Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 3954

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, шүүгч Н.Сарангүн, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Н” ХХК /Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө,*******, РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Г” ХХК /Баянзүрх дүүрэг, *******,*******,******* байранд байрлах, РД:*******/-д холбогдох,

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хариуцагч “Г” ХХК сайн дураар биелүүлээгүйн улмаас албадан гүйцэтгүүлсний урамшуулал, ажиллагааны зардалд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд төлсөн 6.430.000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энх-Амгалан,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Сүрэнхүү /ШТ№0043/,

Иргэдийн төлөөлөгч Ш.Байгалмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

                       

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/01145 дугаар шийдвэрээр хариуцагч “Г” ХХК-иас 129.463.673 төгрөгийг гаргуулж “Н” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрт зааснаар хариуцагч компани нь төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй байсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал, сайн дураар биелүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн зүгээс зардал гарган тус шүүхэд хандсаны дагуу албадан гүйцэтгэх захирамж гаргуулж 0119 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн.

Үүний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай зардал, урамшууллын гэрээг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулснаар 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад битүүмжлэх ажиллагаа хийгдсэнээр эднийх бартераар төлбөр төлөх санал гаргасан.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “Г” ХХК нь бартераар Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу гудамж, 6 дугаар байр, 50 тоот хаягт байрлах 98,3 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг “Н” ХХК-д өгсөн. Байр болон төлбөрийн зөрүү болох 10.300.059 төгрөгт “Г” ХХК нь бараа материал авсан.

Нэхэмжлэгч нь барьцааны эд хөрөнгийг шилжүүлэн авснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ажиллагааны зардал 180.000 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээний дагуу урамшуулал 6.250.000 төгрөг, нийт 6.430.000 төгрөг төлсөн.

“Номин Холдинг” ХХК-д охин компани “Н” ХХК-ийн өр худалдагдаж ирсэн учир шийдвэр гүйцэтгэлийн албанд урамшуулалын 6.250.000 төгрөг, үйл ажиллагааны зардал 180.000 төгрөг, нийт 6.430.000 төгрөгийг төлсөн. “Номин Холдинг” ХХК нь шийдвэр гүйцэтгэлийн төлбөр  шаардах эрхийг “Н” ХХК-д шилжүүлсэн нь 2017.10.25-ны өдрийн  албан бичгээр тогтоогдоно.

Хэрэв хариуцагч “Г” ХХК нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлж төлбөрийг заасан хугацаандаа төлж барагдуулсан бол дээрх зардал манай байгууллагаас гарч хохирол учрахгүй байх байсан.

Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу манай байгууллагад учирсан хохирол  6.430.000 төгрөгийг хариуцагч “Г” ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энх-Амгалан шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Сүрэнхүүгийн хамт гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/01145 дугаар шийдвэрээр “Г” ХХК нь “Н” ХХК-д 129.463.673 төгрөгийг төлөхөөр болсон.

Энэхүү төлбөр үүссэн үеэс хойш, мөн шүүхийн шийдвэр гарахаас өмнө болон гарсны дараа төлбөрийг барагдуулахын тулд удаа дараа өөрт байгаа орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийг санал болгож байсан боловч “Н” ХХК нь төлбөрт авах боломжгүй байдлаа мэдэгдсээр 2017 оны 09 сар болгосон.

Бид төлбөрт тооцож 2017 оны 9 дүгээр сард Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу гудамж, 6 дугаар байр, 50 тоот хаягт байрлах 98,3 м.кв талбай бүхий орон сууцыг зах зээлийн ханш 1 м.кв нь 2.000.000 төгрөгөөс хямд буюу 1.430.000 төгрөгт бодож 140.569.900 төгрөгт тооцож өгсөн.

Үүний зөрүү 10.300.059 төгрөгт “Н” ХХК-ийн Номин Стандарт салбараас бараа материал сонгон авахаар болж тохиролцон хоорондын тооцоог бүрэн хаасан.

Өөрөөр хэлбэл “Г” ХХК нь бүх тооцоогоо бүрэн хааж “Н” ХХК-иас зөрүү авлага үүсгэсэн байдаг.

Шүүхийн 2017.04.03-ны өдрийн шийдвэрийг биелүүлэхтэй холбогдуулан дээрх орон сууцыг төлбөрт шилжүүлэхээр тохиролцож санал болгосон хөрөнгө болохоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт заасан заасан барьцаа хөрөнгө биш юм.

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Ганчимэг нь 2017.09.28-ны өдрийн 02/17-334 тоот албан бичгээр 130.268.941 төгрөгийн үүрэгт ямар ажиллагаа хийлгэх талаараа тодорхой дурдаж, дээрх орон сууцыг 130.268.941 төгрөгт тооцон авч, үлдэгдэл 10.300.059 төгрөгт нь Номин Стандарт салбараас бараа материал сонгон авч болох талаар мэдэгдсэн байдаг.

Гэтэл нэхэмжлэгч нь “Г” ХХК-ийг төлбөрөө төлөхөөс зайлсхийсэн хэмээн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан гэж байгаа боловч энэ тухай “Г” ХХК-д огтхон ч мэдэгдээгүй. Харин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас “Н” ХХК-ийн төлбөр төлөх талаар мэдэгдэх үед, бид дээрх орон сууцыг төлбөрт өгөхөөр санал болгож байгааг хэлсэн. Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь “Г” ХХК-тай холбоотой ямар нэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг албан ёсоор хийгээгүй, явуулаагүй болно.

Хоорондын өр авлагын асуудлыг талууд тохиролцон шийдвэрлэсэн байтал, ‘'Н” ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай албадан гүйцэтгэх болон урамшуулах тухай гэрээг өөрийн сайн дураар байгуулсан бөгөөд үүнээс гарах үр дагаврыг “Г” ХХК-иар барагдуулах гэж шаардаж байгааг зөвшөөрөхгүй.

Түүнээс гадна нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардал  шаардах эрхийг “Номин Холдинг” ХХК-иас өөрт шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, уг зардлыг “Н” ХХК төлөөгүй байна. 

Тэгээд ч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд “Номин Холдинг” ХХК өөрөө сайн дураар оролцож төлбөр төлсөн, түүнээс биш бид түүний өмнө үүрэг хүлээгээгүй. 

“Н” ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1/33 тоот албан бичгээр өөрсдөө гүйцэтгэх бичиг баримтаа буцааж авах хүсэлт гаргаснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон. Ийнхүү төлбөр авагч шийдвэр гүйцэтгэлийн бичиг баримтаа буцааж авсан нь манайхаас илүү зардал нэхэмжлэхгүй гэсэн тохиролцооны үндсэн дээр ийм хүсэлтийг тус албанд гаргасан.

Иймд “Н” ХХК-ийн 6.430.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Н” ХХК нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хариуцагч “Г” ХХК сайн дураар биелүүлээгүйн улмаас албадан гүйцэтгүүлсний урамшуулал, ажиллагааны зардалд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд төлсөн 6.430.000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч “Г” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1145 дугаартай шийдвэрээр “Г” ХХК-иас 129.463.673 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 805.268 төгрөгийн хамт гаргуулан “Н” ХХК-д олгож шийдвэрлэсэн байх ба шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.                                                                                                   

/хх-ийн 18-20 дугаар тал/

 

Дээрх шийдвэрийг хариуцагч “Г” ХХК-ийг сайн дураараа биелүүлээгүй гэж үзсэн нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №11311 тоот шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №1119 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогджээ.

/хх-ийн 14, 39-41 дүгээр тал/

 

“Н” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай №17/08836 тоот “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээ” тус тус байгуулжээ.

/хх-ийн 16-17 дугаар тал/  

 

“Н” ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай байгуулсан гэрээний дагуу 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус албанд ажиллагааны зардал утгаар 180.000 төгрөг,

“Номин Холдинг” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 6.250.000 төгрөгийг гүйлгээний утга тодорхойгүй байдлаар шилжүүлсэн байна.

 

/хх-ийн 14, 22 дугаар тал/

 

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Номин Холдинг” ХХК-д охин компанийн өр худалдагдаж ирсэн учир шийдвэр гүйцэтгэлийн албанд урамшуулалын 6.250.000 төгрөг, үйл ажиллагааны зардлын 180.000 төгрөг, нийт 6.430.000 төгрөгийг төлсөн, тэрээр дээрх зардлыг шаардах эрхийг “Н” ХХК-д Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.8-д зааснаар шилжүүлсэн гэж тайлбарласан бөгөөд дээрх өр шилжсэнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Н” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй. 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд нь төлбөр авагч “Н” ХХК, төлбөр төлөгч  “Г” ХХК байх  ба уг ажиллагааны явцад дээрх ажиллагааны оролцогч биш этгээд “Номин Холдинг” ХХК-иас дээрх зардлыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд төлсөн үйл баримт тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. 

 

Хариуцагч “Г” ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 129.463.673 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 805.268 төгрөг, нийт 130.268.941 төгрөгт тооцож Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу гудамж, 6 дугаар байр, 50 тоот хаягт байрлах, 98.3 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1.430.000 төгрөг буюу 140.569.900 төгрөгт тооцон, нэхэмжлэгч “Н” ХХК-д төлбөрт шилжүүлэн өгсөн, зөрүү төлбөр 10.300.059 төгрөгт “Н” ХХК-ийн “Номин Стандарт” салбараас бараа материал сонгон авахаар тохиролцсон болох нь тогтоогдож байх ба зохигч энэ талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч “Н” ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “Г” ХХК-иас 129.463.673 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 805.268 төгрөгийн хамт гаргуулан олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх бичиг баримтыг буцаан авах хүсэлтийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд №1/33 тоот албан бичгээр хүргүүлсэн байна.

/хх-ийн 60 дугаар тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-т: “төлбөр авагч төлбөр авахаас татгалзаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан” бол ахлах шийдвэр гүйцэтгэгч  иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана,

31 дүгээр зүйлийн 31.1.1-д: “төлбөр авагч хүсэлт гаргасан” бол иргэний шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана гэж тус тус заажээ.

 

Дээр дурдсан байдлаас үзэхэд хариуцагч “Г” ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой төлбөрт тооцон орон сууцыг нэхэмжлэгч “Н” ХХК-д 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлэн өгсөн,

нэхэмжлэгч “Н” ХХК нь 2017 он 09 дүгээр сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, иргэний шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаасан үйл баримт тогтоогдож байна.           

 

Түүнээс гадна Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д үүрэг гүйцэтгэгч мөнгөн төлбөрийн үүргийг хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасан байна.

 

Иргэн болон хуулийн этгээд бусдад мөнгө төлөх үүрэг хүлээсэн бол үүргээ хугацаандаа гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хэрэв хугацаа хэтрүүлбэл нөгөө тал хохирол шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээний дагуу шүүхийн шийдвэрээр хариуцагчаас нэхэмжлэгчид төлөхөөр тогтоосон 129.463.673 төгрөгийн 5 хувиар тооцож шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын зардалд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш “Номин Холдинг” ХХК-ийн урамшуулалд төлсөн 6.250.000 төгрөг, үйл ажиллагааны зардалд төлсөн 180.000 төгрөг, нийт 6.340.000 төгрөгийг хохиролд тооцох боломжгүй.

 

Тодруулбал Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.8, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэх ба шаардах эрх шилжүүлсэн гэж үзсэн бол хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлэхийг шаардах бөгөөд үүрэг бүхий этгээд нь хохирлыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх талаар, зайлшгүй зардал гарсан бол түүнийг хохиролд тооцож болохоор заажээ.

 

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зайлшгүй зардлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гэж тодорхойлсон ба уг ажиллагааны явцад шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор зайлшгүй зардал гарсан бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд тооцон төлбөр төлөгчөөс гаргуулахаар 2002 оны хуульд заасан байна.

 

Гэтэл  “Н” ХХК нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээг өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл болгож бичгээр хийснээс үзэхэд шийдвэр бодитой биелэгдсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгчид хэдий хэмжээний урамшууллыг олгох талаар талууд хуулиар тогтоосон хүрээнд тохиролцсон гэж үзнэ. 

 

Төлбөр авагч шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох гэрээг өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний чөлөөт зарчмын асуудал байх тул хариуцагч “Г” ХХК-ийн төлбөр төлөөгүйтэй холбоотой үүссэн зайлшгүй зардал, бодит хохирол гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Дээр дурдсан байдлуудаас үзэхэд хариуцагч “Г” ХХК-ийг  шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүйгээс нэхэмжлэгч “Н” ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албатай байгуулсан гэрээний дагуу урамшуулалын болон үйл ажиллагааны зардал төлж хохирол учирсан гэж үзэх шалтгаант холбоо тогтоогдсонгүй. 

 

Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “Г” ХХК-иас хохиролд 6.430.000 төгрөг гаргуулах тухай “Н” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Г” ХХК-иас хохиролд 6.430.000 төгрөг гаргуулах тухай “Н” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 пугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ  

 

                                            ШҮҮГЧИД                                    Н.САРАНГҮН

 

                                                                                               Т.ЭНХЖАРГАЛ