Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2019/ШЦТ/280

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,

Шүүгдэгч: С.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914002720320 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******. / Регистрийн дугаар: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.******* нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутагт орших Цагдаагийн газрын байранд *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Үүнд:

1.Шүүгдэгч С.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... тэгээд би цагдаа дээр ирэхэд ******* нь цагдаагийн жижүүр дээр зогсож байсан. Би *******ийг явъя гэсэн чинь машин тэргээ авъя гээд цагдаатай маргалдаад байсан. Тэгээд жижүүр дээр байсан цагдаа нь эрүүлжүүлэхэд хийнэ гээд чирсэн чинь ******* цагдаагийн газрын үүдний хаалга хөлөөрөө тулсан чинь хаалганы шил нь хагарсан тэгэхээр нь би *******ийг яаж байгаа юм бэ чи гээд 1 удаа түүнийг алгадсан. Тэгээд би яваад өгсөн. гэх мэдүүлэг /хх-ийн 117 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйл өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Тэгээд нөгөө хошууч “Та согтуу байна энийг эрүүлжүүл” гээд 2 ахлагч миний мөрөн дээрээс гарах хаалга руу чирсэн. Тэгээд би машиныг минь гаргах бол уу гээд *******г дуудсан. Гаргаад өгчихвөл ахаараа машинаа машинаа бариулна гээд, Тэгж байтал ******* ах ирсэн. Нөгөө хошууч намайг эрүүлжүүлэх рүү чирсэн. Тэгээд би эсэргүүцсэн ба гарах хаалга руу хөлөө тулахад нэг дан шил нь хагарсан Тэгэхэд манай ах ******* миний зүүн талын хацар луу гараараа алгадсан. гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 /

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Тэгээд ёс журмаас уг эмэгтэйг эрүүлжүүл гэхээр нь би авч явах гэхэдявахгүй байсан. Тэгж байтал ах нь гэх эрэгтэй хүн орж ирэхэд тэр эмэгтэй ахынхаа үгэнд орохгүй би нар луу дайраад хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл ах нь зүүн нүд орчимд нь 1 удаа жаахан хүчтэй дүү гараараа цохисон. Тэгээд бид нар урагш нь эмэгтэйг дамжлаад эрүүлжүүлэхэд оруулчхаад би гараад явсан. Тэр хооронд уг эмэгтэйг дамжлаад эрүүлжүүлэхэд оруулчихад би гараад явсан. Тэр хооронд уг эмэгтэйг өөр хүн цохиж зодоогүй. Уг эмэгтэй анх орж ирэхдээ зүгээр байсан. Харин ахдаа цохиулсны даг нүд нь улайсан байсан. Уг эмэгтэйг жижүүрийн үүдэнд байхад ахаас нь өөр хүн цохиогүй, Мөн дамжлаад гарч явахад хүн цохиогүй. гэх мэдүүлэг /хх-ийн 107/

5.Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Тэгээд маргааш ирж шийдүүл гэхэд тэр эмэгтэй урдаас хэл амаар доромжлоод жижүүрийн өрөөний хаалга нүдээд байхаар нь би *******ыг уг эмэгтэйг гарга гэсэн тэгээд ******* тэр эмэгтэйг гаргах гэхэд уг эмэгтэй хөдлөхгүй байсан тэгэхэд гаднаас ах нь ороод ирсэн. Тэгээд ах нь ороод ирэхээр нь би ахад нь дүүгээ аваад яв маргааш ирж шийдүүл гэхэд тэр эмэгтэй ахынхаа үгэнд орохгүй байсан. Тэгээд нь тэр эмэгтэй толгой хэсэгт нүд орчимд нь 1 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь ахад нь тэр эмэгтэйг дахин цохиулахгүй гээд эмэгтэйн араас би тэвэрч хойш нь болгож салгасан. Тэгээд уг эмэгтэйг ******* бид нар дамжлаад гаргахад уг эмэгтэй хаалга өшиглөсөн. Бид нар тэр эмэгтэйг дамжлаад эрүүлжүүлэхэд оруулсан. Уг эмэгтэйг ахаас нь өөр хүн цохиж зодоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 108/

6.Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... *******ийн биед учирсан зүүн нүдний дээд зовхины 2.5x1, доод зовхины 3x1 хэмжээтэй хүрэн ягаан өнгийн цус хуралтууд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. *******ийн нүдний орчимд үүссэн эдгээр цус хуралт гэмтэл нь нэг удаагийн цохих, алгадах үед үүсэх боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 72-74/

7. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 208 дугаартай шинжээчийн: 1. *******ийн биед зүүн нүдний дээд доод зовхи, баруун гуянд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо 2. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна 3. Эдгээр гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 68-69/

8. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 571 дугаартай шинжээчийн: 1. *******ийн биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт бгэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2. *******ийн биед баруун гуя, нурууны зулгаралт гэмтэл нь гэмтлзэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй..гэх дүгнэлт /хх-ийн 180/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгч С.******* нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутагт орших Цагдаагийн газрын байранд төрсөн дүү *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч *******, *******а, нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 208 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүх шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзлээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч ******* нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д заасан “тусдаа амьдарч байгаа …. төрсөн,… дүү” гэсэн хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд хамаарч байгаа боловч энэ тохиолдолд шүүгдэгч С.******* нь хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас тохиолдлын чанартай гэмт хэргийг үйлдсэн байх тул түүний үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул прокуророос яллаж байгаа хуулийн зүйлчлэлийг зөв гэж шүүх дүгнэлээ.

Харин хохирогч ******* нь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид эдийн засагч ажилтай төрийн албан хаагч түүний зүй бус гаргасан үйлдэл нь Төрийн захиргааны болон үйлчилгээний алба хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.4.б-д заасан “төрийн албаны нэр хүндийг ямагт дээдэлж, түүнд харшлах аливаа үйлдлийг цээрлэх”, мөн дүрмийн 3.1.4.д-д заасан “....бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэж, олон нийтийн газарт мөрдөх дэг журмыг сахих” гэсэн заалтыг зөрчиж архидан согтуурсан үедээ төрийн тусгай байгууллага болох Цагдаагийн газрын төв байранд бүдүүлэг зан авир гаргаж хаалганы шилийг өшиглөж хагалсан зөрчил гаргаснаас гэмт хэрэг гарсан байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.******* нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав. Хэрэгт эд мөрийн баримтаар 2019 оны 03 дугаар сарын 12-ний өдөр Цагдаагийн газрын байр, эрүүлжүүлэх саатуулах байранд болсон үйл баримтыг бичиж авсан хоёр ширхэг СД-ийг хураан авч мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж уг хоёр ширхэг СД-ийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч С.******* нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн байх тул түүнийг урьд нь ял шийтгүүлж байсан гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******г дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан С.*******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт хоёр ширхэг СД-ийг эд мөрийн баримтаар хурааж мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж уг СД-ийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2- д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ