| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2020/0413/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/427 |
| Огноо | 2020-12-14 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2020/ШЦТ/427
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0413/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,
Шүүгдэгч Б.О /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х-Х овогт Б.О холбогдох эрүүгийн 2018003350457 дугаартай хэргийг 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х-Х овогт Б.О /регистрийн дугаар: ............/, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ...аймаг, .... суманд төрсөн, эмэгтэй.. настай, дээд боловсролтой, .... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., -ийн хамт ..... аймгийн ...сумын.. дугаар баг, .... хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух хаягтай /Улаанбаатар хот, ... дүүрэг, ...дугаар хороо, .... гудамж, 1... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Б.О нь 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 18 цагийн үед .... аймгийн ... сумын ...дүгээр багт байрлах ... дүгээр байрны гаднаас ... аймгийн ....сумын ... дугаар багт байрлах ... худалдааны төв орохоор цагаан өнгийн приус-20 маркийн таксигаар үйлчлүүлэхдээ арын суудал дээр гээгдүүлсэн иргэн Б.Д-ын эзэмшлийн Samsung A60 маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 650,000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “...2020 оны 05 сарын сүүлээр шинэ Дарханаас хуучин Дархан орохоор таксинд сууж явсан. ... худалдааны төвийн урд буухдаа арын суудал дээр утас байхаар нь авч буусан. Тэгээд гэртээ ороод хүүхдүүдээсээ хол байлгах гээд далд хийчхээд хэд хоногийн дараа гаргаж ирээд ашиглаж байтал Цагдаагийн газраас залгасан. Тэгэхээр нь цагдаа дээр очоод уг гар утсаа хүлээлгэн өгсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэв.
Эрүүгийн 2018003350457 дугаартай хэргээс:
Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл[2],
Капитал зууч ХХК-ийн 2020 оны 06 дугар сарын 04-ний өдрийн “...:.. аймгийн ... сумын .. дүгээр баг.. дүгээр байрны .... тоотод оршин суух иргэн Б.Д-ын эзэмшлийн Самсунг А60 маркийн 64GB багтаамжтай ягаан өнгийн гар утас /шинэвтэр, 2 сим карт уншдаг/ 1 ширхэг эд зүйл алдагдсан тул зэх зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 650,000 /Зургаан зуун тавин мянган/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[3],
Хохирогч Б.Д-ын мөрдөн байцаалтад 2020 оны 06 дугаар сарын 02, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тус тус мэдүүлсэн: “...Би 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 18 цаг өнгөрч байхад эхнэр, хүүхдийн хамт .. сумын . дүгээр баг ... зочид буудлын урд замаас гэр лүүгээ буюу .. сумын ... дүгээр баг ... дүгээр байр луу цагаан өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэлд сууж явсан. Тэгээд бид гурав уг машинаас буугаад гэр лүүгээ орж байхдаа сууж ирсэн машинд Samsung A60 маркийн гар утсаа үлдээснийг мэдээд утас руугаа залгахад дуудаад авахгүй байсан. Тэгээд дахин хоёр удаа залгаад дуудаад авахгүй, холбогдох боломжгүй болсон. Тэр машин бид гурвыг буулгаад эмнэлэг рүү тойроод явсан. Уг гар утсыг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр.. сумын ... дугаар багт ... худалдааны төвөөс 650,000 төгрөгөөр худалдан авч байсан юм. ” гэх мэдүүлэг[4],
Гэрч О.М-ын мөрдөн байцаалтад 2020 оны 06 дугаар сарын 09, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагийн үед Хээтэй хорооллын “Од” зочид буудлын урдаас нөхөр хүүхдийн хамт гэр лүүгээ явах гээд таксинд суугаад Хуучин хорооллын .. дүгээр байрны захиргааны буудал дээр буугаад гэр лүүгээ орж байхдаа нөхрийнхөө А60 маркийн гар утсыг сууж ирсэн машинд мартсанаа мэдээд залгахад дуудаж байсан. Тухайн үед такси эмнэлгийн зүг рүү явсан байсан. Ингээд 2-3 удаа дуудаж байгаад холбогдохоо байсан. Манай нөхрийн таксинд мартаж буусан гар утас нь Самсунг А60 маркийн ягаан өнгийн гар утас байсан. Би уг гар утсыг “Ихэр могой” худалдааны төвийн гар утас зардаг газраас авч байсан юм.” гэх мэдүүлэг[5],
Б.О-ын мөрдөн байцаалтад гэрчээр 2020 оны 10 дугаар сарын 13, яллагдагчаар 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус тус мэдүүлсэн: “Би 2020 оны 05 дугаар сарын сүүлээр шинэ Дарханаас хуучин Дарханы “Оргил” худалдааны төв орох гээд таксинд суугаад явж байгаад “Оргил” худалдааны төвийн хажуу талд буух гэтэл таксины арын суудал дээр нэг гар утас байхаар нь аваад буусан. Манай гэр “Оргил” худалдааны төвийн хажууд байдаг болохоор би нөгөө утсаа аваад шууд гэр лүүгээ орсон. Тэгээд гэртээ нөгөө утсаа үзэхэд Самсунг А60 маркийн гар утас байсан. Кодыг нь интернетээс код тайлах заавар уншиж байгаад тайлсан. Миний олсон гар утас хар өнгийн гэртэй, гадуураа улаан хүрэн өнгийн давхар гэртэй байсан. Өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг[6],
Шүүгдэгч Б.Оын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[7] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Б.Оын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 18 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах 39 дүгээр байрны гаднаас Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах “......... ” худалдааны төв орохоор цагаан өнгийн приус-20 маркийн таксигаар үйлчлүүлэхдээ арын суудал дээр гээгдүүлсэн иргэн Б.Д-ын эзэмшлийн Samsung A60 маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 650,000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.О нь 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 18 цагийн орчим Дархан сумын 11 дүгээр баг 39 байрны гаднаас Оргил худалдааны төв хүртэл таксигаар үйлчлүүлэхдээ арын суудал дээр гээгдүүлсэн иргэн Б.Да-ын Самсунг А-60 маркийн утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 650,000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгийн завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.
Шүүгдэгч Б.О нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Оыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдааны явцад илэрхийлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул тэдний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн шунахай сэдэлт, амар хялбар аргаар орлого олох зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.
Шүүгдэгч Б.О нь хохирогчийн эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгсөн ба хохирогч Б.Д нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг оногдуулах саналтай байна гэв.
Шүүхээс шүүгдэгч Б.О эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Б.О-ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.О нь ....... ХХК-д ажилладаг болох нь хэрэгт авагдсан тус байгууллагын тодорхойлолтоор нотлогдож байх тул шүүгдэгчид торгох ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.
Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, таван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр ерэн мянган төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х хуурчид овогт Б.О-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр ерэн мянган төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР