Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 3735

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 21 өдөр

   Дугаар 101/ШШ2017/03735

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Шинэ зуун хотхон 24 дүгээр байрны 31 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Баасанжаргалын А /*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, Номин Хайпермаркет Голомт банк Б1 давхар 3 тоот хаягт байрлах, “Х” ХХК /УБД: *******,*******-д холбогдох,

Үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болдбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

                       

Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.А нь “Алаг уул ган ББСБ” ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ2302014 тоот зээлийн болон БГ232014 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, 20.000.000 төгрөгийг, 3.5 хувийн хүүтэй, 181 хоног буюу 6 сарын хугацаатай зээлж авсан.

Зээлийн барьцаанд Б.Аийн ХБНГУ-д 2007 онд үйлдвэрлэсэн BMW-730 маркийн 00-47 УБӨ улсын дугаартай автомашиныг барьцаалсан. Уг автомашиныг 2013 онд 45,000,000 ам.доллар буюу 74,670,300 төгрөгөөр худалдаж авсан.

Уг автомашиныг хөндлөнгийн шинжээчээр үнэлэхдээ намайг оролцуулаагүй 17,000,000 төгрөгөөр зах зээлийн үнээс доогуур үнэлж “Х” ХХК-аар автомашиныг үнэлүүлсэн байна. Гэтэл уг автомашин барьцаанд байршуулсанаас эхлэн “Алаг уул Ган ББСБ” ХХК-д хадгалагдаж байсан бөгөөд нэг ч удаа хүн унаагүй, хөдөлгөөнд оролцоогүй тээврийн хэрэгсэл 3 жилийн дотор 57,670,300 төгрөгөөр огцом унана гэж байхгүй.

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх болох өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална гэсэн заалтыг ноцтой зөрчиж байна.

Түүнчлэн “Алаг уул Ган ББСБ” ХХК 20.000.000 төгрөгийн зээл олгохдоо зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж чадахгүй эд хөрөнгө барьцаалж авахгүй нь ойлгомжтой.

Уг хөдлөх эд хөрөнгө болох автамашиныг үнэлэхдээ тухайн хөрөнгийн чанар, гаднах өнгө үзэмж, зах зээлийн ханшийг харгалзахгүй уг автомашиныг түргэн хугацаанд борлогдох замаар төлбөр авагчийн эрх ашигт нийцүүлэн үнэлүүлсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 4.1-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зарчимд: “хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй байх зарчмыг баримтална” гэснийг зөрчиж хэтэрхий нэг талыг барьж үнэлгээ гаргасан байна.

Б.А нь 2017.06.02-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдуулан дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар зах зээлийн ханшийш бодитойгоор судалж тогтоосны үндсэн дээр хийилгэх ёстой гэж үзэж байна. Гэтэл зөвхөн мэдээлэл ашигласан гэдгийг үндэслэлгүй гэж үзэж байгаа учир уг үнэлгээг зөвшөөрөхгүй гэж байгаа юм.

НШГАлбанд 2017.09.07-ны өдөр дуудлага худалдаа болсон боловч шинжээчийн тогтоосон үнэлгээгээр худадан борлогдоогүй тул үнэлэгдсэн үнийг 30 хувиар бууруулан 11.900.000 төгрөгөөр тооцон үнэ хаялцуулах дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн. 

Иймд Б.Аийн хуулиар олгосон эрх зөрчигдсөн гэж үзэж байх тул “Х” ХХК-иас BMW-730 маркийн 00-47 УБӨ улсын дугаартай автомашиныг 17,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, өөр компаниар дахин үнэлүүлж өгнө үү гэв.  

 

 

Хариуцагч “Х” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

ХБНГУ-д 2007 онд үйлдвэрлэсэн, Монгол улсад 2009 онд орж ирсэн, BMW-730 маркийн автомашин нь норм норматив, өнгө үзэмж, техникийн байдал, элэгдсэн байдал цаашид ашиглагдах боломж, эрэлт зэргээсээ шалтгаалан манай өнөөгийн зах зээл дээр дундажаар 17,000,000 төгрөгний үнэ ханштай худалдаалагдах боломжтой. Бид үнэлгээг хийхдээ зах зээлийн харьцуулан зэрэгцүүлэх аргыг ашигласан бөгөөд ижил загварын машины худалдаалагдаж байгаа үнэ ханш, үнэлгээний Unelgee.mn программ зэргээс үнийг судалсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тогтоолын дагуу хөндлөнгийн шинжээчээр томилогдон ажиллаж байгаа тул үнэлгээнд аль нэг талыг нь барьж үнэлгээг хийх боломжгүй гэжээ.

/хх-ийн 12 дугаар тал/

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан BMW-730 маркийн 00-47 УБӨ улсын дугаартай автомашиныг 17,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэх  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч “Х” ХХК нь эрх бүхий этгээдээс томилогдсоны дагуу хөрөнгийн үнэлгээ хийсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6338 дугаар шийдвэрээр Б.Ааас 41.789.000 төгрөг гаргуулж “Алаг уул ган ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн ба уг шийдвэрт нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” №994 тоот захирамж, №125 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн байна.

 

/Шүүхийн шийдвэрийн цахим сан/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №17 тоот “Шинжээч томилох тухай” тогтоолоор Б.Аийн өмчлөлийн BMW-730 маркийн 00-47 УБӨ улсын дугаартай автомашины зах зээлийн үнэлгээ тогтоож, дүгнэлт гаргуулахаар “Х” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

/хх-ийн 5 дугаар тал/

 

Хариуцагч “Х” ХХК нь дээрх автомашины зах зээлийн үнийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 17.000.000 төгрөг гэх №15/01 тоот үнэлгээний тайлан гаргажээ.

/хх-ийн 6 дугаар тал/

 

Хөрөнгийн үнэлгээ хийх тухай хуулийн 5 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээ хийх үндэслэлийг зохицуулсан байх ба хуулийн 5.1.2-т: “хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр” гэж зааснаас үзэхэд “Х” ХХК нь эрх бүхий этгээдээс томилогдсоны үндсэн дээр дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №09/02 тоот албан бичгээр

Б.Аийн төлбөрт үнэлэгдэн, хураагдсан 00-47 УБӨ улсын дугаартай, BMW 730 маркийн тээврийн хэрэгслийг 2017.07.25-ны өдрийн үнэ хаялцуулах албадан дуудлага худалдаанд шинжээчийн тогтоосон үнэлгээгээр худалдан борлуулахаар нийтэд мэдээлсэн боловч худалдан борлогдоогүй байх тул үнэлэгдсэн үнийг 30 хувиар бууруулан 11.900.000 төгрөгөөр тооцон үнэ хаялцуулах дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна. 

 

/хх-ийн 23 дугаар тал/  

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх алба биелүүлэх явцдаа  Б.Аийн өмчлөлийн автомашины зах зээлийн үнэлгээг тогтоолгож, дүгнэлт гаргуулахаар “Х” ХХК-ийг томилсон, үүнийн үндсэн дээр тус компани хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан, уг тайланг Б.А нь эс зөвшөөрч, шинжээчээр ажилласан этгээдэд холбогдуулан гомдол гаргасан үйл баримт тогтоогдож байх бөгөөд зохигч үүнтэй маргаагүй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т: “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө”,

Мөн 55.7-д: “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж тус тус зааснаас үзэхэд эрх зөрчигдсөн гэж үзсэн этгээд энэ талаархи гомдлоо хуульд заасан хугацаанд гаргасан байхыг шаардана.

 

Нэхэмжлэгч Б.А нь үнэлгээтэй холбоотой гомдлоо шийдвэр гүйцэтгэлийн ажиллага явуулсан этгээдэд бус харин уг ажиллагааны явцад тухайн газраас томилогдсоны үндсэн дээр дүгнэлт гаргасан этгээдэд холбогдуулан  гаргасан байх бөгөөд үнэлгээтэй холбоотой гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаснаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд түүнийг дээрх гомдлоо  хуульд заасан хугацаанд гаргасан гэх байдал нь тогтоогдохгүй байна гэж үзэх үндэслэлтэй. 

 

Үүнээс үзэхэд эрх бүхий этгээдийн шийдвэрээр “Х” ХХК нь холбогдох хуульд заасны дагуу эрх бүхий этгээд томилсоны үндсэн дээр шинжээчээр ажиллаж, хөрөнгийн үнэлгээг гаргасан байх ба хэрэгт авагдсан баримтаар Б.А, “Х” ХХК-ийн   хооронд үүрэг үүссэн, үүний үндсэн дээр “Х” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийсэн гэж боломжгүй болжээ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.

 

Иймд хариуцагч “Х” ХХК-д холбогдох үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагч “Х” ХХК-ийн захирал Б.Бат-Энхэд шүүх хуралдааны товыг 2017 оны 11 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан харуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг,

Хариуцагчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзсэн болохыг тус тус   дурьдав.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-д холбогдох үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д   зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ