Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/60

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва, Улсын яллагч Н.Баасанжав Шүүгдэгч Ч.Пүрэвцогт, Б.Пүрэвсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Баасанжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ч.Пүрэвцогт, Б.Пүрэвсүрэн нарт холбогдох 2023000210050 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн Сонгино сумд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Завхан аймгийн Сонгино сумын Шар нуруу багт оршин суудаг, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, Хар азаргнийхан овогт Чойжилжавын Пүрэвцогт, регистрийн дугаар ИЛ79090710,

Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Сонгино сумд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Завхан аймгийн Сонгино сумын БаянАйраг багт оршин суудаг, урьд нь 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, Боржигон овогт Бадамдоржийн Пүрэвсүрэн, регистрийн дугаар ИЛ81022611,

Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Баасанжаваас шүүгдэгч Ч.Пүрэвцогт, Б.Пүрэвсүрэн нарыг “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ч.Пүрэвцогт, Б.Пүрэвсүрэн нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн Сонгино сумын Айраг нуур багийн нутаг “Шаагийн улаан” гэх газраас Х.Нэргүйн эзэмшлийн 1 тооны шүдлэн үхрийг, мөн оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус сумын Айраг нуур багийн нутаг “Мануултай” гэх газраас мөн Х.Нэргүйн эзэмшлийн 1 тооны бяруу насны үхрийг тус тус хулгайлж Х.Нэргүйд 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: 1. Шүүгдэгч Ч.Пүрэвцогтын өгсөн: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөн прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна. Х.Нэргүйд учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, 2. Шүүгдэгч Б.Пүрэвсүрэнгийн өгсөн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Х.Нэргүйд адил насны үхэр өгч хохирлыг барагдуулсан. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад: 1. Шүүгдэгч Ч.Пүрэвцогтын өгсөн: “...Завхан аймгийн Сонгино сумын Айраг багийн нутаг “Шаагийн Улаан” гэх газарт очсон. Тухайн газарт Х.Нэргүйн эзэмшлийн хэдэн үхэр байсан. Тэр үхэр дотроос улаан алаг зүстэй, буруу талын чих нь онь имтэй үхрийг бугуйлдаж барьж аваад тэр үхрийг хээр хүлээд орхисон. Тэр оройдоо Ш.Батцэнгэл гэдэг хүний машиныг гуйж унаад хээр барьж хүлсэн үхрээ очиж ачиж ирээд өөрийнхөө хашаанд буулгасан байсан. Тэгээд Батцэнгэлийг Увс аймаг руу явах үед нь нөгөө үхрээ 350,000 төгрөгөөр зараад ачуулаад явуулсан...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гудамжинд явж байсан чинь Пүрэвсүрэн таарсан. Би тэр үед Пүрэвсүрэнг хоёулаа ойрхон хөдөө яваад ирмээр байна гэж гуйгаад бид хоёр Пүрэвсүрэнгийн Хурд маркийн мотоциклоор Айраг багийн Мануултай гэх газар руу явсан. Замд хэдэн үхэр таарсан, тэр үхэр дотроос улаан зүстэй охин бяруу барьж аваад тэнд нь гаргаад уутанд хийж ганзагалаад сумын төв орсон. Тэгээд махаа баярын талбайн хашаан дотор оруулаад нуусан. Маргааш нь Доржнямбуутай гудамжинд таараад ахыгаа айлд хүргээд өгчих гээд нөгөө махаа ачаад Дуламсүрэн гэдэг айлд хүргүүлсэн. Тэр бярууг Дуламсүрэн гэх хүнд 200,000 төгрөгөөр зарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/, 2. Шүүгдэгч Б.Пүрэвсүрэнгийн өгсөн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн Хурд маркийн мотоциклтой Сонгино сумын төв гудамжаар явж байхад Пүрэвцогт дуудсан. Яваад очсон чинь Увс аймгаас мал авч байгаа хүн ирсэн байгаа мөнгөний хэрэг болоод байна. Хоёулаа хөдөө гараад ганц үхэр авч ирээд өгчих үү гэхээр нь би тэгье гэсэн. Тэгээд бид хоёр миний мотоциклоор сумын төвөөс хойшоо гараад явж байсан чинь Шаагийн улаан гэх газарт хэдэн үхэр харагдаж байсан. Тэр үхэрнүүдийн хажууд очоод Пүрэвцогт мотоциклоос буугаад өврөөсөө цагаан өнгийн мяндас гаргаж ирээд улаан алаг үстэй, буруу чих нь онь имтэй шүдлэн үхэр барьж авсан. Тэр үхрийг барьж аваад нэг хонхор руу оруулаад хүлээд орхисон. Тэгээд буцаж сумын төв ороод мал авах гэж ирсэн Батцэнгэл болон бас нэг ахтай уулзаад нэг үхэр зармаар байна гэж хэлээд явсан. Орой намайг гэртээ байхад Пүрэвцогт дуудсан. Гэрээсээ гараад ирсэн чинь нэг портер уначихсан нөгөө үхрийг очоод аваад ирмээр байна гэхээр нь бид хоёр хамт яваад нөгөө үхрээ ачаад Пүрэвцогтын хашаанд буулгасан. Тэр үхрийг Увс аймгаас ирсэн Батцэнгэл гэдэг хүн ачаад Увс аймаг руу явсан. Пүрэвцогт тэр үхрийг 350,000 төгрөгөөр зарсан гэж байсан...Тэр асуудлаас хойш буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр сумын цагдаагийн кабоны урдуур өөрийн мотоциклтой явж байсан чинь Пүрэвцогт таараад “Найз нь хүнээс бярууны мөнгө авчихсан чинь нэхээд болохгүй юм. Ойрхон хөдөө яваад нэг бяруу гаргаад ирмээр байна. Надад унаа олдохгүй байна чи хамт яваад өгөөч” гэхээр нь би Пүрэвцогттой хамт өөрийн эзэмшлийн Хурд маркийн мотоциклоор Айраг багийн нутаг Мануултай гэх газар руу явсан. Замд хэдэн үхэр таарсан. Тэр үхэр дотроос улаан зүстэй охин бяруу барьж аваад тэнд нь гаргаад махыг нь уутанд хийж ганзагалаад сумын төв оруулж ирсэн. Тэр үед Пүрэвцогт бярууны махаа баярын талбайн хашаанд оруулаад нуусан. Би тэрнээс хойш юу болсон, тэр махаа хэнд өгсөн талаар мэдэхгүй. Маргааш өдөр нь Пүрэвтэй гудамжинд таарсан чинь бярууны махаа айлд хүргээд өгчихсөн гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 70-72 дугаар хуудас/, 3. Хохирогч Х.Нэргүйн өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сонгино сумын Айраг нуур багийн нутаг “Шаагийн улаан” гэх газраас 1 тооны шүдлэн үхэр алдаад. ...Тэгээд нэг өдөр өөрийн сэжиглэж байсан Б.Пүрэвсүрэн гэдэг залуутай таараад шууд тулгаад “Чи миний үхрийг мэдэж байгаа Пүрэвцогт та хоёроос өөр хүн миний үхрийг авахгүй” гэсэн чинь “Би таны үхрийг ачихад оролцоогүй. Пүрэвцогт Увс руу ачуулсан” гэж хэлсэн. ...Пүрэвсүрэн над дээр ирээд “Нэргүй ахаа би таны 2 үхрийг хулгайлахад оролцсон. Гэхдээ би нэг ч төгрөг аваагүй. Пүрэвцогт гуйгаад байхаар нь хамт явсан. Би таны хулгайд алдсан үхрийг чинь төлөлцөж өгье. Шүдлэн үхрийнхээ үнийг Пүрэвцогтоос аваарай. Би таны бярууг төлж өгье” гэж уулзсан. ...Ч.Пүрэвцогт дээрх алга болсон бярууг манай үхрээс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бэлчээрээс нь барьж авч нядалж аваад Сонгино сумын төвд Б.Дуламсүрэн гэдэг хүнд зарсныг би олж мэдсэн. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ч.Пүрэвцогт, Б.Пүрэвсүрэн хоёрыг сумын төвөөс хойшоо Мануултай руу мотоцикльтой явж байна гэж Ч.Амарсайхан над руу ярьсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-21 дүгээр хуудас/, 4. Гэрч Б.Дуламсүрэнгийн “...Намайг Гантөмөрийн гуанзанд Оюунаатай ярьж байхад Пүрэвцогт орж ирсэн. Оюунаа бид хоёр гуанзандаа хоолгүй болж байгаа талаар ярьж байсан. Тэгсэн тэрнээс хойш 3 хоногийн дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 22 цаг өнгөрч байхад Пүрэвцогт манайд 2 уут мах авч орж ирсэн. ...Үхрийн мах байсан. Жижиг мах байсан бяруу байх. 200,000 төгрөгөөр худалдаж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-35 дугаар хуудас/, 5. Гэрч Ж.Доржнямбуугийн “...2019 оны 10 дугаар сард яг өдрийг нь сайн санахгүй байна. Намайг шатахуун түгээх станцаас бензин авах гээд явж байхад 2 дугаар гудамжны өнцөг дээр Пүрэвцогт таараад нэг юм дөхүүлээд өгөөч гээд сумын төвийн баярын талбайн хашааны үүднээс 2 ууттай юм аваад уурын зуухны үүдэнд хүргүүлсэн. Би тэр хоёр ууттай зүйлийг мах байна гэж бодсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/, 6. Гэрч Ш.Батцэнгэлийн “...Би 2019 оны 4, 5 дугаар сар байсан шиг санагдаж байна. ...Мал худалдаж авахаар очсон. Мал худалдан авч байх үед Ч.Пүрэвцогт, Б.Пүрэвсүрэн нар нь ирсэн бөгөөд Б.Пүрэвсүрэн нь өөрийнхөө үхрээс нэг шүдлэн үхэр авч ирлээ гэсэн бөгөөд мөнгөний хэрэг байна хямдхан худалдаж аваач гэж гуйгаад байхаар нь үнэ тохиролцож 350,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдсан байх ба шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь цаг хугацаа, утга агуулгын хувьд зөрүүгүй хэргийн үйл баримтыг хангалттай тогтоосон байх тул шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Иймд шүүгдэгч Ч.Пүрэвцогт, Б.Пүрэвсүрэн нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн Сонгино сумын Айраг нуур багийн нутаг “Шаагийн улаан” гэх газраас Х.Нэргүйн эзэмшлийн 1 тооны шүдлэн үхрийг, мөн оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус сумын Айраг нуур багийн нутаг “Мануултай” гэх газраас мөн Х.Нэргүйн 1 тооны бяруу насны үхрийг тус тус хулгайлж Х.Нэргүйд 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирогч Х.Нэргүйн нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Ч.Пүрэвцогт, Б.Пүрэвсүрэн нараас 1,300,000 /нэг сая гурван зуун/ төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нар нь дээрх хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгч Ч.Пүрэвцогт, Б.Пүрэвсүрэн нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ч.Пүрэвцогт, Б.Пүрэвсүрэн нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус үндэслэл болгов. Шүүгдэгч Ч.Пүрэвцогт, Б.Пүрэвсүрэн нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Ч.Пүрэвцогт урьд нь 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 77, 81-88 дугаар хуудас/, Шүүгдэгч Б.Пүрэвсүрэн урьд нь 2002 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 555 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнссэн, 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн сум дундын хоёрдугаар шүүхийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 78, 89-94 дүгээр хуудас/ зэргээр тус тус тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан. Шүүгдэгч Ч.Пүрэвцогт, Б.Пүрэвсүрэн нар нь “Мал хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр, мөн оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус тус үйлдсэн хэргийн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл уг гэмт хэргийг шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн зарим зүйл хэсэгт өөрчлөлт орж хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн цаг хугацаа буюу 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө үйлдсэн байна. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр байсан. Харин 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өөрчлөлт орж одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бөгөөд “Бүлэглэж” үйлдсэн бол мөн зүйлийн 2 дахь хэсгээр хүндрүүлэн зүйлчилж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр шинээр хуульчилсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна. Иймд шүүгдэгч Ч.Пүрэвцогт, Б.Пүрэвсүрэн нарын бүлэглэж бусдын мал хулгайлсан үйлдэлд нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна. Хэргийг шүүхэд шилжүүлэхдээ шүүгдэгч Ч.Пүрэвцогт, Б.Пүрэвсүрэн нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан бөгөөд тэдэнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Иймд шүүгдэгч Ч.Пүрэвцогт, Б.Пүрэвсүрэн нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.Пүрэвцогт, Б.Пүрэвсүрэн нарт улсын яллагчийн сонсгосон мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоож шийдвэрлэв. Шүүгдэгч Ч.Пүрэвцогт, Б.Пүрэвсүрэн нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Шүүгдэгч Ч.Пүрэвцогт, Б.Пүрэвсүрэн нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг болохыг тус тус дурдаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилсан. Иймд шүүгдэгч Б.Пүрэвсүрэнгийн өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 700,000 төгрөгийн үнэ бүхий Хятад улсад үйлдвэрлэсэн “Хурд” маркийн хуучин мотоциклийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй. Шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хар азаргнийхан овогт Чойжилжавын Пүрэвцогт, Боржигон овогт Бадамдоржийн Пүрэвсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.Пүрэвцогт, Б.Пүрэвсүрэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Пүрэвцогт, Б.Пүрэвсүрэн нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Пүрэвцогт, Б.Пүрэвсүрэн нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пүрэвсүрэнгийн өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 700,000 төгрөгийн үнэ бүхий Хятад улсад үйлдвэрлэсэн “Хурд” маркийн хуучин мотоциклийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 6. Шүүгдэгч Ч.Пүрэвцогт, Б.Пүрэвсүрэн нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 7. Шүүгдэгч Ч.Пүрэвцогт, Б.Пүрэвсүрэн нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                                                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ