Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 183/2019/00365/И/Н |
Дугаар | 001/ХТ2020/00573 |
Огноо | 2020-09-24 |
Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2020/00573
ГФ ХХК, КБ ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00755 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1212 дугаар магадлалтай,
ГФ ХХК, КБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч КБ ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ГФ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, КБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Л.С, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ГФ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Улсын дээд шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 658 дугаар тогтоолоор ГФ ХХК-иас 1.295.210.326 төгрөг гаргуулж КБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Манай компани КБнаас зээл авахдаа өөрийн өмчлөлийн 2.000 тонны багтаамжтай хөргөлттэй агуулахыг тоног төхөөрөмжийн хамт, мөн 20.000 м.кв газрын хамтаар барьцаалсан. Дээрх төлбөрийг барагдуулахын тулд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Вендо хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэсэн ба уг үнэлгээнд зөвхөн барилга, газрыг 3.731.904.667 төгрөгөөр үнэлж, тоног төхөөрөмж болон хашаа хороо, дэд бүтцийг огт үнэлээгүй болно. БНСУ-ын хамгийн сүүлийн үеийн технологиор тус улсад захиалгаар үйлдвэрлэж, 2014 онд угсарч дуусгаад өнөөдрийг хүртэл огт ашиглаагүй байгаа уг хөргөлттэй агуулах болох үл хөдлөх хөрөнгийн анхны өртөг нь 4.922.462.546 төгрөг болсон. Иймд Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК нь манай компанийн хөрөнгийг хэт доогуур үнэлж үнэгүйдүүлсэн тул 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ШГ18-62 тоот үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч КБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2184 дүгээр шийдвэрээр ГФ ХХК-иас 1.295.210.326 төгрөгийг гаргуулж КБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх явцад 138 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр Вендо ХХК-ийн үнэлгээчин Э.Даваасамбууг 2018 оны 10 дунаар сарын 30-ны өдөр шинжээчээр томилсон байна. Үнэлгээчин Э.Даваасамбуу нь Улаанбаатар хот, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Цайз хэсэг, 40 тоотод байрлах 1790 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга болон 20000 м.кв газрын үнэлгээг гаргахдаа үнэлгээний зах зээлийн хандлагын аргыг орхигдуулсан. Шинжээчийн 3.731.904.577 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан зах зээлийн үнэ биш бөгөөд барьцаа хөрөнгөөс төлбөр барагдуулах эрхийг зөрчин төлбөр төлөгчийн эрх ашигт үйлчилж, нөлөөнд автсан гэж үзэх үндэслэлтэй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байна. Иймд төлбөр төлөгч ГФ ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг 3.731.904.677 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 4/14079, 4/14080, 4/15300 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлэхгүй тул төлбөр төлөгч ГФ ХХК-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Цайз хэсэг, 40 тоотод байрлах, 1796 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга, 20.000 м.кв бүхий газрын хамт 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 18290759/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2018 оны 10 дүгээр сарын 16-ны өдрийн 18290759/03, 04 тоот тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч, төлбөр авагч нарт үл хөдлөх хөрөнгөд үнийн санал ирүүлэхийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4/17457 дугаар албан бичгээр талуудад мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, мөн нэхэмжлэгч нарын үнэлгээ хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00755 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ШГ18-62 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ГФ ХХК, КБ ХХК нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1212 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00755 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ГФ ХХК-иас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч КБ ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч КБ ХХК дахь банкны эрх хүлээн авагч М.А-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Вендо ХХК нь хөрөнгийг үнэлэхдээ зах зээл, орлого, өртгийн хандлагын аргаар үнэлгээ хийж, үнэлэгдэж буй хөрөнгийн үнэлгээг зардлын хандлага болон барилгын төсөвт тооцооллоор, газрыг норматив аргаар үнэлж, хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ байрлал, шинж чанар, орчны хувьд төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийн судалгаа хийж харьцуулсан үнэлгээний тайланд тусгагдсан. Вендо ХХК-ийн үнэлгээний тайлан нь зардлын хандлага болон барилгын төсөвд тооцооллын хандлагаар үнэлсэн байна. Барилгын төсөвт аргыг хэрэглэхдээ шинэ барилга барих хэмжээнд төсөв зохиож төсөвлөн тооцоолсон, барилгын элэгдэл хорогдлыг тооцоогүй, ашиглагдаагүй барилгын эдийн засгийн элэгдлийг тооцоогүй. Үнэлгээний олон улсын стандарт консулаас гаргасан үнэлгээний стандартаар зах зээлийн хандлага, өртгийн хандлага, орлогын хандлага гэсэн 3 аргаар үнэлдэг бөгөөд үнэлгээний гурван хандлагуудыг хослуулан хэрэглэж болдог. Вендо ХХК нь үнэлгээний тайланд зах зээлийн хандлагын аргачлалыг хэрэглээгүй байна. Хэрэв зах зээл, орлогыг тодорхойлох боломжгүй байсан бол ганц өртгийн хандлагыг хэрэглэх байсан. Үнэлж буй хөрөнгө нь орлогыг шууд бий болгодоггүй бөгөөд тухайн хөрөнгийн өвөрмөц онцлог нь орлогын хандлага эсвэл зах зээлийн хандлагыг ашиглах ямар ч боломжгүй болсон байх тохиолдолд өртгийн аргыг дангаар хэрэглэх боломжтой. Зах зээлийн хандлага нь тухайн хөрөнгийг үнийн мэдээлэл нь бэлэн олдоцтой байх тохиолдолд хэрэглэдэг. Тухайн хөрөнгийн газар зүйн байршил ба холбогдох эдийн засаг бусад холбогдох үзүүлтүүдийг харьцуулах боломжтой үед хэрэглэх бүрэн боломжтой арга. Хөрөнгийн ашигтай ажиллагааг буюу ашиг олох чадварыг тодорхойлох. Түүхэн болон ирээдүйд хүрээлэгдэж буй орчин. Үнэлж буй хөрөнгийн зах зээлийн борлогдох байдал ба ханалтын шинж чанаруудыг тодорхойлох. Үнэлж буй хөрөнгийн зах зээлд борлогдох чадварын хязгаарлалтуудыг харгалзан үзэх. КБны барьцааны хөрөнгийн хувьд зах зээлийн аргыг хэрэглэх үзүүлэлтүүд болох газар зүйн байршил, ижил төсөөтэй барилгуудтай жиших бүрэн боломжтой бөгөөд зах зээлийн хандлага, өртгийн хандлагыг хослуулан хэрэглэснээр тухайн барилга байгууламж, газрын бодит үнэлгээ тогтоогдох байсан гэж үзэж байна. Иймд Вендо ХХК-ийн барьцаа хөрөнгийг хэт өндөр үнээр үнэлсэн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар “Хөрөнгийн үнэлгээ хийхэд Олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандарт, энэ хуулийн 4.5, 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгоно.” гэж заасны дагуу хөрөнгийн үнэлгээ хийгдээгүй гэж үзэн бүрэлдэхүүнтэй үнэлгээчид томилж, барьцаа хөрөнгийг үнэлүүлж, зах зээлийн бодит ханшийг тогтоож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг нэхэмжлэгч ГФ ХХК хэт бага гэж, нэхэмжлэгч КБ ХХК хэт их гэж марган хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгч КБ ХХК-ийн эрх залгамжлагчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үндэслэлд хэрэглэвэл зохих Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/02184 дүгээр шийдвэрийн дагуу ГФ ХХК 1.295.210.326 төгрөгийг КБ ХХК-д төлөх үүрэгтэй байна. Төлбөр төлөгч ГФ ХХК төлбөрөө сайн дураар биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэрт заасны дагуу төлбөр төлөгч буюу тус компанийн өмчлөлийн барьцааны зүйл болох Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Цайзын хэсэг гудамж 40 тоот хаягт байрлах 1796 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 20000 м.кв эзэмшлийн газрыг битүүмжлэн, хурааж, албадан дуудлага худалдаагаар худалдахаар үнэлгээ тогтоосон ажиллагааг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж байгаа нь тогтоогджээ.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно...” гэж заасан байна.
Төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцож дуудлага худалдааны үнийг тогтоож чадаагүй тул шийдвэр гүйцэтгэгч Вэндо ХХК-г шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулахад шинжээч эд хөрөнгийн үнийг 3.731.904.667 төгрөгөөр тогтоожээ.
Дээрх үнэлгээг эс зөвшөөрсөн нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч ГФ ХХК нь “...барьцааны зүйл нь 2000 тн-н багтаамжтай хөргөлттэй агуулах, тоног төхөөрөмж, эзэмшлийн газар атал ...үнэлгээнд барилга, газрыг үнэлж тоног төхөөрөмж болон хашаа хороо, дэд бүтцийг огт үнэлээгүй...” гэж, нэхэмжлэгч КБ ХХК нь “...үнэлгээг гаргахдаа зах зээлийн хандлагын аргыг орхигдуулсан... зөвхөн зарлагын хандлагын буюу барилга барих төсөвт тооцооллын аргаар үнэлсэн нь үндэслэлгүй...” гэж тайлбарласан байна.
Шийдвэр гүйцэтгэх байгууллага шинжээч томилохдоо эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан бөгөөд шинжээч томилох тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 273 дугаар тогтоолд “...1796 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 20000 м.кв эзэмшлийн газрын хамт” үнэлгээ тогтоохоор заасан боловч тухайн үнэ нь зах зээлийн үнэ гэдгийг тодорхой заагаагүй байна.
Шинжээч томилох тогтоолыг үндэслэн Вендо ХХК үнэлгээ хийхдээ барилгыг зөвхөн зардлын хандлагын буюу барилга баригдсан төсөвт тооцооллын аргаар үнэлж үнэлгээ тогтоосон байх бөгөөд энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртөгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасныг зөрчжээ. Үнэлгээний тайланд, эхний нүүрт хөрөнгийг зах зээлийн, орлогын хандлагын аргуудаар үнэлсэн гэж бичигдсэн боловч эдгээр аргаар огт үнэлээгүй, ямар учраас зөвхөн зардлын хандлагын аргыг хэрэглэсэн үндэслэлээ шинжээч тайлбарлаагүй байна.
Гэтэл анхан шатны шүүх Вендо ХХК нь хөрөнгөд зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, хандлагын аргыг сонгосон мэтээр дүгнэлт хийсэн бодит байдалд нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүх энэ алдааг залруулаагүй нь буруу болжээ.
Түүнчлэн хэрэгт авагдсан, ГФ ХХК болон КБ ХХК-ийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээнд ...1796 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга, махны хөргөлтийн тоног төхөөрөмжүүдийн хамт, түүнчлэн 20000 м.кв газрыг барьцаалахаар талууд тохиролцсон, нэхэмжлэгч нарын хооронд үүссэн зээлийн болон барьцааны гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/02184 дүгээр шийдвэрт ...1796 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заажээ. Шийдвэрт “1796 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө” гэсэн нь “барилгыг тоног төхөөрөмжийн хамт” гэж ойлгохоор байна.
Вендо ХХК-ийн үнэлгээний тайланд тухайн барилгад ямар тоног төхөөрөмж байрлаж буйг заагаагүй, тоног төхөөрөмжийн үнэ цэнийг үнэлгээнд оруулж тооцсон эсэх нь тодорхой бус байгааг хоёр шатны шүүх анхаараагүй байна.
Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд нийцээгүй гэж үзэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч КБ ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, энэ талаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо шинжээчийн дүгнэлтийг танилцуулж мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нар шүүхэд хандаж нэхэмжлэлээ гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1212 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00755 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар төлбөрт хураагдсан Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Цайзын хэсэг гудамж 40 тоот хаягт байрлах 1796 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 20000 м.кв эзэмшлийн газрыг үнэлсэн Вендо ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ШГ 18-62 тоот үнэлгээг хүчингүй болгож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан ГФ ХХК болон КБ ХХК-ийн нэхэмжлэлийг хангасугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “нэхэмжлэгч нарын” гэснийг “нэхэмжлэгч тус бүрийн“ гэж, “үлдээсүгэй” гэснийг, “үлдээж, хариуцагчаас 140.400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч тус бүрд 70.200 төгрөгийг олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч КБ ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ