Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 192

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Ф.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ч.Батбаяр,

яллагдагч Ф.О-, түүний өмгөөлөгч М.Батмөнх,  

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 273 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Батбаярын бичсэн эсэргүүцлээр Ф.О-д холбогдох эрүүгийн 1806062142066 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Ф.О- нь 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Амгалан” авто тээврийн оношлогооны гадаа хохирогч Ц.А-тай маргалдаж, түүний хоолойг боож ухаан алдуулан газар унагааж, эрүүл мэндэд нь дагзны зүүн хэсгийн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай суурийн хэсгийн тархины эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ф.О-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэргийн талаар нэмж шалгах, нэр бүхий гэрч нарыг асуух шаардлагатай, камерийн бичлэгт дүгнэлт гаргуулах, хохиролтой холбоотой баримтуудыг шалгуулах буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлт гаргасан  яллагдагч Ф.О-ы өмгөөлөгч Ц.Алтанцолын хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д зааснаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийх нь зүйтэй гэж үзжээ.

Яллагдагч Ф.О- нь гэм буруу дээр маргаж байх ба хэрэг учрал болсон талаар гэрчээр Б.Э, Ц.Э хоёроос өөр хүнээс асууж тодруулаагүй байх тул яллагдагчийн өмгөөлөгчийн гэрчээр асуулгах хүсэлт тавьсан хүмүүсээс хэрэг учралын талаар асууж тодруулах нь зүйтэй.

Мөн оношлогооны дотор камерийн бичлэгийг эд мөрийн баримтаар авах хүсэлтийг тавьж байх тул оношлогооны дотор талын камерийн бичлэгийг Сиди-гээр авах мөрдөн шалгах ажиллагааг хийх нь зүйтэй. Дээр дурдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ч.Батбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Тухайн хэрэг үйлдэгдэх үед хэргийн оролцогч нарын хажууд байсан, хэргийг харсан Б.Э Ц.Э нараас гэрчээр мэдүүлэг /хх-67, 82/ авсан.

Тухайн хэрэг нь уг оношлогооны төвийн гадаа болсон ба хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон камерийн бичлэгт маш тодорхой, тод харагддаг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэгдсэн камерийн бичлэг хэргийн нөхцөл байдлыг тодорхой харуулсан байхад хэрэгт нэмж өөр этгээдүүдээс мэдүүлэг нь авах нь хэрэгт ач холбогдолгүй.

Гэрчийн этгээдүүдээс огт мэдүүлэг аваагүй биш, хэргийн нөхцөл байдлыг харсан этгээдүүд болох Б.Э-, Ц.Э- нараас хэрэгт гэрчээр мэдүүлэг авсан болохыг дурьдах нь зүйтэй.

Камерийн бичлэгээр гэмт хэрэг гадаа үйлдэгдсэн болох нь тогтоогдож байхад оношлогооны төвийн дотор талын камерийн бичлэгийг авах нь хэрэгт ач холбогдолгүй, шаардлагагүй юм. Хавтас хэргийн 84 дүгээр талд, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөгчийн хүсэлтийг хэсэгчлэн хангах тухай тогтоолд “камерийн бичлэг устсан” тул хүсэлтийг хангах боломжгүй талаар яллагдагчийн өмгөөлөгч М.Батмөнхөд мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан хугацаанд нь хариуг нь өгсөн байдаг.

Иймд, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч Ф.О-ы гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Эрүүгиин хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, үйлдсэн этгээд, сэдэлт, учирсан хохирол зэрэг нь тодорхой нотлогдсон байх тул яллагдагч Ф.О-д холбогдох  хэргийг прокурорт буцаасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 273 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Яллагдагч Ф.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дотор байхад хохирогч эхлээд намайг “хоёулаа үзье” гэж хэлээд заамдсан. Дотор камерийн бичлэгт байгаа. Дотроос намайг заамдаж авч гараад, адилхан заамдалцаж гарсан. Би унаж байгааг нь мэдээгүй. Зүгээр гараа тавьсан чинь уначихсан. Би хохирогчийг барьж авах боломж байгаагүй. Би буруугаа хүлээж байгаа. Гэхдээ санаатайгаар гэмтээх бодол байгаагүй” гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч М.Батмөнх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэт яллах талыг барьсан. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь үзнэ гэдэг зарчим зөрчигдсөн гэж үзэж байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны үед “дотор талын камерийн бичлэгийг авмаар байна” гэж хүсэлт гаргасан. Тухайн үед бичлэг устаагүй байсан бөгөөд устсаны нь дараа очсон байсан. Анх харсан гэрчийн мэдүүлэгт “Анх-Учрал өөрөө зодооныг эхлүүлсэн” гэдэг. Тэр хоёр адилхан барилцаж авсан. Миний үйлчлүүлэгч ямар нэгэн санаатай үйлдэл гаргаагүй. Болгоомжгүйгээр үйлдэгдсэн тул би гомдоод байгаа юм. Санаатай хохирол учруулсан нь миний үйлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаад байна. Хохирол, гомдлыг манай зүгээс хүлээн зөвшөөрч 1.007.000 төгрөгийн хохирлоос 1.000.000 төгрөгийг төлсөн” гэв.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг буцаан мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлгүй байна.

 

Хэрэгт байгаа баримтаас үзэхэд, яллагдагчийн өмгөөлөгч М.Батмөнхийн “...тухайн үед ажиллаж байсан оношлогооны ажилчин 2 залуугаас мэдүүлэг авахуулах, дотор камерийн бичлэг гаргуулах... тухай” хүсэлт /хх-83/ байх боловч мөрдөгч, ахлах дэслэгч Х.Баасанхүүгийн Хүсэлтийг хэсэгчлэн хангах тухай тогтоолд “...хэрэг болсон үеийн камерийн бичлэг устсан, оношлогооны ажилчдын гэрчийн мэдүүлэг хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн” /хх-84/ болохыг тус тогтоолоороо өмгөөлөгчид мэдэгджээ.

 

Мөн тухайн хэрэг болох үед яллагдагч Ф.О-тай гэрч Б.Э, хохирогч Ц.А-тай гэрч Ц.Э хамт явж байсан бөгөөд болсон үйл явдлын талаар өгсөн мэдүүлэг нь яллагдагч болон хохирогчийн мэдүүлгээс зөрүүгүй байна.

 

Мөн хэрэг “Амгалан” авто тээврийн оношлогооны гадаа болсон байх бөгөөд тухайн үйл явдлыг бичсэн гадна камерийн бичлэгт үзлэг хийж хэрэгт хавсаргажээ. /хх-85/

 

Шүүгчийн захирамжинд  хохиролтой холбоотой баримтуудыг шалгах шаардлагатай гэжээ.

 

Хохирогч баримтаар 1.007.393 төгрөгийг нэхэмжилж байх бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд яллагдагчийн өмгөөлөгч М.Батмөнх нь “манай зүгээс хохирол, гомдлыг хүлээн зөвшөөрч 1.007.000 төгрөгийн хохирлоос 1.000.000 төгрөгийг төлсөн. Одоо 7.000 төгрөг дутуу” гэсэн тайлбар гаргасан байна.

 

Шүүх нотлох баримтуудыг тодруулах шаардлагатай гэж үзвэл анхан шатны шүүх хуралдаанд хохирлын баримтууд болон гаднах камерийн бичлэг буюу эд мөрийн баримтаар хураагдсан CD-ийг шинжлэн судалж, хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтын хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгч  хэргийг хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.

 

Прокурор Ч.Батбаярын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй тул хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 273 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ф.О-д холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх хүртэл шүүгдэгч Ф.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

                           ШҮҮГЧ                                                         Л.ДАРЬСҮРЭН

 

                           ШҮҮГЧ                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ