| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00798/И |
| Дугаар | 20 |
| Огноо | 2018-01-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 20
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын х тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар:х, З овогт С-ийн П-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын х тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар:х, З овогт Х-ийн Т-д холбогдох,
2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.П, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Улаангом сумын иргэн Х.Т нь 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр миний барьж байгаа байрны үлдэгдэл цонх хийж өгнө гээд 2.000.000 төгрөг бэлнээр авчихаад цонхоо ч хийж өгсөнгүй, мөнгөө ч өгөлгүй өдий хүрч байна. Х.Т-д удаа дараа энэ талаар хэлсэн боловч утсаач авахгүй үргэлж зугатаж байсан. Х.Т нь энэ мөнгийг надтай хамтарч барилга барьсан С.М-ын зээлээр хийлгэсэн цонхны үнийг авахгүй гэж тохиролцож өөрийн гараар бичиж өгсөн мөртлөө С.М-ын цонхны зээлийн өрөнд авсан гэж хэлж байна. С.М бид 2 энэхүү барилгыг хамтарч барьсан учраас тухайн барилгад хийсэн ажлынхаа материалын үнэ, ажлын хөлсийг өөрсдөө хариуцдаг. Тухайн барилгад Х.Т-ийн цонхны үйлдвэрээр манай барьсан барилгад цонх хийж өгсөн нь үнэн боловч, энэ нь тусдаа С.М-д хийж өгсөн цонхнууд юм, надад хийж өгөх ёстой цонхоо өгөөгүй. Х.Т өөрийн гараар бичиж өгсөн баримт нь байгаа. Иймд Х.Т-ээс цонхны үнэ 2.000.000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Х.Т шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие С.П-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг уншаад дараахь тайлбар гаргаж байна. 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр би С.П-тай уулзсан. Улаангом сумын х хашаан дахь барилгыг бариулж буй С.П манай вакум цонхны үйлдвэрээр 15 ширхэг цонх, 5 ширхэг тагтны хаалга нийтдээ 4.710.000 төгрөгийн өртөгтэй цонхнууд хийлгээд урьдчилгаанд 2.000.000 төгрөг өгсөн нь үнэн. Уг цонхнуудыг тухайн барилгын 2 давхарт буюу С.П-ын өөрөө эзэмшиж байгаа барилга гэхээр нь урьчилгаанд 2.000.000 төгрөг аваад “Үлдсэн мөнгөө дараа өгье” гэхээр итгээд өгчихсөн юм. С.П-ыг нас намба тогтсон хүн болохоор өнөөдрийг хүртэл сунжрахгүйгээр өгчихнө гэж итгэсэн. Гэтэл харин эсрэгээр нь надаас авлагатай мэтээр нэхэмжлэл гаргасанд би гайхаж байна. Уг нь би түүнийг шүүхэд өгөх байсан, тэрээр өөрөө төлбөрөө төлөхөөс зориуд санаатайгаар зайлсхийх үүднээс намайг хариуцагч болгон нэхэмжлэл гаргаж байгаад харамсаж байна. С.П-ын байшинд манай үйлдвэрийн ажилчин цонх аваачиж өгсөн юм. Би түүнээс бэлэн мөнгө авчихаад цонхоо өгөхгүй байна гэж юу байхав дээ. Түүний байшинд миний үйлдвэрээс авсан цонх одоо ч байгаа. Харин би С.П-с хийж нийлүүлсэн цонхны үлдэгдэл 2.710.000 төгрөгийнхөө хүүг сар бүр 2 хувь байхаар тооцож гаргуулахыг хүсч байна. Нийтдээ 4.173.000 төгрөгийг би С.П-с гаргуулж авмаар байна. Цонхыг 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгсөн болно” гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд Х.Т-ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч Х.Т, нэхэмжлэгч С.П нарын хооронд амаар хэлцэл хийгдсэн байдаг бөгөөд уг хэлцлээр Х.Т нь 15 вакум цонх 5 тагтны хаалтыг С.П-д хийж өгөхөөр болж, С.П нь Х.Т-д 2.000.000 төгрөгийн урьдчилгаа өгөхөөр тохирсон байдаг юм. Тэгээд хэлцлийн дагуу С.П нь Х.Т-д 2.000.000 төгрөгийн урьдчилгаа өгсөн, мөн Х.Т уг цонхнуудыг хийж өгсөн. Нэхэмжлэгч С.П нь Х.Т надаас авсан 2.000.000 төгрөгийнхөө ажлыг хийхгүй байна. Тиймээс би 2 сая төгрөгийг нэхэмжилж байгаа. Уг нэхэмжлэлийг үндэслэлгүй нэхэмжлэл гэж үзэж байна. Х.Т вакум цонхны үйлдвэртэй. Нэхэмжлэгчид цонхоо хийгээд өгчихсөн. С.П нь Х.Т-ээс цонх аваагүй бол өөр газраас авч хийлгэсэн гэх ямар нэгэн баримт байх ёстой. Х.Т-ийн хийж өгсөн бичгийн агуулга нь “би С.П эгчээс 2.000.000 төгрөг аваад үлдэгдэл цонхыг нь 6 дугаар сарын 15-ны өдөр гэхэд хийж авч ирж өгнө. Тооцоогоо С.П эгчтэй л тооцно. С.П эгчийн тооцоонд урьдах тооцоо хамаарахгүй” байгаа. Түүнээс биш С.М-ын тооцоонд энэ хамаарахгүй гэсэн утгатай зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь Х.Т-г энэ үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж байгаа бол барилгынхаа 2 давхрын цонхыг ямар нэгэн компаниар хийлгэсэн гэсэн баримтаа нотлох баримтаар өгөх байсан. Мөн миний үйлчлүүлэгч Х.Т уг цонхыг 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүргэж өгсөн байдаг. Тухайн цонхыг Х.Т-ийн үйлдвэрээс уг барилга дээр аваачиж өгсөн хүн нь байгаа. Харин ч Х.Т нь С.П-с үлдэгдэл 2.710.000 төгрөгийг авах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.П нь хариуцагч Х.Т-д холбогдуулан цонхны үнэ 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Х.Т нь “Цонхыг нь хийж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” хэмээн маргаж байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйл буюу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ажил 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэхэд хариуцагч нь нэхэмжлэгчид вакум цонх хийж өгөхөөр болж, 2.000.000 төгрөгийг өгч үлдэгдэл тооцоог хийхээр тохиролцож гэрээ байгуулжээ.
Гэрч Ж.М нь “Х.Т нь С.П, С.М нарын барьж байсан барилгын яг хэдэн давхарт хэдэг ширхэг цонх хийсэн талаар сайн мэдэхгүй. Гэхдээ би С.М, С.П нараас энэ талаар асуухад 2, 3 дугаар давхарт 5.000.000 гаруй төгрөгийн цонх суулгасан гэж хэлж байсан. С.П нь би Х.Т-д 2.000.000 төгрөг өгчихөөд үлдсэн цонхоо авах гэж байна гэж хэлж байсан. Тухайн үед би х дэлгүүрийн Ж эгчийн хамтаар Х.Т дээр очиж тус баригдаж байгаа барилгад цонх зээлээр өгөөч гэж зөвшөөрөл авсан учраас энэ талаар сайн мэдэж байгаа бөгөөд би өөрөө тус барилгын захиалагч нарын нэг байгаа юм” гэж мэдүүлсэн ба хариуцагч Х.Т нь “би вакум цонх хийж өгөхөөр нэхэмжлэгч С.П-с 2.000.000 төгрөг авсан нь үнэн. Цонхыг нь 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хийгээд хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч С.П нь “Х.Т-ийн цонхны үйлдвэрээр манай барьсан барилгад цонх хийж өгсөн нь үнэн боловч, энэ нь тусдаа С.М-д хийж өгсөн цонхнууд юм, надад хийж өгөх ёстой цонхоо өгөөгүй” хэмээн маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар зохигч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, нотлох баримтаар нотлоогүй байна.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан С.П-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Т-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.П нь улсын тэмдэгтийн хураамж 46.950 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Хариуцагч Х.Т-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгч С.П “Ирцийн талаар гаргах саналгүй” хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав “Ирцийн талаар гаргах саналгүй. Хариуцагчийн байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү” гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Х.Т-д холбогдох цонхны үнэ 2.000.000 төгрөг гаргуулах тухай С.П-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.П нь улсын тэмдэгтийн хураамж 46.950 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР