эрүүл мэндийн төв дээр ажил дээрээ байж байсан, манай ээлжийн сувилагч Мөнхөө эгч надад “Хандын эрэг”-нээс хүүхэд уначихсан дуудлага ирлээ гэсэн. Тэгээд би, сувилагч Мөнхөө, жолооч Цогтгэрэл нарын хамт “Хандын эрэг”-ийн доор очсон. Алзахгүйн Сумъяабазар гэдэг хүүхэд “Хандын эрэг”- нээс уначихсан газар хэвтэж байсан. Тухайн хүүхдийн хажууд ах Мөнгөншагай нь уйлчихсан сууж байсан. Тэгээд би тухайн хүүхдэд үзлэг хийхэд нас барчихсан байсан. Тэгээд Мөнхөө сувилагч цагдаад дуудлага өгсөн. Галууны өндөг авах гэж байгаад олс тасраад манай дүү уначихсан гэж байсан...” гэсэн мэдүүлгээр, Хашаанд нь цагаан уяа байсан талаар мэдүүлсэн гэрч Д.Рүвжирийн “...Би 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр А.Мөнгөншагай, талийгаач А.Сумъяабазар нарыг манай хашаанаас уяа авсныг мэдээгүй. Дараа нь хэрэг болсны дараа манай хашаанаас уяа авсныг мэдсэн. Тухайн уяа цагаан өнгийн дунд хэсгээрээ хэд хэдэн залгаатай уяа байсан хэдэн залгаа байсныг би одоо сайн санахгүй байна. Тухайн уяаг би хувцас тээдэг тээлгүүрээр ашиглаж байгаад эвхэж аваад амбаарынхаа хөндий доогуур хийгээд хаячихсан байсан юм. Тэр уяа “Баян-Айраг” ХХК-нд ирдэг цементний уутны бүслүүр уяа байгаа юм. Уул нь овоо бөх уяа байгаа бололтой байсан...” гэсэн мэдүүлгээр, Өөрийн үйлдсэн хэргийг хүлээн мэдүүлсэн шүүгдэгч А.Мөнгөншагайгийн “...2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ...Сумъяабазар намайг “ахаа хоёулаа “Хандын эрэг” дээр очиж Галууны өндөг харъя” гэхээр нь би зөвшөөрөөд машин замын хажууханд “Хандын эрэг” ойрхон байсан болохоор шууд очоод зогссон. Тэгээд дүү Сумъяабазар бид хоёр “Хандын эрэг”-ийн эрмэг дээр очиж доошоогоо тонгойж Галууны өндөг харсан. “Хандын эрэг”-ийн эгц хана хавцалын нүүр хэсгийн дээхэн талд Галууны 3 ширхэг өндөг харагдаж байсан. Тэгсэн манай дүү Сумъяабазар “агаа би Галууны өндөг авч үзмээр байна” гэж надад хэлсэн. Тэгээд би Галууны өндөг авахад хэрэглэхээр уяа олох санаатай “Хандын эрэг”-ээс мотоциклтойгоо дүү Сумъяабазарыг араараа суулгаад эмээ Рүвжирийн хашаанд очсон. Тэгээд эмээгийн хашаа руу орж уяа хайсан амбаарын доогуур нь нэг цагаан өнгийн урт дунд хэсгээрээ хэд хэдэн залгаатай уяа байхаар нь аваад буцаад мотоциклоо би унаад дүү Сумъяабазарыг араараа суулгаад “Хандын эрэг” дээр нөгөө Галууны өндөг байсан хэсгийн харалдаа очсон. Тэгээд би нөгөө уяаг гараараа татаад шалгаж үзсэн нилээн бөх бололтой уяа байхаар нь тэр уяагаар дүү Сумъяабазарын биеэр нь оосорлож “Хандын эрэг” рүү буулгаж нөгөө Галуу шувууны өндөгийг авахуулахаар болж нөгөө уяагаар би дүү Сумъяабазарын хоёр хөлний гуяа хэсгээр холбож нэг уяад, үргэлжлүүлж цээжээр нь ороож нэг уяад урд талд нь уяаг холбож зангидаад нөгөө уяаныхаа үзүүрээс би татаад дүү Сумъяабазарыг хоёр хөлөөр нь “Хандын эрэг”-ийн өндөр хавцал хэсэг рүү буулгасан. Тэгээд би дүү Сумъяабазарыг “Хандын эрэг” рүү буух үед уяаг бага багаар сулруулж өгч байсан л гэнэт уяа тасарчих шиг болоод уяа сулраад манай дүү “Хандын эрэг”-ийн хана хавцал руу уначихсан. Тэгээд би шууд мотоциколио асаагаад “Хандын эрэг”-ийн доод бэлд яваад очсон, манай дүү газарт уначихсан ухаангүй байсан...” гэсэн мэдүүлгээр, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гаргасан 000000015 дугаартай “...1.Талийгаач А.Сумъяабазарын цогцост гэмтэл учирсан байна. 2.Талийгаач А.Сумъяабазарын цогцост гавал, суурь яс, тархи, тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус хуралт, баруун зүүн талын олон хавирганы хугарал, уушигны няцрал, дотор эрхтэнүүдийн холбоос дагасан зөөлөн эд дэх цус хуралт, тархины хаван, баруун шуу богтос ясны ил хугарал, зулайн хэсэгт хуйханд цус хуралт, доод эрүүний зүүн 2 дугаар шүдний түвшинд доош чиглэлтэй эрүүний хугарал, баруун шанаа хацар, чих хүзүү, баруун хөхлөг сэртэн, баруун эгэм доор, баруун мөрний үе, баруун шууны дотор, баруун ташаа, баруун өвдөгний хэсгүүдийн зулгаралт өнгөц шарх гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь өндрөөс унах үед үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд 2020 оны 04 дүгээр сарын 27-нд үүссэн байх боломжтой. Үхэлд хүргэхэд шууд нөлөөлсөн гэмтлүүд. 4.Талийгаачийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно. 5.Тагийгаач нь гавал, суурь ясны хугарал, тархины няцрал, тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус хуралт, баруун зүүн талын олон хавирганы хугарал, уушигны няцрал гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. А.Мөнгөншагай нь өөрийн дүүг хадан цохионы доош уяагаар бэхлэн буулгахдаа уяа тасарч болохыг мэдэх боломжтой байсан боловч дүүгээ унагаахгүй гэж хөнгөмсөгөөр найдсаны улмаас уяа тасарч хүний амь хохирсон нь Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй хохирогч гомдол саналгүй гэж байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч А.Мөнгөншагайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг цагаан өнгийн уяаг цаашид ашиглах боломжгүй тул устгах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гадиуд овогт Алзахгүйн Мөнгөншагайг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч А.Мөнгөншагайд Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй. 3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөнгөншагайд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус анхааруулсугай. 5. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 6. Хэрэгт эд мөрийн баримтаар 2 ширхэг цагаан өнгийн уяаг устгасугай. 7. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ