| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 181/2017/04446/и |
| Дугаар | 4042 |
| Огноо | 2017-12-15 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан /захиргааны албан хаагч/, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 4042
| 2017 оны 12 сарын 15 өдөр | Дугаар 101/ШШ2017/04042 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Зүүн салаа 2-8 тоот хаягт оршин суух, Булган тайж овогт Я*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Ш” СӨХ /Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Дүнжингарав хороололд байрлах/-д холбогдох,
Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагч “Ш” СӨХ-ны гүйцэтгэх захирал *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмарнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Я.Н нь "Ш" Сууц өмчлөгчдийн холбоонд харуул хамгаалалтын ажилтнаар 2013 оноос ажиллаж байгаа болно.
Энэ хугацаанд Я.Н нь ажил үүрэг гүйцэтгэх явцдаа урьд өмнө сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, хөдөлмөрийн харилцааг зогсоох хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргаж байгаагүй.
2017 оны 4 сард "Ш" СӨХ-ны гүйцэтгэх захирал солигдож ******* нь гүйцэтгэх захирлаар томилогдсон. Энэ үеэс эхлэн Я.Нг гаргасан зөрчилгүй байхад дарамтлах, доромжлох байдал гаргах болсон ба 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, сахилгын зөрчил гаргасан гэсэн шалтгаанаар ажлаас халсан.
Я.Н 2017.08.02-ны өдөр нийгмийн даатгалын дэвтэрт 6 сарын хугацаанд шимтгэл тасралтгүй төлсөн талаарх бичилтийг хийлгэх шаардлага тавьсныг сахилгын зөрчил гаргасан гэж үздэг. Нийгмийн даатгалын шимтгэл төлснийг нөхөн бичихийг шаардах нь зүй ёсны шаардлага гэж үзэж байна.
Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчлийг гаргаагүй. Ямар нэгэн үүрэг даалгавар өгсөн, уг даалгаврыг хэрхэн биелүүлээгүй болохыг нотолсон баримт байхгүй.
Өмнөх захирлын үеийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг одоо харж байгаа бөгөөд гаргасан сахилгын зөрчилгүй байтал үүрэгт ажлаас нь чөлөөлж гэнэт ажилгүй болгосонд гомдолтой байна. Хүний хөдөлмөр эрхлэх эрхийг ингэж дураар тодорхой шалтгаангүй таслан зогсоосон явдалд гомдолтой байна.
Иймд “Ш" Сууц өмчлөгчдийн холбооны захирлын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №17-20 тоот тушаалыг хүчингүй болгож, харуулын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр хүчинтэй болох өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны 32 удаагийн гарааны 1.532.000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч “Ш” СӨХ-ны гүйцэтгэх захирал ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг Дүнжингарав хотхон нь “Ш” СӨХ-д харьяалагддаг бөгөөд 2017 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн ******* миний бие гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан.
Нэхэмжлэгч Я.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тэр 2017оны 08 дугаар сарын 02-ны өдөр өглөөний 09-30 минутын үед сахилгын зөрчил гаргасан, энэ үед байцаагч Б.Батболд, үйлчлэгч П.Мөнхдөл нар хажууд байсан.
Тухайн үед ажлаа аваад ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй, тэдний цалинг өөрөөсөө олгож байсан. Гэтэл Я.Н Солонгос улс явах гэтэл нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй 6 сар төлсөн байх шаардлагатай байна, тэнд очоод 3 сар болчихоод ирнэ гээд надтай дээрэнгүй, хайнга байдлаар хандсан.
Ер нь Я.Н харуул гэдэг хүн ямар ажил үүрэг гүйцэтгэдэг болохоо мэддэггүй, дуртай үедээ явчихаад дуртай үедээ ирээд хийдэг ажил биш гэдгийг ойлгодоггүй. Харуул маш хариуцлагатай байхыг шаарддаг ажил, үүрэгтэй албан тушаал юм.
Тухайн үед дахин зөрчил гаргавал ажлаас халах хүртэл арга хэмжээ авна гэдгийг амаар хэлж анхааруулахад Я.Н: “Тэгвэл бүгдийг нь халчихгүй юу” гээд тоосон шинжгүй байсан.
Мөн 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр автомат хаалтыг дугуйтай хүүхэд мөргөөд рейк төмрийг хугалж, 250.000 төгрөгийн хохирол учруулсан. Гэтэл Я.Н ажил үүргээ гүйцэтгэж байсан мөртлөө уг хүүхэд хэн болохыг огт тодруулаагүй орхисон байдаг. Уг нь хохирол учрахаас урьдчилан сэргийлэх, учруулсан бол хохирол төлүүлэх арга хэмжээ авах үүрэгтэй байтал ямар ч арга хэмжээ авахгүй орхисон байдаг.
Сахилгын шийтгэлийг заавал шат дараалсан хэлбэрээр ногдуулсан байхыг шаардахгүй. Сахилгын зөрчлийг давтан гаргаснаар ажлаас халах дараагийн шийтгэлийг ногдуулна гэсэн үг биш гэж ойлгож байна. Я.Нг ялгаварлан гадуурхсан зүйлгүй, харин ч цалин дээр нь унааны мөнгө гэж олгодог, үүгээр түүнийг илүү дутуу дорд үзсэн гэхгүй байх гэж бодож байна.
Өмнөх гүйцэтгэх захирал нь Я.Нд сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Ажлаас халах сахилгын ямар зөрчил гаргасан талаар би сайн судлаагүй юм байна. Гэхдээ ажилтнууд СӨХ-ны дотоод журмын 4.4-д зааснаар удирдлагаа хүндлэх, дэг журмыг баримтлан ажиллах ёстой.
Я.Нгийн сарын цалин хөлс сарын 450.000 төгрөг бөгөөд 480.000 төгрөг гэдгийг зөвшөөрөхгүй. Харин 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд 32 удаа харуулын үүрэг гүйцэтгэх байсан гэдэгтэй маргахгүй.
“Ш” СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2017.09.25-ны өдрийн №17-20 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, тус СӨХ-ны дотоод журмын 8.1-д тус тус заасныг баримтлан Я.Нтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд Я.Нгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.Н нь хариуцагч “Ш” СӨХ-д холбогдуулан
Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “Ш” Сууц өмчлөгчдийн холбоо нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.
Нэхэмжлэгч Я.Нгийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Я.Н нь “Ш” Сууц өмчлөгчдийн холбоонд харуулаар 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллаж байсан байх ба талууд 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр №11 тоот хөдөлмөрийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан, гэрээний 5.1-д суугчдын зүгээс хуримтлуулан олгох цалин 480.000 төгрөгийг сар бүрийн 15, 30-ны өдрүүдэд олгохоор тохиролцжээ.
/хх-ийн 54-55 дугаар тал/
“Ш” Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №17-20 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, тус Сууц өмчлөгчдийн холбооны дүрмийн 8.1-д заасныг үндэслэн Я.Нг мөн өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлжээ.
/хх-ийн 3 дугаар тал/
Ажил олгогч “Ш” Сууц өмчлөгчдийн холбоо нь Я.Нгийн удаа дараа сахилгын зөрчил гаргасан нь гэрч Б.Батболд, П.Мөнхдөл нарын мэдүүлэг, гүйцэтгэх захирлын 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №16 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, Удирдах зөвлөлд харуул Л.Мөнхбаатарын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гаргасан хүсэлт, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ч.Мягмарсүрэнгийн өргөдөл зэрэг баримтаар тогтоогдоно гэж тайлбарлаж байна.
Я.Нтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4-т жижүүрийн эрх, үүргийг тусгасан байх хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор тухайлан заасан “ноцтой зөрчил”-ийг нэрлэн тохиролцсон талаар тусгагдаагүй байна.
/хх-ийн 54-55 дугаар тал/
“Ш” Сууц өмчлөгчдийн холбооны хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1-д: “Хөдөлмөрийн хууль тогтоомж болон энэ журам хөдөлмөрийн гэрээ зөрчсөн ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг бүрэн буюу зохих ёсоор биелүүлээгүй ажилтанд Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйл, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу сахлгын дор дурдсан шийтгэлийг гүйцэтгэх захирлын тушаалаар шууд ногдуулж болно. Үүнд:
А. Сануулах, Б. Үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, В. Албан тушаалыг нэг жил хүртэл хугацаагаар бууруулах, Г. Ажлаас халах” гэжээ.
/хх-ийн 47, 50, 54-55 дугаар тал/
“Ш” Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №16 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар харуул ажилтай Я.Н нь дур мэдэн гараагаа зохицуулан ажилласан, чөлөө авсан боловч хугацаандаа ирээгүй, бусадтай гараагаа зохицуулсан зөрчил гаргасан гэж цалингийн 20 хувиар суутгах сахилгын шийтгэл ногдуулжээ.
/хх-ийн 56 дугаар тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т: “Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж зааснаас үзэхэд ажилтан Я.Нд сахилгын шийтгэл ногдуулснаас хойш даруй 4 жилийн хугацаа өнгөрсөн байх тул түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцох үндэслэл бий болсон байна.
Ажил олгогчийн дээрх баримтуудаас үзэхэд Я.Н нь удирдлагаас өгсөн ямар үүрэг даалгаврыг бүрэн буюу зохих ёсоор биелүүлээгүй болох, эсхүл ямар үүргийг биелүүлэхээс татгалзсан болох, хийж буй ажлаа хэрхэн хангалтгүй гүйцэтгэсэн болох, ажил үүргээ хангалтгүй биелүүлснээс байгууллагад хэдий хэмжээний хохирол хэдийд учруулсан болох, учирсан гэх хохирол ямар баримтаар тогтоогдсон болох, байгууллагын дотоод уур амьсгалыг хэрхэн эвдсэн болох, хэдэн удаа хэрүүл маргаан үүсгэсэн болох, энэхүү үйлдэл нь хэдэн удаа давтагдсан болох, хэдэн удаа давтагдсаныг удаа дараа гэж үзсэн болох, сахилгын ямар зөрчлийг хэдийд хэдэн удаа гаргасан болох, хэдийд гаргасан ямар зөрчлийг хэдийд, хэрхэн шалгаж тогтоосон болох нь тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна.
Тодруулбал Я.Нг сахилгын зөрчил гаргасан гэж ажил олгогч үзсэн бол түүний гаргасан зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасан хугацааны дотор хэрхэн шийдвэрлэсэн болох нь тодорхойгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д: “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заажээ.
Үүнээс үзэхэд ажил олгогч “Ш” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа татгалзлынхаа үндэслэлийг нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэлтэй.
Түүнээс гадна хариуцагчийн зүгээс Л.Мөнхбаатар, Ч.Мягмарсүрэн нарын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гаргасан тайлбартай холбогдуулан тэднийг гэрчээр асуулгах хүсэлт гаргаагүйгээс тэдгээр нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх ба нотлох баримтын шаардлага хангаагүй дээрх баримтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүйг дурьдах нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д: “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол” хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заажээ.
Гэтэл талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор тухайлан заасан ноцтой зөрчил” гэдгийг нэрлэн заагаагүй байх ба уг гэрээнд заагаагүй зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчил гаргасан гэж үзсэн нь хуулийн дээрх заалтад нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Я.Нг “Ш” Сууц өмчлөгчдийн холбооны харуулын ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, түүнийг уг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Ажил олгогчийн тушаал нь цаашид эрх зүйн дагаврыг үүсгэхгүй тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсний дагуу хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргасан байна.
/хх-ийн 1 дүгээр тал/
Нэхэмжлэгч Я.Нг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговрыг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох өдөр гэж үзэн 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх буюу 32 удаа харуулд гарах хугацаанд ногдох 1.536.000 төгрөгийг нэхэмжилжээ.
Я.Нтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд түүний цалин хөлсийг 480.000 төгрөг тодорхойлсон боловч түүний №0848657 тоот нийгмийн даатгалын дэвтрийн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого хэсэгт 480.000 төгрөгийн хэмжээнд шимтгэл төлсөнтэй холбоотой бичилт хийгдээгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаарх гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар зохих байгууллагад хандан шийдвэрлүүлсэнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.
Дээрх байдлаас үзэхэд Я.Нгийн сарын цалин хөлсийг 450.000 төгрөг, түүний ажилгүй байсан хугацааг ажлаас чөлөөлсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацаагаар тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Я.Нгийн ажилгүй байсан 2017.09.25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017.12.15-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорт 27 удаа гарах ээлжийн буюу /1 гараа-45.000 төгрөгх27=1.215.000/ 1.215.000 төгрөгийг “Ш” Сууц өмчлөгчдийн холбооноос гаргуулан нэхэмжлэгч Я.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 321.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т: “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч “Ш” Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал болон нягтлан бодогчид нэхэмжлэгч Я.Нгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Я.Нг “Ш” Сууц Өмчлөгчдийн холбооны харуулын ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “Ш” Сууц өмчлөгчдийн холбооноос дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1.215.00 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 321.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Я.Нгийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Ш” Сууц Өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал болон нягтлан бодогчид даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Нгийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурьдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан гаргуулж Я.Нд олгож,
хариуцагч “Ш” Сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид 33.710 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ